Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваатай ярилцлаа.
-Өнгөрсөн 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газар томоохон бүтээн байгуулалтын ямар ажил хийсэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Иргэний нисэхийн ерөнхий газрын хувьд 2015 он бүтээлч жил байлаа. Олон улсын агаарын хөлгийн аюулгүй нисэх үйлчилгээг амжилттай үзүүлсэн. Монгол Улсын нутаг дээгүүр жилд 100 гаруй мянган онгоц өнгөрдөг. Өнгөрсөн жил 91 мянган агаарын хөлөг манай нутаг дэвсгэрээр нислэг үйлдсэн. Эдгээр агаарын хөлгүүдийн аюулгүй байдлыг хангаж үйлчилгээ үзүүлэх нь манай байгууллагын хамгийн том ажил байдаг. Ер нь манай улсын дээгүүр өнгөрдөг агаарын хөлгийн тоо жилээс жилд өсч байна. 2014 оныг өмнөх онтой нь харьцуулахад агаарын тээврээс орох орлого 12 хувиар өссөн. Харин өнгөрсөн 2015 онд 2014 оныхоос 13 хувиар өссөн. Улсын төсөвт 98 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бөгөөд энэ нь манай байгууллагын түүхэнд хамгийн өндөр орлогыг улсад тушаасан амжилттай жил байлаа. -Иргэний нисэхийн ерөнхий газраас Ази, Номхон далайн дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ыг угтаж ямар ажлуудыг өнгөрсөн онд хийсэн бэ?
-АСЕМ-ын уулзалтын хүрээнд Монгол Улсад ирэх гадны улс орнуудын төрийн тэргүүнүүдийн онгоцыг угтаж авах бэлтгэл ажлыг хийж байна. Чингис хаан нисэх онгоцны буудалд гаднын төлөөлөгчдийн онгоц буухаас бүх ажил эхэлнэ. Засгийн газраас өгсөн үүргийн хүрээнд Чингис хаан нисэх онгоцны буудалд тохижилтын нэлээд олон ажил хийлээ. Ойролцоогоор 18 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийлээ. Цаашид ч үргэлжилнэ. Хамгийн түрүүнд онгоц хөөрч, буурах зурвасыг 500 метрээр уртасгасан. Ингэснээр гаднын ямар ч төрлийн агаарын хөлгийг хүлээн авах боломжтой болсон. Хоёрт, нэгэн зэрэг олон агаарын хөлөг бууж, хөөрөх боломжийг нэмэгдүүлсэн. Өмнө нь манай улсад ийм хэмжээний уулзалт болж байгаагүй, нэг дор олон онгоц буусан тохиолдол байгаагүй. Ялангуяа хоёр, тав, гучин минутын зайтай агаарын хөлгүүд хөөрч, буусан практик манайд байхгүй. Тиймээс энэ чиглэлд туршлага судлуулахаар боловсон хүчнээ сургах, бэлтгэх ажил хийж байна. Эхний сургалтыг амжилттай хийж дууссан. Одоо хамгийн чухал сургалтаа дөрөвдүгээр сард АНУ-д хийхээр төлөвлөсөн байгаа. Чингис хаан нисэх онгоцны буудлын явах, ирэх заалны багтаамж маш бага. Үүнийг өргөтгөх ажлыг өнгөрсөн онд хийлээ. Шинээр дамжин өнгөрөх заал байгуулж, гурван том заалтай болсон. Ингэснээр цагт нэгэн зэрэг 700 гаруй хүнийг хүлээн авах боломжтой боллоо. Аюулгүй байдлын чиглэлээр камержуулах ажлыг ирэх зургадугаар сар гэхэд бүрэн хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн нисэх онгоцны буудлаар орж гарч байгаа бүх хүмүүсийг шуурхай шалгах олон улсын төвшний төхөөрөмжийг суурилуулж байна. Өнгөрсөн онд дөрвөн ширхэг рентген суурилуулсан бол энэ онд дахин дөрвийг байрлуулахаар төлөвлөсөн.
-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Иргэний нисэхийн газрын чиг үүрэг, ачаалал яаж нэмэгдэх вэ?
-Хөшигийн хөндий бол өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хүчин чадлын хувьд 3.2 дахин илүү. Хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулснаар салхины нөлөөлөл, цаг агаарын байдлаас болж онгоц саатах асуудал багасна. Чингис хаан нисэх онгоцны буудал зөвхөн баруун хойноосоо онгоц бууж, хөөрдөг. Харин шинэ нисэх буудал хоёр талаасаа хөөрч, бууна гэдгээрээ давуу талтай. Зорчигчдын хувьд тохь тухтай байдал нэмэгдэж, чирэгдэл багасна. Онгоц саатна гэдэг асуудал байхгүй болно. Нөгөөтэйгүүр, Засгийн газраас гаргасан бодлого чиглэлийн дагуу олон улсын нисэх буудлын хэмжээнд нэлээд томоохон агаарын тээврийн ачаа болон зорчигч тээврийн төв болгох зорилго байгаа. Энэ бүтээн байгуулалтын дагалдах барилга, жижиг хотын статусын хэмжээнд бүх асуудал нь шийдэгдвэл Хөшигийн хөндий олон улсын томоохон төв цэг болно. Мэдээж нисэх буудлын аюулгүй ажиллагаанд Иргэний нисэхийн ерөнхий газар онцгой үүрэг хүлээж ажиллана.
-Жилд дунджаар 90 гаруй мянган хөлөг манай улсын дээгүүр нисдэг гэлээ. Тэгэхээр Хөшигийн хөндий ашиглалтад орсноор энэ тоо нэмэгдэх үү?
-Нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ манай нутаг дээгүүр дамжин өнгөрдөг агаарын хөлгийн тоо шинэ нисэх онгоцны буудалтай холбоогүй. Манай улсын нутаг дээгүүр дамжин өнгөрдөг үйлчилгээ гэдэг нь Монголын бүх нутаг дэвсгэрийг хамарсан агаарын хөлгийг удирдах тоног төхөөрөмжийн чанартай холбоотой. Гурван төрлийн бие даасан тусгай тоног төхөөрөмжийг суурилуулж, заримыг нь нөөц байдлаар ашигладаг.
Тухайн улс агаарын хөлгийн хөдөлгөөнийг удирдах чиглэлээр хэр зэрэг сайн тоног төхөөрөмжтэй, аюулгүй байдлыг хэр сайн хангасан бэ гэдгээс шалтгаалж тухайн улсын дээгүүр дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоо хамаардаг. Агаарын хөлгийн удирдах чадвар нь сул бол тухайн нутаг дээгүүр явах онгоцны тоо цөөрнө. Харин жил бүр манай улсын дээгүүр нисэх агаарын тээврийн тоо нэмэгдэж байгаа нь аюулгүй байдлыг сайн хангаж ажиллаж байгааг илэрхийлдэг. Манай дээгүүр нисэх агаарын хөлгийн тоо 2012 оноос эрс нэмэгдэж байгаа.
-МИАТ компаний олон улсын байгууллагаас аюулгүйн үзүүлэлтээрээ хамгийн өндөр оноо авсан. Үүн шиг дотоодын авиакомпаниудад Иргэний нисэхийн ерөнхий газар аюулгүй байдал талаас нь ямар, шаардлага хяналт тавьж ажилладаг вэ?
-Тухайн орны агаарын тээврийн компаниудын аюулгүй байдлыг хангаж ажилладаг гол байгууллага нь Иргэний нисэхийн ерөнхий газар байдаг. Үндэсний агаарын тээврийн компаниудад аюулгүй ажиллагаанд нь үнэлгээ өгч, гэрчилгээжүүлдэг. Энэ хэмжээгээр олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын гишүүн орны хувьд олон улсад аюулгүй ажиллагаагаа үнэлүүлдэг. Олон улс үүнийг үнэлж аюулгүй байдлыг хэр хангаж байгааг нь дэлхий нийтэд зарладаг. Үүнээс нь шалтгаалж МИАТ компаниар үйлчлүүлэх үү, үгүй юү гэдгийг дэлхийн зорчигчид шийддэг. Хэрвээ аюулгүй байдлын үнэлгээ нь муу байвал гаднын жуулчид, байгууллагууд уг авиа компанийг сонгохгүй. Тэгэхээр Монголд илүү олон жуулчин ирүүлж, илүү олон хүн тээвэрлэе гэвэл аюулгүй байдлыг дээд зэргээр мөрдөж ажиллах ёстой. МИАТ компанийн аюулгүй байдлыг дээгүүр үнэлсэн олон улсын үнэлгээг дагаж олон эерэг өөрчлөлт гарна гэсэн үг.
Ер нь агаарын хөлөгт, агаарт гэмтэл гарвал заавар, дүрмийн дагуу шалгах ёстой. Тухайн агаарын хөлгийг үйлдвэрлэсэн үйлдвэрээс нь эхлээд засвар үйлчилгээ хийсэн бүх компанийн дүгнэлтийг гаргадаг. Гэмтлийн шалтгаан юунаас болов гэдгийг тодорхой болгосныхоо дараа дахин гэмтэл гаргахгүйн тулд авиакомпаниуд өөрсдөө давхар хяналт тавьдаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын хувьд аюулгүй байдлын шаардлагаа хэр зэрэг биелүүлж байна вэ гэдгээс гадна хяналт, шаардлага хангахгүй бол зогсоох хүртэл арга хэмжээг авч ажилладаг.
-Иргэний нисэхийн ерөнхий газар гаднын авиакомпаниудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
-Манай улстай байнгын нислэг үйлддэг гаднын дөрвөн том авиа компани бий. Хятадын “Air China”, Солонгосын “Korean air”, Оросын “Aeroflot”, Туркийн “Тurkish airlines” өдөр бүр тогтмол нислэг үйлдэж байна. Засгийн газар хоорондын тохирсон гэрээний дагуу жил бүр нислэгийнхээ хуваарийг тогтоож нислэг үйлддэг. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монголд нислэг үйлдэж буй гаднын агаарын тээврийн компаниудтай хамтарч нислэгийн хуваариа тохирдог.Манайх ч гаднын агаарын тээврийн компаниудын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Өнөөг хүртэл ямар нэгэн осол гэмтэл, аваар гаргаагүй байна.
-Манай улс Солонгос, Япон, БНХАУ, Орос, Герман руу шууд нислэг үйлдэж байна. Цаашлаад АНУ руу шууд нисдэг болно гэж ярьж байна. Гэтэл олон улсын нислэг үйлдэж байгаа МИАТ компани гурван том онгоцтой. Олон оронд нислэг үйлдэхийн тулд үндэсний агаарын тээвэрлэгч компани заавал олон онгоцтой болох ёстой юу. Энэ чиглэлд урт хугацаандаа ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?
-Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 хүртэл баримтлах бодлогыг 2012 онд баталсан байгаа. Энэ бодлогод маш тодорхой заасан. Үндэсний агаарын тээврийн компанийг Засгийн газар дэмжинэ. Үндэсний агаарын тээврийг өргөжүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллана гэж бодлогодоо заасан. Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар тэр бодлогыг баримталж үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс агаарын тээврийн харилцааны хэлэлцээр, Монголд нислэг үйлдэх бусад улстай гэрээ хэлэлцээр байгуулахдаа энэ бодлогын чиглэлийг барьж ажилладаг. Саяхан Туркийн авиа компани долоо хоногт долоо удаа нисдэг болох гэрээ хэлэлцээр байгуулах тухай нэлээд яригдсан. Энэ чиглэлд төрөөс баримтлах бодлогоо баримталж ажиллах ёстой. Гадны компанид үндэсний компаниас давуу эрх олгохгүй. Үүний нөгөө талд нь МИАТ-д давуу эрх олгоно гэсэн үг биш. Гаднын авиакомпаниудтай өрсөлдөж, нислэгээ өргөжүүлж, хүрээгээ тэлэх чиглэлийг баримталж ажиллах үүргийг байнга өгдөг. МИАТ компани ч энэ чиглэлд ажилласаар байгаа. Гэхдээ өөрт байгаа агаарын хөлгийн тоогоор үйл ажиллагаа, амжилтаа харж, үнэлж болохгүй. Онгоцгүй байсан ч агаарын тээвэр эрхэлж болдог. Зөв менежмент л хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, МИАТ компани нисдэггүй газраа бусад улсын авиакомпанитай хамтран нисч орлого олж, ашгаа хуваадаг дэлхий дээр өргөн дэлгэрсэн арга хэлбэрийг ашиглаж болно. Дэлхийн олон улс орны нэгдсэн авиакомпанийн нэгдсэн корпорац байдаг. МИАТ энэ чиглэлд ажиллаж, олон улсын компаниудтай хамтран ажиллах бүрэн боломжтой. Энэ онд МИАТ компани нэлээд хэдэн оронтой хамтарсан нислэг үйлдэхээр хэлэлцээр хийхээр төлөвлөсөн байна лээ. Энэ бол сайн эхлэл.
-Иргэний нисэхийн ерөнхий газар өнгөрсөн арваннэгдүгээр сард НҮБ-ын дэргэдэх Олон улсын агаарын тээврийн байгууллагаас зохион байгуулсан томоохон хуралд оролцож итгэл тавьсан гэж сонссон. Энэ талаараа ярьж болох уу?
-Нэгдсэн үндэсний байгуул-лагын харьяанд байдаг гурван том байгууллагын нэг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага анх удаа Дэлхийн иргэний нисэхийн газрын дарга нарын дээд хэмжээний уулзалтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан. Нийт 160 гаруй улсын иргэний нисэхийн дарга нар оролцсон. Үүн дотроос Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага манай улсыг онцолж, агаарын тээвэртээ хэрхэн амжилт олж, ямар туршлага хуримтлуулж байгаа талаар илтгэл тавихыг урьсан. Уг хуралд цөөн хэдхэн улсыг илтгэл тавихыг урьж, манай улс түүнд нь багтсан юм. Энэ форумын үеэр манай улсын агаарын тээврийг нэлээд онцолж ярьсан.Учир нь, Монгол Улс маш богино хугацаанд агаарын навигацын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр амжилт гаргасан. Цөөн хүн амтай, том нутаг дэвсгэртэй хэр нь өөрийнхөө нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан агаарын тээврийн аюулгүй ажиллагааны үйлчилгээ үзүүлэх томоохон тоног төхөөрөмжийг бий болгож ажиллаж эхэлсэн нь маш том амжилт гэж тус байгууллага үнэлсэн. Уг хуралд манай байгууллага илтгэл тавьж, шинэ уриа дэвшүүлсэн. “Хойд туйлын зам” гэсэн уриалга гаргасан. Тодруулбал, Хойд туйлаас Америк, Канадаар дамжиж, Орос Монголын дээгүүр нисч Зүүн Өмнөд Ази руу нисэх замыг нээх уриалга гаргасан юм. Энэхүү уриалгыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн бүх орон дэмжсэн. Энэ замыг Олон улсын иргэний агаарын тээврийн компани ажил хэрэг болгохоор тохирсон. Энэ нь байгууллагын хувьд өнгөрсөн онд хийсэн хамгийн том ажил юм.