Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

М.Отгонбаяр: Улаанбаатарын агаарын бохирдол өндөр хэвээр байгаа

М.Отгонбаяр: Улаанбаатарын агаарын бохирдол өндөр хэвээр байгаа
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 22
Өвөл болохтой зэрэгцээд нийслэлийн утааны асуудал яригддаг. Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд жил бүр Улаанбаатарын утааг багасгах ажил хийж байгаа гэдэг ч иргэд нь нүүрсний утаан дунд өвөлжөөд цөөнгүй оныг үдэж байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь уушгины архаг бронхиттой гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Шинээр мэндэлж буй нярайн олонх нь уушгины өвчтэй, амьсгалын эрхтний гажигтай төрж байна. Хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлд агаарыг бохирдуулагч хүчин зүйл 93.7, бронхитын өвчлөлд 91 хувиар нөлөөлж буй нь тогтоогдсон. Өвлийн улиралд хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламж ДЭМБ-ын зөвлөмжөөс хэт өндөр гарчээ. Нийслэлийн хүүхдүүдийг хөдөөгийнхтэй харьцуулахад гуурсан хоолойн үрэвслээр 5-15 дахин илүү өвчилдөг нь тогтоогдсон байна. Гэтэл одоогийн байдлаар утааг бууруулах ямар ч арга хэмжээ авахгүй байгаа талаар Нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээлэв. Учир нь Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ сарын 26-нд хуралдах бөгөөд тус хурлаар энэ жил агаарын бохирдлыг бууруулахд ямар арга хэмжээ авах талаар шийдвэр гарч магадгүй юм байна. Тус хорооны даргаар Ерөнхий сайд ажилладаг бол сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар гишүүд нь юм. Нийслэлийн агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарыг өдөр бүр хэмжиж, мэдээлдэг аж. Агаарын бохирдол өнгөрсөн онуудтай харьцуулахад энэ жил ямар байгаа талаар Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяраас тодрууллаа.

-Нийслэлийн агаарын бохирдол энэ жил ямар төвшинд байна вэ?
-Улаанбаатар хотын агаарын чанарыг 10 автомат харуулаар 24 цагийн турш хэмжилт хийдэг. 2011-2012 оныг 2013-2014 онтой харьцуулахад агаарын бохирдол 40 хувиар буурсан байна. Энэ жилийг өнгөрсөн жилтэй харьцуулахад тоос тоосонцор, хүхэрлэг хийн агууламж 20 хувиар буурсан үзүүлэлт бий.
-Шинжилгээгээр агаарын бохирдол буурч байгаа гэж байгаа ч ДЭМБ-аас гаргасан судалгаагаар агаарын бохирдлоороо Иран Улс тэргүүлсэн бол удаахь байрт Улаанбаатар хот орсон байна. Иргэд ч агаарын бохирдол, утаа багасч байгааг мэдрэхгүй байна шүү дээ?
-Манай улсын гэр хорооллын халаалт дулааны гол хэрэглээ түүхий нүүрс. Түүхий нүүрсний хэрэглээ өндөр байгаа учраас бусад улстай харьцуулахад агаарын бохирдол өндөр гардаг. Жил ирэх бүр хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод нүүж, суурьшиж байгаа айл өрхийн тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр түүхий нүүрс хэрэглэдэг айлын тоо нэмэгдэж байгаа юм. Мөн хуурай цаг агаартай учраас бусад улстай харьцуулахад манайх тоос, тоосонцор их байдаг. 2011 онд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн байсан. Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагууд агаарын чанарыг бууруулах үе шаттай олон арга хэмжээ авсны үр дүнд агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан. Тухайлбал уламжлалт зуухыг бүрэн шаталттай зуухаар сольж, гэрийн дулаан алдагдлыг бууруулж, бүрэн боловсруулсан түлш нийлүүлж, авто машины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлын үр дүн хэмжилтээр гардаг. Гэхдээ дэлхий стандарттай харьцуулахад агаарын бохирдол өндөр хэвээрээ байгаа.
-Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Яг одоогийн байдлаар ямар ч арга хэмжээ аваагүй байна. Манайх Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Агаарын чанарын мэргэжлийн алба нь Агаарын тухай хуулийн дагуу агаарын чанарыг тодорхойлох, хяналт шинжилгээ хийх, холбогдох мэдээ, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах нь шууд эдийн засагтай холбогддог. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн Агаарын чанарын албаны ажил биш. Улаанбаатар хотын хэмжээнд яригдаж буй энэ асуудлыг шийдэхийн тулд НЗАА, НЗДТГ, Улсын агаарын чанарын мэргэжлийн алба, ЗТЯ, БОНХЯ–наас олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Жишээ нь, ногоон байгууламжийн тоог нэмэх, дугаарын хязгаарлалттайгаар автомашин зорчуулах гэх мэт. Гэр хорооллын 189 мянган өрхийг түлшний хэмнэлттэй сайжруулсан зуухаар хангах зорилтын хүрээнд олон айлд бүрэн шаталттай зуух тараасан.

-Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газрууд хаана байдаг бэ? -Улаанбаатар хотын баруун, зүүн дөрвөн зам, 100 айл, цахилгаан станцуудын орчимд агаар хамгийн их бохирдолтой байдаг. Мөн өвлийн галлагаатай үед гэр хорооллын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 6-7 дахин нэмэгддэг. Харин Баруун дөрвөн зам орчим 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад хүхэрлэг хийн дундаж агууламж өнгөрсөн оны мөн үеийнхээс 39.9 хувь, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 4,7 хувиар багасч, азотын давхар ислийн дундаж агууламж 84.4 хувиар эрс ихэссэн байна.100 айл орчимд 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад өмнөх оны мөн үеийнхээс хүхэрлэг хийн дундаж агууламж 44,8 хувь, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 20.7 хувиар тус тус багассан бол азотын давхар ислийн дундаж агууламж 11.9 хувиар ихэссэн байна. Төрийн өмчит ТЭЦ III, IV компаний дулааны цахилгаан станц орчим 2012 оны 10-12, 2013 оны 1-3 дугаар саруудад хүхэрлэг хийн дундаж агууламж өмнөх оны мөн үеийнхээс 32.5 хувь, том ширхэглэгт тоосонцорын дундаж агууламж 63 хувиар багасч, азотын давхар ислийн дундаж агууламж 2.9 хувиар ихэссэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн