Open iToim app
Нийтэлсэн 2016 оны 12 сарын 21
Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы Засгийн газрын санхүүжилтээр 2013 оны зургадугаар сард эхэлсэн. Төслийн ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 10-нд дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна.
Анхны ТЭЗҮ-ээр 28 тэрбум 800 сая иенийн санхүүжилт орохоор төсөвлөж байжээ. Харин өнгөрсөн жил хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдсэн байна. Нэмэлт санхүүжилтийг шийдсэнээр нийт 65 тэрбум 600 сая иенийн хөрөнгө оруулалт оржээ. Нэмэлт зээлээр техник хэрэгслийг Японоос худалдан авснаас гадна нисэх онгоцны буудалд зориулсан автомашины дулаан гараж, агуулахыг барьж байгаа аж. Харин Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн терминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гээд гурван байгууламжийг барьж буй бөгөөд ирэх онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төслийн удирдагч Кимихиро Маэта "Төслийг Японы “Мицүбиши Чиёода” түншлэлээс удирдаж байгаа бол зөвлөх үйлчилгээг Ориэнтал Консалтантс Глобал” корпораци гүйцэтгэж байна. Төслийн зам, цахилгаан шугам татах, навигаци суулгах зэрэг ажилд Монголын 40 гаруй компани ажиллаж байгаа. Барилгын талбай дээр нийт ажиллагсдын 70 гаруй хувь нь Монгол ажилчид ажиллаж байна. Барилга байгууламжийг 100 хувь Япон стандартаар бариагүй. Олон улсын болоод Монгол стандартыг ч нэвтрүүлснээрээ онцлогтой. Монгол компаниудын хувьд том хэмжээний төсөл дээр ажилласан туршлага бага байсан учир засч залруулах зүйл их гарч байлаа. Нөгөөтэйгүүр нарийн стандарт мөрдөж буй учир давтан хийлгэх тохиолдол цөөнгүй гарсан. Гэхдээ монголчууд толгой сайтай хүмүүс гэдгээрээ бусдаас ялгардаг. Гол нь үүнийгээ амьдралд хэрэгжүүлээд сурчихвал дэлхий нийтээс хол зөрөхгүй болов уу. Хамгийн түрүүнд туршлагажих хэрэгтэй" гэсэн юм.
 Чингис хаан нисэх онгоцны буудалд жилдээ  900 мянган зорчигч хүлээн авдаг бол шинэ нисэх буудал ашиглалтад орсноор энэ тоо хоёр дахин өсөх юм байна.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн