Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

​НҮБ-ын дараагийн дарга хэн бэ

​НҮБ-ын дараагийн дарга хэн бэ
Нийтэлсэн 2015 оны 10 сарын 19
Ирэх оны сүүлчээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм. Энэ цаг хугацаатай зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч ч шинээр сонгогдоно. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнуудын нэгдлийг удирдагч, дэлхийн хамгийн том улсыг удирдагчид нэгэн зэрэг сонгогдоно. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “сонгууль” 1996 оноос хойш анх удаа нэгэн зэрэг болох гэж байгаа нь энэ юм. Тэгвэл энэ хоёр сонгуульд нэр дэвшигчид аль хэдийнэ яригдаж эхэлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нам доторхи сунгаа үргэлжилж байгаа бол НҮБ-ын Ерөнхий Ассемблеийн гишүүн орнууд Бан Ги Мүний орыг залгах удирдагчийн талаар хэлэлцэж, хэнийг сонгох тухай ярьж эхэлжээ. Aль нэгэн улс орны нөлөөнд авталгүй дундыг баримтлан НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллагын хэн удирдах вэ?
Шинэ журам
Өмнө нь, олон арван жилийн турш НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон хаалттай хаалганы цаана хэлэлцэж, давуу эрхтэйгээр сонгосоор ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн есдүгээр сараас эхлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийг даргыг илүү нээлттэй, ил тод сонгох шинэ журам бүхий тогтоол баталжээ. Энэхүү төсөл нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд 193 орон тус бүр өөрийн хүнээ нэр дэвшүүлэх боломж олгох аж. Сонирхсон нэр дэвшигчид олон улсын харилцааны удирдлага, менежментийн чадвар, арвин туршлага, олон хэлний мэдлэгтэй дипломатч байх ёстой аж. Сүүлд баталсан тогтоолын дагуу нэр дэвшигчдийн жагсаалт болоод тэдний танилцуулгыг харах боломж НҮБ-ын гишүүн улсуудад анх удаа нээгдсэн нь хамгийн онцлогтой, бас ач холбогдолтой юм. Учир нь, өмнө нь НҮБ-ын даргыг хэрхэн сонгосныг ил тод зарладаггүй, хурлын протокол ч хөтөлдөггүй байжээ. Харин шинэ тогтоолоор нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн дарга нарт өгөх юм. Мөн гишүүн улсууд Ерөнхий Ассамблейд нэр дэвшигчдийн талаар санаа бодлоо хэлэх боломжтой.
НҮБ-ын даргыг сонгох
Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихийн тулд Аюулгүйн зөвлөлийн 15 орны дор хаяж есөөс нь санал авч, Ерөнхий ассамблейгаар батлуулах ёстой. Сонгуулийн явцад санал асуулгыг тогтмол явуулдаг учир сонгогдох магадлал өндөртэй нэр дэвшигчид л шигшигдэж үлддэг. Ерөнхий нарийн бичгийн даргыг газар зүйн байрлалаар тэгш сонгох зарчим үйлчилдэггүй.
Өөрөөр хэлбэл, энэ жил Ази, дараагийн жил Европ гэж тивээр нь квотлох зарчим байдаггүй.
НҮБ нь Баруун Европ, Зүүн Европ, Латин Америк-Карибын тэнгисийн орнууд, Ази Номхон далайн орнууд, Африкийн орнууд гэсэн таван бүс нутгаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, тус таван бүс нутгийн орнуудаас тусгай квотоор сонгох зарчим байдаггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд НҮБ-ын дарга сонгогдоогүй ганц бүс нутаг нь Зүүн Европ байгаа юм. Тэгээд ч энэ жил Зүүн Европын орнуудын зөвлөлөөс анх удаа НҮБ-ын дарга тодорно гэх хүлээлт олны дунд байгаа юм.
Сонгогдоод ажиллаж байсан Ерөнхий нарийн бичгийн даргуудыг тивээр нь жагсаавал Европ, Европ, Ази, Европ, Латин Америк, Африк, Африк, Ази, Ази байдаг аж. Тэгвэл хамгийн их сонгогдсон тивүүдийг жагсааж үзвэл Баруун Европ зургаа, Ази дөрөв, Африк гурав, Америкаас хоёр удаа Ерөнхий нарийн бичгийн дарга тодорчээ.

НҮБ-ын найман Ерөнхий нарийн бичгийн дарга бүгд эрчүүд. Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохдоо жендерийн тэгш байдлын зарчмыг баримтална хэмээн тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дараар сонгогдоход эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил боломж үйлчилдэг гэсэн үг. Харамсалтай нь НҮБ-ын түүхэнд нэг ч эмэгтэй дарга байгаагүй. Эмэгтэй хүнийг НҮБ-ын тэргүүнд нэр дэвшүүлэхийг уг тогтоолоор дамжуулан бүх улсад уриалсан бөгөөд энэ жил эмэгтэй хүн сонгогдох магадгүйг зарим шинжээчид онцолж байна. Ялангуяа өмнө нь нэг ч удаа сонгогдож байгаагүй зүүн Европын бүс нутгаас энэ жил НҮБ-ын дарга тодрох магадлал хамгийн их байгаа юм байна.
Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигч тодорхой шалгуурыг хангасан байх ёстой гэдэг ч тэнд нь яг ямар, ямар үзүүлэлт ордгийг нарийвчлан заадаггүй байна. Мэдээж англиар чөлөөтэй ярьдаг, нэр хүнд сайтай байх, мөн менежерийн авьяастай байх гэсэн үндсэн шалгуур тавьдаг. Үүгээр л шалгуур дуусдаг аж.
НҮБ-ын түүхэнд Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр Ерөнхий ассамблейд маргаан үүссэн ганц л тохиолдол байдаг. 1950 онд Аюулгүйн зөвлөлийн гишүүд санал зөрөлдсөнөөс болж бүх нэр дэвшигчийг цуцална хэмээн сүрдүүлж байв. Үүний улмаас Ерөнхий ассамблей Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг харгалзалгүйгээр Трюгве Лигийн бүрэн эрхийг олонхийн саналаар дахин сунгажээ.
Ангела Меркель НҮБ-ын дараагийн дарга мөн үү
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа улс орон, олон улсын эвслүүдийн хоорондын нууц гэрээ, зөвшилцлийн үр дүнд бий болдог. Сонгон шагаруулалтын явцад Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох АНУ, Орос, Их Британи, Франц, Хятад голлох үүрэг гүйцэтгэнэ. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн улсад дэлхийд танигдсан нэртэй улстөрчдийг нэр дэвшүүлэхээс татгалздаг түүх бий. Ажиглалтаас үзэхэд НҮБ-ын гишүүн орнууд Ерөнхий нарийн бичгийн даргын хэт бие даасан байдлаас зайлсхийдэг нь илт байдаг. Тиймээс ч гадуур яригдаж буй Германы Канцлер Ангела Меркель дараагийн НҮБ-ын дарга болох нь эргэлзээтэй юм.
Магадлалтай хүмүүс
Бан Ги Мүний суудалд нэр дэвших магадлалтай хүмүүсийн дунд ЮНЕСКО-гийн дарга Ирина Бокова, Европын холбооны төсвийн асуудал хариуцсан комиссар Кристалин Жеоржиева, Хорватын Гадаад хэргийн сайд Весна Песик, Латвийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте, Шинэ-Зеландын Ерөнхий сайд Хелен Кларк, Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко нар нэрлэгдэж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсээр нэрлэгдэж байгаа хүмүүсийн олонхи нь эмэгтэйчүүд байгаа юм.
Өмнөх НҮБ-ын дарга нарын туршлагаас харвал ихэнхдээ НҮБ-ын бүс нутгуудийн зөвлөлийг хариуцаж байсан, өмнө нь НҮБ-д ямар нэг албан тушаал хашиж байсан, эсвэл олон улсын байгууллагад голлох албан тушаал хашиж байсан дипломатчид байгаа юм.
Манайхан Ц.Элбэгдоржийг НҮБ-ын дараагийн дарга болно, мань хүн өөрийгөө бэлдээд байгаа гэдэг. Амны билгэтэй л юм. Гуравхан сая хүн дотроос дэлхийг удирдах дарга төрнө гэдэг яахын аргагүй сайхан мэдээ. Хэзээ нэгэн цагт Монгол Улсын иргэн НҮБ-ын ногоон гантигийг эзэгнэх л байх. Гэхдээ энэ удаа, энэ удаадаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид тийм боломж тохиохгүй. Хамгийн наагуур бодоход л түүний Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны дундуур буюу НҮБ-ын даргын сонгуулийн дараа болно. Харин НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутаг хариуцсан даргад Монгол Улс хүнээ нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх магадлал өндөр байгаа юм. Ази-Номхон далайн бүс нутгийн эрх бүхий улс орнуудад тус бүс нутагт харьяалагдаж НҮБ-ын бүх гишүүн хамааралтай байдаг юм. Англи хэлний мэдлэгтэй, олон улсын харилцааны удирдлага, менежментийн чадвартай хүмүүс уг албан тушаалд нэр дэвших өргөдлөө өгч эхлээд байгаа аж.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн