Хүйтэн, сэрүүний улиралд иргэд даарснаас болж ханиалгах, цаашлаад гуурсан хоолойн архаг үрэвсэл болгох тохиолдол нэлээд байдаг. Энэ талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Уушгины эмч, дотрын тасгийн эрхлэгч Н.Наръяагийн зөвлөгөө хүргэж байна.
Гуурсан хоолойн үрэвслийн шалтгаан юу вэ
-Цаг агаар хүйтэрч, агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор амьсгалын дээд замын үрэвсэл, гуурсан хоолойн үрэвслэлээр иргэд ихээр өвдөж байна. Гуурсан хоолойн архаг үрэвслийн үед агаар дамжуулах замд гаднын нөлөөллийн улмаас гуурсан хоолойн салст бүрхэвчийн гүнийн давхрагыг хамарсан өөрчлөлтүүд явагддаг. Гуурсан хоолойн цэвэршүүлэх, дулаацуулах, хамгаалах үйл ажиллагаа удаан хугацаагаар алдагдаж, дахин сэдрэх явцаар илэрдэг байна.
Гуурсан хоолойн архаг болон хурц үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ
-Ханиалгах, халуурах шинж давамгай илэрдэг. Ханиалгалт нь зөвхөн уушгины өвчний үед илрэхгүй. Маш олон төрлийн өвчний үед иргэнд ханиалгах зовиур илрэхээс гадна өөр бусад шалтгаанаас ханиалгалт илэрч болно. Үүнд, мэдрэлийн гаралтай, ходоод улаан хоолойны үрэвслийн үед, зүрх судасны өвчний үед, эмийн замбараагүй хэрэглээ тэр дундаа хүйтний улиралд амьсгалын замын дээд халдварын үед хоолой зайлах уусмал, хамрын тусаалга замбараагүй хэрэглэснээс ханиалгалт үүсдэг. Хамгийн гол нь ханиалгалт гуурсан хоолойн үрэвслийн үед байна уу, эсвэл өөр өвчний шалтгаантай байна уу гэдгийг ялгах ёстой. Үүнээс хамаарч эмчилгээний арга өөр, өөр байдаг.
Гуурсан хоолойн үрэвслийн гаралтай ханиалгалтыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ
-Ханиалгах, халуурах шинж тэмдэг 1-2 өдөр илэрвэл гэрийн нөхцөлд эмчилгээний энгийн арга хэрэглэж эдгэрэх боломжтой. Дулаан байх, салхинд бага гарах, хүйтнээс хамгаалахын тулд маск зүүх, гэртээ утлаг хийх, шингэн хангалттай хэмжээгээр ууж, амрах хэрэгтэй. Хэрвээ бага зэргийн халуурах зовиур илэрвэл халуун бууруулах эмийг хэрэглэж болно.
Хэрвээ ханиалгах, халуурах шинэ тэмдэг удаан хугацаагаар үргэлжилж, олон дахин давтагдаж, өндөр халуурах шинж тэмдэг дарагдахгүй бол гуурсан хоолойн архаг үрэсвэл болдог. Нэмэлтээр халуурах, цэр гарах, цээжээр өвдөх, амьсгалын замын шуугиан илэрч эхэлбэл эмчээс зайлшгүй зөвлөгөө авч, тодорхой шинжилгээг хийлгэж эмчилгээнийхээ аргыг сонгох боломжтой.
Гуурсан хоолойн үрэвслийг бүрэн эмчлээгүйгээс уушгины архаг бөглөрөлт өвчин үүсдэг. Энэ тохиолдолд эмчилгээ удаан хугацаагаар хийлгэх шаардлагатай болно. Зарим эмчилгээний үр дүн муутай байдаг. Тиймээс хэрвээ иргэн танд гуурсан хоолойн архаг үрэвслийн шинжүүд илэрч, гэрийн нөхцөлд бүрэн эмчилж чадахгүй бол эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Цусны ерөнхий шинжилгээ, цэрний бактерилогийн шинжилгээ, уушгины зураг авахуулах зэрэг шинжилгээг хийлгэх хэрэгтэй.