УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа юм. Бидний яриа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойрч өрнөв.
-Эрүүгийн хууль ач холбогдлоороо Үндсэн хуулийн дараа орох учраас хүн бүрт хамаатай. 2015 онд баталсан шинэ Эрүүгийн хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулж, нэмж өөрчлөх гэж байна. Өөрчлөх шалтгаан үндэслэл юу вэ?
-Эрүүгийн хууль бол Монгол Улсын нийтлэг эрх ашгийг гэмт явдлаас хамгаалах хууль. Нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүмүүст оногдуулах ял шийтгэлийг тодорхойлох хэм хэмжээ. 2002 оны Эрүүгийн хууль батлагдан гарснаас хойш 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хуульчид, олон улсын болон хүний эрхийн байгууллагууд, гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс “шоронжсон хууль” гэж шүүмжилж ирлээ. Ийм хууль тухайн цаг үедээ гарахаас ч өөр арга байгаагүй. Яагаад гэвэл, 1990 оноос хойшхи нийгмийн шилжилт хөдөлгөөний явцад олон суурь харилцаа зарчмаараа өөрчлөгдсөн. Өмчийн олон төрөл, хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийн олон баримт бичгүүдэд Монгол Улс нэгдэн орсон, шинэ Үндсэн хуулиа батлан гаргасан, олон улсын байгууллагаас олон төрлийн үүрэг даалгавар хүлээсэн гээд тоочиж болно. Нөгөөтэйгүүр эдийн засаг хүнд үед өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байснаас үүдэлтэй эдгээртэй тэмцэх эрүүгийн хариуцлагыг чангатгасан. Цахим орчин үүсч байгаатай холбоотойгоор шинэ харилцааг зохицуулах шаардлага гарсан. Шүүгч нарын эрх зүйн ухамсраас шалтгаалаад харилцан адилгүй шийдвэр гаргаж байсан. Ийм цаг үед 2002 оны Эрүүгийн хууль “төрсөн”. 2008 он хүртэл Эрүүгийн хуульд олон өөрчлөлт орсон.
2012 онд Ардчилсан нам засгийн эрх авмагцаа Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулах ажилдаа орсон. Өмнөх УИХ хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжоос гадна үйлдсэн гэмт хэрэг бүрт ял оногдуулсанзарчмыг эрэлхийлсэн. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ болон эрх зүйн харилцааны шинэ субъектүүдийг өртгөтгөн тодорхойлох арга хэмжээ авсан. Ял шийтгэлийн бодлогын хувьд олон санкцаас тухайн үйлдэлд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах шинэчлэлийг хийсэн. Ийм хуулийн төслийг 2013 онд УИХ-д өргөн бариад 2015 онд батлуулсан байдаг.
Гэвч парламент дахь гишүүдийн янз бүрийн санаа оноо туссаар байгаад анхны эхийг нь бичсэн хүмүүс ч танихааргүй агуулгатай хууль болж батлагдсан гэж тухайн үед ажлын хэсэгт нь орж ажилласан хүмүүс ярьж байна. Эрх баригчид батлагдсан хуулийг хэрэгжүүлэх процессын хуулийг нь дагуулж гаргаж чадаагүй. Улс төрийн нөхцөл байдал хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Эцсийн найруулгыг сонсохын тулд чуулганыг хуралдуулбал засаг нь огцрох эрсдэлтэй байсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ч хэлсэн, “Цаг хугацааны хайчин дунд” байсан гэж. Иймээс тэд Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа батлан гаргаж чадаагүй. Ингээд 2016 оны сонгууль болж, МАН үнэмлэхүй олонхийн суудал аваад анхдугаар чуулган завсарласны дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулж Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болтол хойшлуулсан.
-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав “Намайг сайд байхад 2016 оны есдүгээр сараас 1-нээс Эрүүгийн хуулийг мөрдөх бэлтгэлээ хангасан гэж манай хуулийнхан хэлсэн. Засаг солигдсоны дараа бэлтгэлээ хангаагүй, хуулиа уншиж судлаагүй гэж байгаад гайхаж байна” гэсэн байсан. Хуулийг хойшлуулах үндэслэл нь бэлтгэлдээ биш процессын хуулийг эцэслээгүйдээ байсан юм уу?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг эцэслэн батлаагүй байсан учраас Эрүүгийн хуулийн үйлчлэлийг хойшлуулсан. Ингээд процессын хуулийг эцэслэн батлуулах, хуулийг засч сайжруулах, хууль хэрэгжүүлэх бэлтгэл хангах шаардлага зүй ёсоор урган гарсан. “Хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг хийхгүй бол 2015 оны Эрүүгийн хуулийг нийгмийн амьдралд мөрдүүлэхэд учир дутагдалтай байна” гэсэн дүгнэлтэд хүрээд Хууль зүй, дотоод хэргийн яам Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Хууль зүйн байнгын хорооноос уг ажлыг судалж, хуралдаанд бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан. Би ахалж байна. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Н.Учрал нарын гишүүд орж ажиллаж байгаа. Ажлын хэсэг судлаад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан төслийн зарим зүйлийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Сар гаруй хугацаанд ажиллаад УИХ-д өргөн бариад байгаа. УИХ анхны хэлэлцүүлгээ хийсэн. Одоо хоёрдугаар хэлэлцүүлгээр орж батлагдана даа.
-Олон гэр бүл Эрүүгийн хуулийг хүлээж байгаа. Хаврын чуулганаар даруй батлахгүй бол ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ гэвэл хүндрэл үүснэ. Тэгэхээр ажлын хэсгүүд чуулганы завсарлагаанаар ажиллах даалгавар хүлээлээ?
-Ер нь бол их л шахуу ажиллана. Сая чуулган хаадаг өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад ажлын хэсгийг байгуулсан. Эдгээр хуулийг хаврын чуулган эхэлмэгч нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж батлан гаргаад үүнтэй уялдсан сургалт зохион байгуулах, хүн хүчний нөөцөө бэлтгэх, материаллаг баазуудаа бэлтгэх шаардлагатай. Ингэж шахуу ажиллаж чадвал долдугаар сарын 1-нээс мөрдөх боломжтой.
-Шинэ Эрүүгийн хуулийг 40 гаруй хувиар өөрчлөх төсөл боловсруулсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлд ярьсан байна лээ. Гол өөрчлөлт нь юу вэ?
-2015 онд шинэ Эрүүгийн хуулийг батлахдаа “эрүүгийн хариуцлага” гэдэг суурь ойлголтыг орхигдуулсан байна. Энэ ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид буцааж орууллаа. Үүнтэй уялдаад тусгай ангийн холбогдох зүйл заалтууд өөрчлөгдөх юм. Эрүүгийн хариуцлага гэдэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ял болон албадлагын арга хэмжээний нийлбэр. Өөрөөр хэлбэл, ял, албадлагын арга хэмжээ хоёр эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг тодорхойлдог. Ял дээр хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, цаазаар авах ялыг халлаа. Иргэний болон улс төрийн эрхийн конвенцод 1974 онд Монгол Улс нэгдэж орсон. 2012 онд Нэмэлт хоёрдугаар протоколд нь нэгдсэн. Ингэснээр Монгол Улс цаазаар авах ялыг хориглох үүрэг хүлээсэн. Цаазаар авах ялыг орлуулж бүх насаар нь хорих гэдэг цоо шинэ ялыг бий болгосон. Түүнчлэн зорчих эрхийг хязгаарлах гэдэг цоо шинэ ял оруулж ирсэн гээд дурдаж болно. Хуучин Эрүүгийн хуульд цаазаар авах ялыг Ерөнхийлөгч уучилсан тохиолдолд хугацаагүй хорих ялаар сольдог байсан. Энэ бол бүх насаар нь хорихоос агуулгын хувьд ч, нэр томъёоны хувьд ч өөр.
Зорчих эрхийг хязгаарлах ял бол хүмүүжлийн өндөр үр нөлөөтэй гэж эрдэмтэд үздэг. Ийм ял шийтгүүлсэн хүн тогтоосон хүрээнээс гарах ёсгүй. Гарсан тохиолдолд серверт дохио ирж, шийдвэр гүйцэтгэлийнхэн ялыг нь өөр ялаар сольж чангатгах арга хэмжээ авна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг 219 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиараа зохицуулж байгаа. Яагаад гэвэл, бэлтгэл ажил хангах, дэд бүтцийг суулгах, холбоо дохиоллын системээ суурилуулах ажлыг хийх ёстой. Мөн нийтэд тустай ажил хийлгэх гэдэг ял оруулж ирсэн. Энэ нь өмнө байсан албадан ажил хийлгэх гэдэг ялаас өөр агуулгатай.
Түүнчлэн торгох ял байна. Уламжлалт эрүүгийн эрх зүйд торгох ял дээр “махан” тоо тавьдаг байсан. 2002 оноос эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулдаг болсон. Энэ удаагийн Эрүүгийн хуульд “нэгж” гэдэг томъёолол оруулж ирж байгаа. Гадаад улс оронд түгээмэл хэрэглэдэг ойлголт л доо. Засгийн газрын тогтоолоор эрүүгийн эрх зүйн ял шийтгэлийн бодлогыг тодорхойлох учиргүй гэдэг зарчим бий. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар шинэчлэх бүрт эрүүгийн ял шийтгэлийн бодлого өөрчлөгдөж байх нь зохимжгүй. Ийм учраас “нэгж”-ээ ерөнхий ангийн ганцхан зүйл, заалтад оруулаад түүнийгээ инфляцтай уялдуулан ихэсгэж, багасгаж болно гэж үзсэн. Албадлагын арга хэмжээний хувьд уламжлалт албадлагууд ч бий, шинээр нэмсэн нь ч бий.
-Бүх насаар нь хорих ялыг ямар гэмт хэрэг үйлдвэл оноох вэ?
-Төрийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвах, тагнуул хийх гэх мэт. Нөгөө талаас хүний амь насыг санаатайгаар бүрэлгэсэн этгээдэд ийм ял онооно. Ер нь хүний эрхийн байгууллагуудаас манай улсыг шахаж шаардаж байгаа зүйлүүд ч бий. Эрүүгийн эрх зүйд цаазаар авах ялыг байлгах шаардлага байдаг юм. Олныг цочирдуулсан онц хэрцгий гэмт хэрэг гарахыг үгүйсгэх аргагүй. Энэ тохиолдолд нийт ард түмэн “амийг амиар солих ёстой” гэсэн шаардлагыг тавьж байсан тохиолдол бусад улсад гарч байсан. 1998 онд Украйн улс олон улсын байгууллагуудын шаардлагаар Эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг халсан. Энэ үед Украйнд 50 гаруй хүнийг цувралаар алсан маньяк Анатолий Оноприенко гэдэг нөхөр баригдаад ард түмэн нь Засгийн газрынхаа эсрэг жагсаал цуглаан зохион байгуулсныг санаж байна. Ийм зүйл гарвал яах вэ гэдэг асуудал л гарч ирнэ.
-Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага FATF болон OECD-ээс манай улсад мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч ирсэн. “Хар жагсаалт”-даа оруулахаар айлгаж ч үзлээ. Эдгээр байгууллагаас өгсөн зөвлөмжийг Эрүүгийн хуулийн төсөлд тусгав уу?
-Наад асуултад чинь хариулахын өмнө энэ Эрүүгийн хуульд эрүүгийн эрх зүйн уламжлалаас шинэлэг зүйл орж ирснийг онцолъё. Уламжлалт эрүүгийн эрх зүйд субъект бол зөвхөн “бодгаль” байна гэж тодорхойлдог байсан. “Бодгаль” гэдгийг санскритаас юу гэж орчуулах вэ гэж МУИС-ийн С.Дулам багшидасуулт тавьж байсныг та бүхэн мэднэ. Нэгэн амь биеийн төрснөөсөө үхэх хүртэлх амьдралыг бодгалийн амьдрал гэдэг гэж тайлбарлаж байсан. Үүнийг монголчилбол хэрэг хариуцах чадвартай хүн л эрүүгийн эрх зүйн субъект юм гэж тодорхойлогдож байна. Манайх Авлигын эсрэг конвенц, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэхтэй тухай конвенцод нэгдэж орсон. Монгол Улс өөрийн чинь түрүүн хэлсэн FATF, OECD зэрэг байгууллагын өмнө эдгээр конвенцоор үүрэг хүлээсэн. Тэр дундаа FATF Монгол Улсыг 2010, 2011 оны үед олон улсын эрх зүйн хүрээнд санкцид оруулж ирсэн. Зээлжих зэрэглэлийг бууруулах, гадаад дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын дансыг хаах санкциудыг хүлээлгэж эхэлсэн. Тэд манай улсад Эрүүгийн хуульдаа хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх санкцыг бүрдүүлэх шаардлага тавьсан. Одоогийн Эрүүгийн хуульд 27 төрлийн эрүүгийн хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх буюу торгох, татан буулгах ялыг хүлээлгэхээр хуульчилсан. Энэ нь террор үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах, байгаль орчин экологийн тэнцэл алдагдуулах, зохиогчийн эрх патентыг хулгайгаар хуулбарлан олшруулах, хориглосон бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах гэх мэт хэргүүд байна.
-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллах ажлын хэсэгт Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар зэрэг бизнесийн салбар төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүд ажиллаж байгаа юм байна. Хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа харагдаж байсан. Ажлын хэсгийн хурал дээр эсэргүүцэж байна уу?
-Энэ хоёр хүн Монголын томоохон бизнесмэнүүд. “Бизнесийн эрх зүйн орчин сайн биш байхад хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх шаардлагагүй. Олон улсын байгууллагын шаардлагыг хүлээн авах шаардлагагүй” гэсэн байр суурьтай байсан. Татвар төлөхөөс зайлсхийхийг гэмт хэрэг биш болгоё гэдэг шаардлагыг ч тавьсан. Харин бид нийтлэг эрх ашгийг л ярих ёстой. УИХ-ын гишүүд бид салбар салбарын төлөөлөл боловч нийтлэг эрх ашгийн төлөө тангараг өргөдөг. Тийм учраас аль нэг салбарын амбиц эрүүгийн хууль тогтоомж дээр хазайж, давамгайлж болохгүй. Би дахиад хэлье, Эрүүгийн хууль бол нийтлэг эрх ашгийг хуульчлан хамгаалдаг хамгийн том хамгаалалт. Ирээдүйд гарч, учирч болох бүх эрсдлийг тооцож, үйлдэл бүрээр нь хуульчилж, хариуцлага хүлээх эзэн биеийг тодорхой болгодог. Магадгүй, аль нэг аж ахуйн нэгж байгууллага Гачууртад байгаль орчныг зүй бусаар ашиглаад Туул голыг урсгахаа больчихвол яах вэ. Энэ бол байгалийн тэнцэл алдагдуулж буй асуудал. Ийм тохиолдолд хариуцлага хүлээлгэх л ёстой. Аж ахуй эрхлэхдээ санаатайгаар гэмт үйлдэл битгий гаргаач ээ гэдэг хориглолтыг бид тавьж байгаа юм. Хуурамч архи үйлдвэрлээд өчнөөн хүнийг хордуулж алвал яах вэ. Аж ахуйн нэгжид нь ч хариуцлага тооцож, буруутай этгээдэд ч хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хууль бол ирээдүйд учирч болох хохирол, үр дагаврыг тооцож, эрсдлийг харж зөгнөж бүтээгдэх ёстой. Энэ утгаараа энэ зохицуулалт байх ёстой.
-Гэмт хэргээс зөрчилд тооцохоор болсон, зөрчил байсныг нь гэмт хэрэг гэж үзэхээр болсон ямар шилжилтүүд хийсэн бэ?
-Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж хуучин томъёолж байсан үл мэдээлэх, нуун дарагдуулах гэмт хэргийг зөрчилд тооцохоор тусгасан байгаа. Үүнд хууль хяналтын байгууллагынхан дургүй, эсрэг байр суурьтай байгаа. Танхайг Эрүүгийн хуулиас хасаад зөрчлөөр шийдэхээр болж байгаа. Энэ нь манай хууль эрх зүйн хүрээнд буруу шийдэл гэж бид үзэж байгаа. Үүнийг өөрчилье гэсэн боловч хууль санаачлагч танхайтай холбоотой зүйл ангийг хөндөөгүй учраас Дэгийн хуульдаа баригдаад хөндөж чадаагүй л байна. Гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцдог байсныг зөрчил рүү оруулсан байгаа. Ганц сэтгүүл зүй гэлтгүй сошиал орчинд хүний нэр төрийг гутаах явдал маш их гарч байна. Тийм учраас зөрчилд тооцоод хийдэл, цоорхой үүсгээд явах юм уу гэдгийг эргэж харах ёстой. Хүний нэр төр гэдэг эрхэм дээд зүйл шүү дээ. Мэдээж хэрэг зөрчлөөс гэмт хэрэгт тооцдог болсон хэд хэдэн зүйл байгаа. Гэхдээ бид энэ Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогыг хуучин Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогоос харьцангуй хөнгөрүүлсэн. Хөнгөлсөн явдал нь сайн, муу хоёр талтай. Нэг талаасаа хүний эрх зүйн нөхцөлийг дээрдүүлнэ гэдгээрээ сайн. Муу тал гэвэл, тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх төрийн эрүүгийн бодлого алдагдах вий гэдэг болгоомжлол байгаа.
-Ялын бодлогын тухайд өөрчлөлт оруулж байгаа зүйлс нэлээд байгаа байх. Хөнгөрүүлж байгаа тодорхой зүйлээс нь нэрлэж болох уу?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн ял шийтгэл хөнгөрсөн. Ер нь торгох ял тэр чигтээ нэг дахин буурч байгаа. 2015 оны Эрүүгийн хуульд нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцож байсан бол энэ удаагийн өөрчлөлтөөр 1000 төгрөг болгож байгаа. Албан тушаалын гэмт хэргээс бусад гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ буурсан. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэлийн бодлого хатуу байх ёстой. Тухайлбал, хулгай, дээрэм, булаалт, залилан гээд явдаг. Энэ удаа нэг ухралт хийсэн байна. Булаалт, дээрэм хоёрыг нэг зүйл ангиар шийтгэдэг болсон. Энэ дээр эрдэмтэд дургүй байгаа. Хуулийн төслийн анхны эх дээр энэ байдлаараа орж ирсэн учраас хөндөөгүй байгаа юм. Бид нарын байр суурь өөр байсан. Дээрэм бол хүний амь, биед аюултай аргаар бусдын эд зүйлд халдан довтолж авдаг үйлдэл. Булаалт бол амь, биед аюулгүй аргаар булааж авдгаараа өөр. Эдгээрийг 1986, 1993, 2002 оны Эрүүгийн хуулиуд дээр тус тусад нь салгаж хуульчилж ирсэн. 1960 оны Эрүүгийн хууль дээр дээрэм, булаалтыг нэгтгэж зохицуулсан байдаг. Эрүүгийн эрх зүй хөгжиж байх ёстой. Гэтэл хуучин руугаа ухарснаа “Ямар ч байсан довтолгоо хийдэг юм чинь нэгтгээд зохицуулъя гэж нэгтгэсэн” гэж өмнөх хүмүүс тайлбарлаж байгаа юм.
-Хууль бичих техникийн шинжтэй асуудал учраас буцаагаад залруулж болох юм биш үү?
-Бид Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд захирагдах ёстой. Шинжлэх ухаан бол өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн юмс үзэгдлийг судлан шинжилж мэдлэгийн цэгцтэй системийг бүрдүүлж байгаа зүйл. Энэ утгаараа шинжлэх ухаанч байр сууринаас аливаа хууль тогтоомжид хандах ёстой. Тэр утгаараа хөгжил рүү тэмүүлж байх ёстой. Бүр болохгүй бол хатуу тогтсон хууль биш учраас засч залруулаад явж болох биз. Би танхай дээр маш хатуу байр суурьтай байгаа. Зөрчлийн хууль бол шинэчилсэн найруулгаар орж ирсэн. Танхайг эргэж Эрүүгийн хуульд оруулахгүй бол манайд танхайчууд их шүү дээ. Танхай бол манайд хамгийн ихээр үйлдэгддэг гэмт хэрэг. Үүнийг барьж ирсэн бодлогоо сулруулбал танхайн гэмт хэргээ тавиад туухыг үгүйсгэхгүй. Та бүгд мэдэж байгаа, олон нийтийн газарт, орон нутагт танхай нөхдүүд ямар их байдаг билээ. Танхайн гэмт хэргийн үндсэн шинж нь олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулах, нийтийн тогтоосон дэг журмыг эвдэх, олон нийтийн үйл ажиллагааг тасалдуулах хэв шинжээр илэрдэг. Энэ шинжийг хангасан үйлдэл, холбогдол бүхэн захиргааны зөрчил болж тодорхойлогдох гээд байгаа юм.
-Нөгөө талаас танхай, булаалтын хэргийг гэмт хэрэгт тооцчихвол шорон дүүрэх, гэмт хэргийн гаралт автоматаар ихсэх байх, тийм үү?
-Тоо бол ихсэх байх. Үнэндээ тоог хамгийн их өсгөх нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг. Одоо үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 55 хувь нь хулгайн гэмт хэрэг. Сая Эрүүгийн хуульд ажлын хэсгийн оруулсан хамгийн суурь өөрчлөлтийг хэлье. Бид хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэдгийн зааг ялгааг ажлын хэсэг дээр тодорхой болгож өгсөн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэдэг бол үйлдэл эхэлснээр төгсдөг, хор уршиг шаарддаггүй гэмт хэрэг. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бол заавал хор уршиг шаардаж байж гэмт хэргийн бүрдэл хангагддаг. Сая Эрүүгийн хуульд хохирол шаардахгүй хулгайн гэмт хэргүүдийг тодорхойлж оруулж ирсэн байсан нь өөрийн чинь хэлж байгаа эрүүгийн гэмт хэргийн зохиомол тоог өсгөх, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг тодорхой болголгүйгээр олон хүнийг ялтан болгох нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Бид ярилцаж байгаад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн материаллыг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийг бага бус хохиролтойгоос эхлээд гэмт хэрэгт тооцъё гэж шийдсэн. Бага хэмжээний хохиролтойг зөрчилд тооцдог уламжлалт зохицуулалтаараа явъя гэж тусгасан. 1000 төгрөгийн үнэтэй тамхины асаагуур хулгайлаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайн гэмт хэргийн субъект болох, хулгайн гэмт хэргийн бүрдэл хангагдах зохицуулалттай байсан. Ингээд ирвэл улсын хэмжээнд 100 мянган гэмт хэрэг шүүхээр шийдүүлэх нөхцөл байдал үүссэн.
-Үнэн юм уу, тамхины асаагуур хулгайлаад гэмт хэрэгтэн болно гэдэг арай л биш юм байна.
-Хохирлын хэмжээ шаардахгүй гэж байсан. Одоо бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240-өөд мянган төгрөг байгаа. Бид бага хэмжээг 300 орчим нэгжид барья. Үүнээс дээш хэмжээг бага бус хохиролд тооцож эрүүгийн хэрэг гэж үзье гэсэн юм.
-Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй үнэтэй гар утас хулгайлбал 20 мянган төгрөгийн торгууль төлөөд гарчихдаг байсан даа, хулгайч нар?
-Наадах дээр чинь зөрчлийн шийтгэлийн бодлого дээр өөрчлөлт орж байгаа. Хоёрт, энэ удаагийн Эрүүгийн хуульд нэг онцлог бий. Тэр нь, үйлдэл болгонд нь хариуцлага тооцох суурь зарчим үйлчилнэ.
-Тэгвэл 120 мянган төгрөгийн үнэтэй эр хонь хулгайлсан хүний ял яагаад 500 мянган төгрөгийн үнэтэй гар утас хулгайлсан хүний авах ялаас өндөр байгаа юм бэ. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөө, орон нутгаас сонгогдсон учраас малын хулгайг ингэж өндөр ялтай болгоод байдаг юм уу?
-Үнэн үнэн. Энэ зохицуулалт одоо ч хэвээр хадгалагдаж байгаа. Би хуульч хүний хувьд хулгай бол хулгай гэж үздэг. Яагаад гэвэл, хүний өмч гэдэг агуулгад мал орно. Өмч гэдэг бол хүний эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хангасан, гүйлгээнд оруулж болдог эд зүйл, юмсыг хэлдэг. Тэр утгаараа хүний гар утсын өмчийн эрхийн хамгаалалт, хүний малыг өмчлөх эрхийн хамгаалалт хоёрт ялгамж байж болохгүй гэж би үздэг. Гэвч одоо хуульдаа хэвээрээ явж байгаа. Өмчийг ялгамжтай хамгаалсан гэх муу талтай, малын хулгайтай тэмцэх төрийн эрүүгийн бодлогыг бататгаж өгсөн сайн талтай. Сая “мал” гэдгийг ерөөсөө таван хошуу малаар хязгаарлая гэж хатуу тогтсон. Гаршуулан тэжээлсэн бусад амьтдыг мал гэдэгт хамруулахгүй байя гэсэн. Ер нь бол Эрүүгийн хуулийн 145.1 гэдэг нэмэлтээр “мал хулгайлах” гэдэг гэмт хэргийг сүүлд бий болгосон нь шалтгаантай юм билээ. Нэгт, манай УИХ-ын бүрэлдэхүүний дийлэнх нь хөдөө орон нутгаас сонгогдсон. Хоёрт, Монгол Улсыг мал аж ахуйн орон гэж үздэг. Гуравт, мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж Үндсэн хуульд заасан. Энэ бүхэнтэй уялдаад малын хулгайг бие даасан зүйл анги болгож зохицуулахаар болсон юм билээ.
-Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодисын хууль бус хэрэглээнээс их айж байна. Хар тамхины хоёр том хэрэглэгч, нийлүүлэгч орны голд байдаг улс шүү дээ, манайх. Мал эмнэлгийн эмч нар хүртэл эм, тариа хүүхдэд зараад байгаа дуулдах юм. Эрүүгийн хуулиар яаж тэмцэх вэ?
-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хуулийн зохицуулалт явж байгаа. Энэ дээр “хэрэглэгч” гэдэг ойлголтыг “олж авах” гэдэг томъёоллоор цаашид өргөтгөе гэдэг санал ажлын хэсэг дээр яригдаж байгаа.Манайх чинь хэрэглэсэн хүндээ хариуцлага тооцдоггүй. Үүнийг цаашид хууль бусаар олж авсан гэдэг утгаар хэрэглэсэн хүмүүст хариуцлага тооцох субьектын хамаарлыг өргөсгөе.
-Энэ хууль долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлбэл хэдэн хүний ял хөнгөрч, хэчнээн хүн суллагдах бол. 2015 онд бол найман мянган хүний тал нь шахуу суллагдана гэсэн яриа гарч байсан?
-Энэ тоо чинь нууц байдаг юм аа. Улсын хэмжээнд хорих ангид 7000 орчим ялтан, баривчлах байранд тодорхой тооны хүн байгаа. Тэгшитгэлээр тооцогдоод явна. Ер нь бол хохирлын хэмжээг тооцон суурь өөрчлөлт оруулсантай холбоотойгоор шоронжуулах ялын доод хэмжээг 7 хоног байсныг зургаан сар болгосон. Рецедив гэдэг ойлголтыг Эрүүгийн хуулиас халж байгаа. Дээд шүүх бол эсрэг байр суурьтай байна лээ. Цөөн төрлийн онц хүнд гэмт хэрэг дээр давтан үйлдлээр нь хүндрүүлэхээр оруулж ирсэн. Шүүх бүрэлдэхүүн хорих ял оногдуулахаас өмнө биш урьдчилан тэнсэхээр зохицуулж байгаа. Өмнө нь бол таван жилийн хорих ял ногдуулаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангиа журамлаж таван жилээр тэнсэн харгалзахаар боллоо гэдэг байсан. Одоо бол таван жилийн тэнсэн харгалзах ял оноохоор болж байгаа. Энэ мэтээр шоронжуулах явдлаас зугтсан, хохирогч хохирсноороо үлддэггүй хууль хийх гэж оролдсон.
-Магадгүй танай парламентын үед Өршөөлийн хууль батлах асуудал яригдаж мэдэх юм. Дөрөв дөрвөн жилээр гэмт хэрэгтнүүдээ сулладаг, үүнийгээ сонгууль угтаж хийдэг явдал гаарлаа. Шинэ Эрүүгийн хуулийг батлахад Өршөөлийн хууль хэрэггүй боллоо гэдэг мессеж явсан. Харин та юу гэж үздэг вэ?
-Намайг зарим уншигч харгис бодолтой байна гэж бодож магадгүй. Төр гэмт хэрэгтэй тэмцэх өөрийн гэсэн хатуу бодлоготой байх ёстой юм. Дөрвөн жил тутам гэмт хэрэгтнүүдээ, татвараа нуусан, хууль бусаар орлого олсон хүмүүсээ өршөөгөөд байвал төрийн дархлаа, үйл ажиллагаа суларна. Өнгөрсөн 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль буюу эдийн засгийн өршөөлөөр 33 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө ил болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс M-1 гэдэг томъёоллоос илүү дүнтэй хөрөнгө ил болж байна гэдэг бол далд эдийн засаг ямар их байсныг илтгэлээ. Одоо дахиад өршөөх юм чинь гэж давраад далд эдийн засгийг үүсгэх эрсдэлтэй. Ийм учраас төр хатуу байх ёстой гэж боддог. Хоёрт нь, уламжлалаа харвал өршөөл үзүүлэх ойлголт нь урт хугацааны давтамжтай явдаг байсан. Их Монгол Улсын үед шинэ хаан залрах үедээ “Өмнөх төрийн үед хийсэн гэм нүглийг чинь өршөөе. Энэ төрд чин шударгуу зүтгээрэй” гэдэг агуулгаар өршөөл үзүүлж ирсэн. Өнгөрсөн социалист эрх зүйн системийн үед ч гэсэн олон жилийн алслалтай өршөөл үзүүлж байсан. 1990-ээд оноос хойш Өршөөлийн хуулийн давтамж хэт ойртсон. Эрүүгийн хууль нийгмийг гэмт явдал, халдлагаас хамгаалж, гэмтнийг цээрлүүлэх шинж чанараа хадгалах ёстой. Тийм учраас ойр ойрхон гэмт хэрэгтнүүдийг өршөөгөөд байвал Эрүүгийн хуулийн шинж чанар алга болно.