Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

​Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй болгох саналаа ТЕГ-т хүргүүлсэн

​Ц.Нямдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааныг нээлттэй болгох саналаа ТЕГ-т хүргүүлсэн
Нийтэлсэн 2017 оны 11 сарын 20
Тагнуулын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох, эсэхийг хэлэлцсэн Байнгын хорооны хурал дээр УИХ-ын Ж.Батзандан анхаарал татах хоёр мэдэгдэл хийсэн юм. Тэрээр нэгд, С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг 14 хоногийн дараа зарлана гэж хугацаа товлосон, хоёрт “Эрдэнэт”-ийн асуудлыг удахгүй Цэц шийднэ гэсэн юм.
Түүний энэ мэдэгдлийн зарим хэсгийг баталсан үгсийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр телевизээр ярилаа. МАН-ын даргын сонгуульд зориулсан нь илт, хэд хэдэн телевизээр цацсан уг нэвтрүүлгийн үеэр Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:
-С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдсэн шүүхийн процессыг олон нийтэд ил болгох саналаа Тагнуулын ерөнхий газарт бичгээр хүргүүлсэн. Саналыг нь аваад ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулж ил болгоно. Ийм ээдрээтэй хэрэг улсын нууц нэрээр 25 жил далд байж болохгүй гэж ярилаа.
Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа уг хэргийн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй болгох ёстой гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилогдохдоо “Засгийн газрынхаа 100 хоногт багтааж С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлана, “Эрдэнэт”-ийн асуудлыг шийднэ” гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдэж байсан юм. Харин өчигдөр олон телевизээр зэрэг ярьсан түүний үг намын даргын сонгуульд зориулсан улс төрийн мессеж байв уу, эсвэл үнэхээр гишүүн Ж.Батзандангийн хэлснээр Ц.Нямдорж сайд амласандаа хүрч уг хэргийн захиалагчийг зарлах гээд байна уу?
Үүний хариулт тодорхой болох, Ж.Батзандагийн гишүүний зарласан 14 хоногийн хугацаа дуусахад 9 хоног үлдлээ. Харин Ц.Нямдорж сайдын өөрийнх нь амлаж хугацаа товлосон Засгийн газрын 100 хоног гэвэл арай болоогүй ээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн