Open iToim app
Парламент | 8 мин уншина

Найман төрлийн татвар нэмэх Засгийн газрын саналыг дэмжсэнгүй

Найман төрлийн татвар нэмэх Засгийн газрын саналыг дэмжсэнгүй
Нийтэлсэн 2016 оны 8 сарын 31
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж, цалин хасч гэтэлгэнэ гэсэн Засгийн газраас оруулж ирсэн бодлого, үүнтэй уялдсан хуулийн төслүүдийг мэргэжлийн байнгын хорооны гишүүдийн үнэмлэхүй олонхи нь эсэргүүцэж үг хэлсэн. Санал хураахад татвар нэмэх хуулийн төслүүдийг бөөнөөр нь дэмжихгүй гэсэн кнопоор байнгын хорооны санал дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, Байнгын хороо найман төрлийн татвар нэмэхийг дэмжсэнгүй. УИХ-ын гишүүд юу ярьсныг хүргэж байна.
-Уул уурхайн салбарынхан арай өндөр цалинтай. Газрын гүний доор, маш аюултай хүнд нөхцөлд, уртасгасан цагаар ажилладаг ёстой л хөлсөө дуслуулж байж мөнгө олдог уурхайчдын олдог мөнгөнөөс хувь хүний орлогын татвар авах юм байна. Хэвлэлүүд тэднийг хоморгонд нь өртөх нь гэж бичиж байна. Нөгөө талаар хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлбэл иргэд хадгаламжаас мөнгөө татаад эхлэх вий. Эргээд банкуудаа татаад унагаачих вий. Ийм эрсдэлүүдийг тооцож үзэв үү?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 900 мянган иргэний судалгаан дотроос 1.6 хувь нь л сарын 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой байна гэсэн судалгаа хийсэн. Уул уурхайн салбар болон бусад салбар гэж ялгаж үзсэнгүй. Харин ийм улстөр яваад байгаа юм аа. Манайх шиг хөгжлийн түвшинтэй улс 20, 30, 35 хувийн татварыг иргэдээсээ авдаг юм байна. Дундаж орлогоосоо 3 буюу түүнээс дээш орлоготой хүмүүсээсээ шүү дээ. Манай дундаж орлого 800 мянган төгрөг байна. Бид хамгийн бага шатлалаар нь 2.5 саяас дээш орлоготой хүмүүсээсээ 25 хувийн татвар авна гэж л тавьсан. Банкууд дээр эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлого, зарлага хоёр дэндүү холдсон энэ үед зарим татварыг нэмэхээс аргагүй байна.
-Иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн бизнес муу, улсын эдийн засаг хүндэрсэн цаг үед бид татвар нэмэх асуудал оруулж ирж байна. Одтой, амжилттай яваа аж ахуйн нэгж бараг л байхгүй байгаа. Энэ татварыг голдуу хувийн хэвшлийнхэн төлнө. Одоо энэ хүмүүсийн хэн нь ч жилд 30 сая төгрөг олж байгаа гэж ярихгүй. Сарын цалингаа 2.5 сая төгрөгөөс доош оруулаад л биччихнэ. Бусад өөр арга хэлбэрээр өндөр шаардлага хангадаг ажилтнууддаа урамшуулал өгөөд явна. Эдийн засаг хямарчихсан үед бид компаниудыг ингэж хоёр тайлантай, хоёр данстай, орлогоо нуудаг арга руу түлхэж оруулах гэж байна. Эдийн засаг муу байхад аж ахуйн нэгжүүдээ л түшмээр байна. Гэтэл бид хуулиас бултах, зайлсхийх боломжийг нь гаргаж өгөөд хямрал дээрээ нэмээд далд эдийн засгийг бий болгоод өгчих юм биш үү. Агшиж байгаа, хямарч байгаа энэ үед татвар нэмэхийн эсрэг арга хэмжээ авах ёстой юм биш үү. Татвар нэмэх тусах орлого буураад байна. Одоо нэмбэл дахиад буурна.
-Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас татвар нэмэх бүх хуулийн төслийг татаж авах санал гаргаж байна. Мэдсээр байж бид ийм мулгуй зориг гаргаж болохгүй л дээ. Зоригтой байж болно, гэхдээ ийм тэнэг байж болохгүй. Татвар нэмбэл бүх мөнгө гудсан доогуур орно. Хууль өөрчилсний дараа илүү мөнгө орж ирэх нь юу л бол. Харин эсрэгээрээ иргэд нь илүү орлоготой болох боломжийг бүрдүүлэх ёстой. Зөвхөн төсвөөр амьдрах юм шиг зохицуулалтыг энэ улсад бий болгож болохгүй. АН байхдаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хийгээд олон хүн далд хийсэн мөнгөө шударгаар мэдүүлсэн. Хуулийн энэ ач холбогдлыг баллах хуулийн төслүүд оруулж ирэх нь буруу. Ер нь бол 2.5 сая төгрөгийн цалинтай хүмүүс уул уурхайн салбарынхан. Энэ зохицуулалт дарга гэхээс илүү энэ хүмүүс чинь тусчих вий гэсэн болгоомжлолтой байна.
-Хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байна. Цалин хасна, татвар нэмнэ гэдэг бол өөр хооронд нь шилжүүлэх л тухай ойлголт. Тэрнээс биш эдийн засгийг сэргээх, төсвийн орлогод нэмэлт эх үүсвэр гаргах шийдэл биш байна. Ерөөсөө л төсвийн цоорхойгоо тэрнээс нөхөх үү, энэнээс нөхөх үү гэсэн яриа байна. Ингээд нийгмийн боломжтой хэсгээ татвар, цалингаар нь боож татаад харанхуй нүх рүү хамтдаа унах зам руу явах гэж байна шүү. Нэгний цалин нөгөөгийнхөө төлбөр болж, татвар авагдаж яваа шүү дээ. Ингэж эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг төр рүү татах буруу. Хүн амын орлогын албан татварыг нэмбэл аж ахуйн нэгжүүд гэрээт ажилтныхаа цалин, урамшууллыг төлөхөө больж эхэлнэ. Хоёулаа цалингаа 250 мянгаар гэрээн дээрээ бичээд далдуур чамд ийм мөнгө өгье гэдэг байдал руу оруулна шүү. Миний бодлоор онцгой албан татвараас бусдыг Засгийн газар татаад авчихвал ямар вэ.
-Татвар нэмэх бүх хуулийн төслөө татаад авчихвал яасан юм бэ. Татвар нэмэхгүй гэж манай нам амалсан мөртлөө Засгийн газраа байгуулсныхаа дараа татвар нэмнэ гэдэг шударга биш байна. Аж ахуйн нэгжүүдийн бизнес, иргэдийн амьдрал хүнд байна. Тийм учраас ийм горимын санал гаргаж байна. Бид олсон орлогынхоо хэрээр зарлагаа төлөвлөх ёстой. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе.
-Нийт цалин авч байгаа хүмүүсийн 1.6 хувиас татвар нэмж аваад улс мөнгөтэй болчихно гэвэл худлаа л даа. Эдийн засгийн хувьд үр дүнтэй арга биш. Банкны халгаламжаас татвар авах зүйл байж болно. Нийт хадгаламжийн 90 хувь нь 200-300 өрхийн л мөнгө байдаг юм. Бид урт хугацаандаа Монгол Улс яах вэ гэдгээ бодох ёстой. Таван их наядын орлого олж, 10 их наядын зарлага гаргана гэж байна. Зарлагаа багасгаад, хөрөнгө оруулалтуудаа хасах хэрэгтэй. Байшин нэмж барьдаг зүйлсээсээ татгалзаж, эдийн засгийн өсөлт, нэмүү өртөг бий болгодог зүйл рүү хөрөнгө оруулъя. Жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явбал хямралаас гарах юм биш үү.
-Баделхан гишүүний санал дээр тодруулга хийе. Бид сонгуульд орохдоо татвар нэмэхгүй гэж амласныг би тантай адил санаж, ойлгож байгаа. Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй бол 2016 онд тэтгэврийн санд нэгдсэн төсвөөс 490 сая төгрөгийн татаас өгч байна. Энэ байдлаар цааш үргэлжилбэл 2020 гэхэд тэтгэврийн сангийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрч, тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрэхээр байна. Аргагүйдээ л, нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэх төсөл оруулж байна. Татвар нэмэх нь хүн бүрт таалагдахгүй байгааг би ч ойлгож байна. Хэт ингэж туйлшраад татвар нэмэхгүй гэж байгаа бол та өөрөө ажлын хэсэгт ороод, урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг төсвийн төслөөс хасч өгөөрэй. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар аж ахуйн нэгжүүдээр ажил хийлгэчихээд 600 гаруй тэрбум төгрөгийн вексель бичээд өгчихсөн мөртлөө төсөвт суулгаагүй иржээ. Ийм учраас 2016, 2017 онд тэр олон аж ахуйн нэгжид өгөх ёстой мөнгөө өгье гэж байгаа юм. Дээр нь нэмж хэлэхэд, 16 ширхэг обьект энэ жил шинээр барихаар төсөвт тусгасан гэдэг ташаа байх аа. Манай Сангийн яамныхан Ч.Хүрэлбаатар даргад материал гаргаж өгөөрэй. Ер нь шинэ Засгийн газар гарч ирээд Б.Чойжилсүрэн хүмүүсийн амьдралыг ойлгохгүйдээ цалин хасна, татвар нэмнэ гэж зүтгээд байгаа юм биш шүү.
-Та бүгдийн ард сууж байгаа хүмүүс УИХ-ын төсвийн шинжилгээний албаны ажилтнууд. Энэ хүмүүс өргөн барьсан төсвийг анх батлагдсан төсөвтэй нэг бүрчлэн тулгаж үзсэн. Энэ 16 обьект огт тусгагдаагүй байж байгаад шинээр оруулсан объект. Жагсаалт нь энэ байна /үзүүлэв/. УИХ-аас баталж өгсөн төсөвт өртгийг нэмэгдүүлсэн объектууд. Засгийн газраас хууль зөрчиж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн зүйлсийг энэ жагсаалтад оруулсан. Уг нь хариуцлага тооцох ёстой шүү дээ. Төсөв дээр суусныг хэрэгжүүлэх ёстой байтал батлагдсан төсөв дээр Засгийн газар нь объект нэмж бичиж болдог юм уу. Нэмж санхүүжүүлж барих гээд байгаа 16 объектыг санхүүжүүлэхэд 33 тэрбум шаардлагатай гэсэн байна. Эндээс 7.7 тэрбумыг 2016 онд өгнө гэнэ. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг бууруулж байгаад олох мөнгө чинь 5.3 тэрбум төгрөг байхгүй юу. Яаж ингэж болох юм бэ.
-Үнэхээр цаг үе нь болоод, эдийн засаг хямарсан үед татвар нэмдэг арга байдаг л даа. Гэхдээ яг тэр цаг үе нь болсон уу. Би бол манай эдийн засаг иргэдийнхээ халаас руу орж, татвар нэмэх, цалин хасах түвшинд хүрээгүй гэж бодож байна. Үүний наана авч болох бусад арга хэмжээг бүгдийг авах хэрэгтэй. Татварын хуулиуд дээр тэгж бөөндөж хандаж болохгүй. Онцгой албан татварыг бол нэмэх л ёстой гэж бодож байна. Онолын хувьд татварыг тэгш, шударга тавих зарчимтай. Хэн ямар орлого олж байгаад нь таарсан татварын орчинтой, төлүүлж чаддаг байх учиртай. Тийм учраас ул суурьтай хандах ёстой. Хүн амын орлогын албан татварын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нийт иргэдийн 1.6-хан хувьтай ноцолдоод ач холбогдол багатай л юм. Үнэхээр татвар авч, иргэдийнхээ дэмжлэгээр хямралаас гаръя гэж байгаа бол хүн бүрт таарсан татварыг бага багаар нэмж авах ёстой гэсэн бодолтой байна. Гэхдээ татвар нэмнэ гэж дуугарахаас өмнө татвараа яаж бүрэн хурааж авах вэ гэдгээ дүгнэх ёстой байгаа юм шүү дээ. Бүх татварыг болж л өгвөл авахгүй байна. Чөлөөлнө, өршөөнө, татвараар дарамтлахгүй гэх юм. Татвар буй дор төр оршдог юм шүү дээ. Ялангуяа далд эдийн засгаа ил болгож, ил болгосноо хурааж авах ёстойгоос биш илүү байгаа хүний орлогыг татвар нэмэх замаар авах нь эхний байдлаар анхаарах асуудал биш. Үүнийг захын эдийн засагч хэлэх байх. Татварын бус орлого, НӨАТ-аа яаж дайчлах юм. Ядаж өмнөх жилийн орлогоо хөөцөлдвөл 600 тэрбум төгрөг ороод ирэх боломж байгаа шүү дээ. Далд, нөөц бололцоогоо анхааръя аа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн