Open iToim app
Соёл, урлаг | 5 мин уншина

​Э.Нарангарав: Духан дээрээ мод, палк тогтоохын тулд бүтэн жил бэлдсэн

​Э.Нарангарав: Духан дээрээ мод, палк тогтоохын тулд бүтэн жил бэлдсэн
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 15
“Авьяаслаг Монголчууд-2015” шоунд оролцож, Монголын циркийн ирээдүй гэдгээ батлан харуулж, үзэгч олныг гайхалтай үзүүлбэрүүдээрээ татаж байсан, олон улсын хүүхдийн фестивалиас эхлээд гадаадын томоохон тэмцээн тоглолтуудад эх орныхоо нэрийг гаргаж яваа Монголд ганцхан байдаг  тэнцвэртэй  уран нугараач Э.Нарангаравтай ярилцлаа. 
-Хамгийн сүүлд хаана, ямар тоглолт, тэмцээн уралдаанд оролцов гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?
-Өнгөрсөн сард Унгар улсад усан сэлэлтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ёслолд Монгол Улсаас нугараачид явуулаач гэсэн хүсэлт ирсэн. Үүний дагуу найман нугараач, жүжигчин багшийн хамт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр яваад ирлээ. Давхар мост, дөрвөн давхар эрүүндээрээ хэвтэлт зэрэг нугаралтыг үзүүлсэн байгаа. Тухайн хаалтын ёслолд 10 орны 200 жүжигчин тоглолтоо хийсэн юм. Тиймээс маш олон жүжигчинтэй хамтарч үнэхээр хариуцлагатай том хэмжээний тоглолтод оролцоод ирсэн. 
-Гадаадын олон тэмцээн уралдаанд оролцож байсан шүү дээ. Тэгэхээр амжилтаасаа дурьдахгүй юу?
-Хамгийн сүүлд оролцсон тэмцээн гэвэл Олон улсын хүүхдүүдийн фестивальд Эрдэнэтийн уран нугараач хүүхдүүдтэй  24 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Фестивальд 64 орны хүүхэд оролцсон. Бид нэгдүгээр байр гэж хэлж болохоор ур чадварын цомыг авсан байгаа.

-Гадаад хүүхдүүдтэй хамт тоглолтод оролцоход монгол хүүхэд юугаараа ялгарч байна вэ?
-Монгол хүүхдүүд илүү тэвчээртэй санагддаг . Бид нар бэлтгэл дунд жоохон шалбарах зэрэгт төдийлөн анхаарал хандуулалгүй бэлтгэлээ хийдэг юм. Харин гадаад хүүхдүүд жаахан бэртэхэд л эмзэглээд байдаг юм шиг санагддаг. Гэхдээ гадаад хүүхдүүд үнэхээр соёлтой. Хальт шүргэлцээд өнгөрөхөд нүд рүү харж байгаад уучлаарай гэж хэлдэг.
-Хэзээнээс уран нугаралтаар хичээллэх болсон бэ?
-Би зургаан настайгаасаа эхлээд уран нугаралтын дугуйланд хичээллэж эхэлсэн. 11 дэх жилдээ хичээллэж байгаа. Би нугаралтаар хичээллэхээсээ өмнө уран нугаралт гэж яг юу байдгийг ч мэддэггүй байсан. Гэтэл нэг удаа манай гэрт засвар хийгээд хивсээ хуулчихсан, модон шалтай байхад би гүйж байгаад хальтарч унахдаа А суугаад унасан гэсэн. Үүнийг манай эгч хараад санаа нь зовж байсан чинь би зүгээр л босоод явчихсан гэдэг. Тэгээд манай эгч намайг уян биетэй юм шиг байна гээд анх уран нугаралтын ангид бүртгүүлж байсан.
-Бэлтгэл сургуулилтаа яаж хийдэг вэ?
-Бага байхад хүнд бэлтгэл ордоггүй байсан. Жаахан хүүхэд хаширчирдаг учраас багш нар намайг аргадаж сургадаг байсан. Харин би арай том болж, өөрийн гэсэн бодолтой болоод нугарах маш дуртай болж эхэлсэн. Хичээлээ тараад л бэлтгэлийнхээ заал руу гүйж ирээд багшийнхаа хий гэсэн зүйлийг цаг тухайд нь багшийгаа хууралгүй хийдэг. Ер нь томрох тусам өөрөө энэ урлагтаа дурлаж, илүү их хичээж байгаа. Ямар ч тэмцээнд ороход бэлэн байхаар үргэлж бэлтгэлээ хийдэг.
-Бэлтгэл сургуулилтаасаа болоод ч юм уу, шантрах үе гарахад юуг бодож урагшилдаг вэ?
-Ер бэлтгэл сургуулилтын үе маш хүнд байдаг. Заримдаа өөрийн хийдэг бланстай номероо бэлдэж байхад маш их шантарч байсан. Тэгээд багшийнхаа хий гэсэн зүйлийг хийж чадахгүй өөртөө гомдож уйлдаг байлаа. Намайг шантрах үед багш маань “болж байна, жаахан л дутаад байна” гэх зэргээр урам зориг өгдөг болохоор үзүүлбэрээ үргэлжлүүлэн бэлддэг байсан гэж хэлж болно. Бэлтгэл их хийгээд байхаар хаяа ч гэсэн тогломоор санагддаг юм. Ер нь хэцүү байх үедээ ээж минь миний төлөө л амьдарч байгаа гэдгийг санаж, мөн багшийнхаа сэтгэлийг бодож л дахиад эхэлдэг дээ.

-Уран нугарахад биеийн жин чухал нөлөөтэй байдаг шүү дээ. Дуртай амтатнаасаа татгалзаж, дэглэм  барих үе олон байдаг байх?
-Хоолны дэглэм барих ёстой. Ер нь нугардаг хүүхдүүд маш их хүч, энерги зарцуулдаг учраас шим тэжэээлтэй хоол хүнс сайн идэхийг зөвлөдөг. Гэхдээ гурилан бүтээгдэхүүнээс татгалзана. Мөн чихэрлэг бүтээгдэхүүнийг бага хэрэглэх ёстой учраас хааяа л чихэр иддэг.
-Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?
-Би өнгөрсөн хавар 12-р ангиа төгссөн. Надад их сургуульд сурах боломж байсан ч би нугаралтынхаа замыг сонгосон. Яагаад гэвэл олон жил хичээллэсныхээ үр шимийг үзэх ёстой. Би өөрийгөө нугарч чадахгүй болтлоо нугарна гэж боддог. Монте-Карло ч юм уу, том тэмцээнд оролцож дэлхийд эх орныхоо нэрийг гаргахыг хүсдэг

-Уран нугаралтаар хичээллэдэг хүүхэд үеийнхнээсээ ялгарах зүйл байна уу?
-Энэ урлаг маш олон хүнтэй харилцдаг учраас бусдын дэргэд биеэ зөв авч явахаас гадна бусадтай зөв харилцах чадвартай болдог. Мөн тэвчээр шаардсан урлагт хүчин зүтгэж байгаа учраас уур бухимдлаа бариад сурсан байх жишээтэй. Ер нь жирийн хүүхдүүдээс илүү тэвчээртэй гэж хэлж болох юм.
-Тэмцээн уралдаан оролцоход тулгарах бэрхшээл нь юу байна вэ?
-Ер нь толгойны өвчин болоод байгаа нэг зүйл бол санхүүгийн асуудал байдаг. Тэмцээнд ороход наад зах нь хоолны мөнгө хэрэгтэй болно. 
-Ярилцах үедээ багшийнхаа талаар нэлээн дурдлаа. Багш нарынхаа тухай ярихгүй юу?
-Эрдэнэтэд хоёр л багш байдаг. Эгч маань намайг анх Ч.Дэлгэрцэцэг багш дээр аваачиж байсан. Дараа нь ээжийн ажлаас шалтгаалан А.Отгонбаяр багш дээр очиж байсан юм. Баяраа багш надад жонглер, үсрэлт, тэнцвэр, нугаралт ч юм уу хослуулж хийх чадвартай болгох гэж циркийн үзүүлбэрийг сургадаг. Харин Дээгий багш нугаралтын үндсэн зүйлийг заадаг юм. 
-Яагаад уран нугаралтыг тэнцвэртэй хослуулж хийх болсон юм бэ?
-Тэнцвэртэй уран нугаралтыг хийх санааг А.Отгонбаяр багш анх бодож явсан юм билээ. Миний өмнө нэг эгч тавьж байсан ч нугаралтаараа тууштай яваагүй юм. Тэгээд багш надад “уран нугаралтыг тэнцвэртэй хослуулж хийх номер байна” гэж хэлж байсан. Анх духан дээрээ мод, юм уу палк тогтоохын тулд бүтэн жилийг зарцуулсан. Дараа жилээс нь дөнгөж нуруугаараа хотойж баланстайгаа алхахыг оролдож эхэлсэн юм. Номерчлоод хийж сурах гэж маш их хугацаа шаардагдсан. Одоо ч миний хийж байгаа тэнцвэртэй уран нугаралт маань төгс биш, хийх зүйл маш их байгаа. "Авьяаслаг монголчууд" шоунд оролцохын тулд дөрвөн жил хөдөлмөрлөсөн гэж болно.

-Тэнцвэртэй уран нугаралтыг хослуулж хийх нь юугаараа илүү онцлог юм бэ?
-Бусад уран нугаралт толгой дээрээ ямар ч ачаалал авахгүй учир тухайн хүнд чөлөөтэй байдаг. Ядаж л үзэгчид рүүгээ харж инээхэд амар байдаг. Харин тэнцвэртэй уран нугаралтыг хийхэд дандаа дээд талынхаа цэгийг л хардаг. Хэрвээ хараагаа жоохон л салгах юм толгой дээр байгаа бүх зүйл унана. Тэнцвэр уран нугаралт хоёрыг хослуулдагаараа онцлог юм. 
-Өөртэй чинь адил хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдэд юу гэж хэлэх вэ?
-Цаг хугацаа маш их шаардах учраас тэвчээртэй тууштай байгаарай. Нэг, хоёр жил хичээллээд дасгалуудаа мэддэг болсон ч гадагшаа явна гэхээсээ илүү багшийнхаа үгийг дагах хэрэгтэй. Багш хүн бидний зан ааш, сэтгэл санаа, бие махбодийг нь ч мэддэг болсон байдаг. 
-Ярилцсанд баярлалаа.Амжилт хүсье
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн