Open iToim app
Эксперт | 5 мин уншина

​О.Мөнхсайхан: Үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй

​О.Мөнхсайхан: Үндсэн хуулиар сонгуулийн холимог тогтолцоог хориглоогүй
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 4
Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц дунд суудлын хуралдаанаасаа гаргасан. Уг асуудлаар өнгөрсөн даваа гаригт Монголын Хуульчдын холбоо хэлэлцүүлэг зохион байгуулж, хуульчид өөрсдийн бэлтгэсэн судалгаагаа танилцуулав. Энэ үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, үндсэн хууль судлаач О.Мөнхсайханаас тодруулав.
-Үндсэн хуулиар пропорциональ буюу холимог тогтолцоог хориглоогүй талаар та судалгаагаа танилцууллаа. Тэгэхээр та дөрөвдүгээр сарын 22-нд гарсан Цэцийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа юм байна. Яагаад?
-Миний хийсэн судалгаагаар Цэц Үндсэн хуулийг буруу тайлбарлаж, буруу дүгнэлт гаргасан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 21.2, 21.3-ыг үндэслэж Цэц шийдвэрээ гаргасан гэж байна. Эдгээр заалтаар сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдвэрлээгүй. 21.2 дээр сонгууль ямар байх зарчим, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг шийдсэн. 21.3 дээр УИХ-ын гишүүнд ямар шаардлага тавих вэ гэдгийг л шийдсэн байдаг.
-Цэц бол Үндсэн хууль батлах үеийн протоколыг үндэслэж дүгнэлтээ гаргасан гэж байгаа шүү дээ?
-Цэц Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтээ Улсын Бага хурлын 1991 оны аравдугаар сарын 15-ны өдрийн протокол дээр суурилж гаргасан гэж байна. Тэр үед холимог тогтолцоог Үндсэн хуульд заая гэсэн саналыг П.Улаанхүү гэдэг депутат гаргаж байсан юм билээ. Цэц бол “П.Улаанхүүгийн санал дэмжигдээгүй нь Үндсэн хуулиар зөвшөөрөөгүй” гэж тайлбарлаж байна лээ. Ингэж болохгүй. Үндсэн хуулийг Ардын их хурал, Улсын бага хурлын протоколыг үндэслэн тайлбарлаж болохгүй. Яагаад гэвэл, зарим нь санал хэлдэг, эсвэл хэлдэггүй, үгүй бол олон зуун санал гардаг. Тэдгээр дэмжигдээгүй санал бүрийг Үндсэн хуулиар хориглосон гэж дүгнэвэл өнөөдөр бид эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх ямар ч боломжгүй болно. Жишээлбэл, АИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн Зориг гурван төрлийн институц бий болвол Монголд хүний эрх хамгаалагдана гэж үзэж байсан. Нэгдүгээрт Үндсэн хуулийн шүүх, хоёрдугаарт ердийн шүүх, гуравдугаарт Хүний эрхийн үндэсний комисс. ХЭҮК гэдэг заалт Үндсэн хуульд ороогүй. Гэхдээ 2000 он гараад ХЭҮК-ыг байгуулаад ажиллуулж байна. С.Зоригийн хэлж байсан ХЭҮК нь Үндсэн хуульд тусгагдаагүй байдал нь Үндсэн хуулиар энэ байгууллагыг хориглосон гэсэн зүйл биш. Дээрээс нь АИХ, Улсын Бага хурлын гишүүд нэгнийхээ гаргасан санал дээр санал хураадаггүй. П.Улаанхүү гишүүний хэлсэн санал дэмжигдээгүй нь ямар үр дагавартай вэ гэдэг дээр санал хураагаагүй. Ерөөсөө л Үндсэн хуулийн текст дээр санал хураасан.
-Цэц холимог тогтолцоог Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг 2012 онд гаргасан. Сая 2016 онд үүнийгээ үгүйсгэлээ гэсэн шүүмжлэлийг УИХ-ын зарим гишүүн хэлж байна лээ. Энэ талаар юу хэлэх вэ?
-Цэц 2012 оны маргаанаар пропорциональ тогтолцоог шууд шийдвэрлээгүй. Тойрог дээр ялагдсан нэр дэвшигч жагсаалт руу орж 28-аас дээш хувийн санал авсан бол дахин сонгогдох боломжийг тэр үеийн Сонгуулийн хуулиар баталгаажуулаад байсан. Тэр үед шууд сонгох болон Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц үзээд дээрх заалтыг хүчингүй болгосон. 2012 оны Цэцийн шийдвэр саяынхаас өөр асуудал. Гэхдээ шууд бус утгаараа сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуульд нийцсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Яагаад гэвэл, Цэцийн өөрийнх нь үндэслэлийг харахаар, хувь тэнцүүлсэн тогтолцоон дээр жагсаалтад өгсөн иргэдийн санал хэрэгжих боломжгүй байна. Жагсаалт руу тойргоос сонгогдсон хүмүүс ороод ирэхээр 28 хувийн санал чинь үнэлэгдэхгүй байна гэсэн. Энэ дүгнэлтийг Цэц хийхийн тулд цаад ерөнхий тогтолцоо нь шууд сонголтыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байгаа юм л даа. Иргэн Цогтгэрэл гэдэг хүн гаргасан мэдээлэлдээ тухайн үеийн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.9-ийг бүхэлд нь зөрчсөн гэж үзсэн байна лээ. 4.9-т пропорциональ элемент нь байсан дээрээс нь саяын хэлдэг мажоритараас пропорциональ дээр шилждэг шилжилтийн заалт байсан. Цэц зөвхөн шилжүүлж байгаа заалтыг хүчингүй болгоод пропорционалийг үлдээсэн. Ийм учраас Цэц пропорциональ тогтолцоог шууд бус утгаар Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн.
-Үндсэн хуулийн Цэц зөвхөн иргэний ирүүлсэн мэдээллийн хүрээнд асуудал шийдэх үү?
-Иргэний эрх зүйн маргаан дээр нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийддэг зарчим байдаг. Харин Үндсэн хуулийн эрх зүйд нэхэмжлэлийн хүрээнээс хальж асуудлыг хардаг. Яагаад гэвэл Үндсэн хуулийн маргаан нийтийн эрх ашгийг хөнддөг учраас Үндсэн хуулийн ноцтой зөрчил байвал хандсан асуудлынх нь дагуу дурдагдаагүй ч гэсэн өөр зүйлийг хэлэлцэж болдог. Тэгэхээр пропорционалийг хүчингүй болгоогүй учраас Цэц 2012 онд энэ тогтолцоог хүлээн зөвшөөрч байсан гэж хэлж болно.
-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад жижиг 76 тойрог руу шилжих хувилбарыг УИХ-ын гишүүд ярьж байсан. Мажоритар тогтолцооны сул болон давуу талын ялгааг уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-Сонгуулийн тогтолцоо өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Манай Үндсэн хуулиар аль нэг тогтолцоог нарийн заагаагүй. УИХ өөрөө сонгуулийн тогтолцоогоо хөгжүүлээд шийдээд явах бүрэн эрхтэй. Цэц бол саяын шийдвэрээрээ УИХ-ын бүрэн эрх рүү халдаж орж байна. Ямар ч тогтолцоо сайн муу талтай, төгс биш. Мажоритар тогтолцоо гэхэд хүмүүсийн санал гээгддэг гэж яригддаг. А, Б, В гурав сонгуульд өрсөлдөөд А хамгийн олон санал авахад парламент руу явдаг. Б, В-д өгсөн иргэдийн санал тэр чигээрээ хасагддаг. Ингээд ирэхээр яваандаа хоёр том намын тогтолцоо руу ордог. Хоёр том намаас өөр намд өгсөн иргэдийн санал парламентад тусдаггүй сөрөг тал байна. Тойргоос нэр дэвшигч зөвхөн тойрогтоо таалагдах хэрэгтэй болдог. Үүний тулд байшин барих, цэцэрлэг байгуулах, зам засах зэргээр хөрөнгө оруулах хандлагатай. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүс сонгогдох магадлалтай. Ингээд парламентад суухаараа нийт иргэний ашиг сонирхол гэхээсээ илүү тойргийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдсөн шийдвэрийг гаргах байдал гардаг. Мажоритар тогтолцоо руу шилжвэл нас тогтсон, олонд танигдсан, мөнгөтэй, эрэгтэй хүмүүс л ихэвчлэн сонгогдож, гол хоёр намд давуу ашигтай. Залуучууд, бүсгүйчүүд, шинэ улс төрийн хүчин гарч ирэх боломж хаагдмал. Мөн гадаадад амьдарч байгаа 100 мянга гаруй иргэнийг аль тойрог руу оруулах вэ гэдэг тодорхойгүй болно.
-Давуу тал?
-Тодорхой олонхи бий болно. Зөвшилцөл гэхгүйгээр олонхи Засгийн газраа байгуулаад явна. Сая хэлсэн давуу, сул талуудтай учраас УИХ хуулиараа засаад явах боломжтой. Цэц энэ боломжийг нь хааж байгаа нь сөрөг үр дагавар авчирч болзошгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн