Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорациас Улаанбаатар хотын Яармаг хороололд олон улсын стандарт бүхий зочид буудал, жижиглэн худалдааны төв барих төслийг хэрэгжүүлэгч "ММС Поларис" ХХК-д 6.5 сая ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. "Finchannel" сайтад дурдсанаар “Ibis Styles hotel” сүлжээ зочид буудлын салбарыг байгуулснаар Улаанбаатар хотын эдийн засаг, аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөжүүлж, хотын төвийн дүүргийн агаарын бохирдол, автомашины түгжрэлийг бууруулахад тус нэмэр болох юм. ОУСК-ийн санхүүжүүлж буй энэхүү төслийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх юм байна. Мөн уг төсөл нь Улаанбаатар хотын одоо байгаа болон шинээр ашиглалтад орох нисэх онгоцны буудлууд руу явах замд оршдог Яармаг орчимд хотын хоёр дахь төвийг байгуулах зорилготой аж.
"ММС Поларис" ХХК нь Монголын ноолуур боловсруулах салбарын тэргүүлэгч компаниудын нэг болох "Монгол микрон кашмер" ХХК-ийн салбар компани юм. "ММС Поларис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттогоо "ОУСК-ийн олгож буй урт хугацааны санхүүжилт нь аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн төсөл юм. Монголын эдийн засгийн өсөлтийг хангах, эдийн засгийг төрөлжүүлэхэд аялал жуулчлалын салбар ихээхэн ач холбогдолтой. Санхүүжилт олгохын зэрэгцээ тус корпораци нь олон улсын байгаль орчин, нийгмийн стандартад дүйцсэн ногоон барилгын зураг төслөөр зочид буудал барихад тусалж байгаа" гэж "ММС Поларис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Баттогоо "Finchannel"-д ярьсан байна. Энэ зочид буудлын барилга бол ОУСК-ийн Ногоон барилгын стандартыг хангасан анхны төсөл болох тул ихээхэн ач холбогдолтой болж байгаа аж.