Францын Парис хотноо болж буй “Парис-2017” чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жинд дэлхийн аварга болсон тэрбээр шигшээ барилдаанд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Украины Юлья Ткачыг 6:3 харьцаагаар ялж алтан медаль хүртлээ.
Тэрбээр Парисын дэвжээнд эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, дараа нь Шведийн Хенна Йоханссоныг 6:2 ялсан. Улмаар Нигерийн Блессинг Оборудудуг даралтаар цэвэр ялж хагас шигшээд олимпын наадмын хошой хүрэл медальт Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр буюу 13:0 ялснаар шигшээ барилдаанд шалгарсан юм.
Дэлхийн аварга П.Орхон нь 1993 оны 12 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Өдгөө 24 настай тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хүртэж байжээ.
Ийнхүү эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн өрсөлдөөнтэй жинд Дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн ОУХМ П.Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ий 56 дахь медалийн эзэн болсон бол манай эмэгтэй бөхчүүдийн 23 дахь, харин Дэлхийн аваргын долоо дахь алтан медалийн эзнээр тодорч, бөхөд хайртай Монгол түмнээ баярлууллаа.
Түүний багш гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, Цэрэнбаатарын Цогтбаяр нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүн ийнхүү Дэлхийн дэвжээнд Монгол охин алтан медаль гялалзууллаа.