Open iToim app
Хуулийн цаг | 3 мин уншина

Онцлох хууль: Нэг хувийн татвар, хүүхдийн тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмж тооцох болов

Онцлох хууль: Нэг хувийн татвар, хүүхдийн тоогоор улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмж тооцох болов
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 5
Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулган хаалттай горимоор Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн. Дараагаар нь 18.00 цагийн орчимд нээлттэй горимд шилжиж, 7 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эдгээр хуулиас иргэн, аж ахуйн нэгж хамааралтай хоёр хуулийг онцолж байна.
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хууль батлагдсанаар малчдын тэтгэвэр тогтоолгох нас урагшилж, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болж байгаа юм. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болж байна.
20-иос доошгүй жил ажиллахдаа 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 настайдаа, нийт 20-иос доошгүй ажиллахдаа 12 жил зургаан сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 настайдаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй болов.
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор болжээ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлсэн бол есөн жилийг тус тус нийгмийн даатгал төлсөн хугацаан дээр нэмэгдэх юм байна. Төрүүлсэн болон өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн улсад ажилласан жилийг 1.6 жилээр нэмэх ч, энэ нь тэтгэвэр тогтоолгох насанд нөлөөлөхгүй. Харин тэтгэвэр тогтоолгоход эмэгтэйчүүдийн ажилласан жил нэмэгдэж тооцохоор болж байгаа нь давуу тал юм. Өөрөөр хэлбэл, 4 хүүхэд төрүүлсэн эх 50 насандаа тэтгэвэр тогтоолгоход өмнө нь ойролцоогоор улсад 20 жил ажилласнаар тэтгэврээ тогтоолгож байсан гэвэл шинэ хуулийн үүн дээр автоматаар 6 жил нэмэгдэхээр болж байна.   
Үүнээс гадна хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй эхийн даатгалыг албан байгууллагад ажилладаг байгаад нийгмийн даатгал төлдөг байсан бол тухайн байгууллага нь гурван жил нийгмийн даатгалыг нь тасралтгүй төлөх зохицуулалтыг хийжээ. Хэрвээ тухайн ээж нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг байсан тохиолдолд гурван жилийн хугацаанд нийгмийн даатгал, тэтгэмжийн сангаас төлнө. Мөн тухайн ээж ажил эрхэлдэггүй, нийгмийн даатгал төлдөггүй байсан тохиолдолд гурван жилийн хугацааны шимтгэлийн 50 хувийг төрөөс, 50 хувийг хувиасаа төлдөг байхаар тус тус зохицуулжээ.
-Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор зохицуулжээ. Өмнөх хуулиар бол заавал, сайн дурын даатгалтай эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож олгодог байжээ.
-Хүүхдээ асарч байх хугацаандаа дараагийн хүүхдээ төрүүлсэн эхэд төрөлт бүрт нь жирэмсний болон амралтын тэтгэмж өгөхөөр зохицуулжээ. Өмнөх хуулиар хүүхдээ асар байх хугацаандаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд л тэтгэмж олгодог байжээ.
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Уг хууль батлагдсанаар жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн хүнсний үйлдвэрлэл, оёдол, хувцас нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл гэсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох татварыг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр тусгасан байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн " УИХ-аар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хоёрдугаар сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэл эрхэлж байгаа 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол нэг хувийг татвар төлөх боломжтой болно. Үүнд нийт аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь хамрагдах боломжтой ажээ. Ингэснээр татварын орлого урьдчилсан тооцооллоор 30 орчим тэрбумаар буурах тооцоолол гарсан" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн