Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

​Б.Мөнххишиг: Дэлгэц удаан ширтдэг бол нүдээ байнга амраах хэрэгтэй

​Б.Мөнххишиг: Дэлгэц удаан ширтдэг бол нүдээ байнга амраах хэрэгтэй
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 26

Сүүлийн үед техник технологи хөгжлийн хамааралтайгаар гар утас, таблет ширтэх болсон билээ. Иймд дэлгэц удаан ширтэх нь нүдний хараанд хэрхэн нөлөөлдөг, яагаад нүдний хараа мууддаг, хэрхэн нүдээ амраах талаар Сондра нүдний эмнэлгийн Торлог шилэнцэрийн эмч Б.Мөнххишигтэй ярилцлаа
-Нүдний хараа муудах нь ямар шалтгаантай юм бэ?
-Нүдний хараа муудах нь өвчний эсвэл шилний хугарлын шалтгаантай байж болно. Хугарлын гажиг гэдэг нь шил зүүгээд засагддаг хараа алдалт юм. Өвчний шалтгаантай бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Залуу хүнд нүдний хараа муутгах өвчин харьцангуй бага байдаг. Харин нүдний үрэвслийн өвчин илүү тохиолддог. Нүдний үрэвсэл нь ихэвчлэн дотоод шалтгаантай байдаг. Тухайлбал, үе мөчний үрэвсэл, сүрьеэ зэрэг шалтгаантай байх нь бий. Харин нас ахиж байгаа хүнд болорын цайлт, нүдний даралт ихсэх өвчин ихэвчлэн тохиолддог.
-Удамшлын шалтгаантай харааны гажиг эмчлэгдэх үү?
-Удмын шалтгаантай бол ихэнх тохиолдолд төгс эмчилгээ байдаггүй гэж хэлж болно. Иймээс хүүхдийн бага наснаас нь буюу хоёр ойтойгоос нүдний үзлэгт оруулж, хараа нь хэвийн эсэхийг шалгуулах ёстой. Гэтэл манайхан хүүхдээ сургуульд ороод “самбар дээрх бичиг харахгүй байна” гэхээр нь л үзүүлж эхэлдэг. Энэ нь хожимдож байна гэсэн үг. Ялангуяа нэг нүд нь сайн хардаг, нөгөө нүд нь сул хардаг хүүхэд сайн хардаг нүдээрээ аливааг хараад байхаар хэвийн байна гэж ойлгодог. Гэтэл насанд хүрсэн хойно санамсаргүйгээр өрөөсөн нүд нь муу хадаг гэдгийг мэдээд эмчид үзүүлэхэд аль хэдий залхуу нүд үүссэн байдаг. Хүний нэг нүд нь муу харж, нөгөө нүд сайн хараад байхаар тархинд очих мэдээлэл тэнцвэргүй ирж, муу харж байгаа нүднийхээ мэдээллийг ерөнхийдөө дарангуйлдаг гэж хэлж болно. Ингэхлээр муу харж байгаа нүд нь хөгждөггүй. Гэтэл үүнийг анхнаас нь илрүүлээд тохирсон нүдний шилээ зүүж, тод хараад байвал сайн хардаг нүдтэйгээ адилхан хөгжөөд явна.
-Тэгвэл хоёр өөр хараатай нүдийг ижил болгож хөгжүүлэх боломжтой юу?
-Тухайн хүний настай холбоотой. Бага насанд нь илрүүлбэл, муу харж байгаа нүдийг хөгжүүлэхийн тулд сайн харж байгаа нүдийг таглаад нарийн юм хийлгэх байдлаар залхуу нүдийг сэргээх арга байдаг. Гэхдээ үүнд маш их хугацаа шаарддаг. Харин насанд хүрэгчдийн хувьд залхуу нүдийг сэргээхэд үр дүн муутай байдаг.
-Хүмүүс гэнэт нүдний хараа муудлаа гэдэг. Ийм зүйл байх боломжтой юу?
-Энэ нь өвчний шалтгаантай байж болно. Насанд хүрэгчид шилний эсвэл өвчлөл байна уу гэдгийг ялган оношлуулах хэрэгтэй. Шилний асуудал байвал шилээ зүүгээд засарна. Харин өвчлөл байвал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Нүд улайх нь ямар шалтгаантай юм бэ?
-Энэ нь олон шалтгаантай. Элбэг тохиолддог нь нүдний хуурайшилт юм. Хуурай ширүүн уур амьсгал, байнга дэлгэц ширтэх, эмэгтэй хүмүүсийн гормоны өөрчлөлттэй холбоотойгоор нүдний хуурайшилт элбэг байдаг. Нүд хуурайшсанаасаа болоод цочирч улайж байгаа юм. Эсвэл өвчний гаралтай улайлт байж болно. Тэгэхээр эмчид хандаж, юунаас болж улайлт үүсээд байгаа тодруулах хэрэгтэй.
-Дэлгэц удаан ширтэх нь хүний нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Ерөнхийдөө дэлгэцэн дээр ажиллаж байгаа хүмүүсийн анхаарах нэг зүйл нь ойр ойрхон нүдээ амраах хэрэгтэй. Нүд нь ойрын зайны юмыг харахад автоматаар фокуслаж байдаг. Энэ нь бичил булчингууд ажиллаж байна гэсэн үг. Эдгээр булчин ажиллаж чангараад байх юм бол нүд ядрах зовиур өгч болно. Бага насны хүүхэд дэлгэц байнга ширтэх нь ойрын зайнд удаан хугацаагаар фокустай байна гэсэн үг. Энэ фокус нь сулардаггүй. Холын юмыг харахад булчин нь суларч, харж байгаа зүйл нь тодорч байх ёстой. Гэтэл зарим тохиолдолд холын юм харахаар булчин нь тавигдахгүй болчихдог. Энэ тохиолдолд хүүхэд хол, ойрын юмыг хоёуланг нь ойрын фокустай харна. Тэгэхлээр холыг харахад хуурамчаар хасах шил үүсдэг.
Насан хүрэгчид дэлгэц ширтсэнээр толгой руу өвдөх, чинэх, ядрах зэрэг зовиур илэрч болно. Энэ үед ерөнхийдөө 30 минут ажиллаад 5-10 минут алсын юмыг харж, булчингуудыг суллаж, нүдээ амрааж зурших хэрэгтэй. Мөн байнга дэлгэц ширтэж, хүний анхаарал төвлөрсөн байхад нүдний цавчилтын тоо холддог. Хүний нүд аниад харахад нүдний гадаргууд нулимсан бүрхүүл үүсч байдаг. Энэ нь нүдийг гадаад орчноос хамгаалан эвэрлэг бүрхүүлийг тэжээх зэрэг олон үүрэгтэй. Уг нулимсан бүрхүүл задрах юм бол нүд нь гадаад орчинтой шууд хамааралтай болдог. Үүнээс нүд нь цочирч, улайж, дэлгэц удаан ширтэх үед зовиур улам нэмэгддэг. Тухайлбал, нүд час хийн хатгадаг, хараа бүрэлздэг, нулимс гоожих зэрэг зовиур бий болдог. Иймд дэлгэц удаан ширтэхдээ өөртөө байнга сануулж, нүдээ ойр ойрхон анивчуулж, нүдээ амраах, нүдээ чийгшүүлж байх ёстой. Харин харааны асуудалгүй хүмүүс компьютерийн хамгаалалттай шил зүүнэ гэж ярьдаг. Гэхдээ компьютерийн хамгаалалттай шил гэсэн ойлголт байдаггүй.
-Хиймэл нулимс, дусаалгыг хэрхэн зөв сонгох вэ?
-Хиймэл нулимс бол гаж нөлөөтэй дусаалга биш, нүдийг чийгшүүлэх үүрэгтэй. Гэхдээ хиймэл нулимс нь дотроо хэдэн янз байдаг. Нөөшлөгч бодистой, нөөшлөгч бодисгүй гэж хоёр янз байдаг. Нөөшлөгч бодистой дусаалгаас нүд өөрөө цочрох магадлалтай. Тэгэхээр өөрт тохирсон нүдний дусаалгаа эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн