Засвар: Үүний өмнө "M2 Bradley" явган цэргийн байлдааны машиныг байлдааны нисэх онгоц хэмээн андууран бичсэнийг залруулав.
Жил гаруйн өмнө барууны улсууд ОХУ-д хориг тогтоосны дараагаас Украины хямрал мартагдаж, энэ нь ОХУ болон барууны улсуудын хариу арга хэмжээний эсрэг хариу арга хэмжээ болж хувирсан юм. Гэвч энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй хэвээр. Украины хямралын талаархи Оросын байр суурийг өөрчилж чадахгүйгээ мэдсэн АНУ тэргүүтэй улсууд Москваг “айлгах” шинэ тактик боловсруулсан нь эдийн засгийн хоригоор "байлдах" бус зэвсгээр айлган сүрдүүлэх шинэ тоглоом болов.
АНУ-ын Цагаан ордон болон Пентагон 1200 гаруй хүнд зэвсгүүдээ, тэдгээрийн дотор танкуудаа Балтийн тэнгис болон Европын зүүн бүсэд байрлуулах шийдвэрийн талаар хэлэлцэх гэж байгаа нь Оросыг ихэд түгшээсэн юм. НАТО-гийн тэргүүлдэг "BALTOPS" цэргийн сургуулилтад оролцох Балтийн тэнгисийн болон зүүн Европын 17 оронд АНУ цэргийн техник хэрэгслээ байрлуулахаар төлөвлөж байгаа юм. АНУ-ын цэргийн техник хэрэгслээ хадгалахаар төлөвлөөд байгаа орнуудад НАТО-гийн гишүүн бус Гүрж, Финланд зэрэг улсууд багтаж байгаагийн дээр ОХУ-тай хиллэдэг Литва, Латви, Беларусь болон Польш улсуудад “Искандер” пуужин байрлуулахаар зэхэж байгаа нь Москваг ихэд түгшээж байгаа юм. АНУ-ын төлөвлөгөөнд Балтийн гурван оронд тус бүр 150 цэрэгт хангалттай хүрэлцэх цэргийн төхөөрөмжийг хадгална гэж заасан байгаа бол Польш, Румын, Болгар, магадгүй Унгарт нэг батальон буюу 750 цэрэгт хангалттай хүрэлцэх тоног төхөөрөмжийг байрлуулна гэсэн байгаа нь цэргийн бааз байгуулах гэсэн оролдлого хэмээн Моксва хардаж байгаа юм. АНУ-ын зүүн Европ, Балтийн тэнгисийн 17 оронд байрлуулахаар төлөвлөж буй зэвсгийн 250 нь "M-1" зэрэг орчин үеийн танк, "M-2 Bradley" зэрэг явган цэргийн байлдааны машин байгаа аж. Эдгээр зэвсгээр 3000-5000 цэрэгтэй армийг бүрэн зэвсгээр хангах боломжтой гэсэн үг. НАТО-гийн эвсэл Украины талаар шийдвэртэй арга хэмжээ авч чадахгүй, ОХУ-ыг зогсоож чадахгүй байгаа энэ үед Польш, Бальтийн орнуудад цэргийн техник байрлуулах болсныг талархан хүлээж авсан нь Москваг бухимдуулах шалтаг болсон юм.
Ялангуяа Польшийн Батлан хамгаалахын сайд Томаш Семоняк “АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картертай өнгөрсөн сард энэ талаар хэлэлцээ хийсэн. Харин энэ сардаа багтаан Брюссельд болох НАТО-гийн гишүүн орнуудын уулзалтаас өмнө хэлэлцээрийг албан ёсоор батална” хэмээн мэдэгдсэн нь Москваг бүр ч ихээр түгшээсэн юм.
ОХУ-ын зүгээс энэ үйлдлийг 1997 онд зурсан Орос-НАТО-гийн харилцааны үндсэн бичиг баримтуудын гол заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. "ОХУ-ын хил дээр танк зэрэг хүнд зэвсгүүдээ байрлуулах Вашингтоны төлөвлөгөө хүйтэн дайнаас хойшхи Пентагон, НАТО-гийн хамгийн түрэмгий үйлдэл" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Юрий Ябуков мэдэгдсэн. Тэрээр "АНУ энэхүү үйлдлээ эдгээр орнуудад ээлжлэн цэргийн сургуулилт хийх төдийгөөр тайлбарлаж байгаа ч үнэндээ байнгын цэргийн бааз байгуулах зорилготой юм. Энэхүү үйлдэл нь Орос-НАТО-гийн харилцааны үндсэн бичиг баримтуудад заасан "НАТО дээр дурдсан орнуудад байнгын цэргийн хүчин байрлуулахгүй байх" гэсэн амлалтаас няцаж байгаа хэрэг. ОХУ-ын зүгээс холбогдох орнууд асуудалд зөвөөр хандаж, Европын байдал цэргийн сөргөлдөөн рүү шилжихээс зайлсхийн, ноцтой үр дагаварт хүрэхээс сэргийлэхийг уриалж байна. Гэвч зүүн Европ болон Балтийн тэнгисийн орнууд АНУ-ын шийдвэрийг хүлээн авахаар бол Орос улс барууны стратегид өөрийн хүч, нөөц бололцоог ашиглахаас өөр сонголтгүй болно. Хэрэв тийм зүйл болбол Москва өөрийн чадах хэмжээгээр хариу арга хэмжээ авах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.
Харин Путиний мэдэгдлийн дараа АНУ хариу өгөв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Энэ мэдэгдэл миний сэтгэлийг их зовоож байна. Орос армидаа тив алгасах баллистик пуужин нэмж байршуулж байгаа нь НАТО-гийн сүүлийн үеийн цэргийн арга хэмжээнд чиглүүлсэн "байр суурь" байж болзошгүй. Гэвч талууд түүний гарч мэдэх нөлөөнд анхаарлаа хандуулах ёстой. Энэ алхам манай пуужингаас хамгаалах хөтөлбөр, Европ тивд НАТО идэвхжиж байгаатай холбоотой гэдгийг ч ойлгож байна. Агуу хүчирхэг орны тэргүүн ийм мэдэгдэл хийж байхад хэн ч сэтгэл түгшихгүй байж чадахгүй" гэжээ. Тэрээр "Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш, Америк болон Орос стратегийн зэвсэг хорогдуулах асуудлаар чухал хамтын ажиллагаа хийж байсан юм. Одоо хоёр тал энэ асуудал дээр хүйтэн дайны байдалд шилжиж болохгүй" гэжээ.
Хэрэв талууд энэ хэвээр үл ойлголцож, зэвсгээр хөөцөлдсөөр байвал шинэ хүйтэн дайн эхэлнэ хэмээн шинжээчид дүгнэж байна.