УИХ бол ард түмний сонголт. Гишүүдийг нь ард түмэн сонгодог учраас парламентыг бага ард түмэн гэдэг. Харин сүүлийн өдрүүдэд хувийн эрх ашгаа ард түмний сонголтоос дээгүүрт тавьсан УИХ-ын гишүүдийн урвалт шарвалт хэрээс хэтэрлээ. УИХ-ын гишүүний өндөр эрэмбэ байтугай, энгийн иргэдийн дунд ч хүний ёсонд ичмээр урвалт, нэр дэвшихийн тулд нам солих хөдөлгөөн өдөр бүр өрнөж байна. Ард түмэн 2012 оны сонгуулиар энэ УИХ-ыг олонхигүй ч, таван намын төлөөлөлтэй, парламентын гурван бүлэгтэй, бас бие даагчтай байхаар сонгосон. Гэтэл өнөөдөр ард түмний тэрхүү сонголтыг, намуудын суудлын тоог улстөрчдийн урвалт хэрхэн өөрчилснийг хүснэгтээр харьцуулъя.
Хүснэгтээс харвал анх Д.Арвинаас эхэлсэн УИХ доторхи шилжилт хөдөөлгөөн Ц.Цолмон, Д.Батцогт нараар үргэлжилж, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг нараар ч дуусахгүй бололтой. Бие даагчаас ХҮН-ын дарга болоод буусан С.Ганбаатарын ээлжит урвалт АН-аар үргэлжилж, мөн ИЗН-ын хоёр дарга С.Оюун, С.Дэмбэрэл нар ч намаа сольж АН-д орох, тус намын нэр дээр 2016 оны УИХ-д дэвших улстөрийн тохироо явж байгаа юм байна. Тэд нэмэгдвэл энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд 12 биш, нийт 14 гишүүн шилжилт хөдөлгөөн хийж, хамгийн олон гишүүн урвуулсан намаар АН өрсөлдөгчгүйгээр тодорч байна.
Хувь хүн намаа сольж болно. Хувийн үзэл бодол өөрчлөгджээ гэж ойлгоё. Харин УИХ-ын гишүүн намаа солино гэдэг бол түүнийг парламентад сонгосон ард түмний сонголтоос урваж байга хэрэг юм. Анх УИХ-д сонгогдоход нь Д.Арвинд МАН-ын, Д.Батцогт, Г.Уянга, Л.Цог нарт бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр нүүр мөн ч их нэмэр болсон доо. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуунд гэхэд бие даасных нь төлөө нам бусчууд саналаа өгснийг тэд өнөөдөр мартжээ.
Ер нь ганц О.Баасанхүү л адлагдаад байгаа болохоос гишүүдийнх нь урвалтын үр дүнд өнөөдөр задраад байгаа “Шударга ёс” эвслийн гишүүдийн олонхи нь, бараг бүгдээрээ Н.Энхбаяр гэдэг хүний оймсонд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн юм. Тэдэн дундаас Ц.Цолмон, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг нар бол нэг ч хүнээс санал аваагүй, зөвхөн Н.Энхбаярын оймсонд өгсөн саналаар,намын жагсаалтаар УИХ-ын гишүүн ч, сайд ч болсон юм. Тэд өнөөдөр оймсоо орхиж, арай том намын хаяа бараадахаар сонголт хийсэн ч, цаад агуулга нь санал өгсөн сонгогчдоосоо урваж, ард түмний сонголтыг өөрчиллөө. Нэгэн цагт М.Энхсайхан МҮАН-ыг байгуулж АН-ыг задалсантай адил Н.Энхбаяр МАХН-ыг байгуулж МАН-ын хүчийг сулруулах, 2012 оны сонгуульд ялагдахад хамгийн их хүчин зүтгэж, бас шадарлсан хүмүүс бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар юм. МАН өнөөдөр УИХ-д 26 суудалтай сөрөг хүчин байгаа нь, үнэндээ бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын 2012 оныулстөрийн сонголт, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын бие даалтын шууд үр дүн шүү дээ. Хоёр эзний нэг зарц мэт тэд, бас М.Сономпил, Н.Батцэрэг нар ахиж УИХ-д нэр дэвшихийн тулдөнөөдөр төрхөмдөө буцаж ирлээ. Тэдэнд ичих булчирхай, улайх арьсан нүүр гэж байхгүй бололтой. Улстөрд мөнхий найз, мөнхийн дайсан байхгүй, харин мөнхий эрх ашиг л гэж байдаг гэдэг энэ ажээ. Тэрхүү мөнхий эрх ашиг нь дандаа хувийнх. Багаар тоглох улстөрд хувийн эрх ашгийнхаа төлөө нэг урвасан хүн хоёр, гурав дахиа ч урвадаг. Тийм учраас энэ УИХ-ын эрээ цээргүй их урвалтаас санаа авч ирэх парламентаас эхлээд сонгогдсоныхоо дараа намаа сольбол УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хууль батлах хэрэгтэй. Ядаж л хэвлэлийнхэн монгол хүний жудаг, ичих насаа мартсан тэдний тухай “намаас гарлаа, тэр намд элслээ, нам сольсон шалтгаан нь…” гэж гоё сайхнаар бичмээргүй байна. Зүй нь эрх мэдлийн төлөө ард түмний сонголтоос урвасан тэдэнд нүүр хийх газар олдохгүй байх байтал ардын баатар мэт тодрох нь хэвлэлийнхний л буруу. Намаа сольсон, нэг байтугай нэлээн хэд урвачихсан эдгээр хүмүүсийн төлөө олон нийт ахиж саналаа өгөхгүй байвал сайнсан. Бидний байнга жишээлж ярих дуртай мянганы суут хүн агуу Чингис хаан жанжнаа, эсвэл цэргээ орхиод ирсэн хэнтэй шадарлаж байгаагүйг санацгаая. Бас Есүхэй баатарт хор өгсөн Татарын ханы нэг үг байдаг даа. Миний амьдрал хор өгч эхлээд, хор ууснаар дуусч байна гэж. Үүн шиг улстөрд урвалтаар эхэлсэн улстөрийн карьер урвалтаар дуусдаг гэдэг бас үнэн байж мэдэх л юм.