Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

"Нэг жилд оношлогддог байсан уушгины хавдрын тохиолдол одоо долоо хоногт л илэрч байна"

"Нэг жилд оношлогддог байсан уушгины хавдрын тохиолдол одоо долоо хоногт л илэрч байна"
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 7
Агаарын бохирдол, ханиад томуу нь уушги өвчлөх томоохон шалтгаан болж байна. Халдварт бус өвчний гаралт буурч байгаа ч уушгины өвчлөл нэмэгдэж байгаа талаар мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм. Уушгины өвчнөөс хэрхэн сэргийлэх, уушгиа яаж хамгаалах талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги судлалын клиник тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Уушгины өвчлөл нэмэгдэж байна гэж байна. Ямар шалтгаанаар энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байна вэ?
-Монгол Улсын хэмжээгээр халдварын бус өвчлөлийн нэгдүгээрт амьсгалын замын өвчлөл байдаг. Амьсгалын замын цочмог халдвар буюу ханиад, томуу энэ цаг үед хамгийн олон хүнийг хамран өвчлүүлдэг, түгээмэл тохиолдож байна. Томуу, томуу туст өвчин бол вирусийн халдвараар үүсдэг. Вирусийн халдварын онцлог нь 200 гаруй төрлийн вирус томуу, томуу туст өвчний үүсэх шалтгаан болж, хүйтэн сэрүүний улиралд агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварладаг. Халдварлах чадвар их өндөртэй учраас өвчлөл нь хүн бүрт адил байдаг. Ялангуяа бага насны хүүхэд хамгийн ихээр өвддөг. Бага насны хүүхдийн дархлааны тогтолцооны хөгжил сул, амьсгалын эрхтэн тогтолцооны хамгаалалтын тогтолцоо сул, сургууль цэцэрлэгийн орчинд халдвар авах боломж их байдаг учраас хүүхдүүд илүү их өвддөг. Ханиад нь хатгаа болох тохиолдол ч их байна. Бага насны хүүхдүүдээс гадна амьсгалын замын архаг өвчтэй, зүрх судасны архаг өвчтэй, чихрийн шижинтэй, дархлаа сул хүмүүст ханиад томуу, вирусийн цочмог халдвар нэлээн элбэг тохиолдож, хүндэрч байна.
-Нэг хүн жилд дундаар хэдэн удаа ханиад хүрдэг вэ. Олон давтаж ханиад хүрэх нь уушгинд ямар нөлөө үзүүлдэг в?
-Нэг жилд том хүн 4-6, хүүхэд 6-8 удаа ханиад тусч байна. Тиймээс ханиаднаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуудал чухал байгаа юм. Вирус халдварлах чадвар өндөртэй агаар байгаа учраас ямар ч насны хүн өвчлөх боломжтой байдаг. Тиймээс хамгийн нэгдүгээрт томуугийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Тухайн жилд хамгийн их тархалттай байгаа, хамгийн хүнд өвчлөл үүсгэж байгаа вакциныг хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс хийлгэх хэрэгтэй. Хоёрдугаарт тухайн хүний бие махбодын онцлог, дархлааны тогтолцооны байдал, тухайн вирусийн халдварлах чадвар гэх мэт олон хүчин зүйлээс амьсгалын замын өвчлөл хамаарч байдаг. Тиймээс дархлааны тогтолцоогоо хэвийн, эрүүл байлгах хэрэгтэй. Хүн дан бактери, вирусийн халдвар дунд амьдарч байдаг учраас бактери, вирустэй хүний дархлалын систем байнгын тэмцэлдэж байдаг. Тэгэхээр эрүүл, сайн дархлаатай байвал бага өвддөг. Өвдсөн ч хүндрэхгүй байх ач холбогдолтой. Дархлаагаа сайн байлгахын тулд хамгийн түрүүнд хоол хүнсээрээ дамжуулан хангалттай хэмжээний амин дэм, өөх тос, уураг, нүүрс ус, витаминаар баялаг халуун хоол, цай хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хүний дархлааны солилцоо сайн байна. Мөн аль болох цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй. Олон дахин давтан ханиад хүрэх нь мэдээж уушгийг гэмтээнэ. Тиймээс дархлаагаа сайжруулж, аль болох ханиад хүрэхгүй байх хэрэгтэй.
-Томуугийн эсрэг вакцин хийлгэвэл ханиад хүрэхгүй юу?
-Өвлийн улиралд томуугийн вакцин хийлгэвэл ханиад хүрсэн ч хөнгөн явцтай эмчлэхэд цөөн хоног шаардагдана. Хэрвээ ханиалгахад уушгиар тань хатгуулж, цэр гарч байвал цэрний шинжилгээ өгч занших хэрэгтэй. Энэ шинжилгээгээр ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй байх эмчилгээний арга гарч ирдэг юм. Гол нь, эмийн замбараагүй хэрэглээг л хязгаарлах хэрэгтэй байна. Зарим хүн дур мэдэн замбараагүй эм хэрэглэснээс эмийн дархлаатай болчихсон байдаг. Эм хоол биш өвчин эмнэх химийн бодис.
-Ханиад хүрсэн үедээ эмчид үзүүлэлгүй эмийн санчийн зөвлөгөөгөөр ямар ч хамаагүй эм уудаг. Ер нь ханиадыг хэрхэн эмчлэх ёстой вэ?
-Дураараа эмчилгээ хийх нь богино хугацаанд уушгины хатгаа, багтраа өвчнөөр өвчлүүлэх эрсдэлтэй. Тиймээс цаг хугацаа алдалгүй мэргэжлийн эмчид хандаж, эмчийн заавраар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ялангуяа антибиотикыг ханиад хүрэнгүүт л хэрэглэдэг. Вирусийн халдвартай ханиад томууны үед антибиотик ямар ч үйлчилгээгүй. Харин ч дархлааны тогтолцоог сулруулна. Өндөр халуурах тусам тариа хийгээд байдаг. Гэтэл ямар ч сайн тариа, эм вирусийн ханиадад эмчилгээ болохгүй. Дөрвөн хоног, түүнээс дээш хоногоор халуурвал ханиад хүндэрч байгаагийн шинж. Тэгэхээр олон хоног халуураад, амьсгаадаад байгаа бол нөхцөл байдал хүндэрч байна гэсэн үг. Тиймээс яаралтай эмчид хандах шаардлагатай.
-Агаарын бохирдол уушгины өвчлөлд нөлөөлдөг үү?
-Улаанбаатар хотын агаарын бохирдол маш өндөр төвшинд байгаа. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 10 хотын хоёрдугаарт Улаанбаатар орсон бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их агаарын бохирдолтой байна. Ялангуяа гэр хороололд жижиг тоосонцрын бохирдолтын хэмжээ 120-130 дахин их байна. Агаарын бохирдлын ийм орчинд ямар ч хүний уушги гэмтэх, амьсгалын замын өвчнөөр өвчлөх, гуурсан хоолойн цочмог үрэвсэл, архаг үрэвсэлтэй болох, гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт, уушгины хатгаагаар хүндрэх, уушгины архаг өвчнүүдийн суурьтай болох нөхцөл үүсээд байна. Агаарын бохирдлын улмаас амьсгалын замын уушгины бүх төрлийн өвчин үүсч байна. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн багтраа өвчин жил ирэх бүр улсын хэмжээнд нэмэгдэж байна. Энэ нь агаарын бохирдол, хүний амьдралын орчны өөрчлөлттэй холбоотой. Өнөөдөр нас баралтын шалтгааны зургадугаарт уушгины архаг бөглөрөлт эрэмбэлэгдэж байна. Харин 2030 он гэхэд нас баралтын шалтгааны дөрөвдүгээрт орно гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааны дүн харуулсан. Амьсгалын эрхтэний тогтолцоонд нөлөөлөх гадаад орчны нөлөөлөл ихэсч байна. Тиймээс иргэд өөрсдөө аль болох цэвэр агаарт гарч, дархлаагаа сайжруулж эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй.
-Хатгаа тусаад уушги нь устаж байна гэж хүмүүс ярьдаг. Ер нь ямар шалтгаанаар уушги устдаг вэ?
-Уушгины усталт бол хоёрдогч байдлын өвчний илрэл болж явдаг. Уушги устана гэдэг нь уушгины гадна байдаг гялтан хальсны гадна ус хуримтлагдахыг хэлж байгаа юм. Ер нь сүрьеэ өвчнөөс шалтгаалан уушги устдаг. Мөн уушгины хатгаа, уушгины хавдрын улмаас уушги устдаг. Тиймээс яг ямар шалтгаанаас болж уушги устсан бэ гэдгийг зөв оношилж, зөв эмчилгээ хийж байж уушгины усталтыг зогсоодог.
-Хавдрын өвчлөл аюулын харанга дэлдээд удаж байна. Тэр дундаа уушгины хавдрын өвчлөл ямар төвшинд байдаг вэ. Ер нь хүн уушгиа хэрхэн хамгаалах вэ?
-Хавдар судлалын эмч Оюунчимэгийн судалгаагаар жил ирэх бүр уушгины хавдар нэмэгдэж байна. Хэдэн жилийн өмнө нэг жилд 12-15 уушгины хавдартай хүн оношлогддог байсан бол өнөөдрийн байдлаар долоо хоногт 16-17 уушгины хавдар илэрч байна. Уушгины хавдар үүсгэх хамгийн гол шалтгаан нь тамхи байдаг. Монгол эрчүүдийн дунд тамхидалт маш их байна. Эрчүүдийн 65 хувь нь тамхи татдаг. Тамхины найрлагад агуулагддаг хүнд металлын давс, никотин уушгины эрүүл эд эсийг хорт хавдрын эс рүү шилжүүлдэг. Ер нь ганц уушги ч биш бүх эрхтний хорт хавдрын гол шалтгаан нь тамхи болж байна. Мөн агаарын бохирдол, түүний найрлагад агуулагдаж байгаа хавдар үүсгэгчийн нөлөөгөөр тамхи татдаггүй хүмүүс ч уушгины хавдартай болж байна. 
-Тэгвэл тамхинаас гарснаар хорт хавдраас сэргийлж чадах уу?
-Хэрвээ тамхийг хаяж чадвал хорт хавдраас 90 хувь сэргийлж чадна. Хүмүүс ихэвчлэн тамхинаас гарах гэж байгаа, багасгаж байж гарахгүй бол чадахгүй нь гэдэг. Харин уушги төлжих нь тухайн хүний дархлаанаас шууд хамааралтай. Гэхдээ олон жил тамхи татсан хүмүүс уушгины архаг бронхиттой, гуурсан хоолойн багтраатай, болсон байдаг тул эмчилгээг тууштай хийлгэх хэрэгтэй. Хамгийн гол нь манайхан тамхи татахаар ганц уушги л хордоно гэж боддог. Тав, арван жил тамхи татлаа зүгээр л байна гэдэг. Энэ бол маш буруу ойлголт. Үнэндээ тамхи татсанаар ганц уушги биш маш олон эрхтэн давхар гэмтдэг. Амны салст, шүлсний булчирхай, залгиур, улаан хоолой, уушги, зүрх, хөх арьс, эрэгтэй эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн зэрэгт хавдар үүсэх нөхцөл болдог.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн