Open iToim app
Таны сонорт | 24 мин уншина

Р.Нямдорж: Миний тооцсоноор монгол бөхөд найман увайгүй хүн л байгаа юм

Р.Нямдорж: Миний тооцсоноор монгол бөхөд найман увайгүй хүн л байгаа юм
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 6
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа. -Монгол түмний уламжлалт Цагаан сар болох гэж байна. Бөхийн барилдааны бэлтгэлийг хангаж дууссан уу? -Цагаан сарын бөхийн барилдаан жил бүр болдог учраас тухайн оны онцлог гээд байх юм ховор л доо. Гандантэгчинлэн хийдээс зоог шүүсийг нь бэлтгэнэ, Төрийн ёслолын албаныхан төрийн өндөрлөгүүдийн аюулгүй байдлыг хангах ажлаа хийнэ. Харин манайхан монгол айл Цагаан сардаа яаж бэлддэг, тэр жаягаар Бөхийн өргөөнийхөө тохижилт цэвэрлэгээ, дотоод бэлтгэлээ хангадаг. Одоо Бөхийн өргөөний гадна талд өнгө будаг түрхээгүй харагдаж байгаа байх. Харин дотор талдаа бол огт өөр 20-иод сая төгрөгөөр галын дохиолол тавиуллаа, 15 сая төгрөгөөр дулааны узель, 10 гаруй сая төгрөгөөр цахилгааны залгалт салгалтын автомат удирдлага шинээр угсарч орчин үеийн стандарт шаардлагад нийцүүллээ. Зүйрэлж хэлэхэд, нүүрээ будаж оо энгэсэг түрхсэн нэг хүн, нүүрээ будаагүй ч, дотор эрхтэн нь эрүүл саруул нэг хүн хоёрын хоёр дахь нь Бөхийн өргөө болоод байна. Тэгэхээр Цагаан сарын барилдааны бэлтгэл хангагдсан гэж хэлж болно. -Цагаан сарын барилдаанд улсын цол олгодог болно гэж яриад байсан, бүтэхгүй болсон уу? -Цагаан сарын барилдаанд цол олгохгүй. Цол олгох асуудлыг 1990 онд баталсан Үндэсний бөхийн барилдааны дүрмээр бүрэн шийдсэн. Тэнд, улсын их баяр наадмаас өөр ямар ч шатны, ямар ч хэлбэрийн барилдаанд улс, аймаг, сумын цол олгохгүй гэсэн хатуу заалттай. Онцгой ойн жил гэдгээр дутуу даваатай бөхөд цол ахиулж олгохгүйг тэнд бас зааж өгсөн. Ардын хувьсгалын түүхт ойн өндөр жилүүдэд зургаа давсан бөхөд заан, найм давсан бөхөд арслан цол олгож байсныг болиулсан. Ардын хувьсгалын 80 жилийн ойд барилдаж байгаа бүрэлдэхүүн, 81 жилийн ойд барилдаж байгаа бүрэлдэхүүнтэй яг ижилхэн байдаг. Тэнд чанарын өөрчлөлт гардаггүй. Үндэсний бөхийн барилдаан, цол олголтыг маш шударга болгосон энэ заалт хэрэгжээд явж байгаа. Цаашид ч үүгээрээ явах байх. Яагаад гэвэл 2003 онд баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд яг энэ хэвээрээ хуульчлагдсан. -Өнгөрсөн зун хоёр аваргад дархан аварга цол олгосон. Үүн шиг хуулиа өөрчлөөд цол олгож болох уу, жишээ нь Цагаан сараар.., -Уламжлалаа харвал даншигт, бас арван засгийн наадамд цол олгож байсан. Тийм учраас арван засгийн наадмыг орлуулаад “Дөрвөн уулын хишиг” барилдаан гэж хийгээд дөрвөн удаагийн барилдааны нийлбэрээр гарьдаас доош цол олгоё гэж төсөл санаачилсан. Төслөө тухайн үед нь Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан. Ерөнхийлөгч “би энэ асуудлаас жаахан хол хүн учраас дэмжих, дэмжихгүйн аль нэгийг тодорхой хэлэх боломжгүй байна. Бөхчүүд, ард түмнээсээ асуугаад та нар өөрсдөө шийд ээ” гэсэн. Тэгээд бид тухайн үед ид барилдаж байсан бөхчүүдээсээ санал асуулга явуулж судалгаа авсан. Бүгд эсэргүүцсэн. Цолыг улсын их баяр наадмаас өөр тохиолдолд олговол нэр хүнд нь унана гэж үздэг юм байна лээ. Тэгээд цол олгохын асуудлыг дахиж хөндөөгүй, хөндөх ч хэрэггүй. -Ийм яриа, судалгаа хэдийд болсон юм бэ -2007 онд [quote_colored name="" icon_quote="no"]-Та нэг ярилцлагадаа Бөхийн холбооны тэргүүний ажлаа өгчих ч юм шиг ярина лээ. Тэгэхээр энэ удаагийн Цагаан сарын барилдаан таны хувьд зохион байгуулах сүүлчийн барилдаан болох уу? -Ер нь ганц Цагаан сарын барилдаан ч бус, Монголын үндэсний бөхийн холбооны бүх ажил тогтчихсон. Хэн ч ирсэн энд ажиллахад их хялбар, амар болсон. Хэн нэг нь ирээд ямар нэгэн шинэчлэл хийнэ ээ гэвэл, тэр нь үнэхээр монгол бөхийн төлөө, монгол бөхөд хаяглагдаж байгаа бол шинэ содон зүйл бодож олоход маш хэцүү. Тийм зүйл бараг гарахгүй. [/quote_colored] -Ямар учраас өөртөө ийм итгэлтэй байна вэ. Зарим хүн монгол бөхийг илүү мэргэжлийн болгоно гэж ярьдаг шүү дээ. -Зарим хүн тэгж хэлдэг л дээ. Энэ бол хөөрөл төдий л зүйл. Монгол бөх бол дан ганц спорт биш. Монгол бөх бол монгол төрийн наадмын гол үзвэр эрийн гурван наадмын амин сүнс, ганц тулгуур нь. Монгол Улс, Монголын ард түмэн бол эрийн гурван наадмаараа бүрэн эрхт тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж байдаг. Тийм ч учраас Монголд ирж байгаа жуулчдын 70-80 хувь нь эрийн гурван наадмыг үзэх гэж л ирдэг. Энэ утгаараа мэргэжлийн болгох маш хэцүү. Болголоо гэхэд төрийн баяр наадамд мэргэжлийн бөхчүүд нь барилдах уу, мэргэжлийн бус нь барилдах уу гээд их хүндрэл гарна. Нийлүүлээд барилдуулъя гэхээр олимпизмийн үзэл санаанд харшилна. Үүнээс гадна монгол бөхийг мэргэжлийн болголоо гэхэд түүнийгээ хөгжүүлэх, санхүүжүүлэхэд хүн амын өсөлт, тоо хэрэгтэй. Тэдэн дундаа бөх үзээд сууж байх завтай чинээлэг иргэдийн давхарга хэрэгтэй. Тэдний мөнгөөр л санхүүжинэ. 120 гаруй сая хүн амтай Японд хүртэл сүмо нь заримдаа санхүүжилтгүй болж байх жишээтэй. Ийм учраас л энд хэн ч ирсэн монгол бөхөд шинэчлэлийн гэмээр онцгой өөрчлөлт гарахгүй гэж хэлээд байгаа юм л даа. [quote_box name=""]-Ажлаа бол өгөхөөр шийдсэн гэсэн үг үү? -Ер нь тэр зүгт бодол эргэсэн үү гэвэл эргэсэн. Гэхдээ эцсийн шийдээ тухайн үед нь, намайг энэ албанд сонгосон хүмүүсийнхээ дунд эхэлж тодорхой хэлнэ. -Тэр нь хэзээ вэ? -Монголын үндэсний бөхийн холбоо Их эе гэдэг их хуралтай, 200 гаруй төлөөлөгч оролцдог. Их эеэр бүрэн эрхийн хугацаанд хийсэн ажлын тайлан, санхүүд хийсэн шалгалтын тайлан, зохион байгуулалтын асуудал хэлэлцдэг. Зохион байгуулалтаар 67 хүний бүрэлдэхүүнтэй Цэцдийн зөвлөлийг байгуулна, мөн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүний сонгууль болдог. Тийм учраас хэн нэгэн дуртай нь сонин, интернетээр хүслээ бичиж, цаад зорилгоо нууж байгаад энэ албан тушаалыг булаагаад авчих бололцоогүй. [/quote_box] -Та энэ ажлыг хэдэн жил хийж байна вэ? -25 жил хийлээ. -Хэрвээ та ажлаа өгнө гэвэл, энэ нь 25 жил хийлээ удлаа гэдгээс үүдэлтэй байна уу, эсвэл Бөхийн холбоог авна гэсэн гаднын шахалтаас үүдэлтэй байна уу? -Шахалтанд орлоо гээд тэр хүмүүст өгөхгүй л дээ. Шахдаг хүмүүс нь хэн байна вэ гэхээр 200 гаруй улсын цолтон дотор миний тодорхойлсноор найман увайгүй хүн байгаа юм. Тэр хүмүүс шахаад ч авахгүй байх. Тэд санасандаа хүрэх, хүрэхгүйг би ч мэдэхгүй. Миний ганц найдаж байгаа юм бол Их эеийн төлөөлөгчид буюу монгол бөхөө хүндэлдэг, монгол бөхөө хайрладаг, монгол бөхөө монголчуудын бахархал, төрийн наадмын бэлгэдэл хэвээр нь авч явах чин сэтгэлтэй, Бөхийн өргөөг Бөхийн өргөөгөөр нь үлдээх хүсэлтэй бөхчүүд, бөхийн хүрээний хүмүүст л найдаж байгаа. Монголын үндэсний бөхийн холбоог авах нь зүгээр нэгэн компани, төрийн яамыг авахаас их өөр л дөө. Монгол бөх бол Монголын ард түмний язгуур агуулга, алдаж болохгүй үнэт зүйлсийг өөртөө шингээж хадгалсан байдаг учраас тийм амар ч устаж алга болчихгүй. Өөрөө ийм зүй тогтолтой учраас хэр баргийн ч тэгж муу хүний гарт орчихгүй хувь заяатай байхаа гэж найддаг. -Наймхан хүн юм бол гайгүй юм биш үү. Эсвэл тэднийг дагасан бөхчүүд бас байна уу? -Бөхөд нэг зүйл байдаг юм. Би Их сургуулийн багш байсан хүн шүү дээ. Бөхийн багш шавийн барилдлага бол Их сургуулийн багш шавийн барилдлагаас огт өөр. Ямар ч шатны сургуульд бол танхимд суугаа 30 хүнд хичээл заагаад гарч байгаа хүнийг багш гэнэ. Харин монгол бөхөд бол амьдралд нь хүрч ажилладаг багш шавийн барилдлага байдаг. Жишээ нь, хөдөө ямаа хариулаад, гар нь сайртчихсан явсан хүүхдийг нэг улсын цолтой бөх олж хараад хотод дагуулад ирж байгаа юм. Хэрвээ тэгж таараагүй бол ямаагаа хариулаад л тэндээ амьдрах хүүхдийг бөх барилдах юм байна, байгалиас юмтай юм байна гэж авчраад өөрийгөө дагуулж хичээллүүлээд бас хооллож, ундлаад улсын начин, заан, арслан болгоод байр машинаар шагнуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шууд нийгмийн дээд зиндаанд гаргачихна. Багш шавийн ийм барилдлага дотор багш нь увайгүй байна уу, увайтай байна уу хамаагүй, багшаа л дагана. Тэр утгаараа өөрийн багш гэдгээр увайгүй хүмүүсийг дагасан хүмүүс бий. Буруу ярьж, буруу явж байгааг нь мэдсээр байж багш шавийн барилдлага хатуу учраас увайгүй хүмүүсийг дагадаг хэсэг байна гэсэн үг. Тэгэхдээ “Их эе”-ийн 200 гаруй төлөөлөгч бүгдээрээ бөхчүүд биш л дээ. Тэдний 100 нь бөх, үлдсэн 100 нь жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн зүтгэлтэн, орон нутгийн төлөөлөгч, бөх шимтэн үзэгчдийн төлөөлөл байдаг юм. -Иймэрхүү хурлын үеэр санал хайрцаглах технологи байдаг. Таны увайгүй гэж тодорхойлж байгаа хүмүүс, тэднийг дагасан хэсэг олонхи болохгүй гэсэн баталгаа байна уу? -Баталгаа байхгүй. Тэр байтугай мөнгө төгрөг өгдөг, санал худалдаж авдаг чинь УИХ-ийн сонгуулиас үүсэлтэйгээр Монголын нийгэмд тархчихсан шүү дээ. Монголчуудын нэгдмэл эрх ашиг, Монголын ард түмний эсрэг дэндүү муухай талцал хуваагдлыг намууд, улстөрчид анх бий болгож үүнийх нь халдварыг аваагүй салбар гэж бараг байхгүй боллоо. Бид зүгээр л хийсэн ажлаа ярина. Тэгээд л бөхчүүдийнхээ, төлөөлөгчдийнхөө тулх ухаанд найдна даа. -Хэрвээ та ажлаа өгвөл үндэсний бөхийн ердийн нэг үзэгч болоод хөндийрөөд явчих уу, үгүй юү? -Өгвөл шууд хөндийрнө. Би Их сургуулийн хуулийн сургуулийн декан байлаа. Ажлаа өгснөөсөө хойш Их сургуулиар дахиж очоогүй. Би тэгж эргэж буцдаггүй. [quote_colored name="" icon_quote="no"]-Өөрийнхөө оронд нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа хүн танд бий юү? -Байхгүй ээ, чи ер нь миний ажлыг өгүүлчих гээд байнаа даа. Хэрвээ би өгөхдөө тулбал санаа бодлоо ярина, нэр дэвшиж байгаа хүмүүсээс тэрийг нь дэмжээрэй гэж хэлнэ. Би тэгж хэлэх, нэр зааж дэмжлэг хүсэх эрхтэй гэж өөрийгөө бодож байгаа. 25 жил зүтгэсэн, бас бөхийг судласан учраас би өөрийгөө монгол бөхийг хамгийн сайн мэдэх хүний нэг гэж үздэг. Аварга хүн монгол бөхийг хамгийн сайн мэддэг гэвэл худлаа. Аварга хүн бол яаж барилдах, ямар мэхийг яаж хийхийг, хамгийн сайн мэддэг байж болно, харин менежмент бол огт өөр. Энийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.[/quote_colored] -Бөхийн холбооны тэргүүний цалин пүнлүү ямар байдаг юм бэ. Юунд нь болоод байдаг юм бол. Бөхийн өргөөг авах өрсөлдөөн л яваад байна уу. Ер нь Бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авахгүй байх механизмыг та бүхэн хийж чадсан уу? -Угаасаа тэр хүмүүсийн ганц сонирхол нь Бөхийн өргөө. Түүнээс бус, Бөхийн холбооны тэргүүний сарын цалин 800 мянган төгрөг, ийм цалинг тэд сонирхоогүй. Саяхан А.Сүхбат ярьж байна лээ. Төрөөс 800 сая төгрөг өгсөн. Гэтэл Нямдорж Бөхийн өргөөг одоо хүртэл хувьцаат компани болгохгүй байна гэж. Хэрвээ хувьцаат компани болговол төр өөрийн оруулсан хөрөнгөндөө таарах хувьцаагаа зараад Бөхийн өргөөг хувьд гаргах боломжтой болох юм. Энийг мэддэг хүн нь А.Сүхбатад хэлж өгч л дээ. Хэн нэгэн Бөхийн өргөөг авсан л бол эхэндээ менежментийн хувьчлал энэ тэр гэж гоё нэр ус хэлж байгаад алсдаа яах нь тодорхой. Жишээ нь, хотын А бүст байгаа энэ том саваар зах хийхэд хамаагүй их ашиг олно. Энийг л бид хорьж байгаа юм. Үндэсний бөхийн холбооны дүрэмд, Монгол бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч мөн, Бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих, хувьчлахыг хориглоно, Бөхийн өргөөтэй холбоотой асуудлыг зөвхөн “Их эе”-ээр хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалт оруулж өгсөн л дөө. Тэгэхээр Бөхийн өргөөг зах болгох үгүйг “Их эе”-ийн 200 төлөөлөгч шийднэ гэсэн үг. -Төр тэгж 800 сая төгрөгөө юм уу, түүнд таарсан хувьцаагаа авна гэж хэлдэг юм уу? -Одоогоор хэн ч төрийг төлөөлж тэгж хэлээгүй. Алсдаа яахыг би мэдэхгүй. Гэхдээ тэгж хэлэх, мөнгөө буцааж нэхэхгүй л дээ. Яагаад гэвэл одоогийн Ерөнхийлөгч Олонхийн бүлгийн дарга байхдаа, Р.Гончигдорж УИХ-ын дарга байхдаа татварын тогтолцоог өөрчлөхөд зориулан дөрвөн тэрбум төгрөгийг хуваасан юм. Тэр мөнгөнөөс хамгийн үр ашигтай зарцуулагдсан, өнөөдөр бүтээн байгуулалт болчихоод байж байгаа нь Бөхийн өргөөнд өгсөн 800 сая төгрөг л байх. 800 сая төгрөгийг төрөөс төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж болно гэдэг хуулийн заалтын дагуу өгсөн. Үүгээрээ энэ бол хөрөнгө оруулалт биш МҮБХ гэдэг ТББ-д үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, нөгөө талаас хуульд төрийн бус байгууллагын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн мөнгө, бусдын хандив тусламж бол тухайн төрийн бус байгууллагын өмч мөн гэсэн заалт байдаг юм. Бид Монгол бөхийн өргөө гэдэг төсөл хэрэгжүүлсэн гэж ойлгож болно. Тэгэхээр энэ 800 сая төгрөг одоо Бөхийн өргөөний өмч болсон. Эрхзүйн зохицуулалт нь ийм тодорхой байхад зарим нэг хүн мөнхрөх юм шиг л хувийн эрх ашгийнхаа төлөө санасандаа хүрэх гэж төрийн хуулийг хүртэл гуйвуулж тайлбарлах нь энүүхэнд болж дээ. -Гэхдээ Бөхийн өргөөг хувьчилж болохгүй гэсэн төрийн бус байгууллагын дүрмийн заалт хангалттай баталгаа болж чадах уу. Хуулиас илүү үйлчлэлтэй дүрэм гэж байхгүй шүү дээ? -Баталгаа мөн л дөө. Төрөөс аливаа төрийн бус байгууллагад хүндэтгэлтэй хандах, дүрэмд нь хүчээр