Open iToim app
Анализ | 6 мин уншина

Нэг өдөр-нэг сэдэв: Утаа

Нэг өдөр-нэг сэдэв: Утаа
Нийтэлсэн 2015 оны 11 сарын 20
Хүн байгалийн харилцаа улам бүр нягтрахын хэрээр дэлхий дахинд олон тулгамдсан асуудал бий болоод байгаагийн нэг нь агаарын бохирдол.
Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот маань “Саарал хот” нэр зүүсээр арваад жилийг ардаа үджээ. Хүйтний улиралд санаж, дулааны улиралд мартчихдаг утаа, агаарын бохирдлын тухай бид олон жил ярьсаар чихэнд дасал болж, “дүлийдээ найдах”-ын үлгэрээр үл тоон эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, холуур өнгөрч болох зовлонг өөрсдөдөө ойртуулсаар байна.
Тэгвэл энэ жил утааны тухай яриад өнгөрөх биш, хүн бүрт агаарын бохирдлын талаар ойлгуулж, амьсгалын зам, нярайн өвчлөлийн гол шалтгаан болоод буй утааны сэдвийг www.iToim.mn багц сэдэв болгон хөндөж байна. Бид долоо хоног бүрийн баасан гаригт нэг сэдвээр дагнан сурвалжлага, нийтлэл бэлтгэж байхаар боллоо. Энэ удаад бид "Нэг өдөр-нэг сэдэв: Утаа" сэдвээр багц нийтлэл бэлтгэлээ. 
Нийслэлийнхэн өвөлдөө дулаан, тохитой өнжихийн тулд дөрвөн цахилгаан станцаас дулаан, цахилгаанаа авдаг. Мөн өвөлдөө хөл дулаан өнжихийн тулд автомашин ихээр хэрэглэх болсон. Гэвч бид эдгээрийнхээ утаа, тоосонд жил бүр дарагдаж, хорт утаанаас угшилтай олон төрлийн өвчнөөр өвчилж, утаа гэх хорыг хүйтний улиралдаа “зооглосоор” ирлээ.
Биднийг дулаан өвөлжүүлэх бэлтгэлийг хангадаг цахилгаан станцуудын түлдэг түлш нь Багануурынх. Мөн нийслэлийн гэр хорооллынхон Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсийг шатааснаас хүний биед хортой олон тооны бодис цацагдан, салхиар дамжин тоосонцрууд нь газар саагүй тархдаг. Ингэснээр жилд дунджаар силициум 134.81 тонн, мөнгөн ус 0.0038 тонн, хар тугалга 0.086 тонныг агаарт цацаж, тэдгээр бодис бидний уушги, хүрээлэх орчинд шингэдэг гэсэн үг. Эдгээр нь мөн харшлын өвчлөлийн шалтгаан ч болдог аж.
Хэдий төрийн өмчийн дулааны станцуудыг агаар бохирдуулсных нь төлөө торгодог ч тэр мөнгө нь улсаас, өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн халааснаас л гардаг. Хуульд заасан торгуулийн дээд хэмжээ нь 250 мянган төгрөг байгаа юм. Технологи нь хоцорсон үйлдвэрээ засч, шинэчилж, технологийн нь сайжруулахын оронд агаарын бохирдлын, торгуулиа төлж, амиа аргацаасаар өдийг хүрлээ. Гэтэл нийслэлийн агаарын бохирдлын ихэнхийг эдгээр үйлдвэр “нийлүүлдэг”.
АНУ-д цахилгаан станц стандарт зөрчвөл нэг удаа 25 мянган ам.доллараар торгодог байна. Энэ нь тухайн үйлдвэрийн ашигт ажиллагаанд шууд нөлөөлдөг учир үйлдвэрүүд ямагт бохирдлыг багасгах, арилгах арга зам, шинэ дэвшилтэт технологийг эрэл, хайгуул хийн, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байна.
Хэдий улс, хотын удирдлагууд сүүлийн арваад жилийн турш агаарын бохирдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч байгаа ч энэ нь мэдэгдэхүйц ахиц гаргахгүй байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрсөн хэмжээнээс долоо дахин их , нийслэлийн 70 хувь нь агаарын бохирдолтой гэх тооцоог гаргажээ.  
Нийслэлд төвлөрсөн 180 мянган өрх жилдээ хагас сая тонноос ч илүү нүүрс түлж, хүний амьсгалах төвшний агаарын давхаргад өдрөөс өдөрт хорт утаа нэмж үйлдвэрлэсээр байгаа юм. Манайх утаагүй зуух хөтөлбөрийг хэрэгжүүлэн 175 мянган өрх буюу гэр хорооллын айлуудын 97.6 хувь нь хөнгөлөлттэй үнээр энэ зуухыг худалдан авсан. Гэвч энэ нь утааг багасгах бодит алхам болж чадахгүй, энэ хөтөлбөрийн төсөв хэдхэн хүний халаасанд орсон байгаа юм.
Түүхий нүүрсний шаталтаас ялгарах хүхэрлэг хорт хий хүний уураг тархийг гэмтээж, уушгинд сэв суулгадаг. Гэтэл энэ хорт хийн хэмжээ хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнээс өдөр бүр давсаар л, бид түүнийг залгисаар л байна. Бас угаарын хий хэмээн нэрлэдэг дутуу шатсан азотын давхар ислийн хийн хэмжээ хуулийн зөвшөөрөгдөх хэм хэмжээнээс эрс хэтрээд мөн адил хотын гудамж талбайг бүрхэн хүн амыг хордуулсаар байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгарах утаа хүний амьсгалах төвшний ойрхи өндөрт цацагддаг. Түлшний найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг. Үүнээс гадна арьс шир боловсруулах үйлдвэр, автомашин засварын газар гээд олон аж ахуйн нэгж мөн л хотын агаарыг бохирдуулах эх үүсвэр болно. Хэдий манай улс утаагүй шатахуун гэх “Мон-93”-ыг үйлдвэрлэсэн ч энэ нь сураг тасраад удаж байна. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 736288 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэнээс 62 хувь нийслэлд төвлөрч байна. Нийслэлийн тээврийн хэрэгсэл дөрвөн жилийн дотор 2.6 дахин өссөн байгаа бөгөөд 2014 оны эхний арваннэгэн сарын байдлаар 57951 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн байгаа юм.
Сүүлийн таван жилийн нийслэл хотын тэргүүлэх таван өвчлөлийн шалтгааныг авч үзвэл амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин тэргүүлж, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, осол гэмтлийн шалтгаант өвчнүүд удаалж байна. Улаанбаатар хотын хүн амын дунд амьсгалын замын зарим өвчин улсын дунджаас 1.6-2.2 дахин, уушгины хавдар улсын дунджаас мэдэгдэхүйц нэмэгдсэнийг агаар бохирдуулах хорт бодисын хэмжээ, нэр төрөл өссөнтэй холбоотой гэж болно.
Нийслэлийн оршин суугчид амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл, артерийн даралт ихсэх, астма, бронхит, харшил, уушигны цэврүүт өрөвсөл зэрэг өвчлөлд байнга нэрвэгдэж байна.Судалгаагаар Улаанбаатар хотод зөвхөн 2005 онд 36400 хүн амьсгалын замын өвчинд өртөж, тэдгээрийн эмчилгээнд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан тооцоо гараад байна.
Насанд хүрсэн хүнийг бодвол хүүхэд илүү хурдан амьсгалдаг нь бага насны хүүхэд агаарын бохирдолд илүү өртөмтгий гэдгийг ч харуулж байгаа юм. 
Түүнчлэн хүүхэд хөдөлгөөн ихтэй учир амаараа илүү амьсгалдгаас агаар дахь хор тэдний хөгжиж гүйцээгүй уушгины эд, эсэд шууд ордог. Судалгаагаар Улаанбаатар хотод хүүхдийн нийт өвчлөлд агаар дахь тоос хамгийн их буюу 38.3 хувь, амьсгалын эрхтний өвчлөлд агаарыг бохирдуулах хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.7 хувь байгааг тогтоожээ.
Дэлхийн банк, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны 2012 онд хийсэн хамтарсан судалгаанд дурдсанаар жилд 1600 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөр нас баржээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй уушги, зүрхний өвчлөлөөр жилд 8500 хүн өвчилдөг гэх тоо баримтыг дэлгэжээ.
Угаарын хийн тун хэтрэхэд хүн амьтныг шууд л үүрд нойрсуулдагийг бид бүгд мэднэ. 1959 оны Лондоны агаарын бохирдлын эмгэнэлт явдал үүний том жишээ гэж болно. Тухайн үед тавхан хоногийн дотор 4000 гаруй хүн амиа алдаж, Лондон хотын амьдрал тэр чигтээ зогссон байдаг. Үүнтэй адил Хятадын Харбин хотын агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн долоо хоногт байх ёстой хэмжээнээс 50 дахин ихэсч, 11 сая хүн амтай хот сургууль, агаарын тээвэр, замуудаа хэсэгчлэн хаахад хүрээд байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол бидний амьдралаас долоо хоногийн нэг өдрийг хороож, жилд 30 сая хүний амьдралыг хороож бна
Нийслэлийн нэг иргэн жилдээ 90 шахам кг хорт хийгээр амьсгалж, амьдрах хугацаагаа улам богиносгосоор байна. Судалгаагаар агаарын бохирдол хүний амьдрах хугацааг 2-3 жилээр хороодог байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол бидний амьдралаас долоо хоногийн нэг өдрийг хороож, жилд 30 сая хүний амьдралыг "залгиж" байна.
Агаарын бохирдол нь ганц манайд тулгамдаад байгаа асуудлын нэг биш юм. Энэ сарын 30-нд Парис хотноо эхлэх дэлхийн уур амьсгалын эсрэг чуулганаар хүлэмжийн хийг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод буй нүүрсний хэрэглээгээ хэрхэн бууруулах амлалтаа улс орнууд өгөх юм. Түүнчлэн нүүрсийг шинэ технологиор шатаах дэвшилтэт техникүүдээ ч танилцуулна.
Ингээд www.iToim.mn сайтын агаарын бохирдлын талаархи багц сэдвүүдийг доорхи линкүүдээр холбогдон уншина уу.
Агаарын бохирдлоо бууруулж чадсан хотуудын жишээ:
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн