Эдийн засаг | 3 мин уншина

​Н.Мөнхбат: Бондын эх үүсвэрээр 1660 гаруй төслийг санхүүжүүллээ

Нийтэлсэн 2016 оны 6 сарын 9
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зохион байгуулж буй “Бондын бүтээн байгуулалт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд зохион байгуулагдаж байна. Өглөө 09.00 цагт эхэлсэн уг хэлэлцүүлгийг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Түүхий эдийн үнэ хүчтэй унаж эхэлсэн 2012 онд бид бонд гаргаж, эдийн засгийн уналтаа тогтоон барьж, улмаар аж үйлдвэр, дэд бүтцээ хүчтэй тэлсэн нь эгзэгтэй цаг үед хийсэн оновчтой шийдэл байсан юм. Хэрвээ бид цагаа олж олон улсын зах зээл дээр Чингис, Самурай бондыг амжилттай босгож чадаагүй бол,  өдийд -5 хувь, магадгүй -10 хувийн эдийн засгийн уналттай сууж байх байсан” хэмээлээ.

Мөн Эдийн засаг хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Би Эдийн засгийн хөгжлийн сайдаар 26 сар ажиллахдаа 2.4 тэрбум ам.доллар босгосон. Монголчууд өөрсдөө бүтээн байгуулж байж л хөгжинө" гэв. Хэлэлцүүлэг өнөөдрийг дуустал явагдах юм. Бондоос санхүүжилт авсан ЖДҮ-ийн төслүүд болон 20 гаруй томоохон төслийн үр дүн, санхүүжилтийг энэхүү хэлэлцүүлгээр дүгнэн хэлэлцэж байна.
Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбаруудад өнгөрсөн дөрвөн жилийн турш хийсэн бүтээн байгуулалтын ажлаа нэгтгэн дүгнэж, эдгээр салбарын ирээдүйг илүү бүтээлчээр тодорхойлж байна гэдгийг хуралдаанд оролцогчид онцлов. Тухайлбал, “Буянт-Ухаа 1,2 хороолол”, “Гудамж” төсөл, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам”, “Дулааны III цахилгаан станцын өргөтгөл”, “Амгалан дулааны станц” төсөл, “Шинэ Яармаг хороолол” төсөл, “Жижиг дунд үйлдвэрлэл” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд үр дүн, төслийн хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат “Бондын зарцуулалтын ерөнхий танилцуулга” илтгэл тавилаа.
Тэрээр “2012 онд Монгол Улс анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд оролцох боломжтой болсон юм. Өмнө нь болдоггүй, аль нэг донор орны буцалтгүй тусламж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг байсан. Харин өөрсдөө оролцсон хамгийн эхнийх нь Чингис бонд байсан учраас хүмүүс энэ бондыг ихэвчлэн голлож хардаг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар монголчууд ямар ч шийдвэр гаргах эрхгүй. Гадны нэг компани ирээд дуртай зүйлдээ хөрөнгө оруулаад гардаг. Тэгвэл энэ хөрнгө оруулалт дотоодын үндэсний хөгжлийн бодлогын дагуу зарцуулалт хийх боломжтой. 
Гурван жилийн ажлаа дүгнэж ярихад, 2015 оны жилийн эцсийн байдлаар 5.9 их наяд төгрөгтэй тэмцэх хэмжээний эх үүсвэрийг олон улсын санхүүгийн зах зээл дээрээс босголоо.
Үүнийх нь 4.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээг санхүүжилтэд зориулж хөрөнгө оруулсан байна. Энэ санхүүжилтийг гурав хувааж харж болж байна. Гуравны нэг нь дэд бүтэц рүү зарцуулагдсан. Дэд бүтэц гэдэг бол аливаа улсын аж үйлдвэржилтийн суурь болдог. Дэд бүтэцгүйгээр юу ч хийж болохгүй. Шинээр үйлдвэр барихад бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх замгүй, дулаан цахилгаан нь байхгүй бол аж үйлдвэржилт гэж хэлэхэд хэцүү. Үлдсэн санхүүжилтийн гуравны нэг хэсгээр нь улсын хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлсэн. Тухайлбал, III, IV цахилгаан станц, Амгалан дулааны станц, “Эрдэнэс Тавантолгой”, “Шинэ төмөр зам” гэх мэтээр олон жил хүлээгдсэн том төслүүдийг санхүүжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засгийн 5-10 жилийн өсөлтийн суурийг тавьж чадлаа. Нийтдээ 30 гаруй томоохон төслийг санхүүжүүлсэн. Тухайлбал, экспортыг дэмжих 888 гэх хөтөлбөр нь ганц хөтөлбөр юм шиг харагдавч, задлаад үзэхээр 40 гаруй төслийг санхүүжүүлсэн байх жишээтэй. Энэ хугацаанд нийтдээ 1660 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүллээ. Эдгээрээс гадна зөвхөн авто зам, дэд бүтцийн төслүүдийн бүтээн байгуулалтад дотоодын 1000 гаруй туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд оролцсон. Нийтдээ 60 мянга гаруй ажлын байр бий боллоо гэсэн тоо баримт байна. Түүнчлэн зээлийн эргэн төлөлт маш сайн байгаа ” гэлээ.
Мөн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж бондын санхүүжилтээр томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засагт бодит үр дүн авчирч чадсан Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат болон мөн бондын хөрөнгөөр санхүүжсэн том төслүүдийг ажил хэрэг болгож буй ТОСК-ын захирал А.Гантулга, Гудамж төслийн захирал Б.Батболд нар байр сууриа илэрхийллээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн