Төрийн ордонд өнөөдөр өглөө эхэлсэн Монголын Хуульчдын холбооны II их хурал өндөрлөөгүй байна. Энэ удаагийн хурлаар хуульчид холбооны ерөнхийлөгчөө сонгох учиртай. Хоёр жилийн хугацаагаар хашдаг холбооны ерөнхийлөгчийн ажлаа хуульч Д.Батсүх өнөөдрөөс өгч буй юм. Ирсэн төлөөлөгчдийн дундаас дөрвөн хуульч нэрээ дэвшүүлсэн. Тодруулбал, өмгөөлөгч Далхжавын Жамъяндагва, Баасанжавын Б.Мөнхбат, МУИС-ийн багш Батсүхийн Баярсайхан, МХХ-ын Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн Болдбаатарын Гүнбилэг нар өрсөлдсөн. Эдгээрээс Д.Жамъяндагва нэрээ татсан.
Дөнгөж сая Хуульчдын холбооны төлөөлөгчид үлдсэн гурван хуульчид мандат өргөн санал өгсөн боловч ерөнхийлөгчөө сонгож чадаагүй байна. Учир нь, нийт төлөөлөгчдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч байгаагүй ажээ. Бүгд л ойролцоо саналын хувьтай байсан учраас хамгийн өндөр санал авсан хоёр хуульч дээр санал хураалгахаар дэг тогтоосон байна. Одоогийн байдлаар Б.Баярсайхан, Б.Гүнбилэг нарын хэнийг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгох вэ гэдгээ хуульчид мандатаараа сонгох гэж байна.