Open iToim app
Улс төр | 4 мин уншина

Муу дээр муухай харагдуулсан Үүл баатрын үйлдэл

Муу дээр муухай харагдуулсан Үүл баатрын үйлдэл
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 9
Өнгөрсөн онд Монгол Улсад нийт 476 мянга гаруй жуулчин иржээ. Сүүлийн 10 жилд жуулчдын тоо есөн хувиар өссөн байна. Энэ байдлаа хадгалж чадвал манай улс 2020 он гэхэд нэг сая гаруй жуулчин хүлээн авах статистикийг Аялал жуулчлалын үндэсний төвөөс гаргажээ. Жилд нэг сая гаруй жуулчин хүлээн авах зорилтот ч, цаг хугацаа ч ойртсоор. Тус судалгаанд дурдсанаар манай улсад аялж буй олонхи жуулчид Төв, Өвөрхангай, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл аймгаар аялж унаган байгаль, Чингис хааны өлгий нутаг, нүүдэлчдийн амьдралыг түлхүү сонирхдог байна. Гэвч “мөрөөдлийн тоо”-нд хүрэх алхмыг хойшлуулж, гаднынхныг үргээх нэгэн үйл явдал гуравдугаар сарын 28-нд болсныг бид сошиал медиагийн тусламжтай мэдэж авав. Олон хавар нэгэнтээ гэгчээр даравч далдайдагийн үлгэрээр бидний урд хөршийнхөндөө дурамжхан ханддагийн илрэл энэ үйлдлээр ил гарлаа.

Болсон явдлыг дурдвал, манай улсад жуулчлахаар ирсэн Хятадын ӨМӨЗО-ны хэсэг жуулчин гуравдугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд мөргөж явахад өөрсдийгөө л үндэсний үзэлтэй гэж үздэг, түүнийгээ буруугаар илэрхийлдэг хэт үндэсэрхэг хэсэг монгол залуус монгол төрийн тахилгатай ууланд гарлаа хэмээн тэднийг сөгдүүлэн зургийг нь авч, бичлэг хийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацжээ. Сошиал ертөнцөөс цааш хоёр, гурав хоногийн турш эзэнгүй байсан үйл явдлыг эзэнтэй болгож нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уучлал гуйж, хэргийг олон улсын анхааралд хүргэв . “Мээр нь уучлал гуйдаг найрсаг хот юм билээ” гэсээр Улаанбаатарыг зорих жуулчдын тоо нэмэгдэх нь юу л бол. Хятад иргэдийг сөгдүүлсэн, тэдэнд халдсан нь мэдээж буруу. Муу үйл модон улбаатай. Цаашлаад, монголчууд хэдэн арван мянгаараа Хөх хот, Бээжинд эмчлүүлэхээр явдаг. Хэдэн зуугаараа Хятадын сургуулиудад сурдаг. Нарантуул, Барс, Бөмбөгөр гээд орон нутаг аймгуудын захуудын наймаачид хэдэн мянгаараа наймаа хийх гэж бараагаа татахаар Хятадыг зорьдог. Энэ үйл явдалтай холбогдуулан барааныхаа үнийг нэмэх, адаглаад тэднийг ад шоо үзэхийг үгүйсгэхгүй. Монгол залуусын үйлдэл бол өмөөрөхийн аргагүй гэмт хэрэг.
Э.Бат-Үүл баатрын уучлал гуйдаг ч нэг талаар зөв. Уучлал гуйх нь соёл, бас алдаагаа хүлээн зөвшөөрсний тэмдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч “Э.Бат-Үүлийг өчигдөр уучлалт гуйсан гэж сонслоо. Энэ бол хулчгар хүний зан биш. Энэ бол хүчтэй хүний шинж. Зан сайтай айлд хүн бүхэн цугладаг гэдэг. Бид найрсаг монголчуудынхаа талаар таагүй ойлголт өгч болохгүй. Уучлаарай энэ бол хотын бодлого биш, Монголын бодлого биш гэж хэлсэн болов уу” хэмээн онцолсон юм. Тэгэхдээ Э.Бат-Үүл баатар хотын даргынхаа хувьд уучлалт гуйдаг нь нөгөө талаар буруу байлаа. Тэр хувь улстөрчөөс гадна хотын дарга шүү дээ. Иргэн Бат-Үүл биш, хотын дарга нь уучлал гуйсан нь үйл явдлыг улам дэвэргэж, олон ч улсын анхааралд өртүүллээ . Жишээ нь хятад иргэдэд халдсаныг олон улсын агентлагууд мэдээлээгүй, мэдээгүй. Тэр байтугай Монголд ч мэдээгүй хүн олон байв. Гэтэл Монгол Улсын нийслэлийн захирагч уучлал гуйхаар үйл явдлыг нэхэн сануулж, улам дэвэргэлээ. Олон улсын хэвлэлийн агентлагуудын эх сурвалжаа болгон сонгодог “Синьхуа”, “Шанхай-ист”, “Japan Times” энэ тухай мэдээлэн, Монгол улс экстрим бүлэглэлтэй болсон, үүнийг нь хотын дарга нь хүлээн зөвшөөрч уучлал гуйсан тухай ам уралдан мэдээлэв. Олон улсын тэдгээр агентлаг Ерөнхийлөгчийн бодсон шиг “Монгол бол уучлалт гуйдаг, хотын дарга нь хүчтэй хүн гэсэнгүй , харин түүний уучлал гуйсныг эх сурвалжаа болгон Монгол бол неонацист, экстермист бүлэглэлтэй орон болжээ” гэж дэлхийд цацав.
Уг нь бол БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамныхан энэ хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн пүрэв гаригт Монгол улсын Гадаад хэргийн яам болон цагдаагийн байгууллагатай харилцаж, хятад иргэдийн аюулгүй байдал болон нэр хүндэд халдсан хэргийг зэмлэж, хэрэгтнийг шийтгэхийг шаардсан байна юм билээ. Гэтэл үйл явдал хуулийн дагуу өрнөж, холбогдох газрууд нь харилцаж байхад түүгээр явсан гайг Үүл баатар үүгээр дуудаж хэсэг хүмүүсийн муу үйлдлийг улсаараа муухай болгож дэлхийд харагдууллаа, илүү олны анхааралд өртүүллээ. Манай хуулийнхан ажиллаж байсан нь мэдээж. Гэтэл, ер нь хуулийнхан нь ажиллаж байхад улсын Ерөнхийлөгч нь, эсвэл хотын дарга нь өмнө нь орж уучлалт гуйгаад, уучлалт үзүүлээд байгаа нь зөв жишиг биш л байх. Жишээ нь, 35 тэрбумийн татвараас зугтсан гэх хэрэгт Капла гэж нөхөр холбогдож хоригдоход хотын дарга гүйж очоод л эргэж тойрч байсан. Шүүхээс ял авахад нь удалгүй Ерөнхийлөгч уучлалт үзүүлээд суллаад явуулчихсан. Одоо болохоор БНХАУ-ын Элчин сайдын яам нь манай Гадаад хэргийн яаманд хандаж байхад хотын дарга, Ерөнхийлөгч хоёр хөндлөнгөөс орж ирээд уучлалт гуйж л байдаг. Уучлалт гуйснаа заавал хэвлэлээр “пи-ар”-даж л байдаг. Хот найрсаг байна гэдэг хуулийнхныхаа ажлыг хүчгүйдүүлэх, тэдний өмнүүр орохыг хэлэхгүй байхаа. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг улсын нэр хүнд, төрийн үнэлэмжээ бодож, албан тушаалынхаа үүрэгт захирагдаж хотын даргын үг ч хамжааргатай байх ёстой. Харин улстөрч Э.Бат-Үүлийн үг, үзэл бодлыг хориглох, хязгаарлах эрх хэнд ч байхгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн