АНУ-ын Үндэсний Сэтгэцийн эрүүл мэндийн төв болон Их Британийн “Wellcome Trust” байгууллага нэгэн сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулсан байна. Энэхүү судалгаагаар хүний тархины үйл ажиллагаа гадаад хэлийг хүлээн авч, хамгийн сайн эзэмших чадвартай үе бол 2-4 нас хэмээн үзжээ. Дөрөв хүртэлх настай хүүхдийн тархи байгалийн нөлөөлөл буюу байгалиас заяасан шинэ зүйл тогтоох чадвар хамгийн өндөр байдаг аж. Хүүхэд энэ насандаа аливаа зүйлийг тогтоож, шинээр сурч байдгаас гадна энэ үед сурсан зүйлээ хожим эргэн санах чадвартай байдаг тул хүүхдэд гадаад хэл, хөгжим зэрэг зүйлсийг сургахад хамгийн тохиромжтой үе нь 2-4 нас аж. Судлаачид тархины хэвийн хөгжилтэй 1-6 насны 108 хүүхдийн дунд судалгаа хийсэн байна. Тэдний тархи төрснөөсөө хойшхи үгийг тархиндаа хадгалж байдаг бөгөөд энэ насны хүүхдүүдийн тархины мэдрэлийн судас бага байх тусмаа цусны эргэлт хурдан байдагтай холбоотой аж. Тиймээс байгалийн төрөлхийн чадавхийг нь ашиглан хүүхдэд дөрвөн наснаас нь өмнө гадаад хэлийг зааж сургах нь хамгийн ашигтай хэмээн судлаачид үзэж байгаа юм.
Түүнчлэн дөрөв хүртэлх насны хүүхдийн танин мэдэхүйн чадвар маш хурдан өсдөг байна. 12 сартай хүүхэд 50 үг тогтоох чадвартай байдаг бол тэд зургаан нас хүрээд 5000 үг мэдэж, чөлөөтэй ярьж өгүүлбэр зохиож чаддаг болдог бөгөөд хоёр, зарим үед гурван хэлээр хүртэл чөлөөтэй ярьж чаддаг болдог аж. Хэлний чадвар хүний зүүн тархинд нөлөөлдөг тул хүүхдийн зүүн тархийг хөгжүүлэх нь хэл сурахад тустай гэдгийг судлаачид зөвлөж байгаа юм.