Монгол Улсын гавьяат тамирчин, олон улсын шатрын спортын Их мастер Б.Мөнгөнтуултай ярилцлаа.
-Та өнгөрсөн гуравдугаар сард Азийн Зооны аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртээд ирсэн. Тэр үед та хөл хүнд байжээ. Өнгөрсөн сард хөөрхөн охинтой болсонд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Өнгөрсөн гуравдугаар сард Азийн зооны аваргын тэмцээнд ороход бараг таван сартай байсан. Шатар хүчний спорт биш учраас хүүхдээ төрүүлтлээ тэмцээн уралдаанд оролцсон шүү. /инээв/
-Охиноо шатарчин болгох уу?
-Шатарчин болох уу, үгүй юү гэдэг сонголтыг ирээдүйд охин маань өөрөө хийнэ. Миний хувьд охиндоо ямар ч байсан хамгийн түрүүнд шатар нүүхийг зааж өгнө. Хүүхдийг аль болох багаас нь шатар тоглуулж, хайртай болгох нь өөрт нь маш их хэрэгтэй. Шатар хүүхдийн сэтгэлгээг тэлж, логик сэтгэлгээг маш сайн хөгжүүлдэг . Ялангуяа сургуульд орохоос нь өмнө заавал ой тогтоолт, хичээллэх арга барилд нь эергээр нөлөөлдөг. Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ 1-2 жил шатраар хичээллүүлж, сэтгэлгээг задлах хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг шүү. Тодорхой цагаар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, толгой нь байнга ажиллаж, юм боддог болсноор шийдвэр гаргах чадвар нь сайн хөгжсөн байдаг. Тиймээс л багаас нь шатар заах хэрэгтэй гэж хэлдэг. -Таныг таван наснаасаа эхлэн шатар нүүж сурсан гэдэг. Анх шатар сурч байсан, анхны тэмцээнд оролцож байсан үеэ дурсвал?
-Намайг таван настай байхад аав минь шатрын нүүдэл зааж өгч байсан. Аав маань зааж, зөвлөж байсан учраас шатар сурахад хүнд, хэцүү зүйл бараг байгаагүй дээ. Бусдын л адилаар “Цодгор хүү” тэмцээний амжилтын гараагаа эхэлж байлаа. Цаашлаад өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Би 12 настайдаа Монгол Улсын спортын мастер, дараа жил нь эмэгтэйчүүдийн олон улсын их мастер цолыг хамгийн залуудаа хүртсэн тамирчин болсон. Монголын анхны эмэгтэй их мастер цолыг 15 насандаа хүртсэн бөгөөд эрэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг эмэгтэйчүүдээс анхлан хүртсэн тамирчин болсон. Энэ бүх амжилтад аавын маань нөлөө их. Аав минь таван настайгаас хойш өдийг хүртэл миний дасгалжуулагч байж ирсэн . Миний аав насаараа математикийн багш хийсэн доктор, профессор хүн. Одоо ШУТИС-д математикийн багшаар ажилладаг. Багш хүн учраас шатар заах арга барил, техникийг маш сайн эзэмшүүлсэн. Аавынхаа хүчинд л өдий зэрэгтэй, амжилттай явж байна гэж үргэлж бодож, бахархаж явдаг. -Та танай гэр бүлд аав та хоёроос чинь өөр шатрын спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Манай том эгчид бага байхад нь аав шатар тоглохыг зааж байсан. Манай эгч шатрын дэд мастер цолтой. Оюутан болоод шатрын спортоос хөндийрч, шатар тоглох нь багассан. Аав ахад мөн шатар заасан. Гэхдээ манай ах шатрын спортоор хичээллээгүй. Манай ээж морин спортоор хичээллэдэг бөгөөд энэ спортын мастер цолыг хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй тамирчин. Манайх гэр бүлээрээ шатрын спортоор хичээллэдэггүй ч аав бид хоёр 20 гаруй жил энэ спорттой салшгүй холбоотой ажиллаж амьдарч байгаа болохоор гэрийнхэн маань шатрын спортын талаар сайн мэднэ шүү.
-Манай нөхөр шатрын нүүдэл мэднэ, шатарчин биш. Дөрөвдүгээр цахилгаан станцад цахилгааны инженер хийдэг. Шатрын спортыг ойлгож, намайг байнга дэмждэг хүн байгаа.
-Энэ сарын 19-ны өдөр Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад зохион байгуулагдана. Мөн нас харгалзахгүй оролцдог “Mongolian Open” тэмцээн болно. Та оролцох уу?
-Саяхан төрсөн учраас “Mongolian Open”-д оролцож арай амжихгүй. Гаднын шилдэг их мастерууд оролцохоор бүртгүүлсэн гэж сонссон. Манайхаас зургаан их мастер оролцоно гэсэн. Тиймээс тамирчдадаа амжилт хүсье. Мөн Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад Монголд анх удаа болох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог дэлхийн шатрын том тэмцээн. Уг тэмцээнд 16 хүртэлх настай шатарчид оролцоно. Энэ жилийн хувьд Монгол Улсад энэхүү тэмцээн болох гэж байгаа нь маш том давуу тал шүү. Ялангуяа манай залуу тамирчдад туршлага болно. Тэмцээнийг угтаж хоёр том сорилго тэмцээн болж, шалгарсан тамирчдад тэмцээнд оролцох эрхийг олгож байна. Ер нь өсвөрийн шатрын спорт монголд эрчимтэй хөгжиж байна. Хамгийн гол нь багийн тэмцээн учраас багаа сайн бүрдүүлж, гар нийлж чадах хүнээр багаа бүрдүүлэх нь чухал. Ганц хүний үйлдлээс шалтгаалах зүйл биш шүү дээ. Нэг багийн дөрвөн гишүүн дөрвүүлээ сайн тоглож тэр баг амжилтад хүрнэ. Сүүлийн үед хүүхдүүд интернэтээс бүх зүйлийг хайж, дасгал сургуулилт хийх боломжтой болсон. Гэхдээ интернэт байсан ч гэсэн номыг орхиж болохгүй . Мэргэжлийн номон дээр онолын бүх зүйлүүд байгаа учраас заавал уншиж ойлгох хэрэгтэй. Номон дээрээс уншсан сурсан зүйлээ тэмцээн уралдаанд оролцох үеэрээ ашиглавал илүү туршлага суудаг. Мөн сайн багш, дасгалжуулагчтай байх нь хамгийн чухал шүү. -Зарим тамирчин шатар тоглоход сэтгэлзүй маш чухал байдаг гэж ярьдаг. Таны хувьд үүнийг юу гэж боддог вэ?
-Санал нэг байна. Сэтгэлзүйн хувьд хамгийн дээд төвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Ямар нүүдэл хийж, яаж тоглох уу гээд нүүдэл болгонд сонголтыг зөв хийх шаардлага хүлээж байдаг. Шийдвэр гаргасны дараах үр дүнг хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл үнэхээр чухал. Миний хувьд тэмцээнд оролцохоос өмнө маш сайн бэлтгэл хийж, тогтсон нэг формтой болсон үед шийдвэр гаргах, бүх зүйл цаанаасаа төгс болж байгаа юм шиг санагддаг. Тиймээс би уйгагүй дасгал сургуулилтыг байнга хийж, өөрийн гэсэн формыг бий болгосон. Бэлтгэл сайн хийх тусам амжилттай оролцдог. Бэлтгэл муу бол бүх зүйл ойлгомжтой, нүүдлээ алдаад л эхэлдэг. .
-Бэлтгэл хийх, тоглож байх үед ч байнга толгой ажилладаг. Харин бэлтгэлгүй жирийн үед тархиа хэрхэн амраадаг вэ?
-Тархиа амраахгүй байнга боддог гэж хэлж болно. Олон улсын тэмцээнд оролцож байх үед өдөрт нэг өрөг тоглодог. Өдөр нь тоглочихоод орой нь амрах ёстой байдаг. Гэхдээ тэмцээнд орж байх үед өдөр нь тоглосныхоо дараагаас орой нь алдсан өрөг болгоноо бодож эхэлдэг. Заримдаа тоглож байхдаа “би юун дээр алдчихав аа” гэж давхар боддог. Харин тоглож дууссаны дараа анализ байнга хийдэг. Юун дээр яагаад алдав гэдгээ дэс дараатай боддог. Нэг өрөг тоглоход дунджаар 5-6 цаг тоглодог. Хөдлөхгүй 5-6 цаг тоглоно гэдэг бол амаргүй шүү дээ. Үүнээс өмнө хэнтэй тоглох оноолтоо харсны дараа 1-2 цаг өөрийгөө бэлддэг. Тэгэхээр тархиа амраах цаг бараг гардаггүй дээ.
-Ер нь орон орны шатарчдын тоглолтын онцлог арга техник гэж байдаг байх. Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын тамирчид байдаг вэ?
-Миний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч Хятад, Орос, Гүрж, Украин, Энэтхэгийн баг тамирчид багтдаг. Хятадын тамирчдын хувьд сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэгдсэн техник сайтай, хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж хэлж болно. Хожсон ч, хожигдсон ч нэг эмоцоороо байдаг. Бай шагналаас илүү шатрын амжилт голчлон үзэж сэтгэлзүйгээ маш сайн бэлдсэн байдаг. Ер нь шийдвэрлэх тоглолтын өмнө зарим тамирчид унтаж чадахгүй, маш олон зүйл бодож сэтгэл санаагаа тайван байлгаж чаддаггүй. Түүнээсээ болж тоглолтын явцад санаандгүй алдаа гаргах хандлага байдаг. Сэтгэлзүйгээ маш сайн бэлдэж, амжилт гаргадаг. Сүүлийн жил Хятад улс эмэгтэй шатарчдаараа дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа. Эрэгтэйчүүд нь гэсэн хүчтэй өрсөлдөгчид хэвээр байна. 2014 оны шатрын дэлхийн олимпиадад эрэгтэй баг нь тэргүүн байр эзэлсэн.
-Та дэлхийд рейтингээрээ хэдэд эрэмбэлэгдэж байгаа вэ. Цаашдын тэмцээний зорилтууд юу вэ?
-Дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг амжилтаар нь Дэлхийн шатрын холбооны сайт дээр жагсаадаг. Миний хувьд 40-д эрэмбэлэгдэж байгаа. Цаашид оноо, цолоо ахиулахын төлөө олон тэмцээнд оролцоно. Миний хувьд олон улсын эрэгтэй их мастерын цол авах үлдсэн. Тиймээс энэ цолд хүрч, рейтингээ өсгөхийн төлөө ур чадвараа илүү дээшлүүлж, бэлтгэл сургуулилтаа хийнэ. Эрэгтэй цолыг авахын тулд дэлхийн шилдэг эрэгтэй их мастеруудтай тоглоно. Тэдний арга техник, гараа бүрийг судлах ёстой.
-Ер нь шатар тоглоход гараа маш чухал уу?
-Шатар тоглоход гараа маш чухал байдаг. Логик сэтгэлгээгээ хөгжүүлж сайн гарааг нүүх хэрэгтэй байдаг. Миний хувьд дэлхийн шилдэг шатарчдын маш олон төрлийн гарааг судална, туршина. Ер нь гараа сайн байж л тоглолтыг гартаа авна. Эхнээсээ гараа муу байвал цааш гарах нүүдэл бүр нь аврагдахын төлөө байдаг. Тэр үед хожно гэдэг бодол ч орж ирдэггүй.
-Жишээ нь, та гараа сонгохдоо ямар арга техникийг ашигладаг вэ?
-Тэмцээнд орохоосоо өмнө бэлтгэл хийж, гараагаа дасгалжуулагчтайгаа ярилцаж сонгосон байдаг. Мөн хэнтэй тоглохоосоо шалтгаалж гараа бүр өөр, өөр байдаг. Өрсөлдөгчөө судалсан учраас тэр хүний сул талыг илэрхийлэх гарааг судалж, бэлддэг. Мэдээж өөрийнхөө тоглолтын хэв маягт тохирсон гараа гэж байдаг. Тэрийгээ сонгох нь өөрт илүү ашигтай байдаг. Тиймээс бэлтгэл маш чухал байдаг. Дунд үеийн ном уншиж, техник судалсны үр дүнд тактикаа бодно шүү дээ.
-Аавтайгаа байнга шатар нүүж, бэлтгэл хийх үү?
-Аав бид хоёр хоорондоо шатар бараг тоглодоггүй. Интернэтээр тамирчдын өрөг үзэж, анализ хийж бэлтгэл хийдэг.
-Таныг Москвагийн их сургуулийг шатрын дасгалжуулагчаар төгссөн гэж сонсож байсан. Дасгалжуулагчаараа ажиллах уу?
-Тийм ээ. Би Москвагийн их сургуулийн нийгмийн сургуулийг сурган хүмүүжүүлэгч, шатрын дасгалжуулагч, шатрын ажлыг зохион байгуулагч гэсэн мэргэжлээр төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ ажиллахгүй тоглож байна даа. Харин нэлээд хэдэн жилийн дараагаар дасгалжуулагчийн ажлаа хийнэ гэж бодож байна.
-Шатар тоглохгүй, энэ спортгүйгээр өөрийгөө төсөөлж чадах уу?
-Таван наснаасаа л тоглож эхэлсэн болохоор миний амьдралын зайлшгүй нэг хэсэг шатар болсон. Өөрийгөө санах үедээ шатар тоглодог. Тэгэхээр шатаргүйгээр өөрийгөө төсөөлөхөд хүнд байдаг. Саяхан хүүхэд түрүүлсэн учраас бага зэрэг хөндийрч байна. Гэхдээ есдүгээр сараас тэмцээндээ оролцох төлөвлөгөөтэй байна.