"Эксперт" буланд энэ удаа Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.МӨНХЗАЯАГ урьж ярилцлаа. Тэрээр банкны секторын талаар дагнан судалгаа хийдэг бөгөөд бидний яриа санхүүгийн зах зээл, банкны салбарын талаар өрнөв.
-Өнгөрсөн долоо хоногийн долларын ханшийн огцом хэлбэлзлийг банкууд долларын арилжаагаа зогсоосонтой холбоотой гэж зарим хүн дүгнэж байна. Банкуудын хувьд ханш өсгөх шалтгаан бий гэж үү?
-Онолын хувьд тайлбарлавал, ханшийн зөрүүнээс ашиг олох үйлдлийг жижиг зах зээлд хийхэд хялбар байдаг гэж үздэг. Түр хугацаанд валют зарахаа зогсооход жижиг зах зээлийг савлуулж, эрэлтийг өдөөж, ханшийн зөрүүнээс ашиг олох үзэгдэл ганцхан манайд ч биш дэлхий нийтэд байдаг зүйл. Өнгөрсөн долоо хоногийн өсөлт чухам юутай холбоотой байсныг холбогдох байгууллагууд шалгах хэрэгтэй болов уу. Банкууд санаатай ханш өсгөх шалтгаан байгаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ арилжааны банкуудын нээлттэй позецыг ажиглаж тэндээс дүгнэлт хийж болно. Банкуудын гадаад валютын нийт актив, пассив хэд байгаа, энэ хоёрын зөрүү эерэг, сөрөг утгатай байна уу гэдгээс хамаарч банкуудад ханшийн өсөлт нөлөөлөх үү, эс нөлөөлөх үү гэдэг тодорхой харагдана. Энэ оны нэгдүгээр сард банкуудын гадаад валютын актив 967.5 тэрбум төгрөг байсан. Харин гадаад валютын пассив 3.6 их наяд төгрөгтэй тэнцэж байв. Маш бага валютын нөөцтэй байж нөгөө талд их хэмжээний өр төлбөртэй гарсан. Гадаад валютын актив, пассивын зөрүү нь 1.5 их наяд төгрөг. Банкууд өглөг талдаа валют их зарцуулах төлөвтэй байв. Гадаад валютын актив, пассивын зөрүүг банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээтэй харьцуулахад 61.9 хувьтай байсан. Хамгийн сүүлд банкуудын нээлттэй позец есдүгээр сарын байдлаар гарсан. Үүнээс харахад банкуудын гадаад валютын активын хэмжээ155 хувиар өссөн. Нэгдүгээр сард 975 тэрбум байсан гадаад валютын актив 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд актив талдаа нэлээд их хэмжээний нөөцийг есөн сарын хугацаанд бий болгож чадсан. Ханшийн тэгшитгэлээс үүссэн алдагдлаа хаахын тулд их хэмжээний валютыг нөөцлөхөөс өөр аргагүй учраас тэднийг буруутгах аргагүй. Гэтэл банкуудын гадаад валютын пассив буюу өр төлбөрийн хэмжээ 41 хувиар нэмэгдсэн. Өр төлбөрт гадаад валютаар харилцах данс, хадгаламж багтдаг. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүд төгрөгийн хадгаламжаа ам.доллар руу хөрвүүлж байна гэсэн үг. Үүнээс үүдэн эх үүсвэр нь өсч, нөгөө талаас арилжааны банкууд түүний эсрэг нэлээд хэмжээний валют нөөцөлсөн байна. Валютаар зээл авах сонирхолтой иргэн аж ахуйн нэгж байхгүй болсон. Үүнээс болж банкны систем нийтээрээ ханшийн савлагаанд мэдрэмтгий болсон гэж дүгнэж болохоор байна. Тэгэхээр ханш өсөхийн хэрээр банкууд ханшийн тэгшитгэл буюу гадаад валютын актив, пассивын зөрүүгээр алдагдал хүлээхээс биш ашиг олно гэсэн үндэслэл байхгүй.
Мөн банкуудын гадаад валютын харилцах данс, хадгаламжийг харахад нэг сараас есдүгээр сар хүртэл харилцах 49 хувь, хадгаламж 23 хувиар өссөн байгаа. Өөрөөр хэлбэл, банкуудын өр төлбөрүүд нь өсөөд, гадаад валютын зээл буурсан байна.Актив, пассивын зөрүүг бууруулж байж банкны систем дэх валютын ханшийн эрсдэл буурна. Харин зөрүү нэмэгдэх тусам ханшийн зөрүүнээс ашиг олох эсвэл алдагдал хүлээх өндөр магадлалтай.
-Долларын ханшийн өсөлт саарвал эргээд иргэд долларын хадгаламжаа төгрөг рүү хөрвүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Долларын ханшийн өсөлт 10-15 хувь дотор байхад иргэдийн хувьд хадгаламжаа төгрөгөөр байршуулсан нь илүү ашигтай. Долларын ханшийн өсөлт 15 хувиас дээш болоход долларын хадгаламж илүү ашигтай болно. Өнгөрсөн10 жилийн валютын ханшийн өсөлтийн дунджийг харахад 15 хувь байгаа. Зарим үед жилийн 10 хүрэхгүй хувиар, заримдаа 20 хувь давсан тохиолдол байсан. Энэ нөхцөлд иргэд, аж ахуйн нэгж доллараар хадгалахаас илүү төгрөгөөр хадгалуулахад жилийн 15, 16 хувийн хүүгийн өгөөж хүртэж байсан. Гэтэл ханшийн савлагаа төгрөгийн хадгаламжаас өндөр болоход долларын хадгаламжийн хэмжээ өсч байна. Оны эхнээс долларын ханш 23 хувиар өссөн, дээр нь долларын хадгаламжийн 10 хувийн хүүгээ нэмэхээр нийтдээ 33 хувийн ашгийг долларын хадгаламжаас хүртэж байна гэж хэлж болно. Энэ нөхцөлд иргэд хадгаламжаа доллар болгохыг илүүд үзнэ.
-Цаашид валютын ханшийн өсөлт саарах бодит боломж байна уу. Долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ярьж байна?
-Долларын ханш эрэлт, нийлүүлэлтээр л зохицуулагдана. Богино хугацаанд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжгүй байна. Харин урт хугацаанд хөрөнгө оруулалт, эскпортын орлого нэмэгдвэл нийлүүлэлт эерэг хүлээлт үүснэ. Богино хугацаанд эрэлт талдаа зохицуулалт хийж болно. Тухайлбал, хүлээлтээс үүдсэн иргэн, аж ахуйн нэгжийг төгрөгийн хадгаламжаа долларынх болгох процессыг зогсоож болно. Мөн долларын хадгаламжийн хүүг одоо байгаа төвшнөөс 2-3 дахин бууруулж болно. Хэдий долларын хадгаламжийн хүү буурсан ч оны эхнээс валютын ханш 23 хувиар өссөн учраас энэ хэрээр өгөөж хүртэх боломжтой гэсэн үг. Ер нь Монгол Улс дахь долларын хадгаламжийн хүү дэлхий дахинд өндөр тооцогдож байна. Гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл дээр тоглоход эрсдэлтэй байгаа учраас банкинд доллараар мөнгөө хадгалуулахад ханшийн эрсдэлгүй, дээр нь өндөр өгөөж авч байна. Банкуудын долларын хадгаламжийн дундаж хүү 0-10.2 хувьтай байна. Банкуудын жигнэсэн дундаж хүү буюу арилжааны банкуудын харилцагчдад санал болгож буй хүү 6.5 хувь байгаа. Энэ нь олон улсад харьцангуй өндөр төвшин байгаа. -Дэлхий бусад улсуудад долларын хадгаламжийн хүү хэд байдаг юм бэ?
-Хамгийн ойр буюу урд, хойд хөршид долларын хадгаламжийн дундаж хүү хоёр орчим хувьтай байна. Тухайлбал, Орост 1.4 хувь, Хятадад 1.2 хувь байхад Монгол Улс 4-5 дахин өндөр хүүг санал болгодог. Эндээс харахад, гаднын том тоглогчид банкуудад доллар хадгалж хүүгийн өндөр өгөөж хүртэж байхыг үгүйсгэхгүй. Магадгүй долларын хадгаламж нь эрсдэл үүсэх гээд байвал гэнэт татахад банкуудад маш том ачаалал үүсч болно. Тэгэхээр долларын хадгаламжийн хүүг бууруулах замаар зах зээлийн тэнцвэрт байдлаа хангах боломжтой харагдаж байгаа. -Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд долларын хадгаламжийн хүүг тэглэх саналыг хэлж байсан. Гэнэт тэглэвэл банкууд эрсдэл үүсч, зах зээл дахин савлагаа үүсч магадгүй гэсэн үг үү?
-Тийм. Өнөөгийн нөхцөлд арилжааны банкууд өөрсдөө ярьж байгаад хадгаламжийн хүүг бууруулах ямар ч боломжгүй. Шууд буулгана гэвэл татсан хадгаламж нь байхгүй болно. Тиймээс зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Том зургаар нь харахад банкны секторын тогтолцоо гажигтай байгаа учраас шат дараалалтай засч сайжруулах ёстой. Долларын хадгаламж 23 хувиар өссөн байхад үүнийг монголчууд хадгалуулсан уу, гадаадууд уу гэдэг нь сонирхол татаж байгаа. Монголчууд бид энэ онд хуримтлалаа 23 хувиар өсгөж чадсан уу гээд асуухад мөн сонирхолтой хариулт гарна. 2008 онд ханш огцом савлаж байхад ченжүүд байгаа доллараа зарахгүй, зах зээлд эрэлтийг өдөөж, өдөрт олон удаа ханш огцом савлаж байсан тохиолдол байдаг. Тэгэхээр ханшийн огцом савлагаа бол зах зээлд байдаг л үзэгдэл болсон. Хямрал болсон улсын гол жишээг ханшийн савлагаагаар тайлбарласан байдаг. Жижиг зах зээл дээр томоохон хөрөнгөтэй тоглогчид ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор зохиомол эрэлтийг өдөөхөд ханш савлаж, ханшаас үүдэлтэй хямрал болдог. Энэ үйлдэл нь манайд болж байх шиг байна. Банкинд байгаа долларын хадгаламж том хэрнээ цөөн эзэмшигчтэй байдаг гэж ярьдаг. Тэдгээр хүмүүс ч долларыг өсгөсөн байхыг үгүйсгэхгүй. Мөн тодорхой хэмжээгээр иргэдийн хүлээлт нөлөөлсөн. -Засгийн газар Элчин сайдын яамдуудад виз мэдүүлгийн хураамжаа төгрөгөөр авахыг үүрэг болгосон. Энэ нь эрэлтийг сааруулахад нөлөөлөх болов уу?
-Мөн Засгийн газраас Монголбанкны зарласан албан ханшаар арилжааны банкууд доллар авах, зарах боломжтой эсэхийг судлах үүргийг Сангийн сайдад өгсөн. Энэ хэр зөв арга юм бол?
-Манайх нээлттэй эдийн засагтай улс учраас зах зээлийнх нь жамаар эрэлт нийлүүлэлтийг зохицуулж ханшаа тогтвортой байлгах нь хамгийн зөв арга. Төрөөс хатуу ханш тогтоогоод тэрийг нь бүгд дагадаг улс дэлхийд бараг байхгүй. Үүнийг төрөөс хязгаарлана гэвэл нөгөө талд алдагдал өсдөг. Бодит жишээ нь, сүүлийн хэдэн жил шатахууны үнийг төрөөс барьсан. Харин нөгөө талд төр их хэмжээний алдагдал үүрч, улсын төсөв өндөр алдагдал төлж байна. Аливаа зүйлийг эрэлт нийлүүлэлтээр нь зохицуулбал төрд ирэх дарамт буурдаг. Валютын ханш огцом савлаж байгаа нөхцөлд нийлүүлэлт хийх боломжгүй байгаа бол эрэлт үүсгэхгүй байх зөв зохицуулалтыг хийхгүй л бол хөөс үүснэ. -Банкууд дээр судалгаа хийдэг хүний хувьд асуухад өнөөгийн нөхцөлд гаднын банк оруулах нь зөв үү?
-Гаднын банк оруулах мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Мэдээж өнөөгийн нөхцөл эх үүсвэр хэрэгтэй. Гэхдээ гаднын ямар банк оруулах вэ гэдгээ төр засаг тодорхой болгох ёстой. Гаднын төрийн банк орж ирвэл тухайн улсын төрийн бодлого явна гэж ярьдаг. Арилжааны банк орж ирвэл арилжааны салбарт өрсөлдөөн нэмэгдэнэ. Харин төрийн банк орж ирээд арилжааны банкны нөхцөлөөр өрсөлдвөл цаана төрийн ямар нэгэн бодлого байгаа юу,үгүй юү гэдгийг тодорхойлоход хүнд байдаг. Гаднын банк орж ирснээр зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа. Гаднын улсуудад долларын хадгаламжийн хүү маш бага төвшинд байдаг. Тэгэхээр тэдгээр улсуудын хувьд 3-4 хувиар Монголд зээл олгоно гэж ойлгож байгаа. Мэдээж 20-30 хувийн хүүтэй зээл авч байгаа компаниуд үүнийг лхүснэ. Гэхдээ гаднын банк төгрөгөөр бага хүүтэй зээл олгож чадах уу гэдэг асуудал байна. Хэрвээ төгрөгөөр биш 3-4 хувийн бага хүүгээр долларын зээл олгох юм бол арилжааны банкуудаас одоо авч байгаа хэмжээнээс өндөр хүүтэй болно. Долларын хүүгээ төлнө, дээрээс нь ханшийн өсөлтөө төлнө. Тэгэхээр Монголд гаднын банк орж ирснээр хүү буурна гэсэн ойлголт бараг гарахгүй. Хэрвээ гаднын банк оруулахаар бол тэр нь арилжааных байх бөгөөд төгрөгөөр үйл ажиллагаагаа явуулахгүй гэвэл одоо байгаа системээ улам дордуулах эрсдэлтэй. Ямар ч хүүгүй доллараар зээл авахад өнөөгийн ханшийн өсөлтөөр бол жилд 23-24 хувийн хүү төлнө. Монголд мөнгө орж ирэх, хүү буурах асуудал зөвхөн гаднын банкаар хязгаарлагдахгүй. Санхүүгийн системийн нэгдсэн бодлогоор зохицуулах ёстой. Гаднын улсуудын зээлийн хүүг бууруулсан туршлагыг харахад хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл нь зэрэг хөгжүүлж бууруулсан тогтолцоо байдаг. Харин гаднын банк орж ирснээр хүү буурсан туршлага хаана ч байхгүй.