Open iToim app
Таны сонорт | 5 мин уншина

​Д.Нарангиймаа: Хөрөнгө оруулалт бол сорилтыг давах хамтын ажиллагаа

​Д.Нарангиймаа: Хөрөнгө оруулалт бол сорилтыг давах хамтын ажиллагаа
Нийтэлсэн 2017 оны 10 сарын 9
2017 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Мишээл ЭкспоТөвд “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Бизнесийнхний дунд хүлээлт үүсгээд буй энэхүү үзэсгэлэнгийн зохион байгуулагч “JV Consult LLC” Компанийн гүйцэтгэх захирал Д.Нарангиймаатай ярилцлаа.
-Улс төрийн орчин ойрд их “хөдөлгөөнтэй” байлаа. Бас эдийн засгийн хувьд бондын өр төлбөрөөс эхлээд олон сорилт шинэ засгийн газрыг хүлээж байна. Макро талаасаа нөхцөл байдал ерөнхийдөө ийм байгаа ч дотоодын компаниудад боломж бололцоо хэр байна гэж та харж байгаа вэ?
-Эрсдэлээ тооцож үзэх нь мэдээжийн асуудал байх. Гэхдээ боломж үргэлж байсаар байдаг. Тэр боломжийг улам ойртуулдаг нэг зүйл нь ажил хэрэгч уулзалт. Техник технологи хөгжөөд зайнаас харилцах боломж маш өргөн болсон. Гэхдээ ном хэзээ ч хуучрахгүй гэдэг шиг ажил хэрэг, бизнест уулзалтын ач холбогдол өндөр хэвээрээ байна. Тэр тусмаа бизнесийн түншээ олох, гэрээ хэлэлцээр байгуулах боломжийг бүрдүүлсэн олон улсын арга хэмжээ оролцогч компаниуддаа төдийгүй тухайн улсынхаа эдийн засагт ч бодитой хувь нэмэр оруулдаг. Цаг хугацааны хувьд авч үзвэл үүний хамгийн ойрын жишээ нь “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн гэж хэлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн унасан 2016 онд ч энэхүү үзэсгэлэнд дэлхийн зах зээлд байр сууриа олсон, нэр хүндтэй 70 орчим байгууллага оролцож, 3000 гаруй зорилтот үйлчлүүлэгчид ирж, түншлэлийн хүрээгээ өргөжүүлсэн байгаа. Энэ жилийн зохион байгуулалтын дуусах шатандаа ороод явж байна.
-Энэ төрлийн үзэсгэлэн зохион байгуулах нь эдийн засагт бодитой нөлөө үзүүлдэг гэлээ. Та жишээ хэлэхгүй юу?
-“Expo Mongolia” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн Газар дэмжлэг үзүүлдэг. ХБНГУ-ын Хамтын Ажиллагаа Эрчим Хүчний Яам болон Европын салбар салбарын холбоодоос хамгийн томд тооцогддог Германы “Хүнд Машин Механизм Үйлдвэрлэгчдийн Холбоо” (VDMA) биднийг дэмжиж байгаа гэдэг утгаараа энэ арга хэмжээний ач холбогдол өндөр. Мөн “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”, Дюссэлдорфийн үзэсгэлэнгийн танхим биднийг дэмжин ажиллаж байгаа. Жишээ хэлэхэд, “Мюнхений Үзэсгэлэнгийн Танхим”-ийн зохион байгуулдаг “Bauma” бол дэлхийн барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн. 2016 онд л гэхэд 580,000 хүн зочилсон байх жишээтэй. Энэ бол манай улсад бүтэн жилд ирдэг жуулчдын тооноос ч давсан үзүүлэлт. Энэ үзэсгэлэнг зорих хүмүүс Мюнхений зочид буудлуудыг дүүргэж, нисэх онгоцны тасалбар, орон нутгийн галт тэрэгний тасалбар зарагдаж дуусдаг. Энэ бол эдийн засагт нөлөөлж байгаа бодитой жишээ гэж хэлнэ.
2013 онд буюу уул уурхайн салбарын өсөлтийн үед Expo Mongolia-д 100 гаруй компани оролцдог байсан. Харин одоо энэ үзүүлэлт буурчихаад байна. Энэ бол зохион байгуулалт гэхээсээ илүү улс орны бодлого, цаг үеийн байдалтай холбоотой. Гэхдээ бид Европт үзэсгэлэнг яаж, ямар стандартаар зохион байгуулдаг, тэр стандартын дагуу гүйцэтгэл, тохижилтоо хийж байна. Expo Mongolia цаашдаа дотоодыг чиглэх валютын урсгалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг тийм арга хэмжээ болох үндэс суурийг тавьсан гэж бодож байна.
Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд барилгын компаниудын тоо нэмэгдсэн дүнтэй байгаа. Тухайлбал, Aquatherm GmbH, Bongianni Macchine, EBAWE Anglagentechnik, Stiebel Eltron зэрэг компаниудыг дурдаж болно. Мөн Солонгосын компаниуд голдуу хүнс, эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Өөр нэг онцлох зүйл нь бид matchmaking буюу компаниудыг хооронд нь холбох үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна VIP уулзал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ер нь энэ үзэсгэлэнгээр манай дотоодын компаниудын захирал, менежерүүдэд их олон боломжийг гаргаж өгч байгаа.
-“Expo Mongolia” үзэсгэлэнг “Expo Mongolia-21” компани зохион байгуулдаг. Хэр өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг компани вэ?
-Манай JV Consult компани нь үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг, ХБНГУ-ын “Expo Mongolia 21” группийн охин компани. Ийм ч учраас олон улсын, тэр дундаа Европын үзэсгэлэнгийн танхимын стандартыг Монголд анх удаа нэвтрүүлсэн. Эдгээр үзэсгэлэнгүүд уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр логистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд гээд олон салбарыг хамардгаараа онцлогтой. “Expo Mongolia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг, олон улсад гурван салбартай.

-Энэ Үзэсгэлэнг Монголд зохион байгуулах учир шалтгаан чухам юу байсан бэ?
-Expo Mongolia-21 компанийн Ерөнхий захирал Инго Клойвегийн хэлснээр 2011-2012 онд Монголын эдийн засаг 17 хувиар өсөж, уул уурхайн салбарт огцом өсөлт гарсан нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Дэлхийн хэмжээний том, том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж үзсэн.
-Монголд энэ төрлийн маш олон үзэсгэлэн зохиогддог. “Expo Mongolia” үзэсгэлэнгийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
-Монголын компаниудын тэр болгон үзэж танилцаад байж чаддаггүй томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнийг үзэх, шинэ шинэ технологиос танин мэдэх, тэдгээртэй хамтын ажиллагаа, холбоо тогтоох боломжийг үзэсгэлэнд оролцогчид олж авна. Мөн манай үзэсгэлэн дээр дотоод гадаадын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллүүд уулзан санал бодлоо солилцож, хамтран ажиллах боломжийг олгодог нь бас нэгэн давуу тал гэдгийг хэлмээр байна. “EXPO MONGOLIA 2017” олон улсын үзэсгэлэн, тогтвортой хөгжлийн бага хуралд ХБНГУ, БНХАУ, Итали, Беларусь, Солонгос, Монголын 40 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа. Зохион байгуулагчийн зүгээс Монгол Улсын төр, эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүй, бизнесийн орчныг хөрөнгө оруулагчдад зөвөөр таниулж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн, талуудыг холбох гүүр болж ажиллахаар зорьж байна.
-Танай үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг бага хурлаас юуг хүлээж болох вэ?
-Бид бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг. Урьд жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлын хэлэлцэж байсан бол энэ жил бид “Investment & Innovation” сэдвийн дор хэлэлцүүлгүүд өрнүүлэхээр бэлтгэж байна. Жишээ нь"Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд", "Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт", "Үйлдвэрийн гаралтай тоос, тоосонцрыг хянах, дарах шийдлүүд", "Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж", "Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж" гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
- Бизнесийнхний хувьд маш олон боломжийг нэг цэгт төвлөрүүлсэн арга хэмжээ болох юм байна. Цаг гарган ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн