ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ОХУ-ын Олон улсын эрүүгийн шүүх буюу "ICC"-гийн бүрэлдэхүүнээс гарах тухай зарлигт гарын үсэг зурснаа мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг ОХУ-ын Хууль зүйн яам санаачилж, Гадаад хэргийн яам, Дээд шүүх, Дээд прокурорын газар зэрэг байгууллагууд дэмжсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд энэ тухай мэдээлж, "Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм"-ийн гишүүн болох хүсэлгүй байгаагаа мэдэгдэхийг холбогдох байгууллагадаа даалгаснаа хэлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ талаар "НҮБ-ын анхан шатны шүүхийн салбар болж Нидерландын Гааг хотноо байгуулагдсан Олон улсын эрүүгийн шүүх ямар ч үр дүнгүй ажилладаг. Сүүлийн 14 жилийн хугацаанд л гэхэд олон тэрбум ам.долларын зарлага гаргасан хэрнээ тус байгууллага ердөө дөрвөн хэрэг л шийдээд байна. Эндээс тус байгууллага ямар хэмжээнд ажилладгийг харж болно" гэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн өдөр мэдэгдэл нийтэлж, олон улсын хамтын нийгэмлэгээс Олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэсэн итгэл, найдвар үгүй болсныг онцлоод тус байгууллагыг бие даасан, нэр хүндтэй хууль хэрэгжилтийн байгууллага болж чадаагүйг дурдаад түүний хийж буй ажил нь нэг талыг барьсан, хүчин төгөлдөр бус байдгийг тэмдэглэжээ. Уг мэдэгдэлд, 2008 оны наймдугаар сард болсон Орос, Гүржийн дайныг жишээ болгон дурдаж, тус байгууллагын байр суурьд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлжээ. 2008 оны Гүржийн Өмнөд Осетийн мөргөлдөөний явцад дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул шалгалт хийнэ гэдгээ Олон улсын эрүүгийн шүүхээс энэ оны эхээр мэдэгдсэн юм. Гүржид Олон улсын эрүүгийн шүүхийн хариуцсан үүрэгт багтах гэмт хэрэг гарсныг нотлох зүй ёсны баримт байгаа гэдгийг хэлж байсан юм.
Үүний өмнө, өнгөрсөн аравдугаар сард Бурунди, Өмнөд Африк, Гамби зэрэг Африкийн гурван улс Олон улсын эрүүгийн шүүхийг Өмнөд Африкт шударга бусаар хандах барууны орнуудын "зэвсэг" болсон хэмээн шүүмжилж, тус байгууллагаас гарахаа мэдэгдсэн юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Пади Эл Абдалла “Олон улсын эрүүгийн шүүхэд гишүүнчлэлтэй улс орнууд бие дааж, бүрэлдэхүүнээс гарахыг бид хүлээн зөвшөөрнө” хэмээн мэдэгджээ.
Олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэргийг шүүх зориулалттай. Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулах үндсэн гэрээ буюу Ромын тогтоол албан ёсоор 2002 оноос хэрэгжиж эхэлсэнээр тус байгууллагын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн гэхэд болно. Одоогийн байдлаар 124 орон гишүүнчлэлтэй байна. Төв байгууллага нь Нидерландын Хааг хотноо байрладаг ч дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Хамгийн анхны шүүх хурал нь 2009 онд болж байжээ.