өөрчлөлт оруулах эрхгүй. Тэгээд ч Бөхийн өргөөг зөвхөн 800 саяар босоогүй. Цаана нь Бөхийн өргөөний өөрийнх нь босгосон нэг тэрбум хол гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт бий. Тэр эрх ашгийг бас хүндэтгэж үзэх ёстой. Энэ талаар би Ерөнхийлөгчид бас хандаж байсан. Засгийн газар гарч ирэх бүртээ Бөхийн өргөөний 800 сая төгрөгөөр тоглож, улс төр хийж байна, та энэ асуудалд анхаарал хандуулаач ээ гэж хүссэн. Ерөнхийлөгчийг ойлгосон л гэж бодож байгаа. Лав таны ярьж байгаа буруу байна гэж хэлээгүй. -Бөхийн өргөө тэгж бусдын шуналыг хөдөлгөөд байхаар их ашиг олдог газар уу, санхүүжилтээ яаж олдог вэ? -Бөх барилдуулна, концерт тоглуулна, реклам байрлуулна. Санхүүгийн эх үүсвэр маань ердөө л энэ. Манайх 35-40 ажилтантай. Тэднийхээ цалинг санаа зовохгүйгээр тавьж, завсар үйлчилгээгээ хийчихдэг. Бас дулаан цахилгаан, бүх татвараа ямар ч хэл амгүйгээр төлөөд явдаг байгууллага. Манай орлого, зарлага ч тодорхой болохоор бид хэвлээд тараачихдаг юм. Одоо энэ шилэн данс гээд байгаа юмыг бид арван жилийн өмнөөс бий болгочихсон улс. Олж байгаа орлогод хүн шунах юм байхгүй ээ. -Хувь хүн талаасаа таны амьдрал санхүүгийн хувьд хэр дээшилсэн юм бэ? -Дээшилсэн шүү, би 1990 онд л энэ холбооны дарга болсон. Тэр үед би 60 гаруй ам.метр улсын гурван өрөө байртай байлаа. Одоо 108 ам.метр байранд амьдарч байна. Хөл дүүжлээд явах унаа байна. Зуслангийн хашаа байшин байна, тэрний эх үүсвэр нь тодорхой. Манай хүүг гарьд болоход компаниас нь 50 сая төгрөг өгсөн юм. Тэр мөнгөөр барьсан. Бас хажуугаар нь би ном бичиж борлуулдаг. Жишээ нь “Яаж жаргах вэ” гэсэн миний ном 10 мянган хувь борлож 50 сая төгрөг олсон байна. Түүнээс бус, алтны орд, газар, компани надад байхгүй. Энэ бүхэн бол миний шударга хөдөлмөрийн л үр дүн. Би бол баян гэдгийг өөрөөр ойлгодог. Аз жаргалыг амар тайван амьдрал гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, би санхүүгийн шуналгүй. Надад Бөхийн өргөөг зүгээр өгье гэсэн ч би авахгүй. Би хөрөнгө чирж амьдрах чадваргүй, магадгүй хөрөнгөжихийг илүүд үзвэл өөрөө их зовох хүн л дээ. Сэтгэл санаа амар амгалан, баяр баясгалантай байхыг жаргал гэж ойлгодог хүн би. Би сайхан санаатай явахад үйлс өөрөө бүтдэг гэсэн онолтой хүн. Харин өөдгүй хүнтэй хатуу үзэх зоригтой. Зарим нь хараана л гэдэг юм, тэр нь надад хүрэхгүй. Яагаад гэвэл би цав цагаан бүрхүүлтэй учраас. Ер нь хүн бухимдалгүй, жаргалтай, зөв амьдрахад юу чухал байдгийг чи мэдэх үү, хө -Хүн бүр л өөр өөрийнхөөрөө хэлэх байх. Таныхаар тэр нь юу вэ? -Хамгийн бухимдалгүй амьдрал бол өөрийнхөө хүрсэн төвшинд сэтгэл хангалуун байх явдал юм ш дээ. Би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун явдаг хүн. Жишээ нь, би том компанийн эзэн биш, том улстөрч биш. Том хауст амьдардаггүй. Тэгэхдээ би энэ амьдралдаа л сэтгэл ханаглуун явдаг. Байгаа амьдрал, амжилтандаа сэтгэл хангалуун явах нь аз жаргалтай амьдрахын суурь юм. Хүн болгон л өөрийнхөө сайхан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй. Зүтгээд хүрсэн тэр төвшиндөө сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Бөхөөр гэхэд начингийн рангтай бол начин болсондоо сэтгэл хангалуун явах л хэрэгтэй. Түүнээс бус, чадахгүй болохгүй байхад аварга болсонгүй гэж өөртөө бухимдаад, аварга болохгүй бол амьдрал нь дуусчих гээд байгаа юмшиг буруу замаар ч зүтгэж өөрийгөө зовоох хэрэггүй. Гэхдээ нөгөө талдаа начнаас арслан болох дайны хүн байгаад тэрийгээ гаргаж чадахгүй байгаа бол мэдээж зөвтгөж болохгүй. Халамжийн 20 мянган төгрөгөөрөө сэтгэл хангалуун амьдарч байна гэж болохгүй. Зүтгэх хэрэгтэй. Зүтгээд хүрэх хэмжээ байна, тэрэндээ хүрсэн бол сэтгэл хангалуун байх нь бухимдалгүй, тайван жаргалтай амьлдрах суурь болдог юм. Бас нэг зүйлийг хэлэхэд, болдогсон бол хүн болгон л хуулийн сургуульд сурмаар байгаа юм. Заавал хуульчаараа ажиллах албагүй. Харин амьдралдаа зөв гишгэж явахад хуулийн мэдлэг хүнд хамгийн их хэрэгтэй байхгүй юу. Би чинь өөр мэргэжилтэй хүн хуульч болох санааг Монголд хамгийн анх сэдэж, практикт хэрэгжүүлсэн юм шүү дээ. Тэрний анхны төлөөлөгчид нь энэ Ч.Сайханбилэг, С.Баярцогт, У.Хүрэсүх, Б.Билэгт гээд байна л даа. Төгсөөд хуулиараа дагнаад явсан, одоо ч ажиллаж байгаа шүүх, прокурорынхон ч бий. -Хаялцах барьцийг шийдэхээс эхлээд монгол бөхөд хийх шинэчлэл үнэхээр байхгүй юу, одоо? -Монгол бөхөд засах дөрвөн зүйл байгаа. Тэрийг засаад явах, шинэ гарц гаргаад ирэх хүн байхыг үгүйсгэхгүй. Харин Бөхийн өргөөг авах гээд байгаа тэр бүлэг дотор тийм чадалтай хүн үнэхээр байхгүй, хөөрхий. Энийг би гөрдөж хэлж байгаа юм биш шүү. Би сэтгэл судлал заадаг байсан багш хүн. Сэтгэл судлалд юу гэж заадаг гэхээр хүнийг үйл ажиллагаагаар нь хөөж таньж болдог гэж үздэг. Тэр утгаар нь Бөхийн өргөөг авна гээд байгаа хүмүүсийн үйл ажиллагааг хөөж үзэхэд 1990 оноос хойш улсын обьектуудыг олж хувьдаа идсэн л болохоос шинээр бүтээсэн, хөл дээр нь босгосон хүн нэг ч байхгүй. Хувийн амьдрал нь сайжирснаас бус, бусдын төлөө санаа тавьсан, бусдын тусын тулд хийж бүтээсэн юм тэд нарт байхгүй. Харин бид бол сэтгэж чадах хэмжээгээрээ монгол бөхийн төлөө зүтгэсэн. Гар сэтгэл нийлсэн бидний хэдэн нөхөд Монголын үндэсний бөхийн холбоо байгуулсан нь Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан шиг үзэгдэл монгол бөхөд болсон гэж үздэг. Монгол бөх шударга өрсөлдөөний талбар болсон. Үнэндээ амны хүүхэд аваргыг хаяж үзээгүй л явсан юм ш дээ. Өнөөдөр улсын наадамд хэн түрүүлэх нь тодорхойгүй болтлоо спорт шинж рүүгээ орсон. Найраа гээч юм 1990 онтой харьцуулахад 80-90 хувь арилсан. Монгол бөхөд дараагийн цолтноо дэмждэг уламжлал байсан. Энэ уламжлалыг цаашид ч байлгах хэрэгтэй. Тэгэхгүй, дийлдэг нь л авч хаяад байх юм бол цолтой бөх тасарч болзошгүй. Харин энэ уламжлалд мөнгө төгрөг хутгалдаж болохгүй. Бөхийн цол, ам авах эрэмбэ шударга, нээлттэй тогтолцоотой болсон. Сайн барилдаж байгаа бөхөд бай шагналаасаа гадна нутаг ус, ивээн тэтгэдэг компаниуд нь эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг боллоо. Энэ бүхэн бол монгол бөхөд хийсэн шинэчлэл, 25 жил надтай хамт зүтгэсэн манай багийнхны хийсэн ажлын үр дүн. Одоо миний сэтгэж байгаа хэмжээнд үзвэл шийдэх дөрвөн асуудал байна. Нэгд допингийг арилгах, хоёрт шинэчлэлийн үр дүнд инерциэрээ арилж яваа найрааг бүрмөсөн байхгүй болгох. Гуравт, бөхийн барилдааныг камераар шүүж болохгүйг олон нийтэд ойлгуулах. Дөрөвт монгол бөхийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулах. -Хаялцах барьц асуудал биш үү? -Хаялцах барьцыг өөрчлөхийг хүмүүс шаарддаг. Бид өөр барьц санал болгооч гэж нээлттэй зарлалаа. Тэгэхэд манай бөхчүүдээс хоёр санал гарсан. Нэгд мөргөж хөөе, хоёрт хөлийг нь авъя гэж. Энэ хоёрыг тус тус хоёр сар туршсан. Тэгээд бөхчүүд өөрсдөө болъё гэсэн. Хөдөлгөөн дунд мөргөж хөөж болдог юм байна, зогсч байгаа хүнийг мөргөхөөр хүзүү гэмтэх юм байна гэсэн. Хөлийг нь авахуулахаар хөлөө өгч байгаа хүн нь хаях юм байна, яагаад гэвэл барьцтай учраас далбааны араас татаад, хөл авсан хүн нь унах юм байна болъё гэсэн. Одоо энэ асуудал нээлттэй, хаялцах барьцыг өөрчилье, аргыг нь хэлээд өгөөч гэж зарласан хэвээр байгаа. Хэн ч санал ирүүлэхгүй байна. Зүгээр л хэрүүл өдөхөд л далим болдог сэдэв болсон. Камераар шүүх тухайд дэлхийд нэг хосоор барилддаг барилдааныг л камераар шүүдэг. Манайх шиг олон бөх зэрэг барилдаж байгааг камераар шүүх боломжгүй. -Допингийн асуудлыг ч төгс шийдэж чадахгүй байгаа биз дээ. Жишээ нь, өнгөрсөн наадмаар допинг хэрэглэсэн бөхчүүддээ одоо хүртэл хариуцлага хүлээлгээгүй яваа. -Бөхийн холбоо эхэлж байгуулагдахдаа цолоо өөрөө олгодог, хариуцлагаа өөрөө тооцдог байлаа. Тэгэнгүүт төрийн бус байгууллагын том толгойг багасгана гээд цолыг нь төр олгодог боллоо, хүлээлгэдэг хариуцлагыг нь наадмын комисс мэдэлдээ авлаа. Бөхийн холбоонд допинг хэрэглэснийг зарлах л эрх бий. Асуудал тухайн эзнээсээ хөндийрөх тусам хариуцлагагүй байдал үүсдэг нь жам. Жишээ нь, өнгөрсөн жилийн улсын баяр наадмын комисс одоо тарчихсан. Гэтэл наадмын комиссоос допингийн хариуцлага хүлээлгэх ёстой байдаг. Хэрэв хариуцлага хүлээлгэдэг эрх нь Бөхийн холбоондоо байсан бол шинжилгээний хариу ирсний дараа гурав хоногийн дотор л хариуцлага хүлээлгэнэ ш дээ. Гэтэл одоо допинг илэрчихсэн гээд нийгэмд зарлачихсан, нөгөөх нь хариуцлага хүлээгээгүй учраас барилдах үгүй нь мэдэгдэхгүй, бэлтгэлээ ч хийж чадахгүй явж байх жишээтэй. Хэчнээн буруу үйлдэл хийсэн ч гэсэн дунд нь хүний амьдралыг хохироож давхар шийтгэл болж байна. Одоо энэ алдааг засч бөхчүүддээ хариуцлага хүлээлгэх эрхийг холбоонд нь өгөх хэрэгтэй. Ард түмэн болохоор Бөхийн холбоо бөхийн асуудлаа мэддэг гэж ойлгодог. Үнэхээр ч мэддэг байх ёстой.
-Үндэсний бөх мэргэжлийн спорт биш учраас допингийн шинжилгээ авах нь зөв, буруу гэж маргадаг. Энэ талаар та юу гэж боддог вэ? -Авах нь зөв. Монгол бөх бол спортын чанарыг агуулсан, спортоос дээгүүр зүйл. Спорт бол ялахын төлөөх өрсөлдөөн. Тэнд тухайн үндэстний зан заншил, уламжлал хүндлэл хадгалагдах нь маш бага, ялалт л чухал. Харин монгол бөхөд ялахын төлөөх спортын гол шинж байгаа мөртлөө зан заншил, ёс суртахууныг хадгалдагаараа спортоос дээгүүр зүйл. Жишээ нь, аваргын толгойд амны бөх гар хүрээд түлхэхэд үзэгчид даяараа “аваргын толгойд хүрдэг чи ямар том амьтан бэ” гэж хашхирч байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, эр хүний толгой, бүсэнд хүрдэггүй гэсэн монгол заншил маань үндэсний бөх дээр аваргын толгойд хүрч болохгүй гэж буух жишээтэй. Гэтэл допинг бол спортын шударга өрсөлдөөнийг арилгадаг эд. Монгол бөх бол байгалийн шалгарлаар явдаг барилдаан. Байгалаас илүү төрсөн нь, тэгээд илүү хөдөлмөрлөсөн нь ялж явдаг. Түүнээс бус, жингээр барилддагүй. Тийм учраас энд спорт байгаа учраас, бас хүний, тэр тусмаа монгол хүний генийн санд халтай учраас допингийн шинжилгээ заавал байх ёстой. Би чамд нэг түүх ярьж өгье. Дээр үед Бэйлийн хошуу гэж одоогийн Өвөрхангай аймгийн нутагт байж л дээ. Хошууны ноён нь энд, тэндэхийн бөхчүүдийг урьж ирж наадам хийдэг байж. Тэгсэн ард түмэн уурлаж, ноёны наадам цэнгээн ихэдлээ, татвар гувчуур нэмэгдлээ гэж л дээ. Тэгэхэд, ноён нь “одоо яах вэ хэдэн малын татвар л нэмэгдээ биз, хожим Бэйлийн хошуунд сайн хүмүүс төрөх юм шүү” гэж хэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, бөхчүүдийн генийг авч үлдэж байж л дээ. Энэ утгаар нь аваад үзвэл монгол бөхийн генийг хадгалж байснаас бус, устгах юм хийж байгаагүй л байхгүй юу. -Сайн ген ганц бөхчүүдэд байхгүй л дээ? -Тэр мэдээж л дээ. Тэр үедээ л бөхчүүдээ илүүд үздэг байж. Одоо бол мэдээж амьдралыг толгой, ухаан л авч явна. Монгол бөхөд хүртэл толгой, ухаан муутай хүн аварга болдоггүй юм. Ер нь бүх салбарт л амжилтад хүрэхийн хөтөч нь оюун ухаан л даа. -Үндэсний бөхөд танаас үүдэлтэй талцал бөхчүүдийн дунд байна уу, үгүй юу. Жишээ нь, таныг хүүдээ цол өгүүлэх гэж 70 саяыг барьж явсан гэж Мөнхбаатар арслан хэлсэн. Хамгийн сүүлд гэхэд дархан аварга Өсөхбаяр, Сүхбат хоёрын эрэмбэ дээр маргаан гарахад бас л таныг буруутгаж байх жишээтэй. -Нийгэмд үнэн худал, сайн муу, зөв буруу гэсэн категориуд байна. Хэчнээн харьцангуй ойлголтууд ч гэсэн хүнд хор хүргэхгүй байхыг сайн зүйлд тооцно гэдгийг олонхи нь хүлээн зөвшөөрнө биз дээ. Гэтэл хүнд хор учруулахаа, хүний хийгээгүйг хийсэн болгож гүтгэхээ, өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг буруутгаж хов зөөхөө сайн үйл гэж боддог хэсэг бас байна. Хамаагүй цөөхөн л дөө, тэр нь. Эсвэл ямар ч аргаар хамаагүй одоо би л дийлж байвал зөв гэж будилдаг хэсэг ч байна. Гэтэл түгээмэлдээ нийгмийг, хэдхэн хүнтэй жижиг хамт олныг хүртэл зөв нь чирж явдаг. Хэрвээ буруу нь чирвэл тэр бүтэц, тэр байгууллага унадаг. Тэр утгаараа би зөв шугам дээр явахыг хичээсэн хүн. Тэгж чадсан гэж боддог. Энэ нь миний хийсэн үйлээр батлагдана. Жишээ нь, би Үндэсний бөхийн холбооог байгууллаа, Бөхийн өргөөг босголоо, монгол хэлнээс хасагдсан хуучны үгс, нэр томъёог сэргээн хэргэлэж байна, сумогийн анхны зургаан хүүхдийг Ошиматай гэрээ хийж явууллаа, олон ном бичлээ, энэ бүхэн сайн үйл мөн үү мөн. Миний энийг сайн үйл гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс намайг дэмждэг. Гэтэл үүний нөгөө талд миний хийсэн энэ бүхнийг буруу гэж үздэг хэсэг байгаа бол би тэдэнтэй нийлэхгүй. Миний зарчим ердөө л энэ. Би зөв явж байж зовохгүй үхье гэж боддог хүн. Тийм учраас нийтийн зөв гэж бодож байгаа энэрэхүй, нинжин сэтгэл, нийтийн зөв гэж байгаа ажил үйлсийг л би хийдэг, хийхийг дэмждэг. Сайн санаж зөв явж, бусдад тус болохыг би өөрийн философи болгосон хүн. Өөрийнхөө хэрэгцээнээс илүү гаргаж хүнд тус бол, түүнээс бус өөрөөсөө илүү гарч байгаа зүйлээр тус болноо гэвэл чи хэзээ ч хүнд туслаж чадахгүй. Яагаад гэвэл чиний хэрэгцээнээс илүү гарсан эд зүйл, мөнгө төгрөг гэж хүнд байдаггүй. Ийм л юм. -Мөнхбаатар арслан, хоёр аваргын эрэмбийн тухайд . .. . -Тэрэнд чинь би хариулж байна л даа хө. Би одоо Мөнхбаатарыг чи унаж өг, мөнгө өгье гээд явж байх уу. Хэрэв тэгвэл би буруу зам дээр зогсчихно шүү дээ. Мөнхбаатар гэж нөхөр намайг илт гүтгэсэн л дээ. Хэвлэлийн бага хурал дээр тэгж хэлэхээр нь “тэгээд тэр их мөнгийг би чамд өөрөө аваачиж өгч байна уу гэж асуухаар “тийм” гэж хариулж байгаа юм. Тэнд байсан сэтгүүлчид сонсоод л зогсч байсан. Гэтэл улсын наадам дээр би саравчнаасаа гардаггүйг тэр хавьд надтай хамт суудаг бүх хүн мэднэ. Яагаад гэвэл тэнд миний хүү барилдаж байгаа учраас би талбай руу ордоггүйг наадамчид нийтээрээ мэддэггүй юмаа гэхэд надтай нэг саравчинд суудаг хүмүүс бүгд мэдэж байгаа. Тэр жил миний хүү аймгийн арслан цолтой барилдаад харцага болж Мөнхбаатартай тунаж барилдаж унаад л надад ирээд үнсүүлэхэд үзэгчид алга ташиж байсан. Зарим хүн тэр жил хүү чинь дөрөв давчихлаа, одоо тавын даваанд яах юм бэ гэж надаас асууж байсан. Тэгэхэд би надтай битгий ийм юм ярь гэж хэлээд асраасаа хөөгөөд гаргаж байсан. А.Сүхбат тэр жил зодог тайлахдаа бэртэл гэмтэл их авлаа, цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй учраас би зодог тайллаа гээд л өөрийнхөө тайлбар, мэдэгдлийг Төв цэнгэлдэхэд уншуулсан. Тэгсэн долоо хоногийн дараа “Нямдорж намайг шахаж хавчаад байгаа учраас би зодог тайллаа” гэж байгаа юм. Ийм илэрхий буруу зөрүү юм хийдэг учраас би тэр хүмүүсийг өрөвддөг. Тэр хүн залуу, омогтой учраас одоохондоо үйлдлээрээ намайг дийлж байгаа мэт боловч цаагуураа байгалийн хүчний өмнө ялагдаад л яваа. Яагаад гэвэл буруу зөвийг тогтоодог шүүх гэж хүн төрөлхтний бодож олсноос дээд төвшинд хүний алдааг үздэг, хянадаг байгалийн хүчин гэж байна л даа. Би тэр хүчний өмнө л үнэнч яваа. -Жишээ нь, өнгөрсөн зун Өсөхөө, Сүхбат хоёрын эрэмбэ дээр зохицож, ойлголцуулж байгаад эрэмбэлж болоогүй юм уу. Та заавал яагаад Өсөхөөг зүүний магнайд гаргах гээд байсан юм бэ? -Чи өөрөө улс төрийн сэдвээр их бичдэг учраас улстөрийнхний тохиролцоо ярьж байна л даа. Бид бол тэгэхгүй, дүрэм журмаараа л явна. 2003 оноос эхлээд мөрдөж байгаа журам байна. Тэр журмаар бол нэг өдөр ижил цол авч байгаа хоёр бөхийг өмнө гаргасан амжилтаар нь эрэмбэлнэ гэж заасан. Тэр журмаар үзэхэд Өсөхбаярын амжилт илүү учраас зүүний магнайд гарах учиртай л байсан. -Ерөнхийлөгчийн зарлиг түрүүлж гардсан нь эхэнд зүүний магнайд гарах нь зөв гэж хэсэг маргасан -Тийм заалт байхгүй. Миний дуулснаар Ерөнхийлөгч ч “эрэмбэ нь тэр журмаараа болно” шүү гэж хэлсэн гэж дуулсан. Хэрвээ зарлиг түрүүлж гарсан нь эхэлж эрэмбэлэгдээд байвал амжилт хамаагүй болох нь байна ш дээ. Бас нэг зүйлийг далим болгоод байгаа юм. Дархан аварга цолтой хүнд амжилт хамаагүй гэдэг заалт. Гэтэл энэ нь дархан аварга цолтой болсноос хойш гаргасан амжилт нь эрэмбэнд хамаагүй байхгүй юу. Одоо энэ хоёр дахиад барилдахад гаргасан амжилт нь эрэмбэнд нөлөөлөхгүй гэсэн үг. Түүнээс бус, дархан аварга болоход өмнө гаргасан амжилт нь хамаагүй гэсэн санаа энд байхгүй. [quote_colored name="" icon_quote="no"]-Гэхдээ Сүхбат аварга зүүний магнайд гарсан шүү дээ. Таны нөгөө шударга ёс хаана байв аа, тэнд? -Давагдашгүй хүчин зүйл гэж хуулийн ойлголт байдаг. Тэр өдөр тэнд тийм давагдашгүй хүчин зүйлийг үүсгэсэн байна лээ. Миний таньж мэдснээр энэ хорвоод ухаантай нь хохирч оршин тогтнодог юм билээ. Ах дүүсийн дунд ч тийм. Хэн ухаан гаргасан нь хохирч байж ах дүүс эв нэгдэлтэй явдаг. Монгол төрийн наадам, стадионд суусан арван хэдэн мянган хүн, телевизээр харж суугаа өчнөөн мянган хүний өмнө ухаантай нь хохирч байж цааш явахаас өөр арга байгаагүй юм билээ. Өсөхөө буулт хийсэн гэсэн. Энэ үйл явдалд бухимдсан хүн маш олон байдаг шүү дээ. Ер нь Монголын өнөөгийн нийгэм үзэл бодол гэхээсээ хүнийхээ типээрээ хуваагдаж нам гэдэгт орж байгаа юм байна, би ойлгосон. [/quote_colored] -Та түрүүн сүмод анхны зургаан хүүхэд явуулсан гэлээ. Сүмогийн аварга Ама Бямбадорж таны дүүийн хүү гэдгийг хүмүүс мэднэ. Манай сумочдын амжилт ахих тусам тэднийг Японы иргэн бол гэж шахдаг шиг байгаа юм. Хэрвээ Амад тийм шахал ирвэл та юу гэж зөвлөх вэ? -Шахалт одоо ч байна л даа хө. Манай Ама монгол эхнэртэй, гурван хүүхэдтэй. Гурвуулаа яг манай Бямбадорж. Шахалт ирээд байгаа учраас Ама маань алсдаа Монголдоо амьдарна, монголоороо явна гэдгээ өөрийнхөө ивээн тэтгэгчид болоод холбооныхоо холбогдох хүмүүст хэлсэн гэсэн. Монголд ирээд яаж амьдрахаа хүртэл бодчихсон явна лээ. Тийм учраас би дүүдээ итгэдэг, Манай Ама бол тэгж хэлснээсээ буцдаг, хүний итгэл алддаг хүн биш л дээ. -Зарим бөхчүүд тань руу дайраад л, таны хэлснээр худлаа гөрдөөд байгаа иймэрхүү тохиолдолд үүнийг гарьд Ганбаатар яаж хүлээж авах вэ. Хүү нь л юм чинь эцгийгээ өмөөрнө биз дээ? -Мэдээж өмөөрнө. Гэхдээ өмөөрөлт нь жаахан өөр л дөө. Хэзээ ч хүнтэй хэрэлдэхгүй зодолдохгүй, өс санахгүй. Арай өөрөөр, дотроо л өмөөрнө. Дээр нь энэ хорвоод нэг хүчний өмнө үнэнч явах ёстой биеэрээ үзүүлж байгаа эцгийгээ харж үлгэр авч амьдрах ухаан миний хүүд бас байна л даа. Миний хүү чинь боловсролтой л доо. -Та хүүгийнхээ төлөө яваагүй л гэж байна. Тэгвэл нутаг усныхаа бөхчүүдийн төлөө санаа тавьсан, дэмжиж байсан удаагүй юу. Аймаг болгонд л тийм дэмжлэг байдаг шүү дээ? -Би дэмжсэн, явсан. Хантайшир гэж бөхийн дэвжээг улсын заан Давааням, улсын начин Пүрэв хоёр байгуулсан. Нутгийн хүүхдүүдийг цуглуулаад овоо аятайхан болж байтал заан дүү ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тэгээд хайхрах хүнгүй болсон. Тэгэхээр нь би “Алтайн бөх” гэдэг сан байгуулаад, тэр хүүхдүүдийг дахиж цуглуулаад, нутгийн бизнесменүүдээр санхүүжүүлээд бэлтгэлийг нь хийлгүүлээд явлаа. Тэндээс гарьд, заан, харцага, начин төрлөө. Энийг дэмжлэг гэнэ үү гэхээс биш, тэр нь тэрэндээ буугаад өг гэж би амьдралдаа нэг удаа хэлж үзээгүй, үзэх ч үгүй. -Ер нь энэ аймгаар талцах үзэгдлийг үндэсний бөх хамгийн их хөөргөдддөг. Энэ хэр зөв үзэгдэл вэ? -Нутгийн талцлыг биш, намын талцлыг эхэлж ярих ёстой шүү. Монголыг хуваасан зүйл бол намын талцал. Дэндүү харамсмаар, дэндүү гутармаар. Монгол бол угаасаа нутагтай байсан. Дөрвөн аймаг, Сэцэн хан, Шавь тав гэх зэргээр. Нутгаараа хуваагдаад л сэтгэл санаагаа ч нийлүүлээд улс орноо хөгжүүлж ирсэн. Ингэж хуваагдлаа гээд Увсынхны эсрэг Өмнөговийнхон нь тэмцээд байгаа юм ерөөсөө байхгүй. Зүгээр л Увс нутгаасаа яаж сайн бөх түрүүлэх вэ, монгол түмний их баяр наадмаар нутаг орныхоо нэрийг яаж гаргаж бахархах вэ, Увс нутгаасаа яаж эрдэмтэй хүн гаргах вэ гэснийг талцал гэж үзэж болохгүй. Жишээ нь сонгууль хийгээд МАН-ынхаа эсрэг АН нь тэмцэж байгаа шиг Сүхбаатарынхны эсрэг Дорнодынхон нь тэмцэж байгаа зүйл бөхөд байхгүй. Тэгэхээр энэ бол худлаа яриа. Тэгээд ч сумаа сэтгэлдээ тээгээгүй хүн Монголоо тээж явна гэж байхгүй. Төрсөн сумаа сэтгэлдээ боддоггүй хүн яаж Монголын Улсаа сэтгэлдээ тээж чадах юм бэ.Тийм учраас намаар хуваагдсан нь Монголыг баллаж байна гэж ярих нь илүү зөв болно. Монгол бөх бол монголын үнэт өв соёл тул хүн болгон Монгол бөхийг хайрлах учиртай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн