Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

​С.Мэндсайхан: Бүртгэл, статистикийн ерөнхий газар 100 гаруй хүнийг цомхотгоно

​С.Мэндсайхан: Бүртгэл, статистикийн ерөнхий газар 100 гаруй хүнийг цомхотгоно
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 15
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газартай Статистикийн хороог нэгтгэж Бүртгэл, статистикийн ерөнхий газар болгон даргаар нь С.Мэндсайханыг томилсон юм. Хоёр байгууллагыг нэгтгэснээр цөөнгүй хүн цомхотголд орох талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл Бүртгэл, статистикийн ерөнхий газарт хэдэн хүн цомхотголд орох талаар тус газрын дарга С.Мэндсайханаас тодрууллаа.

-УГЕГ, ҮСХ-г нийлүүлсэн. Хэдэн хүн цомхотголд орохоор байна вэ?
-Нэгдсэн бүтэц зохион байгуулалтын ажил эхэлж байна. Энэ хоёр байгууллагын үйл ажиллагаа давхцалтай, нөгөө талаасаа хоёр байгууллагын үйл ажиллагаа бие биенийгээ дэмжиж байдаг учраас нэгдсэн зохион байгуулалтад орсоноор зардал хэмнэгдэнэ. Тэгэхээр нэгдсэн зохион байгуулалтын үед 100-аад хүн цомхотголд орохоор байна.
-Цомхотголд орж байгаа хүмүүсийг ажлын байранд зуучилж, сургалтад хамруулах гэх мэт арга хэмжээ авах уу?
-Нийгэм эдийн засаг хүндрэлтэй байхад тэдгээр ажлын давхардлын улмаас цомхотголд орж байгаа хүмүүсийг ажилд зуучлах талаар ярьж байна. Төрийн өмчлөлийг хувийн хэвшил хэлбэрээр зохион байгуулах боломжоор хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн бүх үйлчилгээг улсын байгууллага үзүүлэх биш заримыг нь хувийн байгууллага үзүүлэх бололцоо бий. Энэ ажлыг цомхотголд орсон хүмүүс хийвэл заавал сургалт явуулахгүй, энэ ажлын талаар нэмэлт зохион байгуулалт хийхгүй эрх зүйн журмын зохицуулалт хийх хэрэгтэй байна. 
-Одоогийн байдлаар ажлаасаа халагдсан хүн байна уу. Бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагаа жигдрэх вэ?
-Яг одоо цомхотголд орсон хүн байхгүй. Өчигдөр хоёр байгууллагын ерөнхий схем загвар Хууль зүйн сайдаар батлагдсан. Энэ загварын дагуу нэгжүүд яаж ажиллах вэ гэдэг нь шийдэгдэнэ. Мөн орон нутгийн бүртгэл, статистикийн байгууллага нэгдсэн зохион байгуулалтад орно. Энэ хоёр байгууллагын аль алиных нь ажлыг цалгардахгүйгээр ажиллах нэгдсэн хувилбарыг боловсруулах ажил байна. Хоёрдугаар сарын эхээр энэ ажил тодорхой болно гэж бодож байна.
-Яг давхардсан орон тоо хэд байна вэ?
-Бүртгэлийн байгууллагад 1300-аад хүн, статистикт 300-аад хүн ажиллаж байсан. Давхардсан орон тоо хичнээн байгааг хэлж мэдэхгүй байна. Тусдаа байсан хоёр байгууллагыг нэгтгээд, нэгдсэн үйл ажиллагааны зургийг гаргаад ямар цэг дээр ажлын давхцал байна, хаана нь зайлшгүй бие даасан байх ёстой байна вэ гэдгийг ийм хурдан хугацаанд тооцоолж амжихгүй. Нэгдүгээр сарын 4-нд би томилогдсон. Өнөөдөр 10 хонож байна.
-Жилийн өмнө Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Түүнээс хойш манай улсын хүн ам хэдээр нэмэгдсэн байна вэ?
-Монгол Улсын гурван сая дахь иргэн 10 хоногийн дараа нэг нас хүрэх гэж байна. Монгол Улсын хүн ам гурван сая болсноосоо хойш 60-аад мянгаар нэмэгдээд байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн