Open iToim app
Анализ | 10 мин уншина

Нутгийн тухай таталбар

Нутгийн тухай таталбар
Нийтэлсэн 2016 оны 3 сарын 17
(Тэр жилийн намар)
Сэнгэнэсэн сайхан агаар, ийм л агаар, устай газар идээ цагаа нь ийм байдаг байхдаа гэмээр намрын айраг, тос даасан бор борхон толгод, үүлс хөлхсөн хөх тэнгэрийн хаяа, хүлгийн тоос боссон уужим их шаргал тал, цовоо цолгин уулын цэнхэр горхид, гандирсын сонин зэрэглээ, уужим алсад хөхрөгч хайрхан, уугуул нутгийн буянт ахан дүүс, энхэр дотно найз нөхөд та бүхнийгээ санана, санангуутаа ердөө л маргааш өглөө гараад нутгаадаа давхичихая гэж босоод ухасхиймээр бодогдоно.
Хяслантай нь тийм ч амархан ухасхийж болохгүй ажил төрөл, цаг зав гэж байх юм. Гэвч нутагтаа, нутаг усыг минь бүрдүүлдэг сум орноороо очилгүй л яах вэ? Очих бүр нутаг ус сэтгэлд шинээр үлдэнэ. Шинэ сайхан уран зураг, сүүдэр ший үзэх мэт болно. Тэр хэмжээгээр уугуул нутаг усаа мэдэж, хүн зоныхоо сайхан сэтгэлийг нээнэ, нутгаараа улам их амьчирхдаг болно.
“Эх орон, нутаг ус гэдэг бурхнаас хүн болгонд өгсөн ариун судар юм шүү. Түүнийг болж өгвөл өдөр бүр нээж уншиж байх ёстой” гэж Оросын том зохиолч Леонид Леонов хэлсэн нь үнэн үг шүү.
Тэр жилийн намар
Тээлийн голыг өгсөж,
Таанын долгио хаялсан
Таацын голыг уруудаж
Өшгөгийн нурууг давж
Монголын хоолойг туулж
Өврөө дэлгээд мэлмэрсэн
Хүнхрээгийн нууранд шумбаж
Говь, тал, уулын хангайдаа
Гоё л явсан даа
Таацын цагаан нуур усаараа дүүрэн
Та бидний нутаг үзэсгэлэнгээрээ дүүрэн
Таатай л байсан даа …
… Нарийн тээл. Тиймээ нарийхан Тээл. Гэвч Нарийн тээл гэж сумаа нэрлээд энэ сумынхан нарийндаа хатсан, эсвэл ядарсан гэж хэн ч дуулаагүй. Бас энд Баяндалай нэртэй ганц хятад амьдарч байсан ч нэрээ дагаад баяжсан гэж бас дуулаагүй гэсэн хошин яриа байдаг гэж нутгийн улс ярьж байлаа.
Хайрхандулаан, Нарийнтээлийн нутаг Гарьдын хадаар баруун зам одоо ч гэсэн явсан хэвээрээ л байна. Багадаа би Гарьдын хадаар 66 машин дээр бишгүйдээ л сэгсчүүлж явлаа. Донслуулаад л яваад байх, яваад л байх, хаа яваагий нь асуухаар нөгөө л Гарьдын хад гэдэгсэн. Одоо зам нь засагдаад хуучных биш болжээ. Тэр байтугай энд цоо шинэ цардмал зам тавигдах ирээдүй ойртож буй гэлцэнэ.
Энэ бол 1994 оны намар. Тэхэд би УАЗ-469 машины урд суудалд УИХ-ын гишүүн энэ нутгийн хүү Ши.Батбаяр, УИХ-ын гишүүн, хурандаа (одоо генерал) Н.Жалбажав нарыг ардаа суулгачихсан ажлын хэсэг ахалсан шиг Домогт Гарьдын хадаараа довтолгож явсан минь тэр.

Баянтээг мөн ч буянтай газар даа. Нүүрс гээч эл эгэл мэт байгалийн хишиг олдохгүйдээ хүрвэл олдохгүй шүү дээ. Эндхийн уурхай олон жил илчээ өгч байнаа. Эдний олон сайхан инженер, уурхайчныг би таньдаг болжээ. Түүний дотор он удаан жил баг, бригадын даргыг нь хийж ирсэн манай нэрт дуучин Түвшинжаргалын маань ах Жавзансүрэн гуайтай бүүр ч дотно сайхан танилцсан даа баярладаг юм.Хамгийн сүүлд тэднийхээр очиход анд найз Пүрэвийн Чулуун маань надад чонын шагай бэлэглэж билээ. Тэгж дотносож явсан сайн нөхөр минь эргээд хэзээ ч уулзахгүй болсон энэ хорвоогийн хатуурхлыг яалтай вэ?
Муруйн голд миний Ардын Их Хурлын депутат байх үеийн танил Дамдиндорж гуай сарлагаа хариулж явна. Өвлийнхөө бэлтгэлийг ч хангалттай базаачихсан гээд тас тас инээж байна лээ. Ганц Дамиа ч биш ер нь эндхийн сарлагтангууд их хөдөлмөрч улс. Энэ хоолойд бас хөдөлмөрийн баатар Сандуй-базар гуайнх нутаглана. Улсын хошой аварга Гянын Дамдиндорж гуай Өвөрхангайн 70 жилийн ойгоор гавъяат малчин болоход нь шагналыг нь Арвайхээрт гардуулж өгснөө, гавъяат болсон малчин, гавъяатын цол тэмдгийг нь гардуулж өгсөн би хоёул адалхан баярлаж байснаа санаж байна.
Гүн нарийнийхан бог мал сайтай отор нүүдэл их хийдэг, бас сүрхий малч улс болоод ч тэр үү надад дандаа санагдана. Тал шигээ тайвуу айвуу эгэл хэнэггүй мэт эднийхнээс хичнээн ч мянгат малчин төрсөн юм бэ? Бас хичнээн ч доктор, профессор, том том зохиолчидтой юм бэ? Нэг өвөл бид Хайрхандулааны төв дээр хоноход бидэнд номын санд ор засч өгч тэнд хоноцгоолоо. Төвийн багийн дарга Болоож гуай зохиолчдоо бахархан нэрлэж байна. П.Хорлоо л гэнэ. Ч.Ойдов л гэнэ. Ж.Пүрэв л гэнэ. Гэтэл бас Н.Банзрагч гуайг түүндээ оруулж байв. Энэ хүн чинь Завханы Донойн хөндийн хүн биз дээ гэвэл Банзрагч гуайн “Хошуу цагаан нутаг”, “Сүүлчийн буун дуу” зэрэг дөрөв таван ном авчирч урд маань шалах мэт тавив. Хавтсыг нь сөхвөл тэнд зохиолч нь Өвөг дээдэс, төрсөн эхийн маань нутаг Хайрхандулаан сумын ард түмэнд дурсгав гээд гарын үсгээ зурсан нь одоо ч тодхон харагдах шиг болж байна. Учир нь Банзрагч гуай маань өртөө улаагаар манай эндээс Завханд очсон хүний хүү ажээ. Манай аймгийн сум болгонд л шахуу Завханы Улиастай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн харуулд явсан хүмүүсийн үр удам, (зарим нь буцаж ирсэн) байдаг хойно доо. Харин энд нэг зүйлийг дурсахад УИХ-ын чуулганы үеэр Банзрагч гуайн охин Дэлгэрмаа (ээж нь гарамгай уртын дууч Норовбанзад гуай) манай Өвөрхангайтай холбон намайг цаашлуулахаар нь би тэгж яривал чи ч өөрөө манай нутгийн гаралтай шүү гэвэл худлаа гэж зүтгэлээ. Тэхээр нь би чи ааваасаа асуу гээд өөр зүйл хэлээгүй. Шартай юм чинь асуусан бололтой, түүнээс хойш Өвөрхангайн талаар яриа гаргахаа больсон байна лээ.
…Говийн цагаан тоос үл ялиг татуулсаар нэгэн гүвээ давахад зүүн талд Гучингийн нуруу цэнхэртээд өмнө талд Өшгөгийн нуруу шаргалтаад улаараад гараад ирлээ. Энд Сайн ноён хан Намнансүрэнгийн төрсөн бууц байдаг гэж Ши.Батбаяр гуай, Иргэдийн хурлын Баатар дарга хоёр ярьж явна. Гэтэл яасан гэж санана! Өшгөгийн нурууны дөнгөж зах руу орж очтол Аргалын сүрэг гараад ирлээ. Нэг хэсэг тээнэгэлзэх мэт биднийг харж зогссоноо том том харайн хад руугаа орлоо.
Дарлайсан сайхан эвэртэй
Данхайсан сүрлэг тэргүүнтэй
Аргаль гэдэг тэр сайхан амьтныг
Аугаа үзэсгэлэнгийн суу мэт дүрээр нь харлаа
Аяа сайхан амьтнаа гэж дуу алдаж
Адбиш байгалийн сүрд дотроо залбирлаа.
Тэндээс Богд сумын зүг хөдөллөө. Баруунбаян-Улаан Богд сумууд хоорондоо 100 км-ийн зайтай. Өндөр хүчдэл үүгээр л явах учиртай гэж санагдана. Өнөө хэр болоогүй л байна. Гэхдээ цаг хугацаа их ойртсон гэж тайвшрахаас даа.

Цог жавхлант найрагч Ц.Гайтавын унасан нутаг, угаасан ус, тэмээчин баатруудыг төрүүлсэн газар луу явж байна. Богд сум надад тэр аяараа газрын диваажин буюу байгалийн төгөлдөр цогц шиг санагддаг юм. Далангийн багт уулзалт хийгээд Арц Богдын шил дээрээс эргэн тойрноо харахад Монголын говь нутаг үндсэндээ харагдана шүү гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй юм шиг бодогдож байж билээ. Тоглоомын тойромд очиж чулуугий нь имэрч, алгандаа бөмбөрүүлэн зогсохдоо уран байгаль эх минь гэж дотроо шивнэсэнсэн. Алдарт Өөш Шахлагийн ирмэг дээр зогсч алсыг харахдаа давтагдашгүй сүр хүчнийх нь өмнө дуу алдсансан Богд минь! Богд гэснээс богд шигээ нөмөр түшигтэй нутаг усныхан минь!
Сүхбаатарын одонт тэмээчин Чимиддорж гуай надтай хууч дэлгэнгээ 12 мөнгөний дэвтэр дүүрэн бичсэн захиасаа надад зориуд ажил болгон хэлж өгч билээ. Би тэвчээртэй нь аргагүй тухтай сууж сонссон доо. Хангай шигээ түшигтэй, тал шигээ уужим ухаантай, гал шиг халуун сэтгэлтэй өвгөдийнхээ үгийг болж л өгвөл сонсч явахсан, цагаан сүү шигээ сэтгэлтэй ээж нартаа үнсүүлж, цацлын сүүгий нь өргүүлж явахдаа л би хүний чинээ явж гэдэгт итгэнэм.Богдын төвөөс өглөө гарч давхисаар үдийн алдад Гучин-Ус сумын төвд ирэв. Аргуйн гол Хаяа нуурыг зорин говь дундуур урссаар. Харин сүүлийн жилүүдэд нуур хүрэхээ байж Хаяа нуур ч шал болж дээ хөөрхий. Тэгвэл үүнд буруу нь хаанаа байгаа юм бэ? Дэлхийн цаг агаарын өөрчлөлт ч бий л байх. Бидний өөрсдийн ухаан муутайнх ч бас бий шүү дээ.
Гучинд анх 1992 онд очиход таньдаг айл ганцхан байсан нь Дашдондов ахынх. Дашдондов гуайг би ах гээд сурчихсан. Учир нь Норовсамбуу багшийн (С.Норовсамбуу академич, нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч тэрбээр Богд сумын хүн) хүү Батболд бид хоёр найзалдаг. Нооёо багшийн дүү тэрбээр тэднийд байнга очно. Малын эмч Дашдондов гээд гүндүүгүй байрын бадриун эр байж. Батболдыг дагаад Дашдондов ах гэсээр нээрээ ч бас л нэг ах минь болсон. Хүүхдүүд нь тун сайн явна. Улс, аймгийн цолтой бөхчүүд ч төржээ. Батбаяр нь улсын начин, том хүү Бат-Амгалан нь аймгийн цолтой. Бат-Амгалангийнх хоёр хүүтэй. Эдний хоёрыг би өхөөрддөг юм. Том бөх болсон хойноо миний өвөр дээр машинд суугаад явж байснаа мэдэхгүй энэ муу шар өвгөн гэх байх даа та нар гэж хэлж явсан. Бат-Амгалангийн эхнэр Үржинпүрэвийн өвөө нь алдарт Мээтэн Аюур арслан болохоор эднийхээс олон бөх гарнаа.
Гучин-Устад одоо олон сайхан танилтай болжээ. Сумандаа очиход анх тосож авсан ботгон нүдтэй Гомбожав гуайтай минь адил сайхан сэтгэлээр угтан золгодог Гучингийнхан минь! Цас бударсан өвөл, шороон шуурга балбасан хахир хавар, таана хэнзэлсэн намар орой, зуны үдшийн зөөлөн борооноор өврийн сайхан хангайгаараа аль олон явсныг яаж хэлж барах вэ. Өвөл Хархорин, Бат-Өлзийт, Хужиртад цас хунгарлаж цасан шуурга нүүр нүдгүй маналзаж байхад говь руу ер юу ч болоогүй мэт налайж байдаг, хаврын хавсарга төд дэх хоногтоо нүдэж байна цаг ирэх дөхөж баймаар хэмээн говийнхон итгэл алдраагүй ярьж суухад хангайдаа гол горхи шоржигнон урсч, газар аль эрт ногоон туяа татаад урин цаг ирчихсэн байдаг ийм л нутаг. Энэ дотроо Сайн ноёны Хошуу хангай говь, тал хээр хосолсон уудам дэлгэр нутаг даа. Нутгийн бидэнд байтугай түмэн олонд цуутай Орхоны Улаан цутгалан, Хүйсийн найман нуураараа намар оройхон орж Өвтийн даваагаар давж явахад намрын анхны цас будран модонд нь мөнгөн гоёл зүүж өгөхийг харж баясаж явлаа. Уянгын Жаргалантыг өгсөж нэг уруудаж нэг явахдаа халуун рашаанаас нь духандаа хүргэж үсээ илчихээд энэ жил ч давгүй ээ гээд машиндаа сууцгааж байснаа бас санаж байна. Сайн ноёныхон Хан хөгшнөө л сүслэнэ. Үлгэрийн сайхан, буянтай хайрхан даа. Хан хөгшний хүүхдүүд сайн явах нь аргагүй юмаа.
Миний нутгийн малчид халуунд халж, хүйтэнд хөрч хэдэн малаа авч яваа тэвчээр хатуужилтай, гавъяатай зориг золбоотой хүмүүс гэдгийг мэдэхгүй хүн байхгүй.
Би өвөл хаврын заагаар хөдөө явж ирэнгүүтээ Шведийн Стокольм хотод Социалист намын нь их хуралд оролцоод Нобелын шагнал гардуулдаг Ситихолл гэдэг том ордонд зоогонд уригдаад сууж байхдаа нутгийнхаа малчин түмнийг гэнэт дурсан санаж сэтгэл хөдлөн бичгийн савнаасаа дэвтрээ гаргаж бушуухан хэдэн мөр татлаж билээ. Тэр нь:
Хөврөх замын үзүүрт
Энэ холд
Хөдсөн дээлтэй нутгийнхан минь санагдав.
Халж, хөрч
Улс гэрээ авч яваа
Хаан Чингисийн галыг
Унтраалгүй яваа
Дэндүү цөөхөн
Хэдэн морьтныхоо алгыг
Дээш харуулж
Юугаар гийгүүллээ
Манайхан гэж бодлоо.
Номхон цагаан сэтгэлтэй
Миний нутгийнхан
Нобелын шагналд бүгдээрээ
Тэнцэх юм шиг бодогдлоо гэсэн мөрүүд байсан.
…Тэр жилийн намар налгар удаан болсон юм. Айл болгон шахам эсгий хийсэн юмсан. Унага тамгалах, гүү тавихаа яарахгүй нэг л уянгалаг налгар намар байж билээ. Лав л Тарагт, Зүүнбаян-Улааны айлуудаар ороход айраг өтгөрөөд айлууд нэрсээр л “намрын шар нар над дээр чам дээр тусна” гээч л болж байсан даа.
Нэг өдөр нутгийнхаа алдарт дуучин Солийн Цоодол гуайтай зам нийлэв. Ах хүү бас ч шаггүй дөрөө чангалжээ. “Тал нутгийн нутгийн дуу” буюу “Хүү минь хаана дуулж яваа бол”-ыг зохиогчоор өөрөөр нь хэд дахин дуулуулж суухад нутгаасаа бид юуг эрээд тэр хол бядаж явна даа гэмээр шил толь болсон хотоо чамламаар сонин бодол төрж байсансан.
Бид оройтосхийн Хужиртын амралтын зочид буудалд бууцгааж Дамчаабадгар дарга оройн зоог барьж дараа нь нанчид хундгалав. 10 гаруй хүн явсан бөгөөд албан ёсны шинжтэй зүйл төдөлгүй дуусав. Би замд ядраад амарч авъя гээд өрөөндөө орчихлоо. Үүдний өрөөнд үлдсэн нөхөд хөхрөлдөж шуугиад хүүхэд шиг л дэвэрцгээж байгаа бололтой. Нэмээд шил юманд гүйлгэж байгаа янзтай. Бас арга ядвал “замураа” ч яахав гэх нэг үг содон сонсогдов.
Маргааш өглөө нь та нар замураа гэж юуг хэлдэг юм бэ гэж сонирхвол мань эрчүүд жаахан хулгасхийн спирт найруулахыг хэлдэг байхгүй юу гэцгээж билээ. Энэ бяцхан явдал хүртэл цаг үе, юм юм ховор л байсныг сануулж байгаа юм. Одоо ч гэсэн бид хүнсний аюулгүй байдал гэж ярьж байна. Ярих хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа болоод л тэр биз ээ.
Бид Төвхөнд мөргөхөөр явцгаалаа. Эхийн умайд орох юм болов. Эхлээд жолоочоо, тэгээд Жалбажав гишүүнийг оруулаад дараа нь би ороод гараад ирэв. Ши Ба нилээн удаж байж гарч ирэв. Бага зэрэг хүндрэлтэй “дахин төрж” буй бололтой. Хамт явсан Дамчаа ах, Тогоо ах, Санжаа ах гээд томчуудаа би ор гэж шахав. Нөгөөдүүл ордоггүй, ухраад бөөн инээд. Хэрэв гацвал онигоонд орно гэж хашир улс болгоомжлоод байхгүй юу.
Орой нь Хужиртын клубт уулзалт хийгээд маргааш нь Бүрдний Хөөврөөр дайрч Тавхайн Чимиддагва хэмээх олон хүүхэдтэй ах хүүгийндээ орчихоод буцсан юм.
Үзэг нэгт нөхөд нь Монголын хамгийн цэцэн хүн гэж нэг бус удаа нэрлэсэн Дэндэвийн Пүрэвдорж бандгай нэгэнтээ шүлэглэсэнчлэн: Энэ жилийн намар тэр жилийн намар шиг урт сайхан байна даа.
Тэгвэл би одоо Арвайхээрийн ойдоо оролцоод буцаж байна.
Хөхрөн хөхрөн харагдах
Хөх номин уулсаа
Хөндий дүүрэн цайвалзах
Цагаан цагаан гэрүүдээ
Хөхүүлж өсгөсөн ээж шигээ
Эргэж харсаар л буцлаа даа.
Арвайн хонгор талаа
Дахин дахин харж
Ахиад бушуухан золгохын
Ерөөл тавьсаар л буцлаа даа.
Маргааш өглөө эртийн цагаар
Шар хөвийн дөрөлжөөр
Мандах нартай уралдан
Нутгийн зүг одмоор оо.
Сайхан нутгийнхаа агаарыг
Цээж дүүрэн амьсгалж
Самдан, Орги, Цоодол…
Хэний нь ч юм гадаа буумаар аа.
2007 оны 9 дүгээр сарын 20.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн