Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, СТА Б.Нармандахтай ярилцлаа. Тэрээр энэ сарын 23-нд өөрийн тоглосон шилдэг дүрүүд болон олны танил болсон дуунуудаа багтаасан тоглолтоо хийх гэж байгаа юм.
-Энэ жил Улсын драмын эрдмийн театр үүсч хөгжсөний 85 жилийн түүхэн ой тохиож байгаа. Ярилцлагаа УДЭТ-д хөл тавьж байсан үеэс тань эхэлье?
-Манай театрын 85 жилийн ой арваннэгдүгээр сарын 12-нд болно. Хүнээр бол 85 нас бол агуу тоо. Энэ хэрээр драмын театр агуу түүхтэй газар гэж хэлж байгаа юм. Миний хувьд1992 онд УДЭТ-д анх хөл тавьж байлаа. Драмд жүжигчнээр орохоос өмнө Армийн театр байгуулалцаж, тэнд ажиллаж байсан. Анх драмын театр бий болохоос өмнө Амгалангийн театр гэж байхад Армийн театрийн суурь тавигдаж байсан ч тэр нь сүүлдээ Дуу бүжгийн чуулга болоод хувирчихсан. Тиймээс 1987 онд Армийн театрыг байгуулах санаачлагыг МУГЖ Тунгалаг, Чаминчулуун, Равдан, Жагдаг, Гарын таван хуруугийн Оюунцэцэг бид гар нийлэн ажиллаж эхлүүлсэн дээ.
-Цэргийн ангийн дэргэдэх драмын театр гэсэн үг үү?
-Тийм. Гэхдээ тухайн үед цэргийн гэж нэрлээгүй. Орост цэргийн драмын театр гэж байдаг юм. Армийн театрт цэрэг эх орны сэдэвтэй жүжгүүд голлон тавигдаж, цэргийн алба хааж байгаа цэргүүдэд оюун санааны хөрөнгө оруулалт хийхийн тулд театр байгуулах ёстой гэж үзсэн. Тухайн үед Армийн дарга Ёндон генерал байсан бөгөөд армийн дэргэд театр байгуулахыг зөвшөөрсөн.
-Армийн театрын хамгийн анхны драмын жүжиг юу байсан бэ?
-“Хэзээч мартахгүй” жүжгээр Армийн театр нээлтээ хийж байсан. Уг жүжгийг УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулсан. Армийн театр нэртэй боловч драм талдаа нэлээд туршлагатай, чадалтай баг тэнд ажиллаж байсан. Армийн театрт тоглогдох уран бүтээлээсээ шалтгаалан гаднаас уран бүтээлчид уригдан тоглодог байсан. Жүжигчин Золбоот, Батбаатар, Эрдэнэбат, Төрийн соёрхолт Төмөрбаатар, Сүххуяг, Ардын жүжигчин Гантөмөр гуай урилгаар ирж тоглодог байлаа. Хүмүүс одоо санаж байна уу үгүй юу, “Аянгын бороо” “Худалч эхнэр” “Эцсийн шийд” зэрэг олон уран бүтээл Армийн театрын тайзнаа анх амилуулсан юм . 1990 он хүртэл Армийн театр хүчээ авч уран бүтээлийн хувьд мундаг бүтээлүүдийг тавьсан. Магадгүй энэ нь Армийн театрын ерөнхий бодлогыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар удирдаж байсантай холбоотой байсан болов уу гэж би боддог. Харамсалтай нь, зах зээлийн тэр хүнд үед арми хажуудаа театр тэжээгээд байж чадахгүй байсан учраас 1991 онд татан буугдсан юм.
-Армийн театр татан буугдсан үеэс драмын театр ажиллаж эхэлсэн үү?
-Шууд УДЭТ-д жүжигчнээр орж чадаагүй. Сургуулиа төгссөнийхөө дараа Жаамаатай /Л.Жамсранжав/ суух болоод ёс суртахууны доголдолтойгоороо цоллуулж, театр руу орох эрхгүй болчихсон байсан үе. Тухайн үед дуулдаг байсан учраас “Баян Монгол” чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг жил дуулсан. Уг нь сургуулиа төгсөөд театрт хуваарилагдсан ч театрын хаалга миний өмнө хаагдсан учраас тухайн үед өөр арга надад байгаагүй. Х.Төмөрбаатар гавъяат, дуучин Баяраа, дуучин Оюунчимэг, дуучин Нандинцэцэг зэрэг алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байснаа азтайд тооцдог юм. “Айлын гэр бүл үймүүллээ” гэж бүх хүн ад шоо үзэж байсан тэр үед намайг Филармонидоо авсан Д.Ухнаа даргад би үргэлж баярлаж явдаг. Тэр үед би хаашаа ч явахад бэлэн байсан шүү. Театр руу оруулалгүй өнгөрөх ч юу ч биш, гэр бүлийн талаар асуудал гаргасан хүмүүсийг хөдөө хөөдөг байсан цаг шүү дээ. Намчирхах үзэл гаарчихсан тэр үед 20 насны зөрүүтэй Жаамаа бид хоёрын хайр маш том асуудал үүсгэж байлаа даа. Хэцүү байсан уу гэвэл үнэхээр хэцүү байсан. Гэхдээ ачааны хүндийг миний хань л үүрсэн. Би зөвхөн ширвэлтийг нь амссан. Гэхдээ цаг хугацаа бүгдийг залруулж, драмын театртаа жүжигчнээр ажиллах боломж дахин олдсон. 1992 оноос хойш драмын театрынхаа алтан тайзан дээр олны хэсгээс нь эхлээд гол дүр бүтээх хүртэл олон сайхан уран бүтээлд тоглосон. Драмын театртаа жүжигчнээр ажиллахаас гадна дуучин гэдэг утгаараа олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж ирсэн. Хамгийн сүүлд Ромео Жульетта музикльд Капульетта хатагтайн дүрийг бүтээсэн. "Увертюра" хамтлагтай хамтран “Надад үлдсэн найз” музикльд нэгэн ээжийн дүрд тоглож бага насныхаа мөрөөдлийг биелүүлсэн шүү. Намайг залуу байхад музикль гарч ирсэн бол өөрийгөө сорьж үзэх байсан гэж боддог. Би хүүхэд байхдаа Оросын музикль тоглолтыг байнга үзэж, музикльд тоглох юмсан гэж их маш их хүсч, мөрөөддөг байсан. Гэтэл тухайн үед манайд музикль байгаагүй л дээ. Драм бол драм, дуучин бол дуучнаа л хий гэдэг нийгэм байлаа шүү дээ. Гэхдээ би жүжигчин, дуучны ажлаа хослуулж чадсан. Дуучны хувьд би сургуулийг нь төгсөөгүй ч Алтанхуяг, Чинзориг, Лхагвасүрэн гээд мундаг хөгжмийн зохиолчид надад дуунуудаа өгсөн нь маш том аз байсан гэж би боддог.
-Таны анхны дуу нь “Унаган хайр” уу?
-Үгүй ээ. “Унаган хайр”-аас өмнө улс төрийн дууны хамтлаг гэж байхад тэдэнтэй дуулдаг байсан. Мөн “Үүрийн туяа” хамтлагтай Монгол Германы залуучуудын фестивальд оролцож байлаа. МУБИС-д сурч байхдаа хөгжмийн зохиолч Алтанхуягийн байгуулсан “Хувьсгалын уриа” гээд хамтлагт дуулдаг байсан. Тэр үед Алтанхуяг ах миний дуулахыг сонсоод “Унаган хайр” дууг надад зориулж аяыг нь зохиосон гэдэг. Үгийг нь бол Дагвадорж ах хайртай бүсгүйдээ зориулж бичиж байсан түүхтэй.
-“Унаган хайр” дууг тухайн үеийн нийгэм үзэл суртлын хувьд ямар нэг байдлаар хүлээн авч байсан вэ?
-“Унаган хайр” жүжгийн дуу байсан болохоор ямар нэг хааж, боосон зүйл гараагүй. Тухайн үед жүжгийн дуу бол жүжгийн санаагаараа явчихдаг байсан л даа. Ер нь “Унаган хайр” дуунд буруу үзэл суртал, утга санаа байгаагүй. Хүн хэдий өтөлж, хөгширсөн ч гэсэн унаган хайраа хэзээ ч мартдаггүй, үргэлж залуугаар харагддаг гэсэн утгыг илэрхийлдэг сайхан дуу.
-Монголын ард түмний дуртай дууны нэг нь "Унаган хайр" яах аргагүй мөн. Олон нийт таныг “Унаган хайр”-ын Нармандах гэдгээр анддагүй шүү дээ?
-Тийм шүү. Дуу миний амьдралаас хэзээ ч салахгүй зүйл юм билээ. Миний тоглосон жүжгийн дүрээс илүү “Унаган хайр” дуугаар минь ард түмэн намайг таньдаг. Энэ хэрээр ард түмнийхээ хайр энэрлийг хүртэж ирсэн гэж боддог. Энэ сарын 23-нд драмын театрын тайзан дээрээ бүтээсэн шилдэг дүрүүд болон шилдэг дуугаа нэгтгэсэн цэнгүүнээ хийнэ. Тоглолтын нэрээ “Унаган хайр” гэж нэрлэж байгаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Танай хүүхдүүд дундаас урлагаар явж байгаа юу?
- Хоёр хүүхэдтэй. Манай хүү СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн. Чөлөөт уран бүтээлч.
-Урлагийнхан дуулсан дуу, тоглосон жүжгээрээ дамжуулаад хүмүүст маш олон зүйлийг өгч чаддаг шүү дээ. Харин таны хувьд уран бүтээлээр дамжуулан үзэгчдээс юуг мэдэрдэг вэ?
-Жүжиг бүр, дүр бүр өөрийн гэсэн санаатай байдаг. Дан ганц миний дүрээс гадна жүжгийн санаа тэнд гарах ёстой. Тэгж байж үзэгчдэд хүрдэг. Аравдугаар сарын 1-нээс УДЭТ-т тоглогдож байгаа “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр” гээд түүхэн жүжгүүд гэхэд Монгол хүн болж төрсөндөө бахархах, хувьтай төрсөн хувь заяагаа өөрсдөө удирдах ёстой гэхчилэн олон санааг гаргаж байх жишээтэй. Тиймээс жүжиг бүрийн цаана үзэгчдэд ямар нэгэн сэдэл өгөх, ойлгуулах, ухааруулах зүйл агуулдаг юм.
Хүн ер нь өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд явна гэдэг маш том аз жаргал. Миний хувьд тайзан дээр гараад тэр олон үзэгчдийн өмнө ёслоод зогсож байна гэдэг маш том бахархал, тэр дундаас маш том аз жаргалыг мэдэрч чаддаг. Үзэгчид бидний жүжгийг үзээд, дуулсан дууг сонсоод ямар нэгэн байдлаар сэтгэлийн таашаал авдаг шиг бид тийм аз жаргалыг үзэгчдээсээ авч чаддаг. Би хувьдаа хүн маш их магтаал дунд амьдарч тэр хэрээрээ маш сайхан энерги авч байх ёстой гэж үргэлж боддог.