Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Битүүний өдөр УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг баталлаа. Та энэ хуулийн журмыг нь боловсруулахаас батлах хүртэл нь гардан оролцсон хүн. Тиймээс энэ хуулийн гол агуулга, ийм хуультай болсноор ямар өөрчлөлт авчрах вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Манай улс 1990 оноос хойш хандивлагч, түнш орнуудаас хөнгөлөлттэй зээл тусламж авч, ашиглаж ирсэн. Харин 2012 онд Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ арилжааны нөхцөлтэй зээл авах чадвартай улс орны тоонд багтсан. Үүнийг албан ёсоор 2012 оны сүүлээр Азийн хөгжлийн банк, Дэлхий банкнаас зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс арилжааны нөхцөлтэй зээл авч, эргүүлэн төлөх чадвартай гэсэн ойлголт дэлхий нийтэд зарлагдсан учраас хөнгөлөлттэй зээл авах боломж хумигдаж эхэлсэн. Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулиар зөвхөн хөнгөлөлттэй зээл, тусламжийг захиран зарцуулах тухай хууль өөрөө өнөөдрийн нөхцөлд үйлчлэх орчныг бүрэн хэмжээгээр хангаж чадахгүй байгаа. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуулийг зайлшгүй боловсруулах шаардлагатай болсон. 2010 оноос боловсруулж эхэлсэн. Улсын өрийн талаар бие даасан анхдагч хууль болж байгаа юм. Энэ хуулийн хамгийн гол зохицуулалт нь анх өр үүсгэх үеэс эхлээд тухайн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл арга хэмжээ хэрхэн сонгох, дамжуулан зээлдэх гэрээ байгуулсан бол эргээд зээлээ хэрхэн төлөх хүртэлх бүх процессыг хуульчилж өгснөөрөө онцлог. Үүнээс гадна шинээр нэмэлт хэд хэдэн харилцааг зохицуулсан.
-Анх төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдахад Засгийн газрын баталгаа гэдэг зүйл заалт багтаасан байдаг байсан. Засгийн газар хэлэлцээд УИХ өргөн мэдүүлж, УИХ дэмжсэнээр Засгийн газрын баталгаа гаргаж болно гэж тус хуульд заасан байдаг. Гэтэл Засгийн газрын баталгаа гэдэг нь тухайн баталгаа гаргуулагч этгээд нь зээлээ эргэн төлж чадахгүй тохиолдолд, Засгийн газрын өр болох учраас энэ нь улсын өрийн маш том дарамт болж байсан. Тиймээс Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын баталгааны талаар бүтэн бүлэг оруулж, нарийвчилсан зохицуулалттай болгосон. Засгийн газрын баталгаа гаргуулагч нь ямар шаардлага хангасан байх ёстой, ямар төсөл арга хэмжээнд Засгийн газар баталгаа гаргах вэ гэдгийг хуульчилсан. Баталгаа гаргах бол хэд хүртэл хувьд гаргах уу, баталгаа гаргуулагч этгээд нь хувь шимтгэл төлж Засгийн газрын баталгааны эрсдэлийн сан бий болгохоор хуульчилсан байгаа. Мөн орон нутгийн засаг захиргаа өөрөө бие даан үнэт цаас гаргах эрх Үнэт цаасны тухай хуулиар нээгдсэн байгаа. Гэхдээ ямар хууль эрх зүй, дагалдах хуулиудын хүрээнд хэрэгжүүлэх вэ гэдэг тодорхой биш байсан. Ер нь үнэт цаас гэдэг бол өрийн нэг хэлбэр. Тиймээс орон нутгийн үнэт цаас гаргахдаа ямар нөхцөл, шалгуурын дагуу гаргах ёстой вэ гэдгийг Өрийн удирдлагын хуульд нарийвчлан тусгасан. Хуулийг дагаж 12 журам боловсруулах ёстой.
-Журам батлахаад нэлээд цаг орох уу?
-Ирэх зургадугаар сар гэхэд журмаа боловсруулж зарчмыг нь Засгийн газраар, зармыг нь Сангийн сайдаар батлуулах ёстой байгаа. Нэлээд чухал харилцааг энэ хуулиар зохицуулж байгаа юм. Мөн дамжуулан зээлдүүлэх гэрээтэй холбоотой нэлээд зүйл заалт багтсан. 1990 оноос өнөөг хүртэл авсан зээлийн дийлэнх нь дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулаагүй. Зарим нь гэрээ байгуулсан ч зээлээ эргэн төлөхгүй асуудал өдий хүртэл гарсаар байгаа. Тиймээс энэ асуудлыг тусдаа бүлэг болгож хуульчилсан байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар цаашдаа гадаадаас зээл аваад түүнийгээ ямар нэгэн байгууллагад зээлсэн тохиолдолд эргээд үндсэн зээлийг эргэн төлөх гэрээг байгуулна. Ингэхдээ хэрэгжүүлэгч болон хариуцагч, ерөнхийлөн захирагчтай хамтарсан гуравласан гэрээг байгуулна зэргээр хариуцлагын бүтцийг өндөржүүлсэн зохицуулалтыг оруулсан. Ер нь Өрийн удирдлагын тухай хуультай болсноор Монгол Улс өрөө удирдах нэгдсэн бодлого, зохицуулалттай боллоо л гэж ойлгох хэрэгтэй.
-Өрийн удирдлагын хуулиар арилжааны зээл, хөнгөлөлттэй зээл гэдгээр нь нэг бүрчлэн хуульчилсан зохицуулалтыг оруулсан уу?
-Энэ хоёр ойлголтыг салгаж хуульчилсан гэж ойлгож болно. Нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй, арилжааны зээл гэж ямар зээлийг хэлэх вэ гэдгийг тусгасан. Нэн хөнгөлөлттэй зээлийн нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн үр ашигтай, эргэн төлөх чадвартай төсөл арга хэмжээнд арилжааны зээлээс зарцуулна гэсэн зааг ялгааг тогтоосон. Гаднаас зээл авч байгаа тохиолдол зайлшгүй төсөвт тусгагдана. Гадаад, дотоод аль ч зээл төсвөөс эргэн төлөгдөх учраас төсөвт тусгагдах ёстой. Харин гадаад, дотоодоос зээлсэн хөрөнгөөгөөрөө ямар төсөл арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь ил тод байж, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нарийн тусгасан. Тиймээс УИХ, Засгийн газраас эхлээд өр зээлийг хариуцсан мэргэжилтэн хүртэлх бүх үе шатуудад хариуцлага хүлээлгэх санкцууд багтсан байгаа.
-Өрийн хэмжээг улсын өр гэж нийтэд тодорхойлдог байсан. Харин Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын өр гэж хуулчилсан байна. Энд зарчмын ялгаа байгаа юу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр улсын өр гэсэн тодорхойлолт байдаг. Нэршил нь улсын өр гэдэг боловч бодит байдал дээр хувийн хэвшлийн өр багтдаггүй. Зөвхөн Засгийн газрын өр л багтдаг байсан. Тиймээс улсын өр гэж тодорхойлох нь өрөөсгөл болж байгаа юм. Олон улсын стандартад нийцүүлж улсын өр гэдэг нэршилд багтдаг байсан бүрэлдэхүүнийг Засгийн газрын өрд багтаахаар хуульчилсан. Засгийн газрын өр дотор Засгийн газрын гадаад, дотоод зээл, орон нутгийн зээл, гэрээгээр санхүүгийн төлбөрийн үүрэг хүлээж байгаа Засгийн газрын гэрээтэй өр төлбөрийг багтана зэргээр нарийвчлан заасан.
-Тогтвортой байдлын тухай хуульд ч мөн хувийн хэвшлийн өр төлбөрийг улсын өрд багтаахгүй байхаар заасан. Харин нэршлийн хувьд өөрчлөгдсөн юм байна, тийм үү?
-Төвсийн тогтвортой байдлын тухай хуульд заасан улсын өр гэдэг нэршлийг Засгийн газрын өр болгож өөрчилсөн. Үүнээс гадна бүтцийнх нь хувьд төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрд орохгүй болж байгаа.
-Яагаад төрийн өмчит компанийн өрийг Засгийн газрын өрд багтаахгүй гэж?
-Төрийн өмчит компани тавьсан өрөө хариуцах засаглалтай, менежменттэй болох ёстой. Төрийн өмчит компанийн өрийг Засгийн газрын өрд багтаагаад байх юм бол автоматаар тухай компани өр зээлийн асуудалдаа хариуцлагагүй хандана гэдэг үүднээс оруулаагүй. Илүү хариуцлагатай, бие даасан болгох үүднээс ингэж шийдсэн.
-Төрийн өмчийн компаниуд өрийн үлдэгдлийг Засгийн газрын өрд тооцохгүй гэлээ. Ер нь төрийн өмчийн компаниуд авсан зээлээ төлөх хэмжээнд ажиллаж байгаа юу. Үүн дээр тооцоо судалгаа хийв үү. Ингэж асууж байгаа учир нь ямарч санхүүгийн чадваргүй төрийн өмчийн компаниуд өрөө төлж чадахгүй явсаар байвал эргээд төрд л ачаалал үүсэх юм биш үү?
-Олон улсын стандартаар бол төрийн өмчийн компанийн өрийг Засгийн газрын өрөөс салгасан тохиолдолд болзошгүй өр төлбөр ангилалд багтдаг. Болзошгүй өр төлбөр гэдэг нь хэрвээ төрийн өмчит компаниуд өр төлбөрөө барагдуулж чадахаа болж, засаг өөр дээрээ хүлээж авахаар болбол энэ нь улсын өрийн үлдэгдэлд хамаарна. Тэр хүртэлх процесст Засгийн газар тодорхой хэмжээний хяналт тавих ёстой байгаа. Өөр дээр нь эрсдэл үүснэ гэдэг үүднээсээ. Тиймээс төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Хэрвээ өр зээл үүсгэх бол Засгийн газраар хэлэлцүүлнэ. Орон нутагт эрх давамгайлсан компани өр зээл авах бол тухайн аймаг сумын ИТХ-аар хэлэлцэх зохицуулалт хуульчилсан байгаа.
-Хуучин бол 58.3 хувь гэж өрийн дээд хязгаарт төрийн өмчийн компаниудын өр багтаж байсан биз дээ?
-Тэгэхээр төрийн өмчит компанийн өрийг хасахаар өрийн хязгаарт өөрчлөлт орох уу?
-Төрийн өмчит компанийн өр автоматаар Засгийн газрын өрөөс хасагдсан. Одоогийн 58.3 хувь гэдэг хязгаарт Засгийн газрын баталгаа, Засгийн газрын гадаад, дотоод зээл, үнэт цаас орон нутгийн зээл л багтана. Өрийн хягзаарын хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй.
-Өнөөгийн үнэ цэнээр тооцвол манай улсын өр хуульд заасан 58.3 хувьд тулчихсан байгаа гэж Сангийн сайд өөрөө хэлсэн. Үүнээс төрийн өмчит компанийн өр зээлийг хасахаар чинь тодорхой хэмжээ шинэ эх үүсвэр авах орон зай үүснэ биз дээ?
-Шинэ эх үүсвэр авах орон зай үүснэ. Төрийн өмчийн компанийн өр зээлийг Засгийн газрын өрөөс хасахаар ойролцоогоор 1.3 их наяд төгрөгийн орон зай шинээр үүсч байгаа.[/inlinetweet] Долларт шилжүүлбэл 650 орчим сая ам.доллар гэсэн үг л дээ.
-Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Японы зээлийг авах боломж нээгдлээ гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Ер нь хөгжлийн зээлийн хувьд үнэт цааснаас ялгаатай. Чингис бондыг олон улсын зах зээл дээрээс үнэт цаас худалдан авсан цагаас эхлэн зээлийн тоолуур гүйж эхэлсэн. Тэгвэл хөгжлийн зээл ашиглалтаасаа шалтгаалж дансанд мөнгө ордог. Дансанд орсон мөнгө л өр болдог. Жишээ нь, Японоос 30 тэрбумын иенийн зээл авч түүнийгээ гурван жилийн хугацаанд хувааж авахаар болбол эхний жилд нь таван тэрбумыг ашиглахаар байвал тэр ашигласан хэмжээгээрээ л өрд бүртгэгддэг. Үлдэгдэл хэмжээг нь ашиглаагүй тохиолдолд хуульд заасан өрийн хэмжээнд ордоггүй. Гэтэл үнэт цаасыг ашигласан ашиглаагүй зарлаа, мөнгө цугларлаа, маргаашнаас нь өрд тооцогдоод явдаг. Ийм өөр ойлголтууд. Тиймээс нэлээд хэмжээний хөгжлийн зээлийг ашиглах боломж нээгдэж байгаа гэж ойлгож болно. Одоогоор хөгжлийн шинж чанартай 20 гаруй зээлийн гэрээ хэлэлцээр хүлээлтийн байдалд байгаа. Эдгээрээс нэн тэргүүнд шаардлагатай, чухал ач холбогдолтойг шүүх байх. Аль зээлийг авах вэ гэдгийг Сангийн яам дангаараа шийдэхгүй. Засгийн газар төвшинд яригдаж цаашлаад Байнгын хороо УИХ-аар шийднэ.
-1.3 их наяд гэдэг нь зөвхөн энэ жил үүсэх орон зай юу?
-Цаашид байнга орон зай үүсээд явах уу?
-Орон зай үүсэх боломж бий. Учир нь богино хугацаанд авсан өр зээлийн эргэн төлөлт хийгдэж дахин шинээр зээл авах орон зай бий болно. Эхний арилжааны зээлийн эргэн төлөлтийг 2017 оноос төлнө. Үүнээс гадна төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны эргэн төлөлтүүд хийгдэнэ. Одоогоор 2.6 их наяд төгрөгийн баталгаа гаргасан байгаа. Засгийн газрын баталгааны хэмжээ дуусвал тэр хэмжээгээр орон зай үүснэ. Ийм байдлаар цикл явагдаж орон зай шинээр бий болно. Нөгөө талаас ДНБ өсөх тусам эзлэх хувиараа шинэ орон зай үүсээд явна. Боломж бол ингэж л харагдаж байгаа. Гэхдээ бий болсон орон зайг үр ашигтай ашиглаж чадах уу, авсан зээлээ эдийн засгийн үр өгөөжтэй эргэж төлөгдөх чадахуйц төсөлд зарцуулах шаардлагатай. Энэ хуулиар энэ нарийвчилсан зохицуулалтыг багтааснаараа онцлог байгаа юм.
-Одоо улсын өр гэж юуг хэлэх юм бэ?
-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын өр+Монголбанк+хувийн секторын өрийг улсын өр гэнэгэж заасан. Улирал бүр статистикийн хороо улсын өрийн хувь хэмжээг олон нийтэд тайлагнана гэж тусгасан.
-Ер нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаарын хэмжээ өөрчлөгдөх үү. Өрийн улирдлагын тухай хуульд өрийн хязгаарыг заасан байгаа юу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаар Өрийн удирдлагын тухай хуулиар өөрчлөгдөхгүй. Хуульд өрийн хязгаарыг үе шаттайгаар заасан байгаа. 55, 50, 40 гээд2018 оноос эхлээд өрийн хязгаарыг ДНБ-ий 40 хувьд барих шаардлагатай байгаа. Өнөөдрийн өрийн хэмжээг үе шаттайгаар бууруулна гэсэн зорилттой явж байгаа.
-2017 оноос Монгол Улс Чингис бондын өрийн 500 сая ам.долларыг эргэн төлнө. Энэ хуулиар энэ эргэн төлөлтийг ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх талаар нарийвчилсан тусгасан зүйл заалт байна уу?
-Дунд хугацааны өрийн удирдлагын баримт бичгийг боловсруулж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг дөрөвдүгээр сард өргөн барьдаг. Энэ нь ойрын гурван жилд төсвийн бодлогоор ямар арга хэмжээг хийх вэ гэдгийг баталдаг баримт бичиг. Энэ бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд ийм хэмжээний зардал гарахаар байна, үүний энэ хэсгийг нь өр зээлээр санхүүжүүлэхээр байна гэдгийг заана. Үүнээс гадна дунд хугацааны бичиг баримтын нэг хэсэг нь зайлшгүй өрийн удирдлагын стратегийн баримт бичиг болж байгаа. Энэ баримт бичигт эргэн төлөлтөө хэрхэн бүрдүүлэх талаар бүх зохицуулалтыг оруулахаар тусгасан байгаа. Бодлогын баримт бичгийг бий болгоно гэсэн үг. Өр зээлийг хэрхэн зарцуулах, ямар зээл авах, юунд зарцуулах, эргэн төлөлтөө хэрхэн яаж хийх зэрэг бүх зарчмын асуудлыг тусгасан саналаа УИХ-аар батлуулах чухал бичиг баримтыг хийдэг болно. Тиймээс энэ бодлогын баримт бичиг батлагдвал авсан өр зээлээ ямар эх үүсвэрээс яаж төлөх гэдэг асуулт тодорхой болно.