Open iToim app
Анализ | 3 мин уншина

​НҮБ: Монголчуудын 0.28 хувь нь баян, 63 хувь нь ядуу

​НҮБ: Монголчуудын 0.28 хувь нь баян, 63 хувь нь ядуу
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 28
Монгол дахь баян, хоосны ялгаа “1-ийн эсрэг 99” буюу “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөний үеэс ч их болжээ.
Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдал, Засгийн газрын насжилт нь дотооддоо төдийгүй гадаадынхны анхаарлыг татах болов.
“Foreign Policy” сэтгүүл болон “Америкийн Энх тайвны сангаас” хамтран гаргадаг “Fragile State Index” буюу “Улсын эмзэг байдлын индекс”-ээр Монгол Улс 2017 оны чансаанд 56.70 оноогоор 178 орноос 128 дугаар байрт жагсаж байна. Энэ үзүүлэлт нь тус индексийн хувьд “тун эмзэг” хэмээх ангилалд багтаж байгаа юм.

Индексийг гаргахдаа тухайн улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг авч үзэн, нийт 12 хэмжүүрээр тооцдог байна. Манай улсын чансааг доош татахад Засгийн газрын сул байдал, төрийн үйлчилгээний чанар муу, авлига, гэмт хэргийн тархац өргөн, эдийн засгийн уналт зэрэг нь нөлөөлжээ. Хэмжүүрийг 0-10 оноогоор тооцон үздэг бөгөөд бага оноотой байх тусам хүчирхэгт тооцогддог.
Монгол Улсын эдийн засаг энэ онд өсөлттэй гарсан ч улс төрийн тогтворгүй байдал хэвээр байгаа нь дэлхийн хэмжээд “тун эмзэг” гэх тодорхойлолтод “хадагдахад” хүрч байна.

2006 оноос хойш гаргасан “Улсын эмзэг байдлын индекс”-ээр Монгол Улс ямагт доогуур байрт жагссаар иржээ. Их хямралын 2007-2008 онтой харьцуулахад сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирч байгаа ч ганц хоёрхон байр дээшлэхээс хэтрээгүй байна.
Түүнчлэн манай улсад баян ядуугийн ялгаа улам ихсэх боллоо. Олон улсад баян, хоосны ялгааг хэмждэг “Gini Index”-ийг Дэлхийн банк жил бүр гаргадаг. Уг индекс улс орнуудад харилцан адилгүй байдаг ч жилийн үзүүлэлтээрээ өсч, буурсан байдаг бол манай улсын хувьд 2000 оноос хойш тогтмол өсчээ.
Энэхүү орлогын тэгш бус байдлын илтгэлцүүр нь 0 утгаас 1 утгын хооронд хэмжигддэг ба аль болох 0 рүү тэмүүлэхэд орлогын тэгш хуваарилалтаар илтгэдэг, харин 1 рүү ойртоход орлогын тэгш бус хуваарилалт явагдаж буйг илэрхийлнэ.
Энэхүү индекс Словени улсад хамгийн бага, Чилид хамгийн өндөр байна. Харин Африкийн орнууд 2008-2009 онд “Gini Index” хамгийн дээд төвшинд хүрсэн бөгөөд ялангуяа, Өмнөд Африк 0.63-0.7 хүртэл өсчээ. Баян, ядуугийн ялгаа хамгийн ихтэй Намиби улсад энэ тоо 0.7 байдаг бол иргэдийнх нь орлого хамгийн жигд гэгддэг Шведэд 0.23 орчим байх жишээтэй.
Дэлхий дахины “Gini Index” 2005 оны байдлаар 0.61-0.68-ын хооронд хэлбэлзэж байв. Харин 2016 оны байдлаар дунджаар 0.338 болсон байна. Ихэнх улс оронд энэ индекс нь 0.2-0.5-ын хооронд байдаг. Харин манай улсын хувьд АНУ-ын Тагнуулын төв газрын гаргадаг “CIA”-гийн мэдээнд дурдсанаар Монголын “Gini Index” 0.44 байна. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 44 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй байна. Нэг ёсондоо хүн амын орлогын хуваарилалт тэгш бус, шударга бус байна гэсэн үг юм.
“Gini Index” их байх тусам хувьсгал гардаг гэх онол бий. 1917 оны Октябрийн хувьсгал гарахад 0.53 хувьд хүрсэн байсан бол Каддафийг авч хаяхын өмнө Ливид 0.60 хувь болсон байжээ. Харин Обамагийн засаг захиргааны үе буюу 2011 оны үед АНУ-ын “Gini Index” 0.43 хувьд очсон байдаг. Энэхүү эрсдэлтэй нөхцөл байдалд орсон даруйдаа АНУ-ын эрх баригчид баячуудаас илүү их татвар авах арга хэмжээг өрнүүлсэн. Америкийн хамаг баялгийг халаасандаа хийсэн хүн амын ердөө нэг хувийг эзлэх баячуудын эсрэг тэдэнд хамаг хөдөлмөр, хүчээ өгч, эцэст нь юу ч үгүй хоцорсон 99 хувийг төлөөлөн тэмцсэн энэхүү тэмцлийг “1-ийн эсрэг 99” буюу “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн хэмээн нэрийдэж байв. Тухайн үед хүн амын ердөө нэг хувийг эзэлдэг баячуудын орлого асар хурдтай нэмэгдэж, тэдний халаасанд орох хөрөнгө ядуусынхаас 66 дахин их байлаа.
Харин 2015 оны НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс хийсэн судалгаанд Монголын хүн амын 21.6 хувь нь нэн ядуу, 42.04 хувь нь бага орлоготой, 36.08 хувь дундаж давхаргад хамаарч байна гэсэн бол 0.28 хувийг баячууд эзэлдэг гэсэн тооцоолол гаргасан байдаг. Үүнээс эргэцүүлэн харвал монголын нийгэм баян, ядуу гэсэн хоёр хэсэгт л хуваагдахаар эрчимтэй тэмүүлж буй нь тодорхой байна. Түүнчлэн өнөөдөр манай улсад “Gini Index” “1 эсрэг 99” хөдөлгөөний үеийнхээс ч өндөр болжээ.
Эх сурвалж: World Bank, Knoema
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн