УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьжээ. Та энэ төслийг дэмжиж байгаа юу?
-Би дэмжихгүй, яаж дэмжих юм бэ.
-Яагаад гэвэл Үндсэн хуульд гар хүрэх ёс суртахууны ямарч эрх энэ УИХ-д байхгүй. Ийм дампуу, улс орын эдийн засгийг сүйрэлд хүргэж, төрийн хямрал бий болгож байгаа Их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй, нэгд. Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий. Тэр хуульд “УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй” гээд заачихсан. Одоо тэр зургаан сарын хугацаа нь тоологдож эхлэх гэж байна. Гуравдугаарт, сая өргөн барьсан Үндсэн хуулийн өөрчлөлт гээч юмыг эхлээд сайн судалж үзэх хэрэгтэй. Гарын үсэг зурахаас өмнө шүү. Тэгээд намууд улстөрийн шийдвэрээ гаргах ёстой. Үндсэн хууль бол аль ч улсад улс төрийн хамгийн том баримт бичиг байдаг. Тийм учраас улс төрийн намууд шуу ухаантай юм бол, тэр дундаа МАН гэж байгаа санаатай юм бол улс төрийн хамгийн том баримт бичгийг өөрчлөх эсэхэд оролцох, үгүйгээ өндөр төвшиндөө ярилцах ёстой . Энэ бүгдийг бодоод үзэхээр цаг хугацааны хувьд ч амжихгүй. Хамгийн гол нь дахиад хэлэхэд өнөөдрийн орчинд, энэ УИХ-д Үндсэн хуультай ноцолдох ёс суртахууны эрх байхгүй. -Танай нам бүлгээрээ хэлэлцээд дэмжихгүй гэдэг шийдвэрээ гаргачихсан юм биш үү?
-Бүлэг бол УИХ-ын бүтэц, намын салаа мөчир. Түүнээс дээд төвшинд, намын удирдах зөвлөл, чадвал намын Бага хурлаар хэлэлцэх ёстой. Тэгж байж улс төрийн шийдвэр нь албан ёсных болно. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хүрвэл парламентад суудалтай намууд нэгдсэн байр суурьтай байх ёстой гэж Д.Дэмбэрэлийн гарын үсэгтэй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бий. Улс төрийн намууд, ард иргэдийн саналыг авна гээд тэр хуульд бас биччихсэн байгаа. Энэ хийгдээгүй. Яг чин үнэнийг хэлэхэд наадахь чинь Фортун Батбаяр биччихээд хэдэн өдрийн турш хүн, хүний өрөөгөөр явж гарын үсэг зуруулаад өргөн барьчихсан л төсөл. Эдийн засаг самарсан хүмүүс төр самрах сүүлчийн ажилдаа орж байгаа юм байна л даа. Ийм хуйвалдаанд оролцох гэж би энд суугаагүй. -Тэгэхдээ ард нийтээс асууна гэсэн байна лээ?
- Ард нийтийн санал асуулга бол эцсийн цэг тавьдаг дээд шийдвэр. Тэрийг хэзээ ч, хэн ч өөрчилж болдоггүй юм. Гэтэл санал асуулгын томьёолол нь их хөгийн. Арваннэгэн гишүүний гарын үсэг зурсан төслийг УИХ хэлэлцэх нь зөв үү гэж асуух юм гэнэ. Ард нийтээс асуусан болж таван тэрбумыг зарчихаад тэгээд УИХ-аар хэлэлцэж эдгээр өөрчлөлтөө хийх гэж байна л даа. Ийм дампуу юм байж болохгүй. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нэг хэлэлцээд эхэлбэл өөр ямарч асуудлыг УИХ-аар зэрэгцүүлж хэлэлцэж болдоггүй. Тэгэхээр ийм дампуу үед УИХ-ыг нь бүр унтуулж байгаа бүр самрах л гэсэн санаа. -Ер нь бол тогтолцооноос болж улстөрд гацаа түгжээ үүсч байгаа юм бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий биз дээ
-Хоёр талтай. Нэг өнцгөөр үзэхээр өөрчлөх шаардлагатай юмшиг харагддаг. Нөгөө өнцгөөс харахаар өөрчилж болохгүй гэж харагдаад байдаг юм. Жишээ нь, Засаг даргыг дээд шатны Засаг дарга нь шууд томилох ёстой гэж үздэг хүн, би. Гэтэл энэ Батбаярын төсөлд бараг сонгох юм гэнэ. Одоо, “би ард түмнээс сонгогдсон” гэж цээжээ дэлдээд, дээд удирдлагаа сонсдоггүй баахан Засаг ноёд гарч ирэх нь л дээ. Тэгээд энэ улсыг тасдаад аваад, энд тэнд баахан ханлиг үүсэх нь л дээ. Тэгэхээр нөгөө нэгдмэл улсын бодлого яах билээ, энэ улс чинь улс биш болж хувирна аа даа. Энэ мэтээр ухаж үзвэл бүтэхгүй юмс тэр төсөл гэгчид нь зөндөө. Хуулийн төсөл, тэр дундаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл арай ч ийм байдаггүй байх аа. Хатуухан хэлэхэд, эрүүл ухаантай хүн ийм юм хийхгүй. Тэгэхээр наадахь чинь явахгүй ээ. -Парламентын засаглалаа сонгодог утгаар нь сонгож, Ерөнхий сайдаа хүчирхэг болгохгүй бол Засгийн газар ажил хийж болохгүй, амархан огцордог гээд сул талууд байгаа нь үнэн биз дээ?
-Сүүлийн үед Ерөнхий сайдыг л хүчирхэг болгоно гэх болж. Нэг улаан авлигач Ерөнхий сайд гарч ирчихээд цаагуураа энэ улсыг худалдаад дуусвал яана. Парламент асуудлыг нь хэлэлцэх гэнэ, ямарч эрх мэдэл байхгүй, асуудал тавих гэхээр гишүүдийнх нь тоо хүрэхгүй, хүрэхээр “тэгвэл та нарыг хугацаанаас чинь өмнө тараана” гэж УИХ-аа айлгана, ахиж нэр дэвшүүлэхгүй гэж намынхаа гишүүдийг дарамтална. Ийм юм байж болох юм уу. УИХ-ын гишүүдийг 99 болгоно гэнэ үү, хаанаас яаж гаргаж ирсэн тоо вэ. Бөөгийн тоо юм уу. Есөн яамтай, 99 гишүүнтэй гээд тэр төсөлд нь гурван 9-ийн тоо байгаа юм. Энэ Бөөгийн л тоо байх. Ноднин 888 төсөл гэж баахан ярьсан, эдийн засаг сайжирсан уу, одоо хаана байна вэ, тэр төслүүд. Тэр төсөл гээч юмны тухайд одоо дотор нь орж ярих утгагүй. Нэгэнт хэлэлцэхгүй, батлагдахгүй юмыг ярих нь тэнэг хүний л хийдэг ажил. Ер нь бол одоогийн Үндсэн хуулийг мөрдөөд 22, 23 жил болж байна. Энэ Үндсэн хуулийн чинь хүрээнд ажиллаж, төрийн ажлыг сайн хийж, эдийн засгийг өсгөж болдог юм, болдог л байсан юм.
-Үндсэн хуулийн чадамж шавхагдаагүй гэсэн үг үү?
-Зарим өөрчлөлтийг заавал Үндсэн хуульд хүрэхгүйгээр хийж болмоор л санагдах юм. Жишээ нь “давхар дээл”-ийг Засгийн газрын тухай хуулиар зохицуулж, босго тавьж болохгүй юу?
- Наад дан, давхар “дээл”-ийг чинь ямар ч хууль энэ тэр гэхгүйгээр шийдэж болно. Нэг ухаантайнхан Ерөнхий сайд гарч ирээд, танхимаа би дандаа дан “дээл”-тэй хүмүүсээр, гаднаас байгуулъя гэж хэлэхэд л болно. Бүрэн эрх нь байж л байгаа. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад танхимын 4-5 сайд нь УИХ-ын гишүүн, бусад нь гаднаас байж болоод л байсан юм. Хэрвээ хуульчилна гээд байгаа бол заавал Үндсэн хууль, гэхгүйгээр саяын чиний хэлдэг маягаар зохицуулж болно ш дээ.
-Жишээ нь, та өөрөө Үндсэн хуулийн өөрчлөлтөд оролцох ёс суртахууны эрхтэй юү. Яагаад гэвэл та өмнө нь “Дордохын долоон өөрчлөлт”-ийг оруулахад оролцсон хүн ш дээ?
-Би өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон нь үнэн. Тэгэхдээ тэрийг Дордохын долоон өөрчлөлт гэж хэн хэлсэн юм бэ
-Хэвлэлийнхэн тэгж бичдэг.
-Тэр үед чинь сонгуульд ялсан нам нь биш, нэгэн компанийн захирлын халаасанд орсон нэг нөхөр Монгол Улсын Ерөнхий сайдын асуудлыг шийдэх гээд байсан учраас тийм өөрчлөлт оруулсан юм. Дордоогүй. Ямарч гэсэн сонгуульд ялсан, эсвэл олон суудал авсан нам нь Ерөнхий сайдаа тордуулдаг болсон. Энийг дордсон гэх юм уу. Ингээд үзэхээр ёс суртахууны эрх надад эрхбиш байгаа байлгүй дээ. Би ямар хулгай хийсэн биш. Миний хийсэн гэм бол хууль л бичсэн байх. Хууль бичихийг гэм гэвэл би ёс суртахууны эрхгүй. Гэтэл УИХ-ын гишүүний чинь үндсэн ажил нь хууль бичих биз дээ. Би тэр л ажлаа хийсэн. -Бас Үндсэн хуулийг өөрчлөх эрхтэй нь УИХ нь бас үнэн, тэр ажлаа л хийх гэж байгаа юм биш үү
-Гэхдээ ийм нэр хүндгүй УИХ арай үгүй байх аа.
-Өнөөдрийн засаглал, улс төрийн гацаанаас гарах, улстөрчдийг эвлэрэлд дуудах ганц арга нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэх юм. Нэг талаар тийм байж магадгүй.
-Тийм юм байхгүй. Үндсэн хуулийг сайжруулж мянга өөрчилсөн ч, АН-ын фракцуудын энэ өвчин эдгэхгүй. Наадахь чинь мөддөө эдгэхгүйгээр АН-д архагшсан өвчин. Нарийн яривал АН-ын энэ балиар өвчин сүүлийн үед манай намд халдах гээд байгаа шүү. Алтны хажууд байсан гууль шарладаг юм гэнэ лээ. Сүүлийн үед манай намаас ингэж шарласан нөхөд гарч ирэх гээд байгаа. Энийг нэн яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Мянган сайн хууль байгаад ч, тэрийг хэрэгжүүлдэг этгээдүүд нь одоогийнх шиг ийм адгийн байвал хэзээ ч сайн хууль Монголд биеллээ олохгүй . Хаанаасаа хаалгач нь гэдэг үг байдаг юм. Одоогийн болохгүй, бүтэхгүй бүх юм энэ УИХ-ын гишүүдтэй холбоотой, энэ олигархууд хэтэрхий их мөнгөөр түрий барьж төрд орж ирсэнтэй холбоотой, олигархуудыг дагасан сүлжээгээр засгийн ажил явж байгаагаас энэ бүх зовлон үүсч байгаа юм. Энийг чинь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар биш, боловсон хүчний бодлогоо ялангуяа МАН, АН хоёр 360 градус эргүүлж байж засна. Төрд жинхэнээсээ зүтгэдэг, төрийн ажлын мэдлэг туршлагатай, мэргэжлийн, шуналаас хол, шударга хүмүүсээр төрийн аппаратыг бүрдүүлж чадвал энэ зовлон илааршина. Ингэж чадахгүй бол байдал улам хүндэрнэ. Энд хуультай холбоотой, хуулиас болж байгаа юм байхгүй. Би жишээ нь ийм хачин, ажиллагаа гэх юмуу, хуйвалдаан гэх юм уу энэнд Д.Лүндээжанцан Д.Дэмбэрэл хоёр оролцсоныг ойлгохгүй байгаа. Энэ хоёр бол улс төрийн нөхцөл байдал, Монголын хууль, Үндсэн хуулийн утга агуулгыг хамгийн сайн мэддэг хүмүүс. Яагаад энэ хоёр гарын үсэг зурав, мэдэхгүй. Санаанд орсон юмаа ярьж явдаг Н.Батбаяр энэ тэр надад сонин биш . Харин Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан хоёрыг л ойлгохгүй байгаа. Өргөн мэдүүлсэн төсөлд нь гарын үсэг зурчихаад өнөөдөр болохоор миний гарын үсэг зурснаас өөр юм өргөн мэдүүлчихэж гээд яриад явж байдаг нь ямар учиртай юм бэ. Биднээр тоглоод байгаа юм уу, хаашаа юм бэ -Ер нь бол танай нам анхнаасаа огт оролцоогүй юм уу
-Та Өршөөлийн хуулийн нэгэн хэлэлцүүлгийн үеэр, Лүндээ, Гончигдорж бид хэд гишүүдэд зөвлөөд, алдах гэж байвал зогсоох гэж энд сууж байгаа гэж хэлсэн. Та нарын үгийг сонсохгүй байна уу, гишүүд
-Би тэгж хэлсэн л дээ. Бидний үгийг сонсох үедээ сонсоно л доо. Хамгийн гол нь нөгөө зөвлөх ёстой, туршлагаа заах ёстой хүмүүс нь буруу яриад, буруу тийшээ залаад байхаар яаж сонсох юм бэ. Одоо жишээ нь, Өршөөлийн хууль дээр Гончигдорж алийгаа алдлаа ш дээ. Одоо энэ Үндсэн хуулийн өөрчлөлт гэгч дээр Дэмбэрэл, Лүндээ хоёр гарын үсэг зурж хүндээ хөнгөнөөс өгч байх ямар шаардлагатай юм бэ. Хүн бичиг бариад өрөөнд нь ороод ирээ л биз, “үгүй” гээд л гаргана биз. Би л хувьдаа Н.Батбаяр гишүүн тэр хоёрыг заамдаж байгаад гарын үсэг зуруулчихсан гэж бодохгүй байна . Хамгийн туршлагатай, хамгийн олон удаа сонгогдсон хоёр гишүүн нь ийм заваан юманд гарын үсэг зураад УИХ-ыг хэрүүл рүү татаад оруулчихаж байгаад би үнэхээр их харамсч байна. Дөнгөж Өршөөлийн хуулийн хэрүүл дуусч байхад залгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрүүлийг эхлүүлчихлээ ш дээ. Ганцхан жишээ хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр явуулдаг Ард нийтийн санал асуулгын чинь зарчим огт өөр. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа ард нийтээс асуудаг юм. Үндсэн хуульд оруулах томьёолол болгоныг ард нийтээс асуугаад дэмжигдсэнийг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт болгож хуульчлах хуультай юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ бүгд байж байгаа. Гэтэл одоо нэг, хоёрдугаар хэлэлцүүлэггүйгээр шууд ард нийтээс асууна гэж шахаад байна ш дээ. Энийг, өөрсдийнхөө баталж гарын үсэг зурсан хуулийг мэдэхийн дээдээр мэдэх Дэмбэрэл, Лүндээ хоёр илт хууль зөрчсөн, төрийн албан бичгийн наад захын шалгуур хангаагүй юманд гарын үсэг зурсныг л гайхаад байгаа юм.