-Нийтийн тээврийн үйлчилгээнд 300 автобус гарахаас одоогоор 20 автобус гараад байна-
Өнгөрсөн Ням гаригийн өглөөний 09.00 цагт Улаанбаатар цахилгаан түгээх компанийн 220 мВт-ын дэд станцад гал гарч, Улаанбаатар хотын цахилгаан бүхэлдээ тасарч, замын хөдөлгөөний гэрлэн дохио ажиллагаагүй болсон. Амралтын өдөр байсан тулдаа замын хөдөлгөөний ачаалал бага, осол аваар гараагүй. Замын цагдаа нар автозамын уулзвар бүрт ажиллаж хөдөлгөөнийг зохицуулсан. Иргэд бүтэн сайн өдөр цахилгаангүй, хэрэглээний халуун хүйтэн ус тасарсан зэрэг нэлээд бухимдсан бол долоо хоногийн эхний өдөр автобус ирэхгүй сургууль, цэцэрлэг, ажилдаа хоцорч очлоо. Тодруулбал, өнөөдөр 06.00 цагаас эхлэн Зорчигч тээврийн нэгдэл буюу Автобус 1, Автобус 2, Автобус 3 компанийн 1200 гаруй хүн ажил хаялт зарлаж нийтийн тээврийн 300 орчим автобус үйлчилгээндээ гараагүй юм. Үдийн 12 цагийн байдлаар нийтийн үйлчилгээнд 12 тролейбус, найман автобус л гарчээ. Харин үлдсэн 280 гаруй автобус хэзээ үйлчилгээнд гарах нь тодорхойгүй байгаа юм. Ажилчдын ажил хаях болсон гол шалтгаан нь цалин, урамшуулалтай холбоотой. Тус автобус баазын ажилчдын төлөөллөөс бүрдсэн Үйлдвэрчний хороо Зорчигч тээврийн нэгдэл Олон нийтийн өмчит аж ахуйн тээвэр үйлчилгээний газрын /ОНӨААТҮГ/ удирдлагуудад цалин урамшуулал нэмэх шаардлагыг удаа дараа тавьсан байна. Ингэхдээ үндсэн цалинг 25 хувиар нэмж, дунджаар 800-850 мянгө болгох эсвэл тарифийн цалинг мөрдөж ажилла гэсэн шаардлагыг ажилчид тавьж байгаа аж.
Манай сурвалжлах багийг тус автобус бааз дээр очиход Монголын үйлдвэрчний холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ажилчдын төлөөлөл болох үйлдвэрчний хороо гишүүд, Зорчигч тээврийн нэгдэл ОНӨААТҮГ-ын дарга Ц.Одонтулгалаг тэргүүтэй хүмүүс хуралдаж байсан юм. Харин удалгүй хурал тарав. “Тодорхой шийдэлд хүрч чадсангүй, ажилдаа сайн дураараа гарах хүмүүсийг ажилд нь гаргана. Харин цалин нэмэх асуудлыг Нийслэлийн удирдлагууд шийдэх учраас хотын захирагч Э.Бат-Үүлд асуудлыг тавихаар явахаар боллоо” гэж Монголын Үйлдвэрчний холбоон дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэв. С.Эрдэнэбатыг Автобус баазын үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байх үед ажилчид цалингаа нэмэгдүүлэх асуудал тавьж мөн ажил хаяж байсан түүх бий.
Тус үйлчилгээний газрын дарга Ц.Одонтунгалаг “Ажил хаялт зарлахгүйгээр асуудлаа шийдвэрлэх боломж бидэнд байсан. Нийтийн тээврийн ажилчдын энэхүү жагсаал цуглаан нь нийгмийн захиалгат үйлчилгээний онгой салбарын хэвийн үйл ажиллагааг алдагдахад хүргэж байна” гэв. Ц.Одонтунгалаг даргын хэлж байгаагаар ажилчдын гаргасан “тарифын цалинг мөрдөж ажилла” гэсэн шаардлагыг хүлээн авч байгаагаа ажилчиддаа илэрхийлсэн бөгөөд эцсийн шийдвэр Хотын захирагч Э.Бат-Үүл гаргана гэдгийг учирлаж хэлсэн гэв.
Мөн түүний хэлж байгаагаар автобусны жолооч, тасалбар түгээгч нарын дундаж цалин хангалтай хэмжээнд байгаа гэв. Өнгөрсөн жил тус үйлчилгээний газрын ажилчдын үндсэн цалин 350 орчим мянган төгрөг байсан байна. Эн он гарсаар үндсэн цалингаа 25 хувиар нэмж дунжаар 450 мянган төгрөгийн цалинтай болсон. Үүн дээр урамшуулал, илүү цагийн мөнгөө нэмж жолооч нэг сая 150 мянга, кондукторууд 850-900 мянган төгрөгийн цалин авдаг гэж тайлбарлав.
Харин ажил хаялт зарлаад байгаа ажилчдын ярьж байгаар урамшуулал, илүү цагаа бодуулж сард дунждаар 500-600 мянган төгрөгийн цалин авч байгаа гэв. Мөн цалин 25 хувиар нэмж байна гэсэн ч сарын сүүлээр авдаг урамшууллын мөнгө багассан гэж тайлбарлаж байв. Мөн цагийн нормоо биелүүлээгүй бол торгуул төлдөг учраас маш бага цалин авдаг гэлээ.
Ийнхүү удирдлага болон ажилчдын хэлж буй цалингийн хэмжээ хоорондоо зөрж байсан шийдэлд хүрч чадсангүй. Нийтийн тээврийн ажилчид ажил хаялтаа үргэлжүүлсээр байна. Ажил хаялт зарлаж байгаа иргэдийн зарим үүссэн асуудлаа ч сайн ойлгохгүй байгаа бөгөөд яриа өгөхөөс татгалзаж байсан юм.
Асуудлаа ярилцаж шийдвэрлэх боломж байхад шууд ажил хаялт зохион байгуулж, цалин нэм гэж байгаа нь нэг талаар Үйлдвэрчний хорооны “шантааж” болж хувирч байна гэж Ц.Одонтунгалаг дарга хэлж байсан юм.
Эдгээр үл ойлгоцлын дунд 06.00 цагаас хойш иргэд л илүү хохирч, хүрэх газартай очиж чадахгүй бухидаж байна. Манайд нийт 24 автобус бааз үйл ажиллагаа явуулж байгаагаас гурав нь улсынх үлдсэн нь хувийнх юм байна. Хувийн авто баазад баазад 700 орчим тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа ч бүх иргэнд үйлчилж чадахгүй байна. Учир нь төрийн гурван компанийн 300 орчим тээврийн хэрэгсэл хотын төвийн гол маршрутаар явдаг учраас нийслэлийн иргэдийн 50 хувьд хүрч үйлчилдэг байна.
Зорчигч тээврийн нэгдлийн жолооч, кондукторууд ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Хотын захирагч Э.Бат-Үүлийн шийдвэрийг хүлээж байна.