Өнгөрч буй долоо хоногт Монгол Улс сайн мэдээгээр дүүрэн байлаа. Сайн мэдээний хажуугаар Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг оффшор бүсэд бүртгэлтэй данс болон тэдгээрийн эзэмшигчийн мэдээллийг дэлгэсэн нь Монголын улс төр, бизнесийнхнийг сандраав. Манай сайт Панамын баримтуудыг дэлгэрэнгүй хүргэсэн. Гадаад улсад Панамын баримттай холбоотойгоор төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс ухамсраараа огцорч, шалгагдаж байгаа бол Монголд АТГ нь чимээгүй, нэр холбогдсон хүмүүс мэдээллийг өөрөөсөө зайлуулав. Тэгээд ч өнгөрсөн долоо хоног сайн үйл явдал, мэдээллээр хангалттай байсан нь оффшорыг мэдээллийг дарж орхив. Хүмүүст хэрэгтэй, сайн мэдээгээр энэ долоо хоногийн тоймыг бэлтгэв.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Орхон аймгийн Эрдэнэт хотод оношилгоо, эмчилгээний томоохон төв байгуулжээ. Энэхүү“Эрдэнэт-Медипас” төвийг эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчид болох Hitachi, Sysmex, Fujinon зэрэг фирмүүдийн хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай оношилгоо шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр тоногложээ. Бүрэн хүчин чадлаараа өдөрт 500 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Цаашид тус төвийн дэргэд 180-200 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, резидентийн сургалт, эрдэм шинжилгээний төв, ахмадын асрамжийн газар зэргийг барихаар болжээ. Япон улсын Медипас нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Суяама Ясуо уг оношилгооны төвийн дэргэд 200 ортой эмнэлэг барих, “Эрдэнэт-Медипас” нь цаашид бүрэн цогцолбор болох ирээдүй ойрхон байгааг мэдээлжээ. Оношилгоо эмчилгээний төвийг барихад нийтдээ 70 тэрбум төгрөг зарцуулжээ.
Монгол Улс, Япон Улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-нд хүчин төгөлдөр болно. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Т.Шимизү нар энэ долоо хоногийн эхээр мэдээлэл өгсөн. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн Монголын талаас 5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм. Монголоос Япон руу ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, цацаргана зэрэг олон төрлийн барааг Япон руу нийлүүлэхэд гаалийн татвар тэглэгдэнэ. Монголчууд Японоос автомашин импортлох нь элбэг байдаг. Тэгвэл Японоос оруулж ирсэн шинэ авто машиныг 10 жил гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болжээ. Тухайлбал, 0-3 жил ашигласан автомашинийг гаалийн тарифаас чөлөөлсөн. Энэ хэмжээгээр Японоос орж ирж худалдаалагддаг автомашины үнэ буурах бололцоотой болно. Харин 4-6 жил ашигласан автомашиныг Японоос оруулж ирвэл жил тутам гаалийн тариф тав, таван хувиар бууруулах бол 10-аас дээш жил ашигласан автомашиныг оруулж ирвэл импортын гаалийн албан татвараас чөлөөлөгдөхгүй юм байна.
Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийн баталж, оюутнуудад бага хүүтэй сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Боловсрол соёл, шинжлэх ухааны яам оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох журмыг эцэслэн баталж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежийн оюутнуудад гурван арилжааны банкаар дамжуулан зээл олгож эхэллээ.Журмын хүрээнд оюутны сургалтын төлбөрийн гурван төрлийн зээл олгохоор заажээ. Эхнийх нь нэг жилийн хугацаатай дахин санхүүжилтын зээл. Оюутны сургалтын төлбөр төлөх зориулалтаар банкнаас авсан цалин, тэтгэврийн зээлийн үлдэгдлийг төрөөс ганц удаа санхүүжүүлнэ. Хоёрдахь нь, зээл хүсэгчийн сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй зээлийг жилийн таван хувийн хүүтэй олгоно. Гурав дахь нь, 10 жил хүртэлх хугацаатай зээл. Оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй жилийн 5 хувийн хүүтэй сургууль төгссөнөөс хойш 4 жил хүртэлх хугацаанд эргэн төлнө. Эдгээр зээлийг жилийн 5 хувийн хүүтэй олгох бөгөөд зээлдэгч оюутанд элсэлтийн ерөнхий шалгалтын онооны болон голч дүнгийн босго тавьжээ.
“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 200 тэрбум төгрөгзарцуулахаар төлөвлөжээ.Гэр хорооллын утаа, хөрсний бохирдол ихтэй хэсэгт амьдарч буй 69200 айл өрхийг инженерийн шугамд холбоход зориулж хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Тодруулбал, нэг айл өрхөд инженерийн үйлчилгээг өгөх зорилгоор жилийн таван хувийн хүүтэй 10 сая төгрөгийн зээлийг өөрийн амьдарч буй хашааны газрыг барьцаалж зээл олгохоор журамд заажээ. Тооцоолоход тухайн айлд бохир хийхэд 2.4 сая, цэвэр бохир усны хангамж хүргэхэд 3.5 сая, халаалтын асуудлыг шийдэхэд дөрвөн сая төгрөг буюу нийт 9.9 сая төгрөг хэрэгтэй гэжээ. Зээл авсан иргэд эхний хоёр жил төлбөр авахгүй, түүний дараа жилээс эргэн төлөлт нь сард 100 мянган төгрөгөөс хэтрэхгүйгээр төлдөг байхаар зохицуулсан байна. Иргэд нөхөрлөл хоршоо маягаар хамтарч нэг хүн л 10 саяын зээл авах боломжтой аж. "Сайн хашаа" хөтөлбөрийн талаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Иргэд хоттойгоо хамтраад төв магистралаа хотоороо татуулаад өөрийн хашааруу орох шугамаа зээлээр авсан хөрөнгөөр хийж болно. Иргэн би 20 айлтай нийлэхгүй хувийн инженерийн үйлчилгээ авна гэвэл бас болно. Олон сайхан амины орон сууц барьчихсан өрх бий. Би бол айлуудыг нийлээд хийгээрэй л гэж уриална. Тэр шийдэл нь илүү өртөг багатай, үр ашигтай. Мөн “Сайн хашаа” хөтөлбөр нь хашааны газрыг үнэ цэнэтэй л болгож байгаа алхам. Тухайн газрыг дэд бүтцээр нь үнэд оруулна” гэжээ.
Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатарын танилцуулснаар улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авлаа. Энэ вакциныг 18-30 насныханд өнгөрсөн долоо хоногоос эхлэн тарьж эхлэв. 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэлийг хангжээ. Энд ажиллах 1200 эмч, 350 сувилагч сургалтад хамруулжээ. Монгол Улсад 600 мянга гаруй 18-30 насны залуучууд байгаа бөгөөд энэ насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, ажлын газар, их дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа үнэ төлбөргүй хийлгэнэ. Одоогоор жирэмсэн байгаа, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуучууд вакцин хийлгэхээс түр хугацаанд татгалзах хэрэгтэй гэв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нарт үүрэг өглөө. Тодруулбал, 4G үйлчилгээг энэ оны гуравдугаар улиралд жигдрүүлэх, дугаартайгаа шилжих үйлчилгээг Харилцаа холбооны газар хариуцан ажиллаж энэ онд хэрэгжүүлэх, үндэсний роуминг үйлчилгээний туршилтыг тавдугаар сард хийж, энэ онд нэвтрүүлж эхлэх, хөдөөд интернэт ашиглах боломжтой болсонтой холбоотойгоор Монголын цахилгаан холбоо компани болон сүлжээ компаниудын марктингийг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулах, гэр хорооллын айл өрхүүдэд интернэт үйлчилгээг хүргэх, чанарыг сайжруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.Гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгох үйлчилгээг иргэд сонирхон хүлээж буй. Үүнийг зохицуулах хууль батлагдсан. Дугаартайгаа шилжих үйлчилгээг энэ онд багтаан хэрэгжүүлэх боломжтой ажээ. 4G үйлчилгээ нэвтрүүлэх зөвшөөрлийг оны эхэнд гар утасны оператор дөрвөн компанид тусгай зөвшөөрлийг нь олгосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Юнител компани 4G үйлчилгээний туршилтын цацалтыг хийж эхэлсэн. Зургадугаар сард багтаж Iphone хэрэглэгчдийн гар утасны тохиргоо хийгдэнэ. Мобиком компани энэ сард, бусад операторууд хоёрдугаар улиралд багтаж 4G үйлчилгээг нэвтрүүлэх ажээ.
Монгол Улсын Засгийн газар Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хан Ресурс” компанид арбитрын нөхөн төлбөр болох 70 сая ам.доллар шилжүүлэх хугацаа баасан гаригт дууслаа. Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн долоон жилийн маргааныг эцэслэх нөхөн төлбөрийг өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас шилжүүлэхэд бэлэн болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Канадын “Хан Ресурс” компани өнгөрсөн гуравдугаар сард Торонто хотод болсон олон улсын уул уурхайн томоохон чуулганы өмнө Холбооны Засгийн газартаа хандан Монгол Улсад зээл, тусламж олгохгүй байхыг хүссэн билээ. Тус компани Монгол Улсын Засгийн газар арбитрын нөхөн төлбөрөө төлөх хүртэл гадаадын тусламж, зээл олгохоо зогсоох хүсэлтийг тавьж, нээлттэй захидал илгээсэн нь олон улсын нөлөө бүхий хэвлэлүүдээр гарсан юм. Үүний дараа Засгийн газрын ажлын хэсэг "Хан Ресурс" компанитай тохиролцоонд хүрч, нөхөн төлбөр олгохоор болсон юм.Монголын Засгийн газар Дорнодыг ордыг канадуудаас булааж “Дорнод уран” компани байгуулж, оросуудтай хамтран эзэмшихээр шийдвэрлэсэн юм. Үүний дараа “Хан Ресурс” компани Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилж, олон улсын арбитрын шүүхэд хандсан юм. Тус компани Арбитрын шүүхээс заргаа авч чадсан бөгөөд одоогоос нэг жилийн өмнө Монголын Засгийн газраас 100 сая ам.долларын нөхөн төлбөр гаргуулахаар болсон билээ. 2010 оноос хойш хэд хэдэн Засгийн газар дамжин таван удаагийн хэлэлцээ хийж байсан тус маргааны улмаас өдөрт 7000 ам долларын хүү төлж, жилийн хугацаанд 106 сая ам.доллар төлөх ёстой байсныг хэлэлцээрийн дүнд 70 сая болгон бууруулж чадсан юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулга болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ баасан гаригт батлав. Энэ хуулийг ирэх есдүгээр сард шинэ Эрүүгийн хуультай хамт мөрдөж, хэрэгжүүлнэ. Хүний эрхэнд хуулиар халдах явдлын хяналт, стандартыг нэг мөр болгож, хүний болон хохирогчийн эрхийг дээгүүрт тавьж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны дараалал, стандартыг сайжруулсан юм. Мөн зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нөхцөлийг нарийвчлан зааж, шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа тухайн шүүхийн харьяалах аймаг, нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэртээ заадаг байх, яллагдагчийн цагдан хоригдож байгаа газрыг өөрчлөн өөр газар шилжүүлэх тодорхой үндэслэл болон цагдан хорих байранд нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлийг тодорхой зааж өгсөн байна. Түүнчлэн энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй байх, эрэн сурвалжлах нууц ажиллагаагаар олж авсан баримт, мэдээллийг үнэлэхтэй холбоотой заалтуудыг тусгажээ.
Цагдаа, тахар, гааль, татвар, мэргэжлийн хяналтын байцаагчдын хууль сахиулах үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулсан Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг баталлаа. Манай улсад хууль сахиулах буюу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгатын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Цагдаагийн болон Тахарын албаны тухай зэрэг салбар тус бүрийн хуулиар зохицуулж байна. Энэ байдал нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, хууль сахиулах ажиллагааг харилцан адилгүй хэрэгжүүлж, улмаар хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхагдахгүй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулахад хүргэдэг. Иймд дээрх шаардлагыг харгалзан хууль сахиулах ажиллагааны явцад хүний халдашгүй эрхийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудын эрх хэмжээг нэг стандарттай, тодорхой хуульчлах зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хүний эрхийн гэрээний суурь зарчимд нийцүүлэн Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Батлагдсан цагаасаа хойш хоёр удаа Цэц дээр унасан Шүүх байгуулах тухай хуулийг дахин шинээр батлав. Ингэснээр шүүхийн дагнасан байдлыг хэвээр хадгалах боловч шүүхийг газар нутгийн харьяаллаар байгуулахаар болж байна. Мөн шүүхэд ажиллах шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр шинээр байгуулагдах шүүхийн орон тоог шийдвэрлэхээр УИХ-ын тогтоол баталлаа. Тогтоолд тусгаснаар аймаг, нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 25 шүүхэд 25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгч ажиллахаар байна.
УИХ-ын чуулганаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг аймгуудад, 28-ыг нийслэлд хуваарилахаар болж байна. Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймаг тус бүр нэг, Дорнод, Завхан, Өмнөговь аймаг тус бүр хоёр, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байхаар УИХ баталлаа. Мөн тогтоолоор Завхан, Ховд, Хөвсгөл зэрэг аймгийн сонгуулийн тойргуудын нутаг дэвсгэрийн хуваарилалтад зарим өөрчлөлт оруулсан юм. Нийслэлийн тухайд, Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв, Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв, Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрөв, Баянгол дүүрэг дөрөв, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаан мандаттай байхаар баталлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид зөвлөлгөөнөө хийлээ. Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс тус шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч гавьяат хуульч О.Зандрааг олонхийн санал авсан учир Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санал болгов. Анхан шатны шүүгчдийн зөвлөлгөөнөөсхууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг шүүгчдийн олонхийн саналаар ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүллээ. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Д.Эрдэнэчулууныг нийт шүүгчдийн 99 хувь буюу 105 шүүгч дэмжсэн. Одоо Хууль зүйн яам Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр санал болгох хүнээ тодорхойлон Ерөнхийлөгчид өргөн барих ёстой. Хуульчдын холбооноос нэр дэвшүүлж томилуулсан ШЕЗ-ийн гишүүн, гавьяат хуульч Б.Сарантуяагийн бүрэн эрхийн хугацаа арванхоёрдугаар сард дуусгавар болохоор байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн бүрдсэний дараагаар дундаасаа даргаа сонгож, Ерөнхийлөгч батламжилна.