Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Нийслэлд дөрвөн давхар 400 автомашины зогсоол барина

Нийслэлд дөрвөн давхар 400 автомашины зогсоол барина
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 4 сарын 6
Улаанбаатар хотод тулгамдсан томоохон нэг асуудал нь автозамын түгжрэл. Түгжрэлийн гол шалтгаан нь стандартын шаардлага хангасан зогсоолгүйтэй холбоотой гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс хотын түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж байна. Бүтээн байгуулалтын улиралд ч автозогсоол олноор байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, энэ онд нийслэлд 70 орчим байршилд зогсоол байгуулна. Ялангуяа гуравдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байгаа ажээ.  
Өчигдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох газар, агентлагийн дарга нар Улаанбаатар хотод хийгдэхээр төлөвлөгдөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тухайлбал, БГД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, БГД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажилласан байна. 

Хотын даргаар ахлуулсан албан хаагчид СХД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны нэгдүгээр байрны зүүн талын гражнуудын нөхцөл байдалтай танилцлаа. 900 метр квадрат хэмжээтэй уг газарт 62 ширхэг тоосгон граж байгаа юм. Үүний оронд дөрвөн давхар, 400 автомашины дулаан зогсоол байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Уртнасан хэлэхдээ “400 автомашины дулаан зогсоол барих төслийн зураг төсөл бэлэн болсон. Удахгүй гүйцэтгэгчээ шалгаруулна. Тавдугаар сарын эхэн гэхэд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Гүйцэтгэгч компани одоо байгаа гражнуудын эзэмшигчидтэй тохиролцоно.” хэмээн ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 300 гаруй мянган хүн амд үйлчилдэг, томоохон эмнэлгүүдийн нэг. Зогсоолын хүртээмж муугаас иргэдэд багагүй чирэгдэл учирдаг. Тиймээс эмнэлгийн ойр орчмын автозогсоол бүхий хэсгийг тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр хэлэхдээ “СХД-ийн нэгдсэн эмнэлгийн ард талд 65 автомашины зогсоол байгуулахаар зураг төсөл бэлэн болсон. Тавдугаар сард ажил эхэлж, зургаадугаар сарын 10 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Мөн эмнэлгийн зүүн талын зам 1 урсгалтайгаас түргэний тэрэг ухарч гарах зэрэг хүндрэл их. Үүнийг 2 урсгал 2 эгнээтэй болгож өргөтгөнө.” хэмээн ярилаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн