Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ипотекийн зээлийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “ДНБ-ний барилгын салбарын эзлэх хувь нь 4.7 хувьд хүрсэн байна. Хөрөнгө оруулалтын 50 орчим хувь нь гадны хөрөнгө оруулалт байгаа бол улсын төсвийн хөрөнгө оруулалт 100.9 тэрбум төгрөг болсон. Улсын хэмжээнд 770 барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Тусгай зөвшөөрөлтэй 5483 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Жилд 22700 айлын орон сууц ашиглалтад орж байгаа. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотын айл өрхийн 70 хувь нь гэр хороололд амьдарч байна.
Өнөөдрийг хүртэл 88 мянган өрхөд 4 их наяд төгрөгийг ипотекийн зээлийг олгосон. Ипотекийн зээлийг Монголбанк өмнө нь олгогдсон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа. Сард 30-45 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа. Энэ нь 600 орчим өрхөд зээл олгож байна гэсэн үг юм. Монголбанк арилжааны банкуудтай уулзалт хийж, анх гаргасан 4 их наяд төгрөгийг эргүүлэн төлөх хугацааг нэг жилээр сунгасан. Ингэснээр ипотекийн зээл санхүүжих боломжийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар нийт зээлийн 1.2 хувь нь чанаргүй зээл байна. Цаашид бодит эх үүсвэрийнхээ нөөцийг нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээр хийж байна. Мөн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 725 айлын орон сууц Улаанбаатар хотод байна. Засгийн газрын хуралдаанаар түрээсийн орон сууцны ам метрийг нэмсэн. Таван аймагт 360 айлын орон сууц бий” гэлээ.
Барилга хот байгуулалтын сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Ипотекийн зээл сүүлийн саруудад бага олгогдож байна. Хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, хувийн хэвшлийнхэн барилгаа бариад явж байхад төрийн өмчийн компанийн хэрэг байхгүй баймаар. ТОСК-ийг цаашид хэрхэх бэ. Борлогдоогүй байгаа орон сууцуудыг хэрхэн зах зээлийн эргэлтэд оруулах, барилгын компаниуд хэт олширч байгаад салбарын яам ямар бодлого барих гэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ундармаа: Ипотекийн зээлийн санхүүжилт хүндрэлтэй байгаа гэж байна. Санхүүжилт олох тал дээр Барилга, хот байгуулалтын сайд ямар ажил хийж байна вэ?
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: Зээл авсан иргэдийн эргэн төлөлт гэж сард 35 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирж байгаа. Энэ мөнгөөрөө санхүүжилт хийгээд ипотекийн зээлээ олгоод явж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ипотекийн зээлийг хөдөө орон нутагт олгох уу. Хөдөө орон нутагт орон сууц барьж байгаа хүмүүсийг урамшуулах уу.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: Ипотекийн зээл орон нутагт хэрэгжүүлнэ. Гэхдээ найман хувиас доош хүүтэйгээр олгох ёстой. Эх үүсвэрээ бодитой болгож чадаагүй байна. Бодит эх үүсвэр олвол хөдөө орон нутагт 8 хувиас доош хүүтэй зээлийг хөдөө орон нутагт олгоно. Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж байна. Амины орны сууц баривал ипотекийн зээлтэй хэрхэн уялдуулах вэ гэдгийг судлаж байна. Ингэснээр утааны асуудлыг хоёр жилийн дотор 40 хувиар бууруулах боломж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ипотекийн зээлийн 1.2 хувь нь чанаргүй байхад Хөгжлийн банкны олгосон зээлийн 70 хувь нь чанаргүй байна. Тэгэхээр ипотекийн зээл маш сайн зээл байгаа нь харагдаж байна. Монголбанк, Сангийн яам яриад л байна гэж байна. Гэхдээ одоо тогтоолоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тогтоол хэрэгжүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг шийдэх хэрэгтэй. Байгаа эх үүсвэрдээ тулгуурлаад зээлээ олгож байна. Монголбанк арилжааны банкуудын хугацаа дууссан гээд ажлаа зогсоогоогүй, зээлээ үргэлжүүлэн олгох боломжийг бүрдүүлж өгсөн. Эх үүсвэр бүрдүүлэх эрх, үүрэг Сангийн яаманд байгаа. Гэхдээ ипотекийн зээлийн хэрэгжилтийн тал дээр Барилга, хот байгуулалтын яам Монголбанк байнга уулзаж байгаа. Монголбанк бүх арилжааны банкуудтай ажлын уулзалт хийж байгаа. Энэ хүрээнд хугацаа хэтэрч байгаа зээлийн хугацааг сунгасан.