Гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа.
-Хүн болгон өөрсдийн амьдралыг тань шиг судалж, эргэцүүлдэг болчихвол гэр бүл тойрсон олон асуудлаас ангид байж чадах юм шиг санагддаг?
-Хүн бүр гэр бүл судлаач байх боломжтой шүү дээ. Яагаад гэвэл дунджаар 40 жилийн гэр бүлийн амьдралыг хүссэн хүсээгүй бүгд л сонгодог. Өөрөө өөрийгөө чагнаж, энэ гэр бүлд миний үүрэг оролцоо юу байхав, миний буруу юу байна гэж эхлээд өөрөөсөө алдааг хайгаад сурчих хэрэгтэй. Тэгээд амьдралаа өөд нь татаж, гэр бүлээ сайн сайхан авч явахын тулд хөдөлмөрлө. Эрх мэдэл, эд хөрөнгөнд шунаж байхаар амьдрах ухаанд суралц, чамаас хэн ч булааж авахгүй.Тэгвэл чи гэр бүлдээ үүрдийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь болж чадна. Дөрвөн жилийн зайтай солигдоно гэж айхгүй. Насан туршдаа энэ албаа хашиж нэр төртэйгөөр үр хүүхдэдээ хүлээлгэн өг. Гагцхүү гэр бүлээ өөрийн ухаанаар зөв удирдах нь зүйтэй.
-20 жилийн хугацаанд гэр бүлийн сэтгэлзүйг дагнан судалсан хүний хувьд бусдын хүнд хэцүү асуудлыг шийдэхийн зэрэгцээ баяр хөөртэй мөчөөс нь чамгүй л хуваалцаж байсан байх?
-Дөрөвдүгээр ангийн боловсролтой малчин залуугийн тухай би ярих дуртай. Одоо тэр сайн малчин болчихсон, нутагтаа л байхгүй үзэсгэлэнтэй эмэгтэйг эхнэрээ болгоод найман хүүхдийн эцэг болсон ийм сайхан амьдралын түүхээ бүтээсэн. Энэ хүн хүнээс дутахгүй сайхан амьдарч байгаа залуусын төлөөлөл. Миний бодлоор хүмүүс итгэлээ гээсэн байна . Итгэлээс хайр сэтгэл үүсч, хайр сэтгэлээс амьдрал үргэлжилдэг. Итгэлийг тань хаяа алдвал өршөөл гэдэг ухаанаар хандаж сураасай л гэж бодддог юм. Бүх хүмүүс нэгнийхээ итгэлийг алдахгүйн төлөө, бусдад итгэл бэлэглэж амьдарвал аз жаргалтай амьдрал бүтээх тийм хүнд биш. Хайртай хүнээ инээлгэхэд, жаргалтай байхад цаг зориулдаг хүн олон байгаасай гэж боддог. -Таны ажлын зорилго элэг бүтэн гэр бүлийг олон болгох гэж ярьсан. Тэгвэл өөр ямар зорилготой вэ?
-Гэр бүлийн сэтгэл зүйчээр ажиллах хугацаандаа олон байгууллагын хүмүүстэй уулзаж, лекц сургалт зохион байгуулсан байна. Энэ хугацаанд сургуулиудын нийгмийн ажилтанд өөрийн зөвлөгөөг хүргэхийг зорьсон. Нийгмийн ажилтан хүүхэд, гэр бүлийн асуудлыг цогцоор нь шийддэг хүмүүс байгаасай гэж боддог учраас гарын авлага номоо их бэлэглэдэг.Тэндээс хэрэгтэйгээ уншиж, хүүхдүүдийг зөв чиглүүлэх нь чухал. Яагаад гэвэл хүүхэд бүр ирээдүйд гэр бүл зохиож, аав ээж болно.
-Ер нь ямар үндэс суурин дээр тогтсон гэр бүл хамгийн бат бөх байдаг вэ?
-Мэдээж жинхэнэ хайр гэр бүлийг тогтвортой авч явахад нөлөөлнө. Гэхдээ миний анзаарснаар эд хөрөнгөө өөрсдөө хөдөлмөрлөж үүсгэсэн гэр бүл түүндээ гамтай хандаж, гэр бүлээ ч тэр хэрээр хайрладаг. Яагаад гэвэл гэр бүлийн хоёр хамтдаа амьдрах байшингаа босгоё гэж бодоход тоосго бүрийг нь өөрсдийн гараар өрсөн учраас нандин байдаг. Энэ нандин зүйлээ тийм ч амархан үгүй хийхийг хэн ч бодохгүй шүү дээ. Хамтдаа бүх зүйлээ бий болгосон учраас өмч хөрөнгийн яриа гарч, хэрүүл үүсэх нь ч бага байдаг. Нэгэнт өмч хөрөнгө үүсгэсэн хойноо гэр бүл болсон зарим хосуудад минийх чинийх гэсэн аминчхан эд материалын талцал үүсч, нэгдмэл байр суурьгүй байдаг тал бий. Эрэгтэй эмэгтэй хоёр хүний хариуцлага хоршин нийлж байж өрх гэр бүтнэ . Хоёр биендээ зохицож, итгэж, ойлгож, буруу юм хийхэд нь өршөөж, байж гэр бүл удаан оршин тогтноно. Ядахдаа л эхнэртээ гэрээ гэгээлэг авч явах сэтгэлийг нөхөр нь өгч чаддаг байх хэрэгтэй. -Сүүлийн үед өөрт тань хүмүүс голчлон ямар асуудлаар хандаж байна. Энэ нууц уу?
-Сэтгэлзүйчийн нэг чухал чанар бол хүмүүсийн нууцыг хадгалдаг байх. Энэ бол ажил. Ажлын хариуцлага гэдэг их чухал. Надад итгээд амьдралаа ярьсан хүмүүсийн тухай би хэнд ч ам нээх эрхгүй. Харин ажлынхаа талаар бол ярьж болно. Би сүүлийн үед гэр бүлүүдийг эвлэрүүлэн зуучлах тал дээр ажиллаж байна. Бүгд амжилттай болсон гэхэд хэцүү л дээ. Хэн нэгэн нь нэгэнт өөр хүн хайрладаг болчихоогүй л бол эвлэрүүлэх боломж байдаг.
-Ганц бие хүмүүс өөрт тань хэр их ханддаг вэ?
-Ихэвчлэн гадаадад олон жил ажиллаж,сурч байгаад Монголдоо ирсэн хүмүүс надтай холбогдоно. Ганц бие хүмүүсийн хувьд нас оройтох тусам хүнтэй таарч тохирох нь улам багасдаг. Иймээс нас оройтвол хамтын амьдрал зохиоход улам хэцүү болдог. Миний хувьд ажил эрхэлдэг хүмүүсийн танилцуулгыг л хүлээж авдаг. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрийн гэсэн тогтсон орлоготой гэр бүл зохиоход ерөнхийдөө бэлтгэгдсэн байдаг. Хоёрдугаар сарын 11-нд ажил эрхэлдэг ганц бие хүмүүсийн танилцах, уулзалтыг зохион байгуулах гэж байна.
-Гэр бүлд яагаад нэгэндээ бууж өгдөггүй, нэгнээ давах гэсэн үзэл үүсдэг вэ?
-Хувь хүний ухамсартай холбож тайлбарлаж болно. Гэхдээ илүү чухал нэг зүйл бол хажуудаа байгаа хүнээ миний биеийн нэг хэсэг гэж боддог байх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө биш нөгөө хүнийхээ ч мөрөөдлийг дэмждэг байх хэрэгтэй. Хайртай хүмүүсийн бие сэтгэл, оюун нэгэндэээ харъяалагдаж байх ёстой. Өөрсдийн хүслээр амьдралаа эхлүүлсэн хүмүүс замынхаа хагасаас хазайх, нэг нэгнийхээ эсрэг зогсох, нэгнийгээ давах гэсэн энэ тэмцэлийн хор нөлөөгөөр гэр бүлүүд салж байна. Өнгөрсөн онд 17 мянган гэр бүл шинээр үүссэнээс 4200 гэр бүл салсан гэх судалгаа байна. Монголд арван гэр бүл тутмын дөрөв нь салж байна гэсэн үг. Монголд 50 мянган хүүхэд аавгүй өсч байна. Гэр бүл салахад хүүхэд өнчирч, гол хохирогч нь болсоор байгаа нь тун харамсалтай. -Хосууд нэгэндээ итгэл алдрах, үл ойлголцол үүсэхэд юу голлон нөлөөлдөг вэ ?
-Янз бүрийн л шалтгаан бий. Хамгийн гол зүйл юу нь болоод, болохгүй байгаа талаар хоорондоо сайн ярилцдаг байх хэрэгтэй. Найзаа би чамд нэг үгийг хэлье. Чи битгий уурлаарай, би чамайг улам төгөлдөр болгохын тулд хэлж байгаа юм шүү гэх мэтээр. Уцаарлаж биш ойлгуулж хэлэх нь чухал. Ном уншдаг хүн ховор болчихсон учраас бие биедээ ухааруулж ойлгуулах үгийг олж хэлж чадахаа байчихсан байна. Яагаад манай залуус ханилсан хүнийхээ тухай муу үгийг өөртэй нь ярилцаж алдаа дутагдлыг нь хэлээгүй байж, аав ээж, найз нөхдөдөө муулдаг юм бэ. Ингэх нь бие биедээ итгэх итгэлийг улам л үгүй хийж хэрүүл маргаан гаргахаас хэтрэхгүй. Үл ойлголцол удаан үргэлжилвэл хүмүүсийг улам холдуулдаг.Ойлголцохгүй байгаа бол мэргэжлийн хүн дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Гэр бүл зохиогоод олон жил болсон хүмүүсээр ч зөвлүүлж болно шүү дээ.
-Хүн болгон л амар тайван, аз жаргалтай амьдралыг мөрөөддөг. Та мэргэжлийн гэр бүл судлаачийн хувьд энэ талаар юу гэж зөвлөх вэ?
-Хамгийн гол нь өршөөх сэтгэл. Хэн хайрласан хүнийхээ алдааг уучлах чадвартай байна,тэр хүн гэр бүлээ элэг бүтнээр нь авч үлдэж чадна. Хүн болгон алддаг. Нэгнийхээ алдаа болгоныг шүүж яриад байвал өт хорхой хүртэл биед нь хүрэхээр арвалздаг гэдэг шиг тухайн хүний дэргэд хүн тогтоно гэдэг хэцүү болж эхэлнэ. Хүн магтуулахад, бахархуулахад, дэмжлэг авахад, гоё гэж хэлүүлэхэд зориулагдсан . Манай залуус хайрласан хүнээ алдаа хийхээр нь уучилдаг, өнгө зүсийг нь үргэлж засдаг дэмнэдэг байгаасай. Эд материалын зүйлээр гэр бүлийн, хайр сэтгэлийн ертөнцийг орлуулах гэсэн хандлага түгээмэл байна. Энэ л буруу. Жишээлбэл, би эхнэртээ үнэтэй гар утас, машин аваад өгчихсөн, хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд суулгадаг. Хайрлаж байгаа минь энэ гэдэг хүмүүс байна. Хэдэн ч төгрөг байсан хайр сэтгэлийг орлохгүй шүү дээ. Хамтарч чин сэтгэл, хөлс хүчээ зориулж хийсэн ажил бүхэн гэр бүлийн амьдралыг цэцэглүүлдэг. -Залуус гэр бүл зохиохдоо юуг анхаарах нь зүйтэй вэ?
-Энэ хүн надад тохирох уу, миний дутууг нөхөж чадах уу гэдэг талаар сайн бодож гэр бүл болох хүнээ сонгох нь зөв. Зөвхөн гэр бүл зохиоход ч гэлтгүй залуустаа хэлмээр үг олон бий. Жишээ нь, хэн ч надад ажлын байр гаргаж өгөөгүй, хэн ч намайг чи ийм юм хий гэж заагаагүй, намайг ном бич гэж захиалсан хүн ч байхгүй. Хэн нэгэн миний номыг сурталчилж өгөөгүй. Би өөрөө бүгдийг нь хийдэг. Бас 17 цаг ажилладаг. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өөрийн гараар хөлс хүчээ зориулж өөрийгөө бас гэр бүлээ бүтээгээрэй.
-Дөнгөж гэр бүл болсон хүмүүсийн хувьд өөр өөр орчинд өссөн учраас маргаантай олон асуудлууд үүсдэг. Үүнийг яаж даван туулах вэ?
-Гэр бүлийн амьдрал эхний 10 жилд маш их эгзэгтэй цаг хугацааг туулдаг. Энэ үед гэр бүл төдийлөн сайн бэхжээгүй байдаг. Ийм учраас нэгнээ сонсож, аливаа асуудалд хамтдаа шийдвэр гаргаж, ярилцаж байх нь чухал.Тэгэхгүй бол салах магадлал хамгийн өндөр цаг хугацаа. Харин хоёр дахь 10 жилд хосууд ямарваа нэг зүйл тохиолдоход түүнийг хамтдаа даван гарах сэтгэлийн хаттай болдог. Ямар ч асуудалгүй гэр бүл гэж байхгүй л дээ. Гэхдээ эдгээр асуудал бол цаг хугацааных. Дор хаяж 15 жил болж байж гэр бүл доторх хэрүүл дуусч, асуудлууд дундын шинж рүү шилждэг.
-Гэр бүлийн амьдрал уйтгартай болох, хосууд хөндийрөхөд юу нөлөөлдөг вэ?
-Санаачлаггүй байдал шунал хоёр нөлөөлдөг. Нууцалж, атгаг санаа өвөрлөж хийсэн бүх үйлдэл гэр бүлийг сөнөөдөг. Хоёр биенээ гэсэн шударга, үнэнч байдал гэр бүлийг бэхжүүлнэ. Эхнэр нөхөртөө үнэнч, хуурч мэхэлдэггүй амьдрал, ажил төрөлдөө өндөр амжилттай яваа олон хүмүүнийг би мэднэ. Амжилтад нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлийн нэг бол яах аргагүй үнэнч байдал. Зарим мунхаг хүмүүс эхнэр, нөхөртөө энэ хүн нэгэнт минийх болчихсон юм чинь энийг яаж ч бохирдуулсан, яаж ч хиртүүлсэн яадаг юм гэсэн байдлаар ханддаг. Яг л хувцсаа гамгүй өмсдөг хүмүүс ийш тийшээ чихэж байгаад урж тасдаад, тос тортог арчаад эцэст нь хаядаг шиг ханилсан ханьдаа ингэж ханддаг хүмүүс байна. Нэгнийгээ дорд үзэж, амьдралаар нь ингэж тоглож болохгүй шүү дээ.
-Зарим гэр бүлд хөндлөнгийн хүмүүсийн оролцоо нөлөөлөх нь бий. Тухайлбал, нөхөр нь эхнэрийнхээ үгэнд ордог бол найзууд нь чи эхнэртээ атгуулчиж гэж ярих ч юм уу?