Удахгүй намрын дунд сарын шинийн 15-ийн билэгт сайн өдөр тохионо. Ер нь намрын саруудад хурим хийх олон сайн билэгт сайн өдөр бий. Сүүлийн үед залуу хосууд илүү европ тал руу чиглэсэн тансаг хурим хийх болжээ. Тиймээс дэлхийн даяар түгээмэл тархсан хуримын зан үйлийн талаар танилцуулъя.
Хурим бол зүгээр нэг гэр бүлээ батлуулах өдөр биш, энэ зан үйл нь бүхэл бүтэн ертөнц бий болж байгаагийн гүн утга агуулгатай үйл явдал юм. Үүнийг өвөг дээдэс сайн мэддэг байсан бөгөөд хурим найрыг бүхэл бүтэн зан үйл болгож, үйлдэл бүр нь шинэ гэр бүлийн ирээдүйн тусгал болж байжээ.
Хуримын бөгжийг ядам хуруундаа зүүдэг заншил эртний Египетүүдээс үүсэлтэй гэнэ. Тэд ядам хуруунд хайрын артерын судас байдаг бөгөөд энэ нь шууд зүрхэнд хүрдэг гэж итгэдэг байжээ. Энэ ч үүднээс фараоны үеэс гэрлэсэн хүн бүр ядам хуруундаа шил, шаазан зэрэг төрөл бүрийн материалаар хийсэн бөгж зүүх болсон байна. Мөн эртний Ромын үеэс эхнэрттээ төмөр, хүрэл бөгж гэрлэлтийн мөнхийн холбооны билгэдэл болгон бэлэглэдэг уламжлал тогтжээ. Харин бидний мэдэх хуримын алтан бөгж III-V зуунаас л уламжлалтай аж. Мөн хуримын бөгж нь тойрог байдаг нь тэдний хайр дурлал хэзээ ч төгсөшгүй, үүрдийнх гэдгийг билгэддэг байна.
Гэрийн босгоороо эхнэрээ тэвэрч орох
Гэрийнхээ босгоор эхнэрээ тэвэрч орох заншил эртнээс гаралтай заншил юм. Орчин үед энэхүү заншил айл гэр болж буй хос гэртээ орохдоо нөхөр нь эхнэрээ өргөж орох болж өөрчлөгдсөн байна. Тухайн үед боолууд хууль бусаар гэрлэхдээ шүүрэн дээгүүр үсэрдэг байжээ.
Норвегит сүйт залуу хурим хийхийн өмнө дурлалт бүсгүйгээ гэрээс нь “хулгайлан” авч яваад 30 хоногийн турш нуудаг байжээ. Энэ хугацаанд эхнэр болох гэж буй бүсгүй хэнд ч харагдах ёсгүй аж. Харин хуримаа хийж гэж буй хосын эцэг эх, найз нөхөд нь тэдэнд нь зөгийн балаар хийсэн дарсыг бэлэглэдэг байна. Хос хоёр энэхүү дарсаа 30 хоногийн турш ижил тэнцүү хуваан уух учиртай аж. Энэ нь хосууд жаргал зовлонгоо тэнцүүлж, хуваалцахыг билгэддэг байна.
Гивлүүр бол муу бүхнийг чөтгөрөөс нууж далдлах эд юм. Сүйт бүсгүйн гивлүүр бол түүний залуу нас, даруу зан чанар, ариун биеийг чөтгөрөөс хамгаалахад зориулагддаг хэмээн үздэг байна.
Хуримын даашинз ба даашинзны хормой
Хуримын даашинз ихэнхдээ цагаан өнгөтэй байдаг. Учир нь цагаан өнгө бол аз жаргалыг бэлгэддэг байна. Тиймээс айл гэрийн эзэгтэй болох бүсгүй хүн ирээдүйн сайн сайхан, аз жаргалаа билгэдэн ийнхүү цагаан өнгийн даашинз өмсдөг аж.
Эртний Англид хааны гэр бүлийнхэн, язгууртнууд хэргэм, зэргийнхээ шатлалаас хамаарч хэр урт даашинз өмсөх нь хамаардаг байжээ. Харин дундаж гэр бүлийнхэн шагай хүрсэн урттай даашинз өмсдөг байсан бол ядуус мини гэж хэлж болохуйц богино хуримын даашинз өмсдөг байжээ. Одоо Их Британид хуримын даашинзын хормой хэр их урт байна гэдгээр сүйт бүсгүйн хэргэм зэргийг мэдэж болдог байна.
Саяхныг хүртэл сүйт бүсгүй гартаа сармис, ногоон гоньд барьдаг байжээ. Тахал анх үүссэн цагаас эхлэн хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд хамар, амаа ногоон навчаар халхалж амьд гардаг байжээ. Энэ үеэс ногоон навч, гоньд, сармис эрч хүчийг хадгалагч, тайван амьдралыг бий болгогч хэмээн нэрлэгдэх болжээ. Ингээд сүйт бүсгүйчүүд тайван амьдралыг илэрхийлэгч, муу бүхнээс хамгаалагч навчит цэцгийг гартаа барих болжээ. Харин орчин үед үүнийг навчит цэцгээр орлуулан аз жаргалыг билгэдэгч шар, цагаан өнгийн цэцгийг хослуулан барих болжээ. Түүнчлэн цэцэг бол элбэг дэлбэг байдлыг илэрхийлэгч хэмээн үздэг тул хуримын ёслолын чимэглэлд цэцгийг ихээр ашигладаг байна.
Хуримын бялуу давхар байх заншил мөн л эртний Англиас үүсэлтэй аж. Учир ньтухайн үед хуриманд ирсэн зочид гэр бүл болж буй хосод бялуу авч ирж, үүнийгээ дээр дээрээс нь давхарлаж тавьдаг байжээ. Харин дараа нь Францын нарийн боовч бялууг томоосоо жижиг хүртэл давхарласан байхаар бодож олсноор өнөө цагийн давхар бялуу үүсчээ.
Эрт дээр үеэс сүйт бүсгүйчүүд хуримынхаа үеэр ямар нэг хуучин эсвэл эртний зүйл өмсөж, зүүдэг байжээ. Сүйт бүсгүйчүүд өөрийн нь ээж, эмээгийн зүүж хэрэглэж байсан гоёл чимэглэлийн зүйл, гивлүүр, даашинзнаас аль нэгийг нь хуримандаа хэрэглэхээр сонгодог байна. Энэ нь үргэлжид бат бэх байхын билгэдэл хэмээн үздэг бөгөөд өвөг дээдэс, эцэг эхээ хүндэлж буйн илэрхийлэл болдог аж. Харин сүйт бүсгүй хурим хийж байгаадаа баяртай байгаагаа болон аз жаргалаа билгэдэн хэн нэгнээс ямар нэг хэрэглэж байсан зүйлийг нь гуйж хэрэглэдэг байна. Түүнчлэн сүйт бүсгүй хуримынхаа турш өөрийн гутлан дээрээ зоос тавьдаг бөгөөд энэ нь сүйт бүсгүйн ирээдүйн эрүүл мэндийг билгэддэг аж. Мөн сүйт бүсгүй ирээдүйн итгэл, аз, амжилтыг билгэдэн ямар нэг шинэ зүйлийг өмсдөг байна. Үүнийг сүйт бүсгүй мөн л өөрөө сонгодог аж.
Хуримын ёслолын үеэр ямар нэг цэнхэр зүйл байх ёстой бөгөөд энэ нь хайр дурлал, үнэнч байдал, цэвэр ариуныг билгэддэг байна.
Сүйт бүсгүйчүүд хаана зогсох ёстой вэ
Эртний Англид эмэгтэйчүүд хурим хийж байх үеэрээ сүйт залуугийнхаа зүүн гар талд зогсдог байжээ. Энэ нь эрэгтэйчүүд аливаа нэг зүйл болоход тэрээр гараа ашиглахад бэлэн байх ёстой хэмээн үздэг байсных аж.
Хуримын үеэр эцэг нь охиноо нөхөрт нь хүлээлгэж өгдөг. Энэ нь охин нь аавынхаа мэдлээс гарч бие даасан эмэгтэй боллоо гэдгийг харуулдаг байна. Харин одоо үед аав нь охиноо нөхөрт нь хүргэж өгөх нь тэдний буян заяаг билгэддэг бөгөөд аливаа тохиолдолд түүнийг хамгаалах эр хүн бий гэдгийг сануулдаг аж.
Баглаа цэцгээ шидэх заншил мөн л эртний Англиас гаралтай аж. Хуриманд ирсэн хүмүүс рүү баглаа цэцгээ шидсэнээр тэднийг азыг үздэг байна. Харин одоо үед сүйт бүсгүйчүүд баглаа цэцгээ ганц бие эмэгтэйчүүд рүү шидээд “зугтдаг” болсон байна. Энэхүү цэцгийн баглааг барьж авсан хүн нь дараагийн гэрлэх хүн болно гэх итгэл, үнэмшил байдаг аж.
Хуримаар юу бэлэглэж болохгүй вэ
Хэрвээ та сүсэг бишрэлгүй ч гэлээ, хурим зэрэг тийм онцгой чухал үйл явдлын үед яалт ч үгүй маш анхааралтай байх ёстой. Амьдралын өч төчнөөн зүйл үүнийг нотолдог.Хуримын үеэр бэлэглэж болохгүй эд зүйлс гэж бий. Шинээр гэр бүл болж буй айл өрхийг асуудалд оруулж буй бодлогогүй бэлэг сэлтний үр дагавраас өөрсдийгөө болон ойр дотнын хүмүүсээ хамгаалж болно. Хэрэв хэн нэгэн хуримын үеэр санаандгүй доор дурдсан зүйлсээс бэлэглэвэл өгч байгаа хүмүүсийн эсрэг хариулга хийх хэрэгтэй бөгөөд тэдэнд ямар ч хамаагүй зоосон мөнгийг өгөх ёстой аж. Харин дараа нь тэр бэлгийг өөр хүнд бэлэглэх юмуу зарах хэрэгтэй. Гэхдээ боломжтой бол европынхны адилаар авах бэлгээ зочидод урьдчилан захиалах нь хүсэшгүй эд зүйлээс аврагдах хамгийн сайн арга юм.
Энэ нь юуны өмнө хутга, сэрээ болон бусад хурц үзүүртэй-зүсдэг эд бараа юм. Эдгээр нь угийн ширүүн дориун зан чанарын энерги агуулдаг бөгөөд бэлгэнд очвол, шинэ айл өрхийг ийм энергиэр дүүргэдэг. Бэлэглэсэн цаг хичнээн хугацаагаар явна, төдийчинээ үргэлжлэх хамтын амьдралын цаг, минутыг тоолон, цаг хугацагаа “хулгайлж байдаг” цаг бэлэглэхгүй байхыг бас зөвлөдөг юм.Ор, дэрний хэрэгслийг эхнэр, нөхөр хоёр өөрсдөө сонгож, өөрсдөө худалдан авах ёстой бөгөөд тэдний сексийн амьдрал үүнээс шууд шалтгаалах болно. Нүүр гарын болон нусны алчуур мөн ялгаагүй. Эдгээрийг хуриманд бэлэглэх нь хууч яриагаар бол, залуусыг гуниг, уйлаан майлаанд хүргэнэ.
Эртний эд өлгийн зүйлийн тухай жич ярих хэрэгтэй бөгөөд ийм зүйлийг огт бэлэглэж болохгүй. Энэ нь үеэс үед залгамжлан ирдэг эд зүйлс бөгөөд гэхдээ тухайн тохиолдолд эдгээрийг хуримын ёслол дээр биш, харин хурим хийхээс өмнө юмуу хуримын дараа бэлэглэвэл зохино. Эртний аливаа эд өлгийн зүйл нь өмнөх эздийн энергийг хадгалж, энэ энерги нь шинэ гэр бүлийн амьдралд шууд нөлөөлнө, тиймээс тэр бүр сайн нөлөөтэй байдаггүй.
Зургийг хуримын бэлэг болгон сонгоход бас болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ ийм зураг нь хуучны зураг бол, үүнийг ерөөс бэлэглэх гэсний хэрэггүй, харин саяхан зурсан шинэ зураг бол, юу дүрсэлснийг анхаар, тодруулвал зураг эерэг бодол төрүүлэх ёстой. Хэрвээ та залуу хосод бурхны хөрөг бэлэглэхээр шийдвэл, урьдаар сүмд очиж, аравнайлуулах хэрэгтэй. Ийм хөргийг зөвхөн маш ойрын хүмүүс, эцэг, эх, эх барьж авсан хүмүүс, эмээ, өвөө л бэлэглэж болно, яагаад гэвэл ураг төрлийн энергийн нэг хэсэг бурхны хөргийн хамт ирдэг юм.
Толь бол хуримын бэлгэнд өгөхийг хориглодог бас нэг зүйл юм. Толь нь шидийн зүйл бөгөөд түүнд туссан дүрс нь энэ ертөнцөд бидний харж байгаа бүх зүйлийн тэнгэр, одын тусгал юм. Хуриман дээр бэлэглэсэн толь нь хууч яриагаар бол, зэрэгцээ ертөнц, хий үзэгдлийн ертөнцөд орох хаалга болж, эхнэр, нөхөр хоёрыг хоёрдмол байдлаар амьдрахад өдөөдөг.
Ээмэг, зүүлтийн тухайд гэвэл, шинээр гэрлэгсэд эдгээрийг энэ өдөр л бие биедээ бэлэглэдэг, уригдсан нэг ч зочин бэлэглэдэггүй. Хуримын өдөр авсан ийм зүүлт чимэг нь цаашид эхнэр, нөхрийн чин үнэн сэтгэлийг илэрхийлдэг бөгөөд бусад хүний бэлэглэсэн ийм зүйлс нь хуурч мэхлэх үйлдлийг өдөөдөг. Хэрвээ шинэ бэрд сувдтай чимэг зүүлт өгвөл маш муу, юу гэвэл түүний амьдрал уйлж унжсан, гунигтай байх болно. Нөхөр болох хүнд бэлэглэсэн хувтай бөгж болон ханцуйны чагтан товч нь бас хориотой бэлэг бөгөөд эдгээрийн энерги нь албан тушаал дэвшихэд садаа болж мэднэ. Жишээ нь төрөл төрөгсөддөө бэлэглэснээр, ийм бэлгээс тэр дор нь буюу хуримын өдөр салах хэрэгтэй.