Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

“Оргил рашаан сувилал”-ыг хувьчлах доод үнэ 15 тэрбумаас эхэлнэ

“Оргил рашаан сувилал”-ыг хувьчлах доод үнэ 15 тэрбумаас эхэлнэ
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 3
Төрийн өмчит зарим компанийг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлын явцын талаар Төрийн өмчийн хорооны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга Д.Эрэвгийлхамаас тодрууллаа.
-Хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтад 15 аж ахуйн нэгж багтсан. Үүнээс есийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нэмэлт хувьцаа гаргах замаар нээлттэй худалдана. Энэхүү ажил одоо ямар шатанд ирээд байна вэ?
-Андеррайтерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг зохион байгуулж, хураангуй жагсаалт гаргасан. Уг жагсаалтад орсон зөвлөх компанийг өөрчлөн байгуулах аж ахуйн нэгжтэй танилцуулах үйл ажиллагаа тендерийн хуваарийн дагуу үргэлжилж байна. Андеррайтерийн компанитай зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээ байгуулахаар гэрээний төслийн эхний саналыг авч, шинэчилсэн хувилбараа тендерт оролцогчдод хүргүүлсэн.
-Төрийн өмчийн хорооны ээлжит хурлаар “Оргил рашаан сувилал” болон Кино урлагийн дээд сургуулийг дуудлага худалдаагаар хувьчлах доод үнийг тогтоосон уу?
-Тийм ээ, “Оргил рашаан сувилал”-ыг шууд хувьчлах дуудлага худалдааг энэ сарын 20-нд зохион байгуулахаар зарласан. Хорооны хурлаар дуудлага худалдааны доод үнийг 15 тэрбум төгрөгөөр тогтоосон. Мөн Кино урлагийн дээд сургуулийг хоёр хувьцаа эзэмшигчдэд нь хувь тэнцүүлэн санал болгож, төсөвт мөнгө нь бүрэн шилжиж ороод байна. Төрийн эзэмшлийн нийт хувьцааг нь 536 сая төгрөгөөр үнэлсэн.
-“Оргил рашаан сувилал” болон Кино урлагийн дээд сургууль өнгөрсөн оны байдлаар хэчнээн төгрөгийн ашигтай ажилласан бэ?
-Кино урлагийн дээд сургууль өнгөрсөн онд 10.6 сая төгрөгийн ашигтай ажилласан бол “Оргил рашаан сувилал” 485.8 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Энэ оны хагас жилийн үзүүлэлтээс харахад, “Оргил рашаан сувилал” 12.4 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.
-“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн хувьчлал мөн хийгдсэн үү?
-Төрийн өмчит хувьцаат компани болох “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгө оруулагчдад нь санал болгон худалдах үйл ажиллагаа дуусч, өмчлөх эрхийг шилжүүлсэн. Хөрөнгө оруулагч компанид хөрөнгийг хүлээлгэн өгөөд байна. УИХ болон Засгийн газрын тогтоолд тус үйлдвэрийг хөрөнгө оруулагч талд санал болгохоор заасан. Үүний дагуу хувьчлах үйл ажиллагаа явагдсан. Худалдах, худалдан авах гэрээг хийж, төсөвт 1.3 тэрбум орж ирсэн. Татварын өрийг барагдуулахаар хугацаа зааж, үүрэг болгосон. "Хөтөл"-ийг нийт 39 тэрбум төгрөгийн өрийг төлөх нөхцөлтэйгээр хувьчилсан.
-Шивээ-Овоо, Багануур компанийн өөрчлөн байгуулах асуудлыг танайх хариуцаж байгаа юу?
-Үгүй ээ, “Эрдэнэс Монгол” компани дээрх хоёр компанийн өөрчлөн байгуулах ажлыг хариуцаж байгаа.
-“Монголын цахилгаан холбоо”-ны хувьцааг Өмнөд Солонгосын талд санал болгосон гэсэн. Тэднээс тодорхой хариу албан ёсоор ирсэн үү?
-Одоогоор тодорхой хариу ирээгүй байна. Татгалзсан хариу ирсэн тохиолдолд дотоодын хөрөнгийн зах дээр хувьцааг нь гаргана. Гэхдээ “Монголын цахилгаан холбоо” компанийн хувьцааны үнийг тогтоох үнэлгээг Солонгосын тал өөрсдийн хөрөнгөөр хийлгэсэн байдаг. Тиймээс тэдний саналыг албан ёсоор сонсож байгаа юм. Шинээр үнэлгээ хийхэд цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай байдаг. “Монгол шуудан” компанийн хувьд 2011 онд андеррайтерийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад ажиллаж байсан “Гаүли” компанитай үргэлжлүүлэн гэрээ байгуулахаар ажиллаж байна. Удахгүй гэрээ нь баталгаажиж, ажилдаа орно.
-“Хөдөө аж ахуйн бирж” болон “Авто импекс”-ийг хэдийд өөрчлөн байгуулж, хувьчлах вэ?
-Хөдөө аж ахуйн биржийн нэмэлт хувьцаа гаргах асуудлыг хорооны хурлаар шийдэж, дүрэмд нь өөрчлөлт оруулахаар болсон. Харин “Авто импекс” компанийн хувьчлах асуудлыг манайх бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба илүү мэдэх бөгөөд дуудлагаар худалдах юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн