Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Х.​Отгоолой: Чихрийн шижинтэй хүн мал, амьтны гаралтай өөх, тос хэрэглэж болохгүй

Х.​Отгоолой: Чихрийн шижинтэй хүн мал, амьтны гаралтай өөх, тос хэрэглэж болохгүй
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 4
Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй олон улсын хэмжээнд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо нэмэгдсээр байгаа.  Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар АШУҮИС-ийн дотоод шүүрэл судлалын ахмад багш, дотоод шүүрлийн зөвлөх эмч Х.Отгоолойтой цөөн хором ярилцлаа. 

-Сүүлийн жилүүдэд манай улсад төдийгүй олон улсын хэмжээнд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байна. Үүнд нөлөөлж буй голлох шалтгаан юу байна вэ? 
-Чихрийн шижин бол халдварт өвчин биш, халдварын бус гаралтай, архаг явцтай, олон эрхтэн системд хүндрэл өгдөг. Ямар ч шинж тэмдэггүйгээр олон жил явж болдог өвчин. Гэхдээ цаагуураа хүндрэл нь оношлогдсон байх тал бий. Анх 1999 онд одоогийн АШУҮИС-ийн тэнхим, НҮБ-ын ивээл дор Монголд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинг илрүүлэх анхны судалгааг хийсэн. Тухайн үед 35-аас дээш насны хүмүүст судалгаа хийхэд 3.1 хувьтай байна гэж тогтоогдсон. Харин өнөөдрийн байдлаар энэ тоо нэлээд ахисан. Монголд чихрийн шижингээр өвчлөгсдийн тоо ихэсч байгаа нь стресс, суурин амьдрал, таргалалттай холбоотой юм.
-Чихрийн шижинг эрт илрүүлбэл эмчлэгдэх боломж нь нэмэгдэх үү. Эрт ба хожуу үеийн хүндрэл гэж байдаг. Энэ үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? 
-Чихрийн шижинтэй болсон ч биед ямар нэг шинж тэмдэг илрэхгүйгээр хэдэн жил ч явах боломжтой. Гэхдээ ам цангах, шингэн зүйл их уух, ойр ойрхон шээх, бие ядарч сульдах, арьс хуурайших шинж тэмдэг илэрч болно. Нэгдүгээр хэлбэрийн хэв шинжид хурц шинж тэмдэг илэрдэг. Бие нь ядарч сульдаж, ам нь цангаж, их шээх шинж тэмдэг нь тодорхой илэрдэг. Харин үүнийг илрэхэд эмчид үзүүлэхгүй байвал ухаан алдах байдлаар илэрнэ. Хоёрдугаар хэлбэрийн хэв шинж бол хүндрэлээр илрэх нь ховор боловч хожуу үеийн хүндрэл нь мэдэгдэхгүй, байж байгаад шинжилгээнд илрэх нь байдаг. Хожуу үеийн хүндрэл нь судасны хүндрэл буюу ямар нэг шинж тэмдэг үзүүлэхгүй байснаа гэнэт хөлийнхөө хумсаа буруу авахад ч юм уу, жаахан шархнаас болоод хүндэрч илэрдэг. 
-Чихрийн шижингийн нэг, хоёрдугаар хэлбэр нь өвчлөх насны хувьд хэр ялгаатай вэ?
-Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин бол ихэвчлэн залуучууд, хүүхдүүдэд тохиолддог. Хүүхдийн диабет гэж байдаг. Хэв шинж хоёрийг насан хүрэгчдийн диабет гэж үздэг боловч сүүлийн үед залуучуудад илрэх тохиолдол байна.
Судалгаагаар дэлхийн хэмжээнд 10 хүртэл хувь нь нэгдүгээр хэлбэрийн хэв шинжтэй диабет, 90 орчим хувь нь хоёрдугаар хэв шинж эзэлж байна гэж үздэг.
-Чихрийн шижин илэрсэн бол ямар дэглэм барих вэ?
-Нэгт. Чихрийн шижин өвчинд хамгийн түрүүнд зөв хооллолт чухал байдаг. Тухайлбал, амархан шингэдэг, нүүрс устай хоол их идэхгүй байх юм. Хоёрт. Таргалалттай хүн амьдралынхаа хэв маягийг өөрчилж, таргарлалтаас урьдчилан сэргийл. Хамгийн багадаа өдөрт 30 минутаас доошгүй хэмжээнд дасгал хөдөлгөөн хий. Бүр болохгүй бол 2-5 км алхах хэрэгтэй. Гуравт.  Амьтны гаралтай өөх тосноос татгалзаж, хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь цусан дахь өөхний хүчил, өөх их байх нь сахарын диабет үүсэх нөлөөтэй
-Эмчлэгдэх боломж нь хэр байдаг вэ?
-Эмчилгээний хувьд нэгдүгээр хэв шинжид инсулин эмчилгээг л хийлгэнэ. Эмээр бараг эмчлэхгүй. Гэхдээ таргалалттай залуу хүн эмтэй хавсарч хэрэглэж болно. Хэв шинж хоёрын үед эмээр эмчилнэ. Инсулинтай хавсарч болно. Дан инсулинаар ч эмчилж болно.
Инсулин гэдэг бол нойр булчирхайнаас үүсдэг лангиргансын арал гэж байдаг. Үүнээс ялгардаг даавар нь цусан дахь сахарыг бууруулж, булчин эдэд тэжээл болж очиход нь тусалж байдаг. Цуснаас сахар элгээр дамжин булчин эдэд инсулины тусламжтайгаар энергийн эх үүсвэр үүснэ.
-Бусад эмтэй хослуулж ууж болох уу? 
-Цусны даралт ихтэй хүн чихрийн шижинтэй байлаа гэхэд даралтныхаа эмийг ч, сахар бууруулах эмээ ч хэрэглэнэ. Хоёуланг нь хавсарч хэрэглэж болно. 
-Чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэхийн тулд биеийн жингээ хэвийн байлгах ёстой. Дасгал хөдөлгөөн сайн хийж, стрессгүй аль болох тайван байх нь чухал. Удамшилтай байх магадлалтай бол шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Судсанд хүндрэл өгдөг, мэдэгдэхгүй олон хоног үргэлжилдэг архаг өвчин учраас хүндрэл их гардаг. Гэхдээ үүнийг тухайн хүн амьдралынхаа чанарыг сайжруулж, дэглэмээ баримтлах юм бол урьдчилан сэргийлж болно. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн