Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо өнөөдөр тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй гишүүдээ бүртгэлээ. Өмнө нь Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэж байсан ардчилсан хувьсгалын зүтгэлтэн Дарь.Сүхбаатар, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар бүртгүүлсэнгүй. 13.40 цагт бүртгэл дууссан тул сунгахгүй гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хорооныхон хэллээ. Ингэснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн АН дотор сунгаанд УИХ-ын гишүүн Л.Болд, Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нараар бүртгэлийг хааж байна.
АН-ын нийт гишүүд маргааш 22.00 цагаас өмнө дээрх зургаан нэр дэвшигчээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаа горилогчийн нэрийг дугуйлах юм. Ингээд тоог нэгтгэж, “ялагч”-ийг нам дотроо тодруулах ажээ. Сунгааны ялагчийн нэрийг АН-ын дотоод сонгуулийн хороо тавдугаар сарын 6-нд болох АН-ын наймдугаар Их хурлаар хэлэлцүүлнэ. Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжвэл АН Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнийхээ нэрийг албан ёсоор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.