Монголын эдийн засгийн чуулганы үеэр “Барилга үл хөдлөх хөрөнгө” салбар хуралдааны үеэр барилгын салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн болон Монголбанк, арилжааны банкны төлөөллүүд өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Орон сууцны зээлийн хүүг бууруулсан хэр зөв алхам байсан, ипотекийн зээлийн эргэн төлөлт, ямар эрсдэл учирч байгаа талаар албаны хүмүүс санал солилцсон юм. Уг хуралд оролцсон албаныхны байр суурийг тоймлон хүргэж байна.
-НИТХ-ын дарга Д.Баттулга: Улаанбаатар хотод 380 мянган өрх бий. Үүнээс 205 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Эдгээрээс зээлд хамрагдаад байр авъя гэж хүсэлтээ илэрхийлсэн 105 мянган өрх байгаагаас ипотекийн зээлийг нөхцөлийг хангаад, зээлд хамрагдах боломжтой нь 65 мянга өрх бий. Улаанбаатар хотын өрхийн 50 хувь нь сарын 870 мянган төгрөгөөс доош орлоготой. Ийм үед хэрхэн орон сууцжуулах вэ гэдгийг бид ярих ёстой. Энэ ч үүднээс “Гэр хорооллын дахин төлөвлөлт” гэсэн хөтөлбөр гаргасан. Хэсэг бүлэг хүн газраараа шинэчлэн зохион байгуулаад орон сууцанд хамрагдах боломжийг олгож байгаа юм. Нөгөө талд нь Улаанбаатарт мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан 165 барилга байдаг. Үүнийг нураагаад, шинэчлээд барих асуудал ч хөтөлбөрт тусгагдсан. Үүний 85 барилгыг нураагаад, барих ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийг хүмүүс Төрийн орон сууцны корпорацитай андуураад байгаа. НОСК өөрсдөө бие дааж барилга барьдаггүй бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлээр л бид ажиллана. Хувийн хэвшлийнхэн дээр тулгуурлаж, хамтраад ажиллана. Өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлт дээр 1500 га газар 38 компани үйл ажиллагаа явуулж байна. Үүний зургаан компани нь газар өмчлөгч нартайгаа тохиролцож чадахгүй үйл ажиллагаа зогссон. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулаад бүтээн байгуулалт хийж байгаа 19 компани байна. Хот дэд бүтэц, ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж байгаа юм. компаниуд газар эзэмшигч нартай тохиролцоод газрыг нь чөлөөлж, орон сууц барих ажлыг хариуцаж байна. Эрэлтийг дэмжихийн тулд Улаанбаатарт байгаа 30 мянга гаруй төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөрийн 15 хувийг хот буцалтгүй тусламжаар өгч байгаа. Өнөөдрийн байдлаар үүнд хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Хамгийн гол нь иргэд урьдчилгаа 30 хувиа төлж чаддаггүй. Үүнийг хөнгөлөөд өгчихөөр эрэлт нь тодорхой хэмжээгээр нэмэгддэг.
-Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар: Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар ипотекийн зээлийн хөтөлбөр бүхэлдээ шилжинэ. Ипотекийн зээлээр баталгаажсан бонд дээр Монголбанк санхүүжүүлэгчээр оролцохоо больсон. Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр одоогоор хөрөнгийг итгэмжлэн удирдах үүрэг гүйцэтгэж байна. Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгон бууруулсантай холбоотойгоор 530 тэрбум төгрөгийн зээл наймаас таван хувь руу шилжинэ. Орон сууцны зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Эдийн засаг хүндэрсэн ч бусад зээлтэй харьцуулахад чанаргүй зээлийн эзлэх хувь бага. Чанаргүй зээл 0.2 хувь байна. Харин хугацаа хэтэрч байгаа зээл хоёр хувь байсан бол 3.1 хувь болон өссөн. Хугацаа хэтэрсэн зээл 64 тэрбум төгрөг байсан бол 110 тэрбум болж нэмэгдсэн. Энэ нь өрхийн бодит орлого буурсантай холбоотой. Ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо буурч байгаатай холбоотой сөрөг үр дагавар. Банкууд оны эхний хоёр сард 1355 өргөдөл хүлээн авч 1160-д зээл олгосон байна.
-Банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон: Үнийн хэлбэлзэл банкуудад эрсдэлтэй учраас урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжгүй.
Орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлтэл эрэлт, нийлүүлэлт тал дээр арилжааны банкууд давхар санхүүжүүлж явсан. Өнөөдрийг хүртэл нийлүүлэлт тал дээр дотоодын компаниуд банкуудаас өндөр хүүтэй зээл авч ажлаа явуулж байна. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд асар их хүндрэл дагуулж байгаа. Нэгд, санхүүгийн өртөг маш өндөр хувийг эзэлдэг. Хоёрт, тодорхой цикльтэй учраас барилга зарагдахгүй удах тусам санхүүгийн зардал нь өсч, хүү тооцогдоод байдаг. Тэгэхээр сардаа ганц, хоёр орон сууц борлуулахад тэр нь хүүгийн төлбөрт явж үндсэн зээл буурдаггүй. Ингээд эцсийн дүндээ барилга барьж, борлуулаад, төсөл хэрэгжиж дуусахад бэлтгэн нийлүүлэгч, ажиллах хүчин, банк санхүүгийнхэнд бүх зардлаа төлөөд барилгын компани маш бага хэмжээний ашиг, зарим тохиолдолд алдагдалтай дуусдаг ч асуудал бий. Байрны үнэ сүүлийн 10 жилд тав дахин өссөн. Гэтэл бидний цалин орлого тэр хэмжээгээр өсөөгүй байна. Банкуудын хувьд хүү, сарын төлбөр бага байх тусам эрсдэл багатай. Ганцхан үнийн хэлбэлзэл 20, 30 хувьд хүрвэл эрсдэлтэй болдог. Тиймээс бид урьдчилгаа төлбөрийг 30 хувь болгон бууруулах асуудлыг эсэргүүцэж байна.
-Барилга ассоциацийн гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатар: Манай улсад барилгын тусгай зөвшөөрөлтэй 4000 аж ахуйн нэгж байдаг бол үйл ажиллагаа явуулж байгаа нь 200-250 компани байна. Манай мөрдөж байгаа хууль эрх зүйн орчин барилгын компани байгуулахад 3-4 инженер заавал байх ёстой. Үүгээр бодоод үзвэл Монголд 16 мянган барилгын инженер байх ёстой болоод байгаа юм. Гэтэл одоогийн байдлаар 3500 инженер байна. Барилгын салбар эдийн засгийн өсөлтөөс хамаараад дагаад явж байдаг салбар. Эдийн засаг өсөөд, ард иргэдийн орлого нэмэгдвэл дагаад хөгждөг. Эдийн засгийн хямралын үед барилгын салбарт ажиллаж байгаа компаниуд нэлээд хүнд байдалтай байна. Банкны зээл, өөрсдийн эх үүсвэр, гаднын хөрөнгө оруулалтаар олон орон сууц барьсан. Гэтэл нийлүүлэлт нь бараг хоёр дахин давчихаад орон сууц борлогдохгүй байгаа. Энэ бодит эдийн засагт асар их дарамт болж байна. Зээлийн хүүг бууруулж таван хувь болгосон нь барилгын салбарыг дэмжсэн бодлого болсон. Гэсэн хэдий ч хамрах хүрээг нь заачихсан учраас олон компани хамрагдаж чадахгүй. Мөн түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлээд Засгийн газар жишиг үнийг нь тогтоогоод өгчихсөн. Тиймээс барилгын компаниудад байгаа түрээслэх боломжтой орон сууцнуудыг НОСК ч юм уу төвлөрүүлж аваад түүнийг барьцаалж бонд гаргаад эргэлтэд оруулах боломжтой. 10-аад мянган айлын зохистой хэмжээтэй орон сууц байгаа. Ипотекийн зээлийн хүү буурахаар дагаад орон сууцны үнэ өсөх үү гэсэн асуулт тавигдаж байгаа. Бид судалгааг хийгээд үзэхэд орон сууцны үнэ өсөхгүй. Учир нь, нийлүүлэгч компаниуд олон байна. Нөгөө талдаа барилгын материалын үнэ өсөхгүй байгаа. Ирээдүйн тэтгэврийн сангийн тодорхой хувийг буюу гурван их наяд төгрөгийн тусгай санд байршууллаа гэж ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ярьсан. Тэгэхээр гурван их наяд төгрөг гэдэг нь өнгөрсөн хугацаанд олгосон найман хувийн хүүтэй зээлтэй тэнцэх эх үүсвэр. Энэ мөнгөөр 70 орчим мянган айлын орон сууцыг санхүүжүүлэх боломжтой.