Open iToim app
Фото | 4 мин уншина

Нэгэн зууны тэртээх Монгол орон

Нэгэн зууны тэртээх Монгол орон
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 21
Монголчууд 1911 онд Манжийн дарангуйллаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаад Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо Өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдсэн түүхтэй.
Туурга тусгаар улс болсноо дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зүйл бүрээр оролдож, шинэ тутам улс юугаа сэргээн хөгжүүлэхээр олон шинэлэг ажлыг хийж эхэлсэн Богд хаант Монгол Улсын тухайн үеийн дүр төрх гэрэл зурагт мөнхрөн үлджээ. Тэгэхдээ бүр өнгөтөөр шүү. Нэгэн зууны тэртээх монголчуудын дүр төрх, Нийслэл Хүрээний өнгө үзэмж ямархуу байсныг өнөөдөр бид өнгөтөөр үзэх боломжтой боллоо. Энэ сайхан боломжийг бидэнд Франц улс дахь Альберт Канны музей олгож байна.
ХХ зууны эхээр Франц улсаас дэлхийн 50 гаруй улс орон руу гэрэл зурагчдын баг илгээж тухайн улс орны түүх, соёл, зан заншлыг харуулсан өнгөт гэрэл зургийн сурвалжлага бэлдэж ирэх далайцтай томоохон төсөл хэрэгжүүлсэн ажээ. Энэхүү төслийг санхүүжүүлэгч нь банкны эзэн, саятан Альберт Канн байв.
Альберт Канн

Альберт (Абрахам) Канн нь 1860 оны гуравдугаар сарын 3-нд Францын Ба-Рин мужийн Мармутие хотод еврей гаралтай худалдаачны гэр бүлд төржээ. Эцэг Лүй нь малын худалдаачин байсан ба эх Бабет Блош нь Альбертийг 10 настай байхад нас баржээ.
1870 оны Франц-Германы дайн энэхүү гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн аж. Дайны үеэр түүний төрсөн нутаг нь Германы эзэмшилд орсон тул Канны гэр бүлийнхэн Мөз мужийн Сайн-Мишээл хотод нүүн очжээ. Залуу хүү А.Канн 1873-1876 онд Саверн мужид дунд сургууль дүүргэсний дараа Парис хотод амьдрахаар очиж холын хамаатан болох Эдмон Гудшу, Шарль нарын банкинд ажилд оржээ. Тэрбээр банкинд ажиллахын зэрэгцээ сурч байсан бөгөөд 1882 онд хэл шинжлэл, 1885 онд хуулиар бакалаврын зэрэг хамгаалжээ.
Гудшугийн банкныхан түүний санхүүгийн авъяас чадварыг өндөр үнэлж, магтан сайшааж байлаа. Үүнээс хэдхэн жилийн дараа 1889-1893 онд тэрээр өмнөд Африкийн алт, алмааз эрдэнээр өөрийн хөрөнгийг босгож чадсан байна. 1892 оноос Гудшугийн банкны хамтран ажиллах түнш болсон А.Канн 1898 онд өөрийн нэртэй банк байгуулан ажиллаж эхэлжээ. Энэхүү банк нь гадаадын олон орон тэр дундаа Японтой хамтран үйлдвэрийн болон олон улсын зээл бий болгож амжилттай ажилласан байна. А.Канн өндөр үнэ цэнэтэй, ховор нандин зүйлийг эрхэмлэдэг нэгэн байсан бөгөөд банкныхаа эрдэнэсийн санг түүгээр дүүргэж чадсанаар Францад төдийгүй олон улсад алдар нь түгжээ.
Боловсролтой, амжилт бүтээлээр дүүрэн банкны эзэн тэрээр 1898 оноос эхлэн өөрийн амьдрал, эд хөрөнгөө энх тайвны төлөөх үйлсэд зориулах болжээ. Тэрээр хүмүүс хоорондын болоод олон улсын хамтын ажиллагааны ойлголцлыг дэмжих үүднээс олон тооны байгууллага, сургалтын газруудыг нээсэн байна.
Түүний нэрэмжит “Дэлхийн эргэн тойронд” хэмээх тэтгэлэгийг хүн төрөлхтний бодит нүүр царайг ил гаргах, улс орнуудаар тойрон аялах зорилго бүхий шилдэг судлаач нарт олгож байв. Харин “Дэлхийн Архив” төсөл нь улс орнуудын соёлын амьдралын бүхий л өнгө төрхийг хар цагаан кино, өнгөт гэрэл зургаар авч жил бүр баяжуулж байжээ. Түүний нэрэмжит бусад сангууд нь тухайн цаг үеийнхээ элит хүмүүсийн дотоод сэтгэлгээг сэргээх, тэдний үзэл бодол, хандлагыг хурцалж өгөхөд дэмжиж тусалдаг байв.
1929 оны Уалл Стрийтийн санхүүгийн уналтаас болж Альберт Канны хөрөнгө, эд баялаг нь үгүй болж дампуурлын ирмэгт тулжээ. 1936 онд Сэйний албан захиргаа түүний хар цагаан кино болон өнгөт гэрэл зургуудын цуглуулгын эрхийг худалдан авсан байна. Альберт Канн нь 1940 оны арваннэгдүгээр сарын 14-нд Бульонд нас баржээ.
Альберт Канн нь хүн төрөлхтөний соёлын өв санд 72 мянга гаруй өнгөт гэрэл зургийн дурсгалууд үлдээсэн бөгөөд эдгээр нь өдгөө түүний нэрэмжит музейд хадгалагдан байна.
Стефан Пассе

Гэрэл зурагчин Стефан Пассе Монголд аялж байх үедээ 40 орчим настай байсан ба А.Канны санхүүжүүлсэн “Дэлхийн кино болон гэрэл зургийн бүртгэл”-ийг бүрдүүлэхэд нэлээд хэдэн жил оролцсон нэгэн байлаа.
А.Каннд илгээсэн Стефан Пассегийн хоёр захидал, эргэж ирэхдээ бичиж өгсөн бяцхан тэмдэглэл, зургуудийн тайлбарууд нь өдгөө Àëüáåðò Канны музейд хадгалагдан байна. Стефан Пассе эхний захидлаа “Дэлхийн Архив”-ын шинжлэх ухааны захирал Жон Брунхэд илгээж байжээ. Тэрээр энэхүү захидлаа 1912 оны долдугаар сарын 13-нд Хятадад хийж байсан аялалынхаа үеэр Бээжингээс явуулсан бөгөөд “Энд сонирхолтой гэсэн бүх зүйлээ хийж дуусгасан” гээд “Монголд очиж бас нэг сайхан зургийн цуглуулга хийхийг хичээнэ” хэмээн бичжээ. Долдугаар сарын 24-нд Альберт Каннд явуулсан захидалдаа “Би санал болгосон аялалаа гүйцээж чадахаа байлаа. Учир нь Францаас надад албан бичиг ирүүлж, миний зорилго болсон Өргөө хотод орж болохгүй гэлээ. Гэсэн ч би танд Монголын талаар ямар нэгэн зүйлийг заавал аваачиж өгмөөр байна. Маш хэцүү аялалын замд гарсан ч азаар таван жижиг тосгоны хэдэн монголчуудтай таарлаа. Тэд тун сонирхолтой юм” гэжээ.
Тухайн үед тусгаар тогтнолоо зарлаад байсан Богд хаант Монгол улс руу орж чадаагүй Стефан Пассе 1912 оны долдугаар сард Өвөр Монголын зарим нутгаар аялжээ. Харин нэг жилийн дараа буюу 1913 оны долдугаар сард тэрээр дахин Хятадад очихдоо тусгаар тогтносон Монгол Улсын нийслэл хотод орж чадсан байна. Нийслэл Хүрээнд авсан түүний өнгөт гэрэл зургууд нь тухайн үеийн монголчуудын соёл, ёс заншил, угсаатны зүйн баримт болон үлдсэн бөгөөд өнөөдөр бидэнд түүхийн үнэт эх сурвалж болж байна.
Нэгэн зууны тэртээх өвөг дээдсийн минь дүр төрхийг мөнхлөн үлдээж, үзэж харах бололцоог үр ачид нь олгосон франц гэрэл зурагчин Стефан Пассегийн буянтай үйлсэд баярлан талархаад баршгүй ээ. 
Ч.Болд

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн