Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг хүртэх эрхмийг олон нийтэд албан ёсоор зарлалаа.Тэрээр 2017 онд уг эрхэм шагналыг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярт хүртээхээр болсныг мэдэгдэв.
Өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр учир “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан билээ.
Энэ өдрийг угтан Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан”-ны одонг төр, нийгэмдээ үнэтэй хувь нэмэр оруулсан, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлсэн Монгол Улсын иргэнд гардуулдаг уламжлалтай.
Монгол төрийн эрхэм дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнагдах иргэнийг Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр болох билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нээс өмнө 10 хоногийн дотор олон нийтэд зарлах хуультай. Тэр дагуу Эзэн Чингис хаан одонгоор шагнах эрхмийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр олон нийтэд зарлах юм.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ жилийн “Чингис хаан” одонгоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаярыг шагнахаар болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, энэхүү нэр хүндтэй шагналыг 19-ний өдөр гардуулах юм.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нь 2008 оны Бээжингийн олимпод Монгол Улсаас анх удаа олимпийн алтан медаль хүртэж, олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Түүнчлэн, Н.Түвшинбаяр нь 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж олимпийн хошой медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан С.Баяр нэгэнтээ “Олимпийн алтан медаль авсан Түвшинбаяр маань төр, засгаас том том шагнал хүртсэн. Энэ түнтгэр бор залуу Бээжингийн дэвжээн дээр гарахдаа Монголын улс төрийг аятайхан болгоё гэж гараагүй. Би ялалт байгуулья л гэж гарсан. Тэр ялалт нь монголчуудад асар том бахархал бас маш их ухаарал өгсөн. Тэр оройноос хойш л бид “ингэж балайтахаа больё. Учраа ольё” гээд тэр шөнөөс хойш байдал шийдэгдэх тийшээгээ болоод явсан. Монголчуудын хамгийн чухал юм бол эв нэгдэл. Эзэн Чингис хаан маань бидэнд захиж үлдээсэн зүйл. Түвшинбаяр аварга маань олон шагнал авсан л даа.Түүнд шагнал багадаагүй. Гэхдээ энэ түнтгэр бор залууд эзэн Чингис хааны одонг өгчихдөг ч болоосой. Энэ том одон эв нэгдлийн одон юм шүү. Энэ том одон Түвшинбаяр аваргад бол томдохгүй” гэж хэлж байв.
Учир нь, Н.Түвшинбаярыг олимпийн аварга болохоос хэдхэн өдрийн өмнө 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг үл хүлээн зөвшөөрсөн долдугаар сарын 1-ий хэрэг явдал болж, таван залуу алтан амиа алдаж, Монголын нийгэм талцан хуваагдаж, Засгийн газраа ч байгуулж чадахгүй Монголын улс төр гацаанд ороод байсан юм. Тэр үед Н.Түвшинбаярын олимпийн алтан медаль монголчуудыг эвлэрүүлж, бас бахархуулж байлаа. Түүнээс хойш Найдангийн хүү Түвшинбаяр найдвар алдаагүй, ахин олимпоос медаль хүртэж, нэр алдар, монголчуудын бахархлыг өндөрт өргөж яваа билээ. Тийм ч учраас Монголын ард түмэн түүгээр бахархдаг юм.