Open iToim app
Улс төр | 5 мин уншина

​Ц.Нямдорж: Үүнийг "Хаан сонголт" гэдэг юм. Буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй

​Ц.Нямдорж: Үүнийг "Хаан сонголт" гэдэг юм. Буруугаа өөрсдөөсөө хайх хэрэгтэй
Нийтэлсэн 2017 оны 6 сарын 29
УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулиар хуулийн байгууллага хэр шударга ажиллав аа. А.Гансүхийн шүүх хурал, Г.Шийлэгдамбын шүүх хурал болж хойшлогдоод, нэр дэвшигч С.Ганбаатарын хурал шүүхээс буцлаа. Өрсөлдөгчөө намналаа л гэх юм.
-Би хуулийнхантай харилцалгүй удчихсан учраас хуулийнхны ажилд дүгнэлт хийж чадахгүй. Ер нь бол сонгуулийн маргаан санал хураалтын эцсийн дүн гарахад шийдэгдсэн байх ёстой гэдэг утгаар нь шуурхай шийдвэрлэх заалт өмнөх хуульд байсан юм. Тэр маргааны талаар гомдол гарвал шүүх тэдэн өдрийн дотор шийдвэрлэнэ гэдэг хоногоор хашсан хана байсан юм. Ийм учраас сонгуулийн маргааныг шуурхай шийдэх шаардлага байдаг. Харин тэр шүүх хурал энэ тэрийг ёстой мэдэхгүй. Ямар ч байсан шүүхэд шилжээд их удсаныг нь л мэдэж байгаа.
-Монгол Ардын нам сонгуулийн санал хураалтаас хойш дотроо хагаралдаж эхэллээ. Хэсэг хүн нийлээд нам дотроо жигүүр байгуулж, хариуцлага нэхлээ. Ц.Нямдорж намын даргатайгаа муудалцлаа гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Ардын нам задарлаа гэсэн элдэв л юм тарааж байгаа дуулдсан. Би Н.Энхболд даргыг дагаад долоон аймгаар морь уяж байгаа уяач шиг л явсан шүү дээ. Муудалцах зав гараагүй. Би зургадугаар сарын 26-ны өглөө 07.00 цагт БНСУ-д ажлын журмаар яваад өчигдөр орой ирлээ. Удирдах зөвлөл, Бүлгийн хамтарсан хуралд би оролцоогүй. Яаж бид хоёр муудалцаж амждаг юм. Ардын намынхан хагаралтай байна гэдэг хар мэдээ зохиож л байхгүй юу. Хоёрдугаарт, гадаадад явж байгаа учраас ямар нэг хариуцлагын тухай ярих бололцоо надад байгаагүй. Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна. Хоёр шаттай сонгууль болох нь ойлгомжтой болсон. Сонгуулийн санал хураалт дуусч, эцсийн шийдвэр гараагүй байхад хариуцлагын тухай ярина гэж юу байх вэ дээ. Удирдах зөвлөлийн хурлаар аливаа намд байдаг сонгуулийн дараахи санал бодол солилцох, бас ганц нэг хүний сэтгэл санаа сайнгүй байх зэрэг үйл явц болсон л байх. Ямартай ч би хурал дээр байгаагүй нь үнэн. Байгаагүй юм чинь би юу ярих вэ дээ. Энэ сонгуулиар хар PR, монтаж их хийлээ. Бүр байдлыг нь ажиглаад байхад их эртнээс зохион байгуулсан гүйцэтгэх ажлын элементүүд харагдаад байна даа. Өмнө нь сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гардаг байсан. Энэ сонгуульд нэмэгдэж байгаа холын улбаатай маш муу юм бол энэ их монтаж, хар зохиол. Үүнд даанч харамсмаар. Энэ нэр дэвшсэн гурван хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч болох гээд явж байгаа хүмүүс. Багт нь ажиллаж байгаа сэтгүүлчид Монголын төрийн тэргүүнийг сурталчлах ажлыг мартаж болохооргүй юм. Гүйцэтгэх ажилтай холбоотой юмыг мэргэжлийн хүнтэй холбож ярьж байна.
-МАХН-тай хамтарч ажиллах талаар яригдаж байна. Ер нь та хувь улстөрчийнхөө хувьд ямар байр суурьтай байна?
-Одоо бүх юм тодорхойгүй байна. Санал дахин хураах нь ойлгомжтой байна. Би өглөө ирчихээд олон хүнтэй уулзаж, нөхцөл байдлыг судалж амжаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарч, түүнийг өнөөдөр дахин тоолж байгаа гэсэн яриа гарна лээ. Сонгуулийн үеэр саналын тоо ойрхон явж байхад нэг аймаг, нэг сумын санал сонгуулийн үр дүнг орвонгоор нь эргүүлэх явдал гардаг л юм. Би Баян-Өлгийд тийм юм болсон юм болов уу гэсэн ойлголттой байна. 2004 оны сонгуулиар Ч.Авдай багш, Д.Дорлигжав хоёр өрсөлдөх үед Увс аймагт 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн гарч Д.Дорлигжав 450 орчим саналаар ялаад, нэг сумын санал ирээгүй байсан. Тэр нь Ч.Авдай багшийн төрсөн Зүүнхангай сум. Бид дүнг 03.00 цаг хүртэл хүлээтэл 980 саналаар Ч.Авдай багш илүү гарч 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Баян-Өлгий дээр ийм л зүйл болсон байх гэсэн мэдрэмж надад байна. Тэгэхээр энэ маргааныг Сонгуулийн ерөнхий хороо нь эцэслэж олон нийтэд хүргэх ёстой.
-Гурван нам оновчтой хүнээ нэр дэвшүүлж чадсангүй, сонголтгүй сонгууль боллоо гэж иргэдийн зарим нь ярьж байгаа. Энэ талаар ямар дүгнэлттэй явж байна вэ?
-Цөмөөрөө дүгнэлт хийх хэрэгтэй. Нэр дэвшүүлсэн гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Ард түмэн цаад талд нь нэг юм хэлээд байна шүү дээ. Гурвууланд нь хэлээд байгаа шүү. Ард түмний сонголт буруу байна гэж байдаггүй. Энэ Монголд чинь даргын даргын том хайгуул болдог юм л даа. Ерөнхийлөгч том дарга уу, УИХ, Засгийн газар том дарга уу гээд. Үүн дээр Үндсэн хуулийн Цэц нэмэгддэг. Үнэн дээ аль нь ч биш. гэдэг. Гэхдээ аль нь ч биш. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогчид байдаг. Бид дөрвөн жилийн сонгуулийн циклээр амьдардаг. Энэ дөрвөн жилд ард түмэн улсын бүх асуудлыг санал хураалтаар шийддэг. “Хаан сонголт” гэж нэрлээд байдгийн учир нь тэр. Эцсийн бүх шийдвэрийг иргэд гаргадаг. Ийм учраас сонгуулийн дүн яагаад ийм гарав гэдгийг улстөрд явж байгаа бүх хүн бодох хэрэгтэй. Буруу байвал өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй.

-Дахин санал хураалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Наадахыг чинь тааварлах аргагүй. Гэхдээ мэдрэмж байна. Байсан ч та нарт хэлэхгүй /инээв/.
-Дахин санал хураалтыг хүчингүй болгохын тулд цагаан хуудас өгье гэсэн давалгаа цахим орчинд түгж байна.Тэгж байж дахин сонгууль болж өөр хүмүүс нэр дэвшинэ гэдэг уриалга явж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Давалгаа биш, cонгуульд нэр дэвшүүлсэн зарим нэг нь ийм зүйл яриад байгаа юм биш үү. Би тэгж ойлгосон шүү. Ард түмний сонголт, сэтгэл зүйг хүндэлж сурах ёстой юм шүү. Ялагдчихаад гонгиноод байдгаа болих хэрэгтэй шүү дээ. Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж, дахин сонгууль явуулж байж өөрөө Ерөнхийлөгч болох санаатай хүн байж мэднэ шүү. Тэр хүмүүс сонгуулийн дахин санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлчихсэн нь надад бол мэдрэгдээд байна. Энэ буруу. Ц.Нямдорж бол Монголын хаан байх албагүй шүү дээ. Ц.Нямдорж л биш бол өөр хэн ч биш гэж үзэх эрх надад байхгүй. Зарим нэг хүн ингэж бодоод ерөөсөө амраахгүй байна. Сүвлээд, хор хутгаад, хордуулаад, будилаан хутгаад, шантааж хийгээд байна.
-Дахин сонгууль болбол МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхтэй юу?
-Би Сонгуулийн ерөнхий хороо биш. Наадахаа тэндээс асуу. Ямар ч тохиолдолд СЕХ сая нэг шийдвэр гаргасан. Одоо дахиад энэ асуудлаар өөр шийдвэр гаргавал шараа болно биз дээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн