Өдөртөө 30 хэм хол даван халж байгаа учраас онцын шаардлагагүй бол гэрээс хамраа цухуйлгах хэрэг алга. Даралт нь ихэсдэг хүн хуурай халуунаас болж цус харваж ч мэдэхийг эмч нар сануулаад байгаа. Гэтэл өчигдөр ид халуу шатаж байхад Бөхийн өргөөний гадаах талбайд батгана багтах зайгүй шахам олон хүн цуглажээ. Чинэрч бадайрсан царайтай, цээж нүцгэн хүрэн эр хөлсөндөө нэвчин, оо энгэсэг нь урссан нэгэн бүсгүйд хандан өгүүлрүүн. “Түрүүнээс хойш хүнд шапхийтэл наалдчихаад яасан ядаргаатай юм бэ” гэхэд бүсгүй “Хүүе яана аа, яасан мөрөөдчихсөн гар вэ. Өөрөө дарж алчих гээд байж” гэх. Энэ хоёрын байр байдал, яриа хөөрөөг өөр нэг шалтгаантай эндүүрчих гээд байсан тул учрыг лавлавал олон түмэн наадмын бөх үзэх тасалбарт дугаарлаж байгаа нь энэ аж.
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, бөхийн барилдаан үзэх тасалбар борлуулж эхэлжээ. Хэрэв Та тасалбар авах гэж байгаа бол юуны өмнө цаг агаарын мэдээ сайн чагнаарай. Гэрээс гарахдаа тасалбар түгээж буй Бөхийн өргөө, Соёлын төв өргөө орчимд үүр цайтал зогсож чадна гэдэгтээ итгэлтэй байгаа эсэхээ өөрөөсөө лавлан асууна биз. Чингээд “тийм” гэж дотор хүн тань зориглон хэлбэл нарны малгай, солих гутал, цамц, хүрэм, шүхэр, эвхдэг сандал, зүрх, бөөр, даралт, үе мөчний эм болон ус ундаа, бууз хуушуур худалдаж авах мөнгө сэлтээ базааж аваад гараарай. Хонон өнжин дугаарлах тул хувь, хувьсгалын ажлаа ч зохицуулагтун.
Тасалбар түгээвэр тийш нүдэн баримжаагаар өнөө, маргааштаа барагдах нь юу л бол гэмээр урт дараалал үүссэн байна. Үгүй мөн дуулиантай, шуугиантай зарагддаг эд шүү. Хэзээний л ийн үхэн хатан зогсож, үүр цайтал дугаарлуулж байж олддог нь аяа, наадмын тасалбар мину. Яагаад ингэж халуун наранд гандааж, харваж унахад нь тулгаж өгдгийг бүү мэд. Гэхдээ л ямар нэг мэргэн ухаан, нарийн учир байж л таарна. Түүнээс биш бид чинь худалдаа, үйлчилгээний соёл нэвтэрсэн ХХI зуунд амьдарч байгаа тул тасалбарт дугаарлана гэж юу байсан юм. Энэ нь наадмын комиссын менежмент байж магадгүй л юм. Хэрэвзээ наадмын тасалбар хялбар олддог байсан бол хүмүүс тасалбар атгасандаа тэгтлээ олзуурхахгүй, “энэ муу наадмын талон” гэх маягтай их зан гаргаж ч мэднэ. Тийм л учраас тасалбар захиалга, худалдаа, хүргэлт үйлчилгээний соёл жигдэрсэн, үүнийгээ цахимаар ч хийх боломжтой орчин үед жилийн жилд наадмын өмнөх өдрүүдэд ийм бачим явдал зохион байгуулах гэж үгүй.
Түгээгчийн мутраас алган дээр тасалбар унах алтан мөчийн төлөө дугаарлан зогсох нь монгол наадмын ялгуун явдал яах аргагүй мөнөөсөө мөн билээ. Үүнийг монгол түмэндээ мэдрүүлэх гэсэндээ л ийнхүү наадмын тасалбарыг “нэг цонхоор” зардаг байж таарлаа. Орчин үе гээд л үнэ цэнэтэй юм болгоноо оочергүй болголтой биш дээ. Наадам монголоороо л байвал сайхан биз дээ, ай хө.