УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатартай ярилцлаа.
-“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно. Энэ наадамд УДЭТ-ын уран бүтээлчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа талаар сонслоо?
-Энэ жилийн “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд УДЭТ-ын уран бүтээлчид анх удаа маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр явах гэж байна. Энэ жилээс эхлэн уг наадам маань уралдаант хэлбэрээр болж буйгаараа ихээхэн онцлогтой. Анх удаа уралдаанд хэлбэрээр болж буй уг наадамд “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцох гэж байна. Өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгүүдээр оролцож байсан.
-Театрын 85 жилийн ойг арваннэгдүгээр сард тэмдэглэхээр болсон гэсэн. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-85 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн хийж буй шинэ уран бүтээл хийж байна. Найруулагчаар нь соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж байгаа. Мөн ойн хүрээнд “Найруулагчийн долоо хоног”, театрын шоу, эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, гала концерт зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна.
-“Найруулагчийн долоо хоног” арга хэмжээний талаар тодруулмаар байна?
-Манай театрын маркетингийн албанаас театрын 85 жилийн ойд зориулан “Найруулагчийн долоо хоног” гэсэн ажлыг санаачлан хийж байна. Манай театрын дөрвөн найруулагч болох урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин болон миний найруулсан бүтээлийг долоо, долоо хоногоор толилуулах юм. Б.Баатар найруулагчийн “Долоо хоног”-ийн хүрээнд “Дон Кихот”, “Ану хатан” жүжгийг толилуулна гэдэг ч юм уу.
Энэ нь үзэгчдэд өөрийнхөө хүндэлж хайрладаг найруулагчийнхаа бүтээлийг нэгэн дор үзэх боломж олгож байгаагаараа онцлогтой. Өвөрмөц, сонин гэх юм уу энэ арга хэмжээг маркетингийн албанаас санаачлан хэрэгжүүлэх гэж байна.
-Өвөл цагийн нээлтээ Ч.Түвшин найруулагчийн шинэ бүтээлээр хийнэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Д.Нацагдоржийн тухай шинэ жүжгээр нээлтээ хийнэ. Жүжгийн талаар Ч.Түвшин найруулагчаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Гэхдээ ерөнхийдөө Д.Нацагдорж гэж хэн байсан юм, юу хүсэж, юуны төлөө тэмцэж, ямар амьдрал туулсан, хүмүүсийн ярьдаг шиг амьдралыг туулсан уу, хувь, хувьсгалын амьдрал дундаас түүний бүтээл хэрхэн мэндэлж байсан тухай өгүүлнэ.
-Аравдугаар сард ямар жүжгүүд тоглох вэ?
-Аравдугаар сард уламжлал ёсоороо түүхэн жүжгүүдээ тоглоно. Харин “Ромео Жульетта” жүжгийг есдүгээр сарын 23, 24, 25-нд тоглох юм.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэхтэй “Үнэний хаан Будда” жүжиг хамтран тавих гэж байгаа талаар 2014 оноос яригдаж байсан. Энэ жүжиг хэзээ үзэгчдийн хүртээл болох бол?
-Манай театрын томоохон бүтээлийн нэг нь “Үнэний хаан Будда” жүжиг болох юм. Энэ жүжиг маань 700-800 сая төгрөгийн төсөвтэй. Өнгөрсөн хавар ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан ч эдийн засгийн хямрал, сонгууль давхцаад төрөөс санхүүжилт хийж чадаагүй. БСШУЯ-ны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр маш сайн дэмжиж байсан. Одоо шинээр байгуулагдсан Засгийн газрын сайд болон төрийн түшээдэд энэ тухайгаа танилцуулна. Ард түмнийг соён гэгээрүүлэх уран бүтээл учраас шинээр томилогдсон БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон шинээр байгуулагдсан Засгийн газрыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
Бид газар доорх ашигт малтмал, уул уурхай руугаа анхаарахаас илүүтэй оюуны уурхай руугаа их анхаарах ёстой болов уу гэж боддог. Ялангуяа ирээдүй болсон залуучуудынхаа оюун санааны хүмүүжил, суурь тогтолцоо хүний хөгжлийн асуудал дээр нь илүү анхаарахгүй бол болохгүй болчихоод байна шүү дээ. Өнөөгийн хүмүүс маш их материаллаг сонирхолтой болж байна. Шударгаар хэлэхэд Энэтхэгийн төрх рүү ойртоод ч байх шиг. Баян хоосны ялгаа хэт их болчихсон. Баян нь баянтай суух ёстой гэдэг ч юм уу, тийм байдал удахгүй бий болох гээд байна.
“Үнэний хаан Будда” жүжиг эцэстээ юун тухай өгүүлэх гээд байна вэ гэвэл хэрхэн зөв амьдрах ёсыг л харуулах юм. Зөв аж төрснөөр тэндээс үйлийн сайхан үр нь бий болоод, тэр үрээр хүний үр удам нь сайхан явна. Гэр бүл сайхан амьдарснаар улс эх орон сайхан байх үндэс үүсч байгаа юм л даа.
-Танд хэр их кино зохиол ирж байна вэ?
-Үгүй яахав. Ирж л байна. Нэг их гайхалтай, тийм зохиол дээр Б.Цогнэмэх бид хоёр ажиллаж байна. Сэдвийг нь хэлэхээр манайд оюуны хулгайч нар ихтэй. Хүний юмыг туудаг сайхан нөхдүүдтэй. Зохиол маань Монгол морины тухай юм. Ингээд л зогсохгүй бол болохгүй.
Зохиол маань ерөнхийдөө дуусч байна. Монгол хүн, морь хоёрыг бол салгаж болохгүй. Монгол хүн морьтойгоо байхдаа дэлхийн талыг эзэлж байсан. Хүннүгийн үеэс бий болсон адууны соёл гэж маш том ухагдахуун байна л даа. Бидний ахуйд шингэсэн энэ соёлын тухай харуулах гэж бүтээл хийхээр төлөвлөж байна. Энэ нэг зүгээр нэгээс нөгөөг хуулсан хуулбар бүтээл биш. Монгол орны нүүр царайг харуулсан, хүний дотоод сэтгэл, аж ахуйдаа хандах хандлага нь голлосон тийм бүтээл байх юм. 2017 ондоо багтаад хийнэ гэсэн бодолтой байна. Санхүүжилтийн асуудлаараа хүмүүстэй ярьж л байна.
-Өнгөрсөн тавдугаар сарын 18-23-ны хооронд Монгол Улсад анх удаагаа Дэлхийн театрын боловсролын II чуулган, Азийн театрын урлагийн сургуулиудын IV фестиваль болсон. Энэ үеэр яригдаж буй гол асуудал нь орчин үеийн “тэвчээргүй” үзэгчдэд сонгодог бүтээлийг хэрхэн хүргэх вэ гэдэг гол сэдэв байсан. Гэтэл “Ромео Жульетта” жүжгийг орчин үеийн хэлбэрт оруулан тавихад олон хүн шүүмжилж байсан шүү дээ?
-АТЕС буюу Азийн театр урлагийн сургуулиудын энэ наадам бол маш том наадам болсон. Манай ангийнхан энэ наадамд Фридрих Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгээр оролцож эрэгтэй, эмэгтэй шилдэг гол дүрийн шагнал хүртсэн. Наадмын гол шаардлага нь жүжгээ нэг цагт багтаан пост модерн чиглэлээр харуулах байсан. Хэрвээ хугацаа хэтэрсэн тохиолдолд уралдаанаас хасах журамтай. Тэр том гурав дөрвөн цагт тоглодог жүжгийг нэг цагт багтаагаад бүх агуулгыг нь харуулсан л даа.
Өнөөдрийн манай урлагийнхан нэг хэв загварт орсон, тэрнээсээ гарч чаддаггүй. Хуучны дэг жаягтаа баригдчихсан. Орчин цагт сонгодог бүтээлийг орчин үеийн үзэгчид хэрхэн хүлээж авах вэ гэдэг аягүй том хандлагын тухай дэлхий нийтээр ярьж байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр жүжгийнхээ гол агуулга, хэлэх гэсэн санаагаа аваад, ямар аргачлал, арга хэлбэрээр найруулж, ямар урлагийн төрөл жанрыг тэнд синтез болгож оруулах юм гэдэг нь тухайн найруулагчийн өөрийнх шийдэл байхгүй юу. Бүжгийн элемент байж болно, циркийн элемент байж болно бүр видео ч байж болно. Манай судлаач, шүүмжлэгч нар нь олигтой ч форматтай юм хийж чадахгүй. Хүн муулахын дон туссан хүмүүс байдаг.
-Театрын нэлээд уран бүтээлчид театраасаа гарчихлаа.
-Чадахгүй хүмүүс нь гардаг байхгүй юу. Шуурганд явж чадахгүй хүмүүс гардгийг мэднэ биз дээ. Өөрийнхөө хувийн зан ааш болон ур чадвар, ертөнцийг үзэх үзлийнхээ хувьд нийлэхээ болихоор энэ хүмүүс гардаг байхгүй юу. Би бол театраа том газар очих гээд зорьж яваа асар том хөлөг онгоц гэж боддог.
Заримдаа далайд шуурга болно, хөлөг онгоц дайвалзана, хогоо сэгсэрч хаяна. Тогтуухан өдөр хөвнө. Хааяа хамаг хүчээрээ хурдална. Хамгийн гол нь хөдөлгөөн. Энэ хөлөг онгоц тасралтгүй явж, хэзээ ч зогсдоггүй.
Аль ч байгууллагад орж л байдаг, гарч л байдаг. Энэ бол асуудал биш шүү дээ. Ийм зүйл хаана ч байдаг. Нэг ажилтан орж ирээд гарч л байдаг, хулгай хийгээд хөөгдөж л байдаг, хамт олны эв түнжинтэй байдлыг алдагдуулаад гарч л байдаг шүү дээ.
Энэ хөлөг онгоцны ахмадын хувьд хэлэхэд хөлөг онгоц зорьсон газраа хүрэх л ёстой. Далайн өвчин тусаад би ч гэсэн нэг өдөр далай руу үсрэхийг үгүйсгэхгүй. Гол нь хүрэх ёстой газраа хүрэх л ёстой гэсэн зарчим баримталж байна. Орж л байдаг, гарч л байдаг. Монголд авьяастай хүмүүс маш олон байдаг шүү дээ.
-Яг ч энэ асуултыг танаас асуух гээгүй юм л даа. Асуултаа асууж амжаагүй байхад та хариулчихлаа. Таны 2000 онд хамгийн анх найруулсан Баабарын зохиол “Бооцоо” жүжиг тухайн үедээ шуугиан тарьж байсан. Жүжгийн гол дүрийг бүтээсэн жүжигчид бүгд театртаа байгаагүй. Тодруулбал, ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар гэх зэрэг. Магадгүй үүн шиг театраасаа гарсан уран бүтээлчдээ эргэн нэгтгэн дахин нэг ийм бүтээл хийх бодол бий юу л гэж асуух гэж байсан юм?
-Тэр үед зах зээлд шилжээд театрын урлаг ерөнхийдөө унасан байсан. Зарим уран бүтээлчид нь продакшн байгуулаад ч юм уу театраасаа гарсан. Театр эзгүй болсон байсан. “Бооцоо” жүжигт тоглосон уран бүтээлчдээс ганцхан Ц.Төмөрхуяг л театртаа байсан. Ардын жүжигчин Н.Сувд, төрийн шагналт гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, Г.Амгаланбаатар, Б.Эрдэнэтогтох бүгд театрт байгаагүй. Театр руу, үндсэн гоё ажил руу нь татаж оруулах цаад зорилго байсан л даа энэ жүжгийн ард. Одоо бол энд бүх хүмүүс нь байна, бүх уран бүтээлчид нь байна. Заавал гаднаас цуглуулах шаардлагагүй. Тэр үед цаг үе нь тэгж таарсан юм.
-“Харанга” хамтлаг болон дуучин Ш.Алтанцэцэгийн дуулсан “Бооцоо” жүжгийн дууг одоо ч хүмүүс мэддэг, сонссоор байдаг. Хүмүүст маш их хүрсэн. Энэ үеэс эхэлж рок попын уран бүтээлчид жүжиг, киноны дууг дуулах сонирхолтой болсон талаар сонсож байсан?
-Ер нь жүжиг, киноны дуу үзэгчдэд маш их хүрдэг. Жүжгийн дуу гэдэг менежментийн нэг ажил л даа. Дуу болон дууны клипээр дамжуулан үзэгчдэд жүжгийг үзэх сэдэл өгч байгаа юм. Хүссэн хүсээгүй яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёроос драматургтай хийхийг шаарддаг. Гэхдээ дуу нь маш гоё болсон хэрнээ жүжгийг нь очоод үзэхээр үзэхийн аргагүй байдаг. Худлаа дуугаараа татдаг ганц хоёр продакшнууд байна шүү дээ.
-“Сонгодог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд нэг жүжиг үзэх тасалбарын үнээр гурав, хоёр жүжиг үзэх үнээр таван жүжиг үзэх боломжийг олгож байсан. Гэтэл зарим үзэгчид үүнийг буруутгаж “Сонгодог бүтээлийн тасалбарын үнийг хэзээ ч бууруулж болохгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам сонгодог бүтээлийн үнэ цэн нь улам л өсөж байх ёстой” гэж байсан?
-Би яг тэр хүмүүсийн талд байгаа. Миний хувьд энэ он цагуудын урсгалд билетний үнийг өсгөсөөр байгаад л ирсэн. Анх “Бооцоо” жүжгийг тайзнаа тавихад Драмын театрын тасалбарын үнэ 1200 төгрөг байсан. Үүнийг 10000 төгрөг болгосон. Дундаж тасалбарын үнийг “Надаар тоглосон хайр” жүжгээс хойш 5000 төгрөг болгосон. Хийсэн бүтээл бүхэндээ тасалбарынхаа үнийг өсгөж байсан. “Шөнө амталсан жүжиг”-ийн тасалбарыг 8000, “Парисийн Дарь эхийн сүм”-ийнхийг гэхэд 10000 болгосон. “Гамлет” жүжгийн тасалбар анх 15000 төгрөгөөр зарагдаж байснаа сүүлдээ 50 мянга болсон.
Бид нарын уран бүтээлийн ард маш олон хүмүүсийн хөлс хөдөлмөр урсаж байдаг. Миний хувьд хөлс хөдөлмөрөө “жижигхэн” үнэлж болохгүй гэж боддог. Манай театрын маркетингийн албаныхан олон хүмүүс үзүүлж, орлого олохын тулд энэ ажлыг хийсэн. Яг үнэнийг хэлэхийн тулд би үүнтэй нь зөрчилдсөн шүү дээ. Хүний оюуныг шавхаж байгаа учраас оюуны бүтээл үнэтэй байх ёстой.
-Театр руу үзэгчид татах гэсэндээ ийм алхам хийсэн байж болох юм. Ер нь театрын үзэгчдийг хэрхэн бэлтгэх ёстой юм бол?
-Театрт ирэх соёл гэж юм бий л дээ. Театрын соёлыг зөвхөн бид нар үйл ажиллагаа зохион байгуулаад тогтоодог зүйл биш юм. Аль ч их дээд сургуульд үзвэр үйлчилгээ, театрын соёлын талаар заадаггүй. Боловсрол гэдэг чинь зөвхөн мэдлэг биш шүү дээ. Ямар ч хүнд урлаг хэрэгтэй байдаг. Инженер хүнд ч урлаг, гоо зүй хэрэгтэй байдаг. Шинээр техник технологи бүтээхэд ч тэнд урлаг явж л байдаг. Тэр хүний оюун ухаан, бүтээлч сэтгэлгээнд урлаг байж л байдаг. Манайхан техник, урлаг, шинжлэх ухааныг бүгдийг нь салгадаг. Би ерөөсөө үүнийг ойлгодоггүй. Бүх газар урлаг байдаг. Нэг хүн нөгөө хүндээ хайртай гэж хэлэх мөчид хүртэл урлаг хэрэгтэй байдаг. Бурхан бид бүхэнтэй үргэлж хамт гэдэг шиг урлаг болон соёл хүн бүхний алхам тутамд хамт байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин, Сэтгүүлч О.Эрдэнэчимэг