Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсонд иргэд бухимдалтай байна

​Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсонд иргэд бухимдалтай байна
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 16
Баруун 4 замаас зүүн 4 замын хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зүүн эргэлтийг хязгаарлахтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд өөрчлөлт гарсан. Энэ талаарх иргэдийн сэтгэгдлийг хүргэж байна. 
Биднийг багшийн дээд зүүн талын буудал дээр очиход иргэд самбарын сүүдэрт нэг зүйлийг ярилцаж байгаа бололтой бөөгнөрөн харагдлаа. Ойртон очиход нэг нэгнээсээ автобусны чиглэл асууж, удаан хүлээж байгаагаа ярьцгааж бухимдсан байдалтай байв. 
Ингээд иргэдээс сэтгэгдлийг нь асуухад ЧД-ийн иргэн “Долоон буудал явах гээд автобус хүлээгээд ирэхгүй байна. Чиглэл өөрчлөгдсөн талаар мэдээгүй. Тэгээд хаанаас суух юм” гэсэн бол өөр нэг хүн “Би уг нь эндээс зайсан явах автобусанд суудаг юм. Энд ирэхээ больчихсон юм уу” гэх зэргээр хаанаас автобусанд суух эсэхээ асуусан иргэд цөөнгүй байлаа.

ЧД-ийн иргэн “Зунжин явах гээд автобус хүлээгээд ирэхгүй байна. Чиглэл өөрчлөгдсөн юм бол зунжингийн автобус ирэхгүй гэсэн үг үү”, “Зайсангийн автобус ирнэ гээд хүлээж байна. Ирэхгүй болохоор нь гайхаж байлаа. Чиглэл нь өөрчлөгдсөн юм уу”, “120-иос наашаа багшийн дээдэд ирдэг автобус хүлээж байна. Ирэхгүй бараг 40 минут боллоо” гэв.
СБД-ийн иргэн “Автобусны чиглэл өөрчлөгдсөныг мэдсэн. Үнэхээр түгжрэл багасах юм бол болж байгаа юм. Гэхдээ бидний хувьд чирэгдэлтэй л байна. Өнөөдөр хаанаас автобусанд суухаа мэдэхгүй сууж л байна. Автобусаа цаг гаруй хүлээж байна” гэсэн бол өөр нэг хүн “100 айл явах гэж шархад, сансарын автобус цаг шахуу хүлээж байна. Ажилтай болохоор өглөө гараад орой орж ирдэг. Чиглэл өөрчлөгдсөн тухай мэдээлэл авч амжаагүй” хэмээн ярилаа. 
СБД-ийн иргэн ”Би долоон буудал явдаг. Энэ чиглэлд 3,4 автобус явдаг байсан бол одоо ихэнх нь явахаа больж нэг автобусанд чихээд явж байна. Хуучнаасаа ялгараад байх юм алга адилхан л түгжрээд байж байна шүү дээ” хэмээн бухимдсан өнгө аясаар ярьсан юм. 
Харин замын цагдаагаас тээврийн хэрэгсэл зүүн эргэхгүй байх хязгаарийг зөрчвөл ямар торгууль ноогдуулах талаар лавлахад “Одоогоор торгуулийн арга хэмжээ авах чиг үүрэг өгөөгүй байна” гэж хэллээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн