Open iToim app
Эрх зүй | 6 мин уншина

​С.Нямдорж: Мах экспортлох эрхгүй “Мах импекс” зэрэг компанид яам нь квот олгосон

​С.Нямдорж: Мах экспортлох эрхгүй “Мах импекс” зэрэг компанид яам нь квот олгосон
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 29
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч С.Нямдоржтой ярилцлаа.
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ хуулиар бол одоогийн мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг салбарын яамдууд руу тараана гэсэн сураг гарсан. Үүнээс өмнө Хүнс, хөдөө аж ахуйн яам махны хяналтыг өөр лүүгээ татах захиргааны акт санаачлаад явж байгаа гэсэн мэдээлэл сонслоо. Энэ үнэн юм уу?
-Тэр хуулиар хүний аюулгүй байдалтай холбоотой төрийн хяналт нь манайд, нэгдсэн системээрээ байна гэсэн томъёоллоор явж байгаа. Бусад захиргааны хяналтыг төрийн болон төрийн бус байгууллагуудад шилжүүлнэ гэсэн концепцтой яваа хууль. Хуулиас өмнө Хүнс, хөдөө аж ахуйн яам мал эмнэлгийн хяналтыг авна гэсэн асуудал гаргасан. Засгийн газрын тогтоолын төсөл хийгээд явж байгаа юм билээ. Манайх албан ёсоор үүнийг дэмжихгүй байгаа.
-Яагаад?
-Хяналт хөндлөнгийнх байх ёстой гэдэг утгаар нь. Бодлого гаргадаг яам өөрөө өөрсдийгөө хянах болчих гээд байгаа юм. Хүн өөрийгөө гаднын хүнээс илүү хянаж чадахгүйтэй адил. Хоёрт гэвэл, Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан гадаад худалдааг хөнгөвчлөх, цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлээд явж байгаа. Яам үүний эсрэг л юм хийгээд байна. Тухайлбал, хил дээр дөрвөн төрлийн хяналтыг нэг байгууллага хийдэг. Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, мал эмнэлгийн хяналт, ургамал хорио цээрийн хяналт, чанар стандартын хяналт. Эдгээрийг хуучин шигээ салгаад дөрвөн өөр байгууллага хийдэг болгох нь ээ. Мал эмнэлгийн хяналтыг тусдаа болгох нь гэж түрүүн ярьсан. Тэгэхээр хяналтын давхардал бий болно. Аж ахуйн нэгжүүд дахиад олон байгууллагуудад хянуулдаг болно. Нөгөөтэйгүүр, салбар дундын уялдаа холбоо суларч мэдэх нь. Жишээлбэл, малаас хүнд халддаг зооноз өвчний хяналт гэж бий. Энэ хяналтаар хүнийг нь нэг байгууллага, малыг нь өөр байгууллага шалгадаг болох нь. Төрийн байгууллагын уялдаа сул байгаа өнөө үед давхардал, чирэгдэл гарч, гадаад худалдааг хөнгөвчлөх бодлогоосоо ухрах нь.
-Байгууллагууд хоорондоо эрх мэдлээ булаацалддаг явдал өчнөөн гардаг. Замын цагдаа жолооны үнэмлэхээ өөрсдөө хэвлэнэ, прокурорынхон мөрдөн байцаах албаа АТГ-аас авна гээд үзэж л байна. Яг үүн шиг нөхцөл байдал МХЕГ-т тохиогоод байгаа юм биш биз дээ. Мал эмнэлгийн хяналтаа яам руу өгчихвөл яадаг юм?
-Яам, мэргэжлийн хяналтын альд байх чухал биш. Төрийн хяналт явдгаараа явна. Аж ахуйн нэгжүүдээ л бодох хэрэгтэй. Хаанаа байвал тэдэнд хяналт шалгалт давхардаж очихгүй, чирэгдэлгүй, шуурхай байх вэ. Яам бол мал эмнэлгийн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэх гэсэн асуудал тавьж байгаа. Яах вэ, байж болно. Тэглээ гээд цаас шидэлцэхээ болих, мэдээллээ нэг дороос авах, цахим болох чиглэлээс ухарна гэсэн үг.
-Танайхаас дөрвөн төрлийн шалгалт оруулаад эцсийн дүн гарах хүртэл хэр уддаг вэ?
-Хоёр жилийн өмнө бол 2-72 цаг байсан. Одоо бид эрсдэлд суурилсан хяналтыг хийж эхэлсэн. Бараа болгон өөр. Заримд нь бичиг баримтын, заримд нь бичиг баримт дээр тулгуурлан биет үзлэг, нөгөө хэсэгт нь энэ хоёр дээр нэмж лабораторийн шинжилгээ хийдэг. Эрсдэлтэй бараанд их, эрсдэл багатай бараанд бага цаг зарцуулна гэсэн үг. Одоогоор бол доод тал нь 5 минут болж байна. Дээд тал нь 72 цаг шалгаж байна.
-Яам руу мал эмнэлгийн хяналтыг шилжүүлбэл энэ хугацаа богиносох юм уу?
-Дахиад нэг байгууллага, дахиад нэг шат дамжлага л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 72 цаг, 5 минут гэсэн үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх нь байна.
-Манайх хоёр хөрш рүүгээ мах экспортолно гэсэн. Энэ ажил хэр урагштай явж байгаа бол?
-Хүнс, хөдөө аж ахуйн яам есдүгээр сард Монгол Улсаас ОХУ-д экспортлох махны квотыг гаргасан байна. Энэ квот арванхоёрдугаар сард дуусна. Уг нь бол яам квотоо зургадугаар сард гаргаад аж ахуйн нэгжүүд нь ажлаа эхэлчихсэн байх ёстой. Гэтэл одоо дөрвөн сар л үлджээ. Дээр нь “Мах импекс”, “Монгема”, “Бумномин” зэрэг компанийн мах экспортлох эрхийг ОХУ цуцласан байдаг. Гэтэл ОХУ руу мах гаргах эрхгүй эдгээр компанид яам квот олгочихсон байна. Хоёрдугаарт, оройтсон ч гэсэн ОХУ руу мах гаргах квот гарсан байхад Хятад руу гаргах махны квот сураггүй байна. Манайх адууны махаа БНХАУ руу гаргаж болно шүү дээ. Квотыг нь тогтоогоогүй учраас өдийг хүртэл экспорт явахгүй байна гэсэн үг.
-Яам танайх хоёр л ойлголцож чадахгүй удаагаад байгаа юм биш үү?
-Харин ч бид хамтраад явж байгаа. Манайх бол гадаадад гаргах махны хяналтыг хариуцаж, гэрчилгээ олгож баталгаажуулдаг. Яам бол бодлогоороо квотоо гаргах үүрэгтэй. Хэд хоногийн өмнө БНХАУ-ын баг ирсэн. Тэд Монголын баруун аймгууд шүлхийгээр тайван бүс мөн үү гэдгийг тогтоох гэж яваа. Бас баруун аймгуудын махны үйлдвэрүүдэд хянан магадлагаа хийх гэж ирсэн. Хэрвээ баруун аймгийн шүлхийгээр тайван гэж зарлаад хянан магадлагаа хийчихвэл тэндээс хонь, ямаа, үхрийн мах гаргах боломжтой болно. Экспертийн багийн дүгнэлт гараад зөвшөөрлөө олгочих юм бол боломж нээгдэнэ. Хуучин бол Хятад руу хоёр компани адууны мах гаргадаг байсан. Энэ дээр Дарханмиет, Монгол эко миет хоёр нэмэгдээд Монтува, Мах маркет дөрөв болоод байгаа. Хятадад зөвшөөрөгдсөн, бүртгэгдсэн энэ дөрвөн компани Хятадад махаа гаргаж байх ёстой ч квот гараагүй шалтгаанаар махаа гаргаж чадахгүй байгаа юм.
-Яамны асуудлыг ингээд орхиё. Ер нь төрийн хяналт шалгалтыг нэгтгэх, салгах нь яг газар дээр нь ажиллаж байгаа хүмүүст, үйлчилгээ авч байгаа хүмүүст яаж тусдаг юм бэ?
-Хоёр жилийн өмнө билүү дээ, хилийн шалганы штампыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт өгсөн. Одоо хилийнхэн “Тэр чинь болохгүй байна. Тэд чадахгүй байна” гээд, ИХШХЕГ-ынхан болохоор “Манайх чадна аа” гээд байгаа. Энэ хоёр байгууллагаас болж иргэд л хохирч байдаг. Буянт ухаа дээр ИХШХЕГ, хилийн цэрэг дээр нэмэгдэж гааль, мэргэжлийн хяналт, АБХА шалгадаг байсан. Үүнийг нэгтгэж чирэгдэлгүй болгож байхад дахиад задална гэж яриад эхэллээ. Яг үүн шиг салбарын хяналтыг нэгтгэж МХЕГ-ыг байгуулчихаад дахиад салгана, бутална гэх юм. Энэ хооронд иргэд чирэгдэж, төрийн ажил цалгардаад байдаг. Хоёрдугаарт, манайхаас санхүүгийн хяналтыг салгаад Сангийн яам авсан. Гэтэл одоо тэнд ажил ямар байна вэ. Энд ажиллаж байсан байцаагч нарын тал нь ажилгүй гудамжинд явж байна. Үлдсэн тал нь байцаагчийн эрхгүй тэнд сууж байна. Зүгээр л зөвлөгөө өгөөд, аудит хийгээд л. Нөхөн төлбөр тогтоох, акт, торгууль тавих эрх мэдэлгүй. Яагаад гэхээр байцаагчийн эрхгүй хүмүүс. Нураасан юмыг босгоно гэдэг хэцүү шүү. Ийм учраас шийдвэр гаргахдаа дараагийн үр дагаврыг нь урьдчилж харах их чухал байдаг.
-Та бол зоригтой ярьчихлаа л даа. Хэдэн жил энэ чиглэлээрээ ажиллаж байгаа билээ. Жаахан шударга, “эсэргүү” юм ярихаар ажлаас нь халчихдаг, чөлөөлчихдөг асуудал гардаг шүү. Таны ярилцлагаас хасах юм байвал хэлээрэй.
-Би хилийн хяналт, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 2001 оноос хойш ажиллаж байна. Ер нь бол мал эмнэлгийн хяналь хуучин Хөдөө аж ахуйн яамтай хамтраад явж байсан уу гэвэл, тийм. Сүүлийн үед махны асуудлыг хэт улстөржүүлээд байна уу гэж хараад байгаа. Зүгээр явж байгаа ажлыг албаар сенсаацлаад, тэр нь ажил хийхгүй, энэ нь ажил хийж байна гээд л. Ажлаа биш нийгэмд харагдах өнцгөө чухалчлаад байгаа нь үүрэг гүйцэтгэж байгаа бидэнд түвэгтэй байна. Ажлаа биш сенсаацаа хийгээд байна шүү дээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